Манай хотын хамгийн сайхан нэртэй газарт өнжлөө. Дарь-Эх. Хойш, зуслан тийш явах замд тааралддаг гэр хороолол шүү дээ. Яагаад Дарь-Эх гэж нэрлэсэн юм бол. Наймдугаар Богдын үед улсын эх хатан Дондогдулам малаа бэлчээдэг байсан үржил шимт газар тул Дарь-Эх хэмээн өргөмжилсөн тухай хууч яриа бий.
Эндхийн уулнаа Дарь-Эхийн овоо байх агаад эх дагины нэртэй рашаан оргилдог Дамбадаржаатай айлссан газар. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн “Дарь-Эх” хэмээн нэршсэн гэр хорооллын хаа нэгтээ нэгэн өдрийг өнгөрүүлэхээр 10.00 цагт гарлаа.
“За, хаа хүрэх вэ” гэж таксины жолооч асуув. “Дарь-Эх” гэлээ. Явсаар Дарь-Эхийн эхний буудал аль хэдийнэ өнгөрсөн ч яг хаана нь очихоо шийдээгүй л байв. Сурвалжлага хийх гэж байгаагаа хэлээд “Аль болох гүн рүү нь л очих санаатай” гэхэд таксины жолооч дахиад хэд хэдэн буудал газар давхиад баруун гар тийш эргэлээ.
Гудамжны өнцөгт “Бага Дарь-Эх” гэсэн бичигтэй самбар өлгөөтэй харагдав. Гэр хорооллын туслах гудамжинд гэхээргүй өргөн, асфальтан шинэ зам тавигджээ. Дарь-Эхийн төв зам дагуух ундуй сундуй, хайш яйш дүр төрх Бага Дарь-Эх рүү өгссөнөөс хойш нэлээд өөрчлөгдөн цэгцэрч буй нь таксины цонхоор үзэгдэнэ.
Энэ зам өмнө нь “алдарт” Ганцхудагт хүргэдэг шороон дэржигнүүр байжээ. Ийн сүнгэнүүлсээр нэгэн дэлгүүрийн гадаа намайг “хаялаа”. Тооцоо 5600 төгрөг.
Улаанбаатарын төв цэгээс долоон километрт байрлах “Хөгнө хан” хэмээх жижигхэн дэлгүүрт өнжихөөр боллоо.
10.45 цаг. Энд архи, тамхинаас бусад бүх юм байна. Талх, чихэр, боов, хүнсний ногоо, мах, сүү. Дэлгүүрээ эрхэлж, худалдагчаа ч хийдэг Б.Саранцэцэг бүсгүйд зорьсон хэргээ хэлж, товчхон яриа өрнүүлж байтал түгээгчийн машин гадаа ирж зогсов. “Очир дагинас” үйлдвэрийнх аж.
“Хөгнө хан”-ы үйлчлүүлэгчид хиам авахаа больчихсон учраас Сараа 12 ширхэг зайдас, гахайн элэгний нухаш цөөнийг авахаар болов. Түгээгч эр түүнд бараагаа өгч, 23 мянган төгрөг бэлнээр авлаа. “12 ширхэг гэж байхад инээж байгаад л 20-ийг шахчих юм аа, айн” хэмээн худалдагч зэмлэнгүй өнгөөр хэлээд “Борлуулалт муу байхад...” гэж учирласан.

Нэрээ хэлэхээс нэрэлхсэн түгээгч эр хиамны үйлдвэрт борлуулалтын менежерээр таван жил ажиллаж буй бөгөөд өдөрт ийм маягаар 30-40 дэлгүүрээр ордог. Эдийн засгийн хямрал болоогүй байхад Дарь-Эхийн нэг дэлгүүрт л гэхэд 50 мянгаас 60 мянган төгрөгийн бараа олгодог байсан бол одоо түгээлт нь 50 орчим хувиар хумигджээ.
“Очир дагинас” үйлдвэр махны үнэ, хүмүүсийн худалдан авах чадвар буурсантай уяж, нэг килограмм зайдасны үнээ 900 төгрөгөөр буулгаж, 5600 төгрөг болгосон гэхчлэн менежерийн яриа хөвөрнө.
