УЕПГ-ын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.
-Эрүүгийн болон Зөрчлийн хууль олны анхаарлын төвд байна. Эрүүгийн хуулийг яагаад шинэчилж, өөрчлөх болов. Ямар жишиг загварт тулгуурлаж боловсруулсан бэ?
-Өнгөрсөн 10 гаруй жилийн туршид Монголын эрүүгийн эрх зүй, гэмт хэрэгтэй тэмцэх салбарт тулгарч байсан асуудалд үндэслэн шинэчлэл хийсэн. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн гадаад улсын жишиг харж, энэ хуулийг боловсруулаагүй.
Харин ч судлаад үзэхэд улс болгон өөрийн оронд тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээл, хуримтлуулсан туршлага, амжилт ололт, алдаа дутагдалдаа тулгуурлан хууль тогтоомжоо хөгжүүлдэг юм билээ.
Ялын бодлого хатуу, гэмт хэргийн хохирол нөхөн төлөх явдал туйлын хангалтгүй, шийтгүүлж буй хүмүүсийн гэм буруутай, эсэхийг нотолж, ямар үйлдэл нь гэмт хэрэг болж байгаа нь ойлгомжгүй байна гэсэн шүүмжлэлийг үндэслэн Эрүүгийн хуулийг сайжруулан боловсруулсан.
-Эрүүгийн шинэ хуулийг гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлсэн, хохирогчдод ээлгүй хууль боллоо гэсэн шүүмжлэл байна. Үүнд та юу хэлэх вэ?
-Ялын бодлого хөнгөрч, гэмт хэрэгтэнд ашигтай, хохирогчдод хатуу хууль болсон гэвэл би үгүйсгэнэ. Ялын бодлогыг уян хатан болгосон гэвэл харин зөвшөөрнө.
Одоо мөрдөж буй Эрүүгийн хууль болон шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн аль нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг аваад үзэхэд ногдуулж болох ялын дээд хэмжээ нь буурсан гэмт хэрэг үндсэндээ байхгүй.
Тухайлбал, одоогийн Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгийг дээрэмдвэл 5-7 жил хорих ялтай гэж байхад шинэ хуулиар 2-8 жилийн ялтай. Дээд тал нь долоо байсан бол одоо найман жил хорих ялтай болсон байна.
Үүнийг хөнгөрүүлсэн гэж үзэж болох уу. Харин оноосон ял нь тухайн хүндээ тохирсон уян хатан байх боломжийг нэмэгдүүлж өгсөн.
-Хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан ч хохирлоо барагдуулсан бол ял нь хөнгөрнө гэлээ. Энэ нь нөгөө талаас мөнгөтэй хүмүүс ял шийтгүүлэхгүй үлдэх вий гэсэн хардлага төрүүлээд байна л даа?
-Хуулиа нарийн уншвал огт тийм биш. Одоо үйлчилж буй Эрүүгийн хууль, шинээр батлагдсан Эрүүгийн хуульд ч хүний биед халдаж, аливаа зэрэглэлийн гэмтэл учруулсан хэрэгт торгох ял байхгүй, зайлшгүй хорих ял оноохоор заасан.
Хохирлоо төлсөн тохиолдолд тэр хүнд шийтгэл ирэх үү гэвэл ирнэ, гэхдээ ял нь хөнгөрнө. Мөнгөтэй нэгэн хүн зодоод л хохирлыг нь төлөөд ялгүй мултраад байна гэвэл эндүүрэл. Хохирлыг нь төлүүлэхээс гадна хорих ялтай.
-Гэмт хэрэг гэж үзэж байсан хэчнээн үйлдлийг зөрчилд тооцохоор болсон юм бэ?
-Одоогийн Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцож байсан 16 төрлийн бүрэлдэхүүнийг зөрчилд тооцохоор болсон. Эрүүгийн хуульд заагаагүй 37 гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинээр орууллаа.
