ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН Т.ДАМДИНДОРЖ АМИА ХОРЛОЖЭЭ
“Хямд үнээр машин оруулж ирнэ” гэсэн зард итгээд 130 гаруй хүн тэрбум төгрөгөө залилуулсан хэрэг хоёр жилийн өмнө гарч, шуугиан тарьж байлаа.
“Гүн бээс” групп, “Дэлхийн тамга”, “Алтан самурай”, “Автожапан.ком” гэсэн компани нийлж, www.negtugrug.com сайтаар дамжуулан хуурамч захиалга авч, залилсан хүнийхээ хохирлыг дахин залилан хийж төлдөг байсан тухай хохирогчид нь өнгөрсөн оны эхээр мэдээлж байв.
Хохирогчид бүгд хуурамч гэрээнд хууртсан байгаа юм. Тодруулбал, эдгээр хүмүүс нь скайнердсан гэрээнд гарын үсэг зурж, хэдэн арван саяар нь мөнгөө өгчээ. Энэ мэт гэрээгээр халхавч хийсэн гэмт хэрэг манай улсад цөөнгүй гарах болсон.
Их хэмжээний мөнгө зээлдүүлж, нөгөө хүнтэйгээ гэрээ хийсэн ч барьцааны эд зүйл авч үлдээгүйгээс хохирсон тохиолдол олон. Мөн бусдын нэр барих, гадаадад их, дээд сургуульд сургана, их хэмжээний мөнгө зээлнэ, өсгөж өгнө зэрэг олон аргаар бусдыг залилах болжээ.
Тэр ч бүү хэл, “тураана” гэсэн зарын дагуу хэрэглэсэн бүтээгдэхүүн нь үр дүнгээ өгөхгүй болохоор эргээд хандахад “Хүн бүрт харилцан адилгүй үйлчилгээ үзүүлнэ” гэж ам таглах. Энэ нь ч бас залилангийн нэг хэлбэр болохыг цагдаагийнхан хэлдэг.
Залилуулсан хүмүүс ихэвчлэн хохирлоо барагдуулж чаддаггүй нь хамгийн харамсалтай. Тухайлбал, дээр дурдсан залилангийн хэргийн хохирогчид доод тал нь 10-15 сая төгрөгөө алдчихаад одоо хүртэл нэг нь ч хохирлоо барагдуулж чадаагүй.
Энэ талаар тэдний өмгөөлөгч Н.Цэвээн “130 гаруй хүн залилсан Дамдиндорж болон бусад хамсаатан нь өдий хүртэл нэг ч хүний хохирол барагдуулаагүй. Байцаан шийтгэх ажиллагаа явуулж байгаа мөрдөн байцаагчаас нь хэргийн явцыг асуухад “Бүх компанийг нэгтгэн удирдаж байгаа, хэргийн гол зангилаа болсон Дамдиндорж нас барсан. Тэрбээр ОХУ-ын Наушкийн боомтоор хуурамч бичиг баримт ашиглан оргон зайлж, Туркт очсон. Тэнд байхдаа бас залилангийн хэрэгт холбогдон, Туркийн цагдаагийн байгууллагад шалгагдсан юм билээ. Тэгээд хорих өрөөнд өөрийгөө боомилж, амиа хорлосон. Хоёр сарын өмнө Дамдиндоржтой хамт амьдарч байсан монгол залуу түүнийг шивээсээр нь таньсан” гэсэн бүрхэг зүйл ярьсан.
Энэ хэрэг Дамдиндоржоор зогсохгүй түүний ээж болон эхнэр гээд 4-5 хүнд холбоотой учраас хувь хүн биш, хуулийн этгээд хариуцлага хүлээх ёстой” гэв.
ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТ ОНООХ ЯЛ БАГАСАВ
Манай улсад 2014 онд залилангийн гэмт хэрэг 1843 гарсныг цагдаагийн байгууллага бүртгэсэн бол өнгөрсөн онд 2067 болж, 12.2 хувиар өсчээ.
“Залилангийн гэмт хэргийн хохирогч болсон хүн Монголд маш олон байна. Өнгөрсөн онд сүлжээний бизнес нэрийн дор 200 гаруй хүнийг залилсан хэрэг гарсан. Залилагч этгээдийг шалгаж байгаа.
Тиймээс аливаа байгууллагатай гэрээ хийхдээ урьдчилан хуульчаас зөвлөгөө авах хэрэгтэй. Залилуулсны дараа хохирлоо барагдуулахад их түвэгтэй байдаг. Залилсан этгээд авсан мөнгөө үрэн таран хийдэг учраас хохирогчдод хүндээр тусна. Орон байраа хүртэл алдсан хүн ч бий.