Монголчуудын хоолны ширээний байнгын хэрэглээ болдог талхны борлуулалт хүртэл өөрийнхтэй нь ижил огцом суларсныг хиам зарагч мэдэж байна.
Сараа урьд нь уул уурхайн компанид нөхрийнхөө хамт ажилладаг байж. Харин дэлгүүр ажиллуулж эхлээд нэг сар болж байгаа нь энэ. “Дэлгүүр, бараа, худалдан авагчдын талаар туршлага багатай шүү” гэлээ. Миний анзаарснаар тэр харин ч ажлын дөртэй харагдсан.
Эдийн засаг хямарсан яг ийм үед шинэ бизнес эрхлэхээр зориглосон нь “Хөгнө хан”-ы байршилд найдсантай холбоотой аж. Ганцхудагийн зам байгаад саяхнаас “шинэ зам” хэмээн нэршсэн энэ замын төгсгөл дээр Сараагийн дэлгүүр үүдээ нээжээ.
21 дүгээр хорооны байр, өрхийн эмнэлэг, гурван ч цэцэрлэг, түүнчлэн шинэ зам дагасан автобусны эцсийн буудал, түлээ, нүүрсний цомхон цэг гээд энэ хавь хөл ихтэй юм. Сараа дэлгүүрээ нээгээд, бараанууд дээр үнэ бичиж наахдаа Дарь-Эхийн төв зам дагуух дэлгүүрүүдийн жишгээс арай хямд байлгахаар шийдсэн байна.

Тухайлбал, нэг литрийн савлагаатай сүүний үйлдвэрийн үнэ 1800 төгрөг байлаа гэхэд томоохон сүлжээ дэлгүүрүүдэд худалдах үнэ 2200 төгрөгөөс буудаггүй аж. Сараагийн бичиж наасан үнэ 2000 байх жишээтэй. Хүүхдүүдийн дурладаг иштэй чихэр энд бусдынхаас 50 төгрөгөөр хямд үнэлгээтэй байна.
Үйлчлүүлэгчид ганц хоёроор цуварсаар байх боловч уут саваа дүүртэл худалдаа хийх нь үгүй. Цагаан халадтай хоёр бүсгүй зуны шаахайтай орж ирээд гарав. Ойролцоох өрхийн эмнэлгээс гүйгээд ирж дээ гэж таалаа. Сараа хэдэн ширхэг талх зарснаас хэтрээгүй байтал нэг мэдэхэд 13.00 цаг болов.
“Хөгнө хан” дэлгүүр доторх бяцхан зайд хэсэг жаал дугаарлах нь холгүй эгнэлээ. 102 дугаар сургуулийн үдээс өмнөх ээлжийнхний хичээл таржээ. Юу авахаа шийдэж ядан, худалдагч эгчээс элдвийг асуун шулганалдана.
Сургуулиасаа шууд харих гэхээр халаасан дахь 100-500 төгрөг нь хатгаад болдоггүй нь мэдээжийн хэрэг. Ийн ууттай самар, ширхгийн чихэр, жигнэмгүүд бяцхан худалдан авагчдын гарт очлоо.
Цаг гаруйн дараа хичээлийн дараах “шоппинг”-ийн хөл татрав. Ажихад, тааруухан гутал хувцастай, даарч хөрсөн хүүхэд харагдсангүй. 100-гийн чихрээс илүүг идээгүй ч бай, хаа газрын хүүхдүүд инээж хөхрөөд жаргалтай байвал сайнсан. Энэ, тэрийг заахдаа халтартуулж амжсан бяцхан хурууны хээнүүдийг Сараа арчиж, шилэн лангуугаа өнгөллөө.
Байршил сайтай ч гэж дээ. Өрсөлдөгч олонтой юм гээч. Яг энэ гудамжинд нүүрэн талд нь л “Хөгнө хан” байгаагаас биш тэднийхээс хэдхэн алхмын зайд “Нүдэн булаг”, “Өнөр бүл” нэртэй хүнсний хоёр ч дэлгүүр байдгийг салхилахаар гарах зуураа харлаа. Нэгээр нь орж үзье байз.