-Гэмт хэрэг үйлдсэн хүнийг гэрийн хорионд байлгах зүйл заалт анхаарал татаж байна. Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүсээ хянаж чадахгүй байж, төхөөрөмж суулгаж хянана гэдэг үлгэр гэх нь ч байна. Үүнийг хэрэгжүүлэх боломж хэр бий вэ?
-Та бид хоёр ярилцлага хийхдээ технологийн өндөр дэвшил болсон гар утас ашиглаж болж байна. Гэтэл ял шийтгэл ногдуулсан хүнийг электрон хяналтын төхөөрөмжөөр хянахад Монгол Улсын хөгжил хүрэхгүй гэж ярих нь үндэслэлгүй л болов уу.
Бид хамгийн сүүлийн үеийн техник технологи, машин, гоёл чимэглэл хэрэглэдэг хэрнээ эрүүгийн гэмт хэрэгтэй ингэж тэмцье гэхээр манай улс хоцрогдсон гэж ярих нь өрөөсгөл.
Зарим нь хөдөө мал маллаж, уламжлалт хэв маягаар амьдарч байгаа хүмүүст энэ ял шийтгэлийг хэрэглэхэд тохиромжгүй гэх мэтээр ярьдаг. Шүүх тухайн хүний амьдралын онцлог, ажил төрөлд нь уялдуулж, заавал гэрийн хорио биш, өөр төрлийн ял өгөх боломжтой гэдгийг энд зориуд онцлон хэлье.
Монгол Улсад жигд хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг хэрэглэхгүй юм бол Замын хөдөлгөөний дүрмээсээ гэрлэн дохиог аваад хаячих хэрэгтэй. Улаанбаатар хотоос гараад л орон нутгийн гэрэл дохиогүй олон замаар зорчиж л байгаа шүү дээ.
Электрон гав гэдэг зүйлийг оруулж ирээд хүнийг заавал шоронд хорихгүй, гэрт нь эрх чөлөөг нь хязгаарлаж, нийгмээс тусгаарлан шийтгэе гэхээр орчин үеийн технологи чинь Монголд тохирохгүй гэж ярих нь эрүүл хандлага, зөв шүүмжлэл биш.
Гэхдээ Эрүүгийн хуулийг шүүж шүүмжилж, хэлэлцэж байгаа нь сайн хэрэг шүү. Ямар ч хууль тогтоомж хөгжлөө дагаж, тухайн нийгэмдээ тулгамдсан асуудлаа шийдэх гэж гардаг. Энэ хуулийг сайн бодож боловсруулж хийсэн учраас төгс төгөлдөр, шүүмжлэхгүй гэж огтоос болохгүй.
Манай хуульчид шүүмжилж, дутагдлыг нь хэлж байгаа нь энэ хуулийг сайжруулж, санаа тавьсан хэрэг.
Та бүхэн ч гэсэн энэ тухай сурвалжилж, ярилцана гэдэг бид Эрүүгийн хууль, гэмт хэрэгтэй тэмцэхдээ амжилт гаргахын сайн дохио гэж бодож байна.
-Эрүүгийн шинэ хуулиар өнөөгийн нийгэмд тулгамдсан ямар асуудлыг шийдвэрлэхийг зорьсон бэ?
-Та бид хоёрын сая ярьсан ял шийтгэлийн бодлогын талаар маш их шүүмжлэл байсан. Ялын бодлого хэтэрхий хатуу, гэмт хэрэг үйлдсэн хүн уучлал гуйгаад, хохирлоо төлөөд, гэмшиж харамсан хийсэн алдаагаа засъя гэсэн ч олон жилийн ял авсан хүнд энэ нь оройтсон байдаг.
Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Монгол Улс дөрвөн удаа Өршөөлийн хууль гаргасан. Үүнээс өмнөх түүхийг үзэх юм бол манай улс Өршөөлийн хуулийг 20 жилд нэг удаа гаргаж байжээ.
