
Арабын Нэгдсэн Эмират улс тавдугаар сарын 1-нээс эхлэн ОПЕК-ээс гарах шийдвэрээ зарлав.
Тус улсын Эрчим Хүчний сайд Сухайл Мохамед Аль Мазруи “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа "Энэ бол улс төрийн шийдвэр бөгөөд үйлдвэрлэлийн түвшний талаарх одоогийн болон ирээдүйн бодлогыг нарийвчлан судалсны дараа эл шийдвэрийг гаргасан" гэлээ.
Түүний хэлснээр энэ алхам дэлхийн зах зээлд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй аж.
Персийн буланд оршдог газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэгчид ОПЕК-ийн гишүүн орнууд Ормузын хоолойгоор дамждаг экспортын бэрхшээлтэй тулгараад байна. Тус хоолойгоор АНУ-Ираны дайн эхэлэхээс өмнө дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг нь дамждаг байв.
Эмиратын эрх баригчид ОПЕК-ээс гарсны дараа "хариуцлагатай үйл ажиллагаагаа үргэлжлүүлж", үйлдвэрлэлийн хэмжээг "эрэлт болон зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн аажмаар, бодлоготой" нэмэгдүүлнэ гэж амлажээ. Абу Даби ОПЕК-ийн түншүүддээ 50 гаруй жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийлжээ.
“Reuters” агентлагийн тэмдэглэснээр АНЭУ ОПЕК – аас гарсан явдлыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ялалт гэж нэрлэжээ. 2018 онд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хэлсэн үгэндээ ОПЕК-ийг газрын тосны үнийг хөөрөгдөж "бүх дэлхийг хуурч байна" гэж буруутгаж байсныг агентлаг дурджээ.
Арабын Нэгдсэн Эмират улсын энэхүү шийдвэр нь Дэлхийн банк Ойрхи Дорнодын дайн газрын тосны нийлүүлэлтийн түүхэн дэх хамгийн их алдагдалд хүргэсэн гэсэн анхааруулгатай зэрэгцэн гарав.
Банкны мэдээлснээр, эрчим хүчний үнэ энэ онд дунджаар дөрөвний нэгээр өсөх бөгөөд Ормузын хоолойгоор дамжин тээвэрлэлт дайны өмнөх түвшинд эргэн ороход зургаан сар шаардагдаж магадгүй юм.
"Орлогынхоо ихэнх хувийг хүнс, түлшинд зарцуулдаг хамгийн ядуу бүлэг хамгийн их хохирох болно" гэж Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч Индермит Гилл хэлсэн байна.
ОПЕК-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Арабын Нэгдсэн Эмират улс өдөрт 2.9 сая баррель газрын тос олборлодог бол Саудын Араб 9 сая баррель олборлодог юм.
ОПЕК-ийг 1960 онд Иран, Ирак, Кувейт, Саудын Араб, Венесуэл гэсэн таван улс байгуулж, гишүүдийнхээ тогтвортой орлогыг хангахын тулд үйлдвэрлэлийг зохицуулах зорилгыг тавьжээ.
Гишүүн орнуудын тоо олон жилийн турш хэлбэлзэж ирсэн боловч үүсгэн байгуулагч таван орноос гадна Алжир, Экваторын Гвиней, Габон, Ливи, Нигери, Конго улсууд багтдаг.