БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын болон нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж дуусан, дүгнэлтээ өчигдөр гаргалаа. Тус шалгалтыг Салбарын хяналтын байцаагчийн 01/13 дугаартай удирдамжийн дагуу зохион байгуулж, авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь үнэлсэн аж. Тодруулбал, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төлөвлөгөөний хэрэгжилт, ус ашиглалт, зөвшөөрөл, төлбөрийн биелэлт, хог хаягдлын ангилал, хадгалалт, тээвэрлэлт, гэрээ, аюултай хог хаягдлын бүртгэл, хадгалалт, дахин боловсруулалт, ашигласан тос болон шингэн хаягдлын менежмент, ариун цэвэр, орчны стандартын хангалт зэргийг шалгажээ.
Төлөвлөгөөт шалгалтад авто үйлчилгээ эрхлэгч нийт 616 объектыг хамруулахад байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхүйц 2287 зөрчил илрүүлсэн байна. Үүнд үндэслэн авто үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах чиглэлийн сургалт, арга хэмжээнд хамруулж, аюултай хог хаягдлын менежмент, нефтийн бүтээгдэхүүний гаралтай бохирдуулагч, галын аюулгүй байдлыг хэрхэн хангах зэргийг сурталчлан таниулж, мэдээлэл, зөвлөмж өгч, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.
О.Оргилох