Бидний шүүмжилдэг социалист нийгэмд их ойртлоо гэхэд 10 жилд нэг удаа л Өршөөлийн хууль гаргасан түүх бий. Бидний сайн жишээ гэж үздэг ХБНГУ, АНУ-д Өршөөлийн хууль гээчийг мартаад 60, 70 жил болж байна. Өршөөлийн хуулийг байнга батлаад байдаг юм биш.
Гэмт хэрэг үйлдсэн, буруутай гэдэг нь тогтоогдож, шүүхээс ял өгсөн л бол эдэлж дуусаж байж гарч ирэх ёстой. Гэтэл манай улс Өршөөлийн хуулийг дөрвөн удаа гаргалаа. Яагаад гаргав.
Өршөөлийн хуулийг гаргахгүй бол Монголын нийгэм шоронжих үйл явцтай байсан учраас. Бид Эрүүгийн хуулиа өөрчлөөгүй бол 2-3 жилийн дараа 7000 хоригдолтой болно. Манай нийгэм хэтэрхий харгис болоогүй шүү дээ, ийм байхад гэмт хэрэг үйлдсэн хүнийг зөвхөн шоронд хориод байгаа нь өрөөсгөл.
Үүнийг харж, ялын бодлогоо засах оролдлого л хийсэн юм. Хэрэв бид шальтай, шальгүй хэрэг хийсэн болгоныг шоронд аваачиж хориод байвал удахгүй монголчуудын тал нь шоронд орж байсан хүмүүс болж хувирна шүү.
Шоронд сууж, ял эдэлсэн хүнийг захыг компани ажилд авахгүй.
-Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүст одоо ч гэсэн ажил олдохгүй байгаа шүү дээ?
-Олдохгүй. Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс эргээд гэмт хэрэг хийгээд Эрүүгийн хуулиар шалгагдаж эхэлсэн. Энэ хүмүүс хорихоос гарахдаа үргэлжүүлэн гэмт хэрэг хийе гэж бодоогүй байх.
Ажил олдохгүй, банкнаас зээл авч чадахгүй, таван жил хоригдоод гарлаа гэхэд найз нөхөд битгий хэл эхнэр нөхөр, үр хүүхэд нь ч холдчихсон. түших хүнгүй болсон байдаг. Тиймээс ялын бодлогыг өөрчилсөн нь том шинэчлэл.
Дараагийн чухал шинэчлэл бол гэмт хэрэгт тооцох, эс тооцох тухай. Монгол Улсын Эрүүгийн хуулийг мэргэжлийн хүний нүдээр харахад ихээхэн ерөнхий хууль. “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүнд гэмтэл учирсан бол...” гээд заачих жишээтэй.
Эрүүгийн хуулиа судлаад үзэхээр ийм журам, ийм хууль тогтоомж зөрчвөл гэсэн ерөнхий байдалтай байгаа юм. Эрүүгийн хуулийг ямар нэгэн тохиолдолд төсөөтэй хэрэглэж болдоггүй.
Чухам ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцох вэ гэдгийг туйлын тодорхой зааж өгөх ёстой. Монгол Улсад олон зуун хүн буруудаад, гэмт хэрэгтэн болоод байдгийн нэг шалтгаан нь энэ. Тухайлбал, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх хуулийг судлахад салаа зам гаргаж болохгүй гэж хориглосон байх жишээтэй.
Энэ нь зөв хэдий ч салаа зам гаргасны төлөө хүнийг гэмт хэрэгтэнд тооцож, шоронд хийх тухай яривал ямар вэ. Тиймээс Эрүүгийн хуульд гэмт хэргийнх нь шинжийг тодорхой зааж өгөх шаардлагатай.
Нийгэмд ерөнхий байдлаар хэрэгжиж, олон хүнийг буруутгах нөхцөл болж байгаа хуулийн бүрэлдэхүүнийг тэр чигээр нь, үйлдэл тус бүрийг нь тодорхой зааж хуульчлах ажил хийлээ.
