Манай сонин өнгөрсөн жилийн хавраас л өнөөдрийг хүртэл “Д.Сүхбаатарын талбайг чөлөөл”, “Төв талбайг тайван байлгаад өг, Х.Нямбаатар аа” гэх зэргээр бичиж, хотын даргад байнга шаардлага тавьсаар ирсэн билээ. Учир нь аялал жуулчлалын улирлыг уртасгах нэртэйгээр төв талбайд түүний зохион байгуулсан арга хэмжээнүүд нь тухай бүрдээ хөгөө чирч, гоо зүйгүй том асар, өнгө үзэмжгүй хэдэн шовгор майхан нь хар зах болж хувирсан юм. Өнгөрсөн жилийн “UB food” хоолны өдөрлөг ч пловоос хэтрээгүйн дээр өнөөх том асар нь сүүлдээ салхинд нурж, хүн бэртэж гэмтэнгээ алдсан байдаг. Хотын дарга Х.Нямбаатар эл том “бүтээн байгуулалт”-аа буулгаж хүчрэхгүй, тендер зарлаж нураана гэж хүртэл мэдэгдсэн удаатай шүү.
Гэтэл энэ хавар ч нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй. Их жанжны талбайдаа жуулчид татах нь бүү хэл, бүр үргээхээр аварга том асар майхан дахиад л зоож, өчнөөн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснийг бид мэдээлсэн. Аялал жуулчлалын маршрутаас Д.Сүхбаатарын талбай ийн хасагдахдаа тулчхаад буй билээ. Тэгвэл талбайд барьсан асрыг буулгахаар болж, төсвийн мөнгөөр олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тухай гэгээлэг мэдээ өчигдөр тархлаа. Учрыг тодруулбал, Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын 05 дугаартай албан даалгаврыг үндэслэн Д.Сүхбаатарын талбайд барьсан асар майхныг буулгахаар болсон юм байна.
Тус албан даалгаврын 5.4-т “Хууль тогтоомжоор үүрэг болгосон, эсвэл Засгийн газраас албан ёсны шийдвэр гарснаас бусад бүх төрлийн форум, хурал, баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, салбарын өдөр зэрэг олон нийтийн арга хэмжээг төсвийн хөрөнгөөр зохион байгуулахгүй байх, хурал, сургалт, семинар, зөвлөгөөнийг цахимаар хийж, зардлыг бууруулахыг Сангийн сайд З.Мэндсайхан, ЗГХЭГын дарга Б.Энхбаяр, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай” гэжээ. Тэгэхээр талбайд цаашид төсвийн хөрөнгөөр олон нийтийн аливаа арга хэмжээ, урлагийн наадам, баяр ёслол зохион байгуулахгүй гэсэн үг. Ингэж нэг Д.Сүхбаатарын талбайн “нуруу” амарч, хүүхэд багачууд хөгжилдөж, залуус болзож, хөгшид нарлаж болох нь.
О.Ундрах