Нийтийн тээврийн жолооч нарын хариуцлага, ёс зүйгүй байдлаас болоод, хоёрхон настай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд орох нь. Хотын гудамжаар мал ачаад явж буй мэт сүлжилддэг тэдний гаргах осол хэрээс хэтэрлээ.
Өнгөрсөн 2015 оны эхний 11 сарын байдлаар зөвхөн автобусны жолооч нар гэхэд 455 удаа осол гаргасан байна. Үүнээс болж долоон хүн нас барж, 281 хүн гэмтсэн аж. Мөн нийслэлийн замд автобус 649 цаг 59 минут түгжрэл үүсгэсэн гэх тоо байна.
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Нарангийн гол-Таван шар чиглэлийн автобусны жолооч Аеболот Сонгинохайрхан дүүргийн нутаг,“Цэнхэр” дэлгүүрийн тойрог орчимд хоёр настай хүүг дайрч гэмтээсэн хэрэг гарчээ. Хүүгийн аав Ц.Онцбаатартай ярилцлаа.
-Осол хэзээ, юунаас болж гарсан юм бэ?
-Хүү маань 2015 оны есдүгээр сарын 12-нд тоглоомын талбайд тоглохоор эгчтэйгээ гарсан юм. Тоглоомын талбай манай гэрээс 100 метр зайтай. Тэндээ тоглож байгаад, буцаад гэр рүүгээ явахаар автозам гарчихаад байхад хурдтай явж байсан автобус араас нь дайрсан.
Тэр хэсгийн замд ямар ч хурд сааруулагч байхгүй, машинууд ч их хурдтай явдаг. Жолоочийн 100 хувийн хариуцлагагүй байдлаас болж энэ осол гарсан. Учир нь жолооч залуу хурд багатай, анхааралтай явсан бол осол гаргахгүй байх боломжтой байсан.
Гэтэл өөр тийшээ харчихсан явж байсан нь хяналтын камерын бичлэгээс тод харагдаж байгаа. Жолооч хүүхэд дайрснаа ч тэр даруйд мэдээгүй. Ойролцоо явж байсан хүмүүс хашгирч байж зогсоосон. Зогсоход нь хүү маань автобусны доогуур орчихсон байсан.
Би тэр үед гэртээ байсан юм. Хамт тоглож байсан хүүхдүүд нь гүйж ирээд “Танай хүүхэд автобусанд дайруулчихлаа” гэсэн. Би гарч гүйгээд осол болсон газарт очсон. Охин маань дүүгээ тэврээд уйлчихсан, хүүгийн минь хөл нэл цус болоод, санжчихсан байгааг хараад юу болж байгааг ч тухайн үед ойлгоогүй.
Тэр жолооч миний хүүг тийм болгочихоод анхны тусламж үзүүлэхийн оронд гараа халаасандаа хийчихээд, шүлсээ хаяад зогсож байсан. Намайг гүйгээд очиход автобус руугаа зугтаад орсон.
Би очоод “Чи ядаж хөлийг нь боогоод өгчихгүй яасан юм бэ” гээд автобусных нь хаалгыг цохиход тайлаагүй. Тухайн үед их цочирдсон байсан болохоор хаалгыг нь цохиж байхдаа шилийг нь хагалчихсан юм.
Тэгээд л гэнэт сэхээ авч, хүүгээ тэврээд такси барихаар зам руу гүйсэн. Энэ үед өөдөөс түргэн тусламжийн машин ирээд биднийг аваад ГССҮТ рүү хүргэсэн.
-Осол гаргасан жолооч болон “Зорчигч тээврийн нэгтгэл” та бүхэнд эмчилгээний зардал зэргийг өгсөн үү?
-Ослоос хойш дөрвөн сар болж байна. Энэ хооронд хүү маань ГССҮТ-д хоёр сар хэвтлээ. Зургаан удаа бүтэн наркоз (нойрсуулах үйлчилгээтэй тариа) хийлгэж байж мэс засалд орсон. Түүнээс гадна Хөх хот руу явж, хагалгаа хийлгэсэн.
Энэ хугацаанд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хуулийн зөвлөх гэж нэг хүн ирж надтай уулзаад “Даатгалаас 10 сая, жолоочоос дөрвөн сая төгрөг гаргуулаад өгье. Энэ бол хангалттай хүрэлцэх мөнгө. Та нар гомдолгүй гээд бичээд өг” гэсэн.
Орон нутгийн өмчит байгууллага байж, эрсдэлийн сан гэж байдаггүй юм шиг байна лээ. Би “Хүүхдийнхээ эрхтэнийг үнэлж, наймаалцаж чадахгүй. Хууль хяналтын байгууллагаар нь шийдүүлнэ” гэсэн. Тэгээд л таг болсон.
Хөх хот руу явахынхаа өмнө би өмгөөлөгчөөрөө дамжуулж жолоочтой утсаар яриад “Одоо хүүгээ аваад явах гэж байна. Наана нь таван төгрөг ч болсон өгчихвөл хэрэгтэй л байна шүү” гэж хэлсэн. Нэг ч төгрөг өгөөгүй.