Үүнийг дагаад Зөрчлийн тухай хууль шинээр боловсруулсан. Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдсон үйлдэл Захиргааны хариуцлагын хууль болон бусад 227 хуульд зөрчилд тооцогдож байсан гээд давхцал их гарсан.
Энгийнээр хэлэхэд, Хүүхэд хамгааллын хуульд төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдээ хаяж, төөрүүлсэн бол торгоно гэснээ Эрүүгийн хуульд хорьж шийтгэнэ гэж заасан байгаа юм.
-Тэгэхэрээ алийг нь дагаж мөрдөх юм бэ?
-Яг ийм асуулт олон гарсан. Тиймээс юу нь гэмт хэрэг, юу нь зөрчил вэ гэдгийг салгах хэрэгтэй. Үүнийг тодорхой болгоогүйгээс хууль сахиулагчийн өмнө энэ хоёр хуулийн алийг нь хэрэглэх вэ гэдэг асуудал тулгарч байгаа юм.
-Гүтгэхийг гэмт хэрэг гэж үзэж байсныг зөрчилд тооцохоор болсон уу?
-Гэмт хэрэгт тооцож байсан гүтгэх гэсэн заалтыг Эрүүгийн хуулиас хасаж, Зөрчлийн тухай хуульд хуульчилсан.
-Гэхдээ ялгаа байгаа гэл үү?
-Тийм. Сонгуулийн үеэр энэ үйл ажиллагаатай нь холбогдуулж, хэн нэгнийг гүтгэсэн буюу худал мэдээлэл тараасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг Эрүүгийн хуульд оруулсан.
-Олныг сэртхийлгэсэн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь хүмүүсийн анхаарлын төвд байдаг. Тухайлбал, Цогт, Маралмаа нар 22 жилийн ял авч, Алтанхүү Өршөөлийн хуулиар суллагдсан. Гэмт хэрэгтэн 25 жилийн дараа эрх чөлөөтэй явж байвал ар гэрийнхэнд гомдолтой санагдах болов уу?
-Би нэг жишээ хэлье. Дөрвөн настай охиныг харгисаар хөнөөсөн нэг хэрэг байна, идэр залуу насандаа дарвиж явахдаа хүнийг нэг цохитол нөгөөх нь эгзэг нь таараад нас барсан ч хэрэг байдаг.
Монгол Улсын хорих байгууллагад “Хүн санаатай алах” гэдэг зүйл ангиар зүйлчлэгдсэн магадгүй, бүх насаараа хорих ял авсан янз бүрийн шалтгаантай олон залуу байна.
Ганц хувилбартай, хатуу хууль гаргачихаар цаана нь олон тохиолдолд хүн хохирох талтай. Тиймээс бүх насаар хорих ял шийтгүүлсэн хүнийг 25 жилийн дараа суллах, эсэхийг шийдвэрлэж байхаар тусгасан.
-Танаас асуухгүй өнгөрч болохгүй нь. С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Д.Булганыг саатуулж байгаа. Мөн Орхон аймгаас хоёр хүн баривчилсан гэдэг. Энэ хэргийн явц юу болж байгаа вэ?
-Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн талаар л ярилцана гэсэн байх аа. Энэ хэргийн талаар мэдээлэл хэвлэлд гаргах нь ямар ашигтай вэ. Харин ч хэргийн явцад сөргөөр нөлөөлнө.
С.Зоригийн хэргийг улстөржүүлж байна гэдэг ч улс төрийнхөн энэ тухай асууж байгаа нь өөрсдөө үүнийг улс төржүүлээд байгаа хэрэг. Хэргийг шалгаж, дууссаны дараа ганц ч зүйл орхигдуулахгүйгээр олон нийтэд мэдээлэх болно.
Ч.БОЛОРТУЯА