МАН-ынхны талцал нийслэлийн ИТХ руу шилжжээ. Нийслэлийн иргэдийг төлөөлж, тэдний сайн сайхны төлөө ажиллах учиртай ИТХ-ын төлөөлөгчид хотын дарга Х.Нямбаатараа хамгаалж, хамтдаа бидний эсрэг тэмцдэг болсон. “Туулын хурдны зам” төсөл тэднийг үндсэн үүргээ мартах хүртэл “угжсан” бололтой юм. Нийслэлийн иргэд уг төслийг эсэргүүцэж, эрдэмтэн судлаачид ч байгаль орчны үнэлгээ хангалтгүй, экологид сөрөг нөлөөтэй гэж үзэж буй. Тиймээс Засгийн газраас тооцоо судалгаа, холбогдох албан тушаалтнуудыг шалгаж нэг талд нь гаргах хүртэл уг төслийг түр зогсоосон. Гэвч хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хурлыг зарлаж, үүгээр дээрх төслийг 100 хувь дэмжих шахалт, ятгалга хийсэн байна. Нийслэлийн ИТХын дарга А.Баяр үүнийг нь зөвшөөрөөгүй, хуралдаан зарлахаас татгалзжээ. Тэгмэгц МАН-ын 40 гишүүний 29 нь түүнийг огцруулахаар гарын үсэг зурж, улмаар АН-ын бүлэг завсарлага авсныг үл тоон уржигдар орой, ажлын цаг дууссаны дараа хуралдсан юм. Тэд А.Баярыг огцруулж, оронд нь төлөөлөгч Д.Ихбаярыг нэр дэвшүүлэхээр дэмжин, энэ тухай шийдвэрээ Удирдах зөвлөлдөө хүргүүлэхээр болсон байна. Уг хуралдаанд А.Баярын талын төлөөлөгчид нь оролцоогүй юм.
Тэгвэл А.Баяр өчигдөр мэдээлэл хийж, хоёр зүйлд тайлбар өглөө. “Хотын дарга намайг “Туулын хурдны зам” төслийг 100 хувь дэмжсэн тогтоол, эсвэл тэмдэглэлээр үүрэг болгосон шийдвэр гарга гэж шаардсан. Ээлжит бус хуралдаанаар зөвхөн уг төслийг л хүчээр зүтгүүлэхийг зорьсон, бусад нь нэн шаардлагатай асуудал байгаагүй. Иргэд эсэргүүцэж, Засгийн газраас төслийг хуулийн байгууллагаар шалгаж дуусах хүртэл түр зогсоосон учраас дуусах хүртэл нь хүлээх ёстой. Х.Нямбаатар иргэдийнхээ эсрэг жагсаж чаддаг бол нийслэлийн ИТХ ард түмний талд ажиллах учиртай. Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл явган хүний зам байдаг. Энд автозам тавих ёсгүй. Тиймээс би хуралдаан зарлахаас татгалзсан. Тэгмэгц намайг Гэмт хэргээс сэргийлэх зөвлөлөөр дамжуулан мөнгө шамшигдуулсан гэсэн үндэслэлээр огцруулах шийдвэр гаргажээ. Ээлжит бус хуралдааныг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46.6- д заасны дагуу хурлын дарга зарладаг. Тэд уг хуулийн 46.3-ыг эш татна лээ. Үүнд ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчийн гуравны нэгээс доошгүйн саналаар зарлаж болохоор заасан. Гэхдээ хурлын зөвлөлийн зохион байгуулалтын журмыг зөвхөн дарга нь санаачилж, цаг товлодог. Би зарлаагүй учраас энэ хуралдаан хууль бус. Тиймээс гаргасан шийдвэрүүд нь ч хүчингүй. Гэмт хэргээс сэргийлэх зөвлөл анх удаа төлөвлөгөөгөө нээлттэй хэлэлцэж баталсан. Бүх зарцуулалт нь шилэн дансанд ил бий. Хот ажлаа хов живээр хийдэг байж болохгүй. Иргэдээс надад маш их мэдээлэл ирүүлдэг. Нууцын гэрээ байгуулж, ашиг хонжоо хайдаг, мега төсөл нэрээр мега хулгай хийж буй юм биш үү гэж сануулж байна. Тиймээс би Хурлын даргын бүрэн эрхийн хүрээнд Улаанбаатарт хэрэгжүүлэх гэж буй мега төслүүдийн мөнгөн дүн, шалгарсан компани, харилцаа хамаарлыг иргэдэд нээлттэй болгох ажлын хэсэг байгуулах захирамж гаргалаа. Мөн төрийн албан хаагчийн ёс зүйгээ зөрчиж, хууль бус хуралдаан зарласан Ажлын албаны дарга М.Халтарыг төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ хүн ёс зүйгээ мөрдөх байтал тэжээгчээ алдахгүйн тулд худал ярилаа” гэсэн юм.
Хотын дарга түүнийг шөнийн цагаар ажил дээрээ очиж, техник хэрэгсэлдээ шашны зан үйл хийлгэдэг гэж ярьсан аж. Үүнд тэрбээр “Нүгэл ихтийн сүжиг их гэдэг. Х.Нямбаатар дарга өөрөө л хадаг яндар бариад явдаг байх. Би бол байгаль эхээ шүтэж, дээдэлдэг монгол хүн” гэлээ. Үүссэн асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл болон дарга Н.Учрал эцэслэн, үнэн зөвийг шийдвэрлэнэ хэмээн итгэж буйгаа тэрбээр хэлсэн юм.
Тэгвэл уржигдар хотын дарга Х.Нямбаатар Ерөнхий сайд Н.Учралтай Төрийн ордонд уулзсан. Энэ үеэр түүнийг огцруулах асуудал хөндөж, хариуд нь Х.Нямбаатар нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярыг явуулж, өөрийн талын хоригдсон хэдэн хүнийг суллах шаардлага тавьсан тухай сураг бас байна. Д.Ихбаяр нь Баянзүрх дүүргээс нийслэлийн ИТХ-д сонгогдсон, Ерөнхийлөгч болон Н.Учрал нарын хүн гэсэн мэдээлэл гарч, дээрх хардлагыг “өдөөж” буй юм.
МАН-ын Удирдах зөвлөл “хотын парламент”- ын даргыг шинээр томилох, эсэх асуудлаар хэзээ хуралдах нь тодорхойгүй байна.
С.Уул