Сараагийнхыг бодвол энэ айлын дэлгүүр эндээ хуучных. Төв аймгийн Угтаалаас 10 жилийн өмнө хотод шилжиж ирснээсээ хойш хашаа байшингаа төвхнүүлэн, дэлгүүрээ нээн бусдад түрээсэлж байгаад оны эхнээс өөрсдөө ажиллуулах болсон хоёр хөгшинтэй уулзлаа. Эелдэг хүмүүс юм.
“Манай нутгийн Балдоржийн цэрэг байна” гээд яриа хөөрөө дэлгэв. Охид нь зөндөө том болсон, ажлаа хийцгээж байгааг сонсоод амраг саднаас нь өөрцгүй баярлах аж. “Өдрийн сонин”-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэнг ч сураглав.
Цаг сайхан байхад өдөрт 800-гаад мянган төгрөгийн борлуулалт хийдэг байсан энэ дэлгүүрийн орлого бараг гурав дахин багассан ч гэсэн өндөр насныхаа тэтгэвэрт гарсан ах, эгч хоёр уруу дорой царайлсангүй. Эдийн засгийн хямралд өртөж ядан байхад хажууханд шинээр нээгдэж ашиг орлогоос нь хувааж буй Сараа охиныг ч түвэгшээсэнгүй.
Дарь-Эхийн хөгшчүүд сайхан улс бололтой. Би жаахан даварч, өр зээл тэмдэглэсэн дэвтрийг нь үзье гэлээ. 2015 оны наймдугаар сарын 13-нд нээсэн 48 хуудастай дэвтрийн ар, өвөргүй зээлийн жагсаалт ирийлгэж, одоо дэвтэр хэзээ мөдгүй бичиж тэмдэглэх цэвэр цаасгүй болох дөхжээ. Нэг өдөрт 20 мянгаас 70 мянган төгрөгийн зээлээр бараа олгосон байх юм.
Заримынх нь дөрвөн сарын турш авч одсон зээлийн нийт дүн 300 мянгад шүргэнэ. Эгчийн тэмдэглэлээс харахад зарим зээлдэгч нэр усгүй байх бөгөөд “улаан машинт”, “сэргэлэн зээ охинтой тэр” гэхчлэн онцлох шинжээр нь тодорхойлжээ.
“Танайх архи зардаг юм байна шүү дээ. Талхаа дийлэхгүй байж архи уух болохоороо мөнгөтэй болчихдог гэж шүүмжилдэг. Үнэхээр тэгдэг юм уу” гэхэд өвгөн нь “Одоо архи уух тэнхээтэй нь ч ховордсоон” гэв.
Хоёр хөгшний дэлгүүрийн шал толь шиг л гялалзана. Шавхай тарьсан намайг уучлаарай, бас ундаа, жигнэмгээр дайлсанд баярлалаа.
Бага Дарь-Эхийн тавдугаар гудамжаар алхлаа. Ямар нэг үйлдвэрлэл эрхэлдэг болов уу гэмээр хоёр давхар, нэлээд том байшинтай хашааны хаалгыг тогшив. Би алдсангүй ээ, цахилгаан хөрөө хүржигнэсэн том хаалга нээгдэж, ажлын хувцастай, модны дулаахан үнэр ханхлуулсан залуу хаалга нээв.
Байшингийнхаа нэгдүгээр давхарт үйлдвэрийн тоног төхөөрөмжөө суурилуулжээ. “Арсай вүүд” ХХК-ийн захирал Ц.Энхбат гэж өөрийгөө танилцуулсан эр модоор нарийн хийц бүхий эдлэл, тавилга, гар урлалын зүйл хийдэг юм байна.
Содон чамин хийцтэй ханын гоёлууд, тэгээд бүр яг жинхэнэ модоор хийсэн байгаа нь ямар гоё юм бэ. Ажил, амьдрал ямар байгааг асуухад захиалга сайнгүй байгаа ч гэсэн гар хөдөлж байхад хямралыг ажрахгүй хэмээн өөдрөг хариулт өглөө.
Гэргий Ж.Цэвэлмаа нь “Манай хүн хэтэрхий нямбай. Модоор юм хийдэг мөртлөө төмөр шиг бат бөх чанарыг л хүнд өгнө” гэж хар хүнээ тодорхойлсон. Биднийг ийн дөнгөж ярилцаж эхлэх зуур хөх дээлтэй эмэгтэй гаднаас орж ирээд “зарлалын чанартай” мэдээлэл түгээв.
