“ТҮЦ-үүд тамхи худалдахыг хориглоно. Сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд байрлах дэлгүүрүүд мөн зарж болохгүй. Зөвшөөрсөн газар байрлаж буй дэлгүүрүүд тусгай лангуу гаргаж тамхи худалдаж болно” гэсэн хууль хоёр жилийн өмнө гарсан.
Мөн уг хуульд “Баар, ресторан, уушийн газар, цэцэрлэгт хүрээлэн, сургууль, цэцэрлэгийн орчин, автобусны буудал, орон сууцны орц зэрэг олон нийтийн газарт тамхи татаж болохгүй” гэж заасан.
Үүнээс үүдээд “тамхи хаана татах вэ” гэдэг асуудал гарч ирсэн. Албан байгууллагууд өөрсдөө тодорхой цэг гарган, тамхичид нь тэнд цуглардаг болсон. Үүнээс үүдээд гудамжинд явж байгаа хүмүүс барилга, байшингийн булан тохойд тамхи татаж, торгуулж эхлэх нь тэр.
Сүүлдээ Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй болж, албаны зарим хүмүүс цэг байгуулах шаардлагатай гэж байсан ч таг болсон юм.
Тэгвэл нийслэлийн 2015 оны төсвийг хэлэлцэх үеэр нийслэлийн ИТХ-ын зарим төлөөлөгч тамхи татах цэг байгуулах санал гаргаж байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 20 ширхэг цэг байгуулахад шаардлагатай 320 сая төгрөгийг төсөвт суулгаж өгөхийг тэд хүссэн гэнэ.
Гэвч нийслэлийн удирдлагууд үүнийг дэмжээгүй аж. Гэтэл өнгөрсөн гуравдугаар сард гудамж, талбайд гэнэт л “Тамхи татах цэг” гэсэн шилэн кабин байршуулсан.
Тухайлбал, Саппорогийн тойрог, ХӨСҮТ-ийн дэргэдэх автобусны буудал, Бөхийн өргөөний урд, “Хангарьд” ордны дэргэд, баруун дөрвөн зам зэрэг 20 байршилд ийм цэг байршуулсан юм.
Тухайн үед хүмүүс тамхи татах зөвшөөрөгдсөн цэгтэй боллоо гэж талархан хүлээн авч байсан ч уг цэг өнөөдрийг хүртэл цоожтой байна.
Тамхи татах цэг хэзээ ашиглалтад орохыг холбогдох хүмүүсээс тодруулахад бүгд “мэдэхгүй” гэв. Учир нь хэн захиалж хийлгэсэн, ямар байгууллага ашиглалтыг нь хариуцахыг одоо хүртэл тодорхой болгоогүй гэнэ.
Хэрэв захиалагч, ашиглагч нь тодорхой байсан бол цэгийг хэдийнээ ашиглалтад оруулах байж. Энэ талаар албаны эх сурвалж “Нийслэлийн 2015 оны төсөвт тамхи татах цэг байгуулах зардал суугаагүй. Миний сонссоноор “Улаанбаатар бизнес хөгжлийн төв” захиалж хийлгэсэн юм шиг байна лээ.
Уг төвийнхөн татан буугдахаа мэдэлгүй 20 кабин захиалчихсан байх. Гэтэл тус төв татан буугдаад, хийсэн ажлыг нь хариуцах хүнгүй байна. Цэг хийлгэсэн компанидаа хөлсийг нь өгөөгүй гэж ярьдаг” гэсэн юм.
Тэгвэл зарим эх сурвалж “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар тамхины цэгийн захиалгыг өгсөн байх. Улсын комисс хүлээж аваагүй учраас нээгээгүй юм билээ” гэж байлаа.
Энэ мэтээр тус цэгийг хэзээ ажиллахыг мэдэх байгууллага алга. Түүнийг онгойлгох түлхүүр нь хэнд байгааг ч мэдэхгүй ажээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ажилтнаас цэгийн талаар тодруулахад “Манай албанд энэ талаар мэдээлэл байхгүй.
Хэвлэлийн байгууллагууд цэг байршуулсан өдрөөс эхлэн энэ талаар манайхаас тодруулсан. Бид ямар байгууллага захиалж хийлгэсэн, хэн хариуцах ёстойг нь мэдэхгүй. Онгойлгох гэсэн боловч түлхүүр нь олдоогүй” гэсэн хариулт өгсөн юм.
Ийнхүү нэг байгууллага нөгөө рүүгээ бухаж “Бид мэдэхгүй” гэх олон байгууллагаар орлоо.
Тэд “Улаанбаатар хотод нийтлэг үйлчилгээг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэл хариуцдаг. Тэднийхээс асуу” гэв. Харин тус байгууллага “Манайх хариуцах ямар ч боломжгүй” гэсэн хариулт өгөв.
Л.БАЯНБАТ: АШИГЛАЛТЫН ЗАРДЛЫГ ШИЙДСЭНИЙ ДАРАА Л ЦЭГИЙГ АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖТОЙ
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьсан цэгийг яагаад өмчид бүртгэж аваагүй байгаа талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Л.Баянбатаас тодруулав.
-Тамхи татах цэг суурилуулсан тухай мэдээлэл танай газарт бий юү?
-Тамхины хяналтын тухай хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тодорхой хэмжээний мөнгө гаргаж Улаанбаатар хотын төвийн таван дүүрэгт тамхины 15 цэг байршуулсан байдаг. Цэгүүдийг 229 сая төгрөгөөр барьсан гэх мэдээлэл манайд бий.
-Тус цэгийг ямар байгууллага хариуцах нь тодорхой бус байна. Нийслэлийн өмчид бүртгэж авахгүй юм уу?