Гэрээ байгуулчихсан юм чинь гээд санаа амрах хэрэггүй. Тухайн хүн баталгаатай хөрөнгөтэй, эсэхийг сайн судалж, гэрээ хэлцэл хийх нь зөв. Зээл хэлбэрээр гэрээ хэлцэл хийсэн ч мөнгийг нь өгөхгүй, эргэн төлөх баталгаа байхгүй, барьцаа хөрөнгө тавиагүй учраас зээлдүүлэгч хохирч байна.
Мөн бусдын нэр барьж, итгэл үнэмшил төрүүлж залилан хийх нь цөөнгүй. Гэрээний залилан ихэвчлэн зохион байгуулалтай байдаг. Хууль, журмын дагуу гэрээ хийхгүй, өөрийн байраа хүний зээлийн барьцаанд тавих, итгээд мөнгө зээлдүүлээд залилуулсан хүмүүс хохирлоо барагдуулах гэж хугацаа их алддаг” гэж өмгөөлөгч Ц.Монгол ярив.
Залилангийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл ангиар ялладаг. Тодруулбал, бусдын эд хөрөнгө, эсвэл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” харин онц их хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Харин ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжих Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэг үйлдвэл нэг зуун тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй (нэг тооцооны нэгж 2000 төгрөг) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэг сараас таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Товчхондоо бол залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээд дээд тал нь одоогийн хуулиар 15 жилийн ял авахаар байсан бол удахгүй хэрэгжих хуулиар 12 жил болж буурав.
ЦАХИМААР ЗАЛИЛАГЧИД 1.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН
ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ
Залилагчдын арга улам нарийсан, фэйсбүүк, твиттер, цахим шуудан зэрэг интернэт орчинд бусдыг залилан мэхлэх болов. Цагдаагийн байгууллагад иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын 80-90 хувь нь фэйсбүүк, твиттерээр алдар нэрийг гутаан доромжлох, гүтгэх, залилах, бусдын хувийн нууцыг ашиглан сүрдүүлэх замаар мөнгө нэхсэн хэрэг байжээ.
Ялангуяа бага насны хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүй дурын мэдээлэлд чөлөөтэй нэвтэрснээр гэмт хэргийн золиос болох магадлал өндөр байгаа юм.
Хувийн мэдээллийг тань ашиглан, хуурамчаар хаяг нээсэн тохиолдолд өөрийн ашигладаг бодит хаягаараа фэйсбүүкийн тусламжийн төв (Help center)-д бичиг баримтын хуулбар илгээж устгуулах боломжтойг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж буй.
Мөн сүүлийн үед Малайз, Сенегал, Англи, Филиппин улсаас үйлдэж буй интернэт луйврын гэмт хэрэгт манай улсын иргэд хохирох нь олширчээ.
Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн фэйсбүүк орчинд үйлдэж байгаа бөгөөд иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө өгөх, санамсаргүй байдлаар сугалааны азтан болох зэргээр холбоо тогтоож, итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор хэд хэдэн удаа холбогдон, цахим шуудан илгээдэг байна.
Үүний дараа урьдчилгаа төлбөр, татвар зэрэг шалтгаанаар бага бус хэмжээний мөнгийг өөрийнхөө дансанд шилжүүлүүлж авдаг аж. Гэмт этгээдүүд банкны данс ашиглахаас гадна Western Union, Moneygram, Swift зэрэг олон улсын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээ түгээмэл ашигладаг.
Манай улсад ийм төрлийн гэмт хэргийн анхны тохиолдол 2012 оны долдугаар сарын 2-нд гарч байсан бол өнгөрсөн оны байдлаар 27 иргэн, аж ахуйн нэгж байгууллага 1.6 тэрбум төгрөгөөр хохирчээ.
Мөн 2013 онд эрхэлсэн тодорхой ажилгүй А гэгч эмэгтэй секс сүрдүүлгийн хохирогч болсон байна. Үүнтэй адил гэмт хэргийн золиос болсон 15 хүн бий аж.
Гэвч хилийн чанадад цахим орчинд үйлдэгдсэн хэрэг учраас манайхан төдийлөн сайн шалгаж чаддаггүй, иргэд хохирсон хэвээр, хэрэг хаагдахад хүрдэг аж.
Ч.БОЛОРТУЯА