Чингис хааны академийн тэргүүн, эрхэмсэг хунтайж Давааням дэлхий даяарх Чингисийн их өвийг монголчуудад эзэмшүүлэхээр зүтгэж байгаа гэнэ. Тэгээд хааны өвөөс хувьцаа эзэмших гэвэл хөх дээлтэй эгчид 20 мянган төгрөг төлж, эрхийн бичгээ авах боломжтой аж.
“За би ч энэ удаа болих уу даа, гарч ажлаа хийе” гээд “Арсай вүүд”-ийнхэнтэй олигтой ч ярилцаж чадалгүй бушуухан гарлаа.
21 дүгээр хорооны Засаг даргын Тамгын газарт очлоо. Яг л хөдөөгийн сум шиг том цэлгэр хашаатай нь хотын төвийн тал талаасаа хашигдсан хороодтой харьцуулшгүй. Мэргэжилтнүүдээс нь хорооны талаар зарим мэдээллийг авах гэсэн юм.

Энэ хороо 2007 онд байгуулагджээ. Өнгөрсөн оны тооллогын дүнгээр бол, 2821 өрх, 10925 хүн амьдардаг. Эдгээрийн 406 нь ядуу болон нэн ядуу өрх аж. Олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 62 өрхөд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ буюу хүнс худалдан авах эрхийн бичиг (хүнсний талон) олгодог гэнэ.
Хорооны иргэдийн дунд ажилгүйдэл, ядуурал хэр байгааг лавлахад хариуцсан мэргэжилтэн нь гадуур ажилтай, эзгүй байгаа гэв. Харин яг хорооныхоо дэргэд гурван цэцэрлэг ашиглалтад оруулсан хорооныхон намайг цэцэрлэгээр заавал ор гээд гаргав.
Хорооныхоо хашаанаас дутахгүй цэлгэр том хашаатай, зам гарган цасыг нь цэмцийтэл шүүрдсэн 199 дүгээр цэцэрлэг 2014 онд ашиглалтад орсон бөгөөд хоёр корпустай юм. Нийт 200 хүүхэд хүлээн авах чадалтай ч өдгөө найман бүлэгт 368 хүүхэд хүмүүжиж байна.
Дотогш ороход хүүхдийн энхрий үнэр анхилна. Үнэхээр тохитой, дулаахан. Нэг анги нь 40-өөд хүүхэдтэй гэхээр 21 дүгээр хорооныхон азтай юм. Хүүхдээ үлдээх газаргүй гээд ажил хийдэггүй эцэг эх лав байдаггүй л болов уу.
199 дүгээр цэцэрлэгийн чанх ард лего тоглоомын ертөнц гэлтэй маш өвөрмөц дизайнтай хөх, цэнхэр алаг цэцэрлэг харагдана. Энэ намар ашиглалтад орсон аж. Хотын бусад цэцэрлэгийн нэг ангид 80 хүүхэд бүртгэлтэй байдаг тухай мэдээлэл бий. Огт цэцэрлэггүй хороо ч бий.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Энд цэцэрлэг барина” хэмээн хашаа хатгаад даруй гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж явна.
17.30 цаг боллоо. Цэцэрлэгээс жаалуудаа авах эцэг, эхчүүдийн хөдөлгөөн, машины бяцхан бөөгнөрөл “Хөгнө хан” дэлгүүрийн гадаахыг өглөө, өдрийнхөөс хамаагүй “амьтай” болгов. Дотогш орлоо.
Сараа лав миний ажлыг гайхаж байгаа. Гурван цаг хэртэй алга болсон намайг бүр харьчихсан гэж бодсон байх даа. Оройн хоолны цаг дөхсөн болоод ч тэр үү, нэг өвгөжөөр хүн мах авав.
Энд мах, ногооны үнэ “Баянзүрх” захын лангуун дээрх ханштай яг ижил юм. Өвгөн ах өөхтэйхөн шиг хавирга чанаж идэх санаатай гэнэ. Хөлдөөгчнөөс гурваар нь хуваасан хавирга гарган ирж жинлүүр дээр тавиад Сараа “3170 төгрөг” гэв.