-Автобусны буудлыг нийслэлийн өмчид бүртгэж авдаг шиг тамхи татах цэгийг мөн авах ёстой.
Тиймээс чиг үүргийнх нь дагуу нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийг дансандаа бүртгэж аваад, хамгаал гэдэг байдлаар хүлээлгэж өгсөн. Гэвч тус нэгтгэл хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн.
-Яагаад?
-Тухайн цэгүүдийг цэвэрлэх, эд зүйлийг нь хулгайд алдахаас сэргийлэх манаач гээд хүн хүч, ашиглалтын зардал шаардлагатай. Гэтэл энэ бүхэн тус нэгтгэлд байхгүй учраас бүртгэж авах боломжгүй гэсэн албан бичиг явуулсан.
Тэгэхээр ашиглалтын зардлыг нь шийдэж байж цэгийг ажиллуулах боломж бүрдэнэ. Хэрэв цэгийг хараа хяналтгүй орхивол орон гэргүй иргэд хоноглох, тонох аюултай. Тиймээс цэгийг ажиллуулж эхлээгүй.
-Ашиглалтын зардлыг нь шийдчихвэл нээнэ гэсэн үг үү?
-Хэрэв тэгвэл манайх эсвэл нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэл өмчдөө бүртгэж авах боломжтой болно.
Гэхдээ нэгтгэлээс манайд цэгтэй холбоотой санал хүргүүлсэн. Цэгүүдийг заавал нэг байгууллага хариуцах бус байрлаж байгаа дүүргүүдийнх нь ТҮК-д хариуцуулж өгье, дүүрэг нь хариуцвал илүү үр дүнтэй байх гэсэн санал ирүүлсэн.
-Тухайн цэгийг хэн захиалж хийлгэсэн, түлхүүр нь хаана байгааг мэдэхгүй гэсэн. Үнэн үү?
-Энэ талаарх мэдээлэл манайд байхгүй гэв.
Ийнхүү нийслэлийн харьяа газар, агентлагууд бие бие рүүгээ түлхэж, багагүй мөнгө зарж хийсэн тамхи татах цэг тоосондоо дарагдаж, зарын самбар болжээ. Цаашид шилийг нь хагалах, доторх камер, телевизийг нь хулгайлж ч магадгүй болоод байгаа гэнэ.
Тиймээс ашиглалтын зардлыг нь шийдэж, тамхи татах цэгийг ажилд оруулах шаардлага буйг албаны хүмүүс хэлж байна. Эс тэгвээс цагдаа нар автобусны буудал дээр тамхи татлаа гэээд иргэдийг торгох явдал гарсаар байх болно.
Уг нь орчинг нь бүрдүүлчихээд хууль биелүүлэхийг иргэдээсээ шаардах ёстой баймаар.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
Н.ЭЛБЭГ (Сонгинохайрхан дүүргийн иргэн)
-Байрлуулсан цэгийг харсан. Хууль нь гарчихсан юм чинь ийм цэг байх нь зүйтэй. Ер нь Тамхины хяналтын тухай хууль гарсантай холбогдуулан албан байгууллагууд гаднаа цэг байгуулчихсан байна лээ.
Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гадаа ийм цэг байсан.
Цэг нь ажиллагаатай байгаа тохиолдолд гадна нь тамхи татахгүй л юм билээ. Уг эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүс тийшээ л орж тамхиа татаж байгаа харагдсан.
Г.БАТБОЛД (Чингэлтэй дүүргийн иргэн)
-Тамхи татах цэг удахгүй ажиллана гэж байсан ч одоо болтол нээгдээгүй байгаа харагдсан.
Нэг кабиныг нь 10 гаруй сая төгрөгөөр хийсэн гэж сонссон. Арай худлаа байх гэж бодож байна. Тийм их мөнгөөр жижигхэн шилэн хорго хийсэн гэхэд хэн ч итгэхгүй. Гадаадын улсад тамхи татах цэгийг янз бүрийн байдлаар шийдсэн байдаг.
Европын орнууд задгай цэгтэй байх жишээтэй. Хямд үнээр байгуулдаг жишгээр шийдвэл тохиромжтой байсан болов уу. Манай хийсэн шилэн хоргонд хэн орж тамхи татах вэ дээ. Тэгээд ч их тохиромжгүй газар байршуулчихсан.
Н.ТАМИР (Чингэлтэй дүүргийн иргэн)
-Энэ цэг ажиллахгүй болохоор хүмүүс хаа сайгүй л тамхи татаж байна. Улмаар Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа. Тиймээс цэгийг даруйхан л ажилд оруулах хэрэгтэй.
Тэгвэл тамхины иш хог болж, гудамжаар нэг хөглөрөхгүй шүү дээ. Болж өгвөл хямд төсвөөр ийм цэг олныг байгуулах хэрэгтэй байна.
Ялангуяа орон сууцны хороолол дунд. Тэгэхгүй бол хүмүүс орцондоо тамхи татаж байна.
З.СЭР-ОД (Хан-Уул дүүргийн иргэн)
-Олон л цэг хийсэн юм билээ. Гэтэл нэг нь ч ажилладаггүй. Харин татсан тамхиныхаа ишийг хаях сав нь хангалттай байдаг. Нэлээд мөнгө зарж цэг хийсэн гэж сонссон.
Иргэн хүнийхээ хувьд үүнд их шүүмжлэлтэй ханддаг. Нэгэнт их мөнгө зарчихсан учраас цэгээ хурдан л ажиллагаатай болгох хэрэгтэй байна.
Г.ЦЭЦЭГ