Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа өөрчлөх үүргийг намууд хүлээсэн. Үүний дагуу 2025 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл материал авч, бүртгэлтэй намуудаас 29 нь өргөдлөө өгсөн юм. Тэдгээрийн материалыг Дээд шүүх хянаж, түрүүчээс нь бүртгэж буй бөгөөд дахин засвар хийх хэрэгтэй намуудад 60 хоногийн хугацаа өгсөн билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар 17 намын үндсэн дүрмийг бүртгэж авсан байна. Нам тус бүрд олгосон 60 хоногийн хугацаа харилцан адилгүй бөгөөд хамгийн сүүлийнх нь ирэх сарын 14-нд дуусах аж. Энэ хугацаанд үлдсэн 12 намынхан дүрмийн алдаагаа засах учиртай гэсэн үг.
Шалгуурт тэнцээгүй намуудын дунд ИЗНН, ХҮН зэрэг парламентад суудалтай нам багтсан. Тэдний дүрмээ засаж, дахин хүргүүлэх хугацаа маргааш дуусах юм. ИЗНН-ынхан энэ сарын 26-нд Их хурлаа хийж, үндсэн дүрмээ дахин хэлэлцэн батлаад Дээд шүүхэд хүргүүлсэн бол ХҮН намд нэг өдөр л үлдэв. Хамгийн сүүлд буюу энэ сарын 27-нд Дэлхийн монголчууд намаас дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр хандсан тухай Дээд шүүхээс мэдээлсэн юм.
С.Уул