Түүний араас хүүхдээ дагуулсан залуу бүсгүй манжин, лууван тус бүр нэг ширхэг, таван төмс авав. Сараа ногоо бүрийг тусад нь уутлах гэсэн боловч нэг уутанд хийгээд гарав. Бүсгүйн гэрийнхэн “Хашаагаар дүүрэн хальсан уут хийсдэг” гээд дургүйцдэг гэнэ. Зөв л дөө.
18.00 цаг. Дэлгүүрийн хойхно хоёр жижиг “Портер” зогсчихсон шуудайтай түлээ, нүүрс зарж байна. Дөхөөд очтол хүрэн хилэн дээлтэй, гар нүүрнийх нь үрчлээ бүрт нүүрсний тортог шигсэн хүн машинаасаа буугаад ирлээ.
Ах хүүг Г.Мягмарсүрэн гэдэг. Оюутан хүүхдээ даган Завханаас шилжиж ирсэн айл аж. Сүүлийн гурван жил түлээ, нүүрс зарж байгаа бөгөөд түүнд өнөөдөр илч сайтай Багануурын нүүрс байна.
“Портер”-оор нь авбал 140 мянган төгрөг. Бас түлээ байна. Жижиг тортой түлээ 1500 төгрөг гэнэ. Үүгээр 4-5 удаа гал ноцоож хүрэлцэх аж. Том тортой нь 3500 төгрөг. Эдгээр үнэ ноднингийн өдийгөөс хамаагүй хямд байгаа гэнэ.
Жишээ нь, том уут түлээг нэг жилийн өмнө 5000 төгрөгөөр зарж байжээ. Г.Мягмарсүрэн “Амьтан түлээ, нүүрсээ хүчрэхгүй болж байна. Энэ өвөл зутарна даа, яана. 1500-гийн түлээ, илчгүй ч гэсэн арвин гээд Налайхын нүүрснээс л авах юм” гэв.
18.20 цаг. Хэдэн цагийг цуг өнгөрөөсөн, Дарь-Эхэд ажиллаж амьдардаг шинэхэн танилдаа “Баяртай” гэж хэлэх боллоо. Тэгээд бид ийн ярилцав.
-Сараа, өнгөрсөн нэг сарын хугацаанд огт зарагдаагүй бараа байгаа юу?
-Лаазтай кофе байна. Гурвыг авсан ч хүн асуух ч үгүй юм.
-Хүмүүс ургамлын тос граммаар авч харагдсангүй. Чи өгдөггүй юм уу?
-100 граммаар савласан тос үйлдвэрлэдэг болчихсон шүү дээ. 50 граммаар авъя гэвэл би өгөхгүй л дээ.
-Би дэлгүүрт талх хуваагаад тавьчихсан зарж байхыг харсан. Танайх тэгдэг үү?
-Хааяа. Граммлаад авъя гэхээр нь хувааж өгсөн цөөн тохиолдол бий.
-Чамд бас өр зээлээр бараа олгосноо тэмдэглэдэг “хар” дэвтэр бий юү?
-Байна аа. Би худалдан авагчдаа танихгүй болохоор зөвхөн хороо, эмнэлгийн хэддээ л зээл өгдөг.
-За, баярлалаа. Амжилт хүсье.
-Баяртай.
Дэлгүүр, хороо хоёрын дунд автобусны эцсийн шинэ буудал бий. Шинэ замаар автобусны шинэ чиглэл бий болж, Бага Дарь-Эхийнхэн 10 дугаартай автобусаар зорчих болсондоо тун их баяртай байна.
Гэвч одоогоор автобусны буудал гэж үзэгдэх ямар ч тохижилт алга. Парклах газаргүй тул автобуснууд эргэхдээ замын хашлага дамнан их л эв хавгүй зогсоцгоожээ. Эцсийн буудал байх газарт нь хоосон хашаа хатгачихаж.
Айл нүүж ирэх гэж байгаа сурагтай. Шинэ замаар автобус зорчих буудал, тэр тусмаа шинэ эцэс нь хотын төлөвлөлтөд огт байгаагүй гэж итгэхэд бэрх. Хэн дуртай нь бууриа хатгачих байсан бол хайран ч шинэ зам, автобусны үйлчилгээ, шинэ буудал болж дээ.
Б.ЭНХЦЭЦЭГ