Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газар болон Монголын гео мэдээллийн холбооныхон АНУ-ын Висконсин-Мадисоны их сургуулийн Байгаль хамгаалал, тогтвортой байдлын орон зайн шинжилгээний лабораторийнхонтай 2024 оноос судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд хамтарсан багийнхан бэл чээрийн газрын доройтол, өөрчлөлтийг хянах мониторингийн өгөгдөл, мэдээлэлд дүн шинжилгээ түлхүү хийж иржээ. Үүнийхээ хүрээнд тэд Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах олон улсын нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг (NASA)-ийн “A.60 Earth action: ecological сonservation” хөтөлбөрт хамрагдах төслийн саналаа 2025 онд хүргүүлсэн байна. Т
эгвэл манайхны боловсруулсан “Монгол орны бэлчээрийн доройтол, хээрийн түймрийн тархалтыг хиймэл дагуулын мэдээнд тулгуурлан хяналт хийх, бүх шатны шийдвэр гаргагч нарт дэмжлэг үзүүлэх” судалгааны төсөл нь олон улсын 115 төслөөс шилдэг 15-д шалгарч, “маш сайн” буюу хэрэгжүүлэх боломж өндөр, шинжлэх ухааны үндэслэл сайтай, бодит үр дүн гаргах чадавхтай хэмээн үнэлүүлжээ. Улмаар уг төсөл NASA-гийн дээрх хөтөлбөрт сонгогдон, албан ёсоор хэрэгжихээр болж буйг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газраас өчигдөр мэдээллээ.
Төслийн үр дүнд “Landsat” болон “Sentinel-2” хиймэл дагуулын мэдээг ашиглан бэлчээрийн доройтлыг зураглах, түймэрт өртсөн талбайг тодорхойлох, ургамлан бүрхэвчийн өөрчлөлтийг ч үнэлэх гэнэ. Мөн бэлчээрийн нөхөн сэргээлтийн арга хэмжээг төлөвлөх, өвөлжөө, хаваржааны байршлыг оновчтой төлөвлөх, хадланд тохиромжтой байршил, ашиглалтыг тогтоох, даац хэтэрсэн, эрсдэлтэй бэлчээрийн газрын үнэлгээг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох боломж бүрдэх юм.
О.Ундрах