Би тэднийг ослын дараа шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүртэл худлаа гаргуулсан болов уу гэж хардаж байгаа. Учир нь хүүг маань ГССҮТ-д хэвтэж байхад нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч гэж нэг хүн “Золбоо гэдэг хүү хаана байна” гэж орж ирээд холоос нэг харсан гэсэн.
Тэгээд эмчлэгч эмчээс нь өвчний түүхийг нь авч үзээд л эмнэлэг рүү ирж очихоос эхлээд баримтжуулах боломжгүй урсгал зардал зөндөө бий. Хүүгээ хөл дээр нь босгочих юмсан гээд бүх л арга чаргаа хэрэглэж байна.
Зураг, оношийг нь БНСУ руу явуулсан. Тэндхийн эмч нар үзээд долоо, наймдугаар сарын үед ирээрэй гэсэн. Тэнд очоод дөрвөн сарын зайтай гурван удаа хагалгаанд орно.
Нэг удаагийн хагалгааны төлбөр нь 12-13 мянган ам.доллар юм билээ. Тийм байхад тэр хүмүүс ердөө хөлийнх нь чигчий хурууг дайрсан гээд байгаа. Би хүүхдэдээ анхаараад тэдэнтэй манатай байсан юм. Тэр байдлыг далимдуулж энд тэндгүй “арын хаалгадаж” явсан юм шиг байна лээ.
Хамгийн эхний өдөр эмнэлэгт хүүгээ хагалгаанд оруулчихаад үүдэнд нь хүлээгээд сууж байтал жолооч залуу шөнийн 01.00 цаг өнгөрч байхад ирчихээд “Байцаагч дуудаад байна. Хоёулаа Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү явчихаад ирье. Эсвэл та байцаагчтай утсаар ярьчих. Тантай ярья гээд байна” гэсэн.
Би “Одоо надад наад байцаагчтай чинь ярьж байх тэнхэл алга. Шөнө хүн байцаадаг цагдаа байдгийг би л лав мэдэхгүй юм байна” гээд хөөж явуулсан.
-Одоо танай хүү ямар эмчилгээ хийлгэж байна вэ?
-Эмч нарын хэлж буйгаар бол зөөлөн эдийн дутмагшилтай болсон гэсэн. Өөрөөр хэлбэл, хүүгийн маань баруун хөлний шилбэнээс доош хуруунуудын үзүүр хүртэл ямар ч арьс, мах байхгүй. Хөлийнх нь ядам, чигчий хурууны шивнүүр ясыг авсан.
Тэр хэсэгт нь ямар ч зөөлөн эд байхгүй болохоор дутмагшил болж байгаа гэсэн. Манай ГССҮТ-ийн эмч нар энэ хэдэн сарын хугацаанд авч болох бүх л арга хэмжээгээ авсан. Тэдэнд баярласнаа хэлмээр байна. Учир нь манай хүүг эмнэлэгт хэвтэж байхад нь Америкаас эмч ирчихсэн байсан юм.
Тэр эмч хүүг минь үзчихээд манай эмч нарт “Ийм болчихсон байхад та нар дэмий юм хийж байна. Шууд л тайрсан нь дээр” гээд байсан. Харин манай эмч нар “Бид энэ хүүг заавал хөл дээр нь босгоно” гээд өдий хүртэл чадах бүхнээ хийж байгаа.
Хүүгээ өрөөсөн хөлөө гадагш нь хаяад, хазганаад явж байхыг нь харахаар зүрх зүсмээр байдаг юм. Хэдхэн сарын өмнө дэгдэж явсан хүү шүү дээ. Гэтэл нэг хариуцлагагүй жолоочоос болоод тахир дутуу болчихлоо. Энэ ослоос үүдээд ээж нь өвчтэй болсон.
-Ээж нь яасан юм бэ?
-Эмэгтэй хүний сэтгэл санаа, сав, хөх зэрэг нь холбоотой байдаг юм байна лээ. Хүүгээ аваад эмнэлэгт хэвтээд удаагүй байтал хөх нь хавдаад эхэлсэн. Тэр үед эхнэр маань хүүгээ хөхүүлдэг байсан юм. Бид горьдсоноос болоод хөх нь хавдчихлаа гэж бодоод нэг их анзаараагүй. Сүүлдээ өндөр халуураад эхэлсэн.
Гэтэл хүүгийн маань эмчлэгч эмч Дөлгөөн “Ингээд яваад байж болохгүй байх аа. Яаралтай хагалсан нь дээр” гэсэн. Тэгээд хагалтал хөхнийх сүү буглаад, идээлчихсэн байсан. Тэрнээс хойш дөрвөн удаа хөхний хагалгаанд орсон. Маргааш (өчигдөр) дахиад орох гэж байна.
Эхнэр маань хүүхдээ харж, хоёр жил гэртээ байж байгаад дөнгөж ажилдаа ороод байсан. Одоо дахиад жилийн чөлөө авсан. Хоёулаа ажилтай, орлоготой сайхан байсан амьдралыг минь тэр нэг жолооч ийм болгочихлоо. Хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа хүүхдийн оюун санаанд ямар өөрчлөлт орохыг хэлж мэдэхгүй байна.
Одоо унтаж байхдаа байнга цочиж, уйлж сэрдэг болсон. Эмнэлэгт үзүүлэхээр машинд суулгаад явахад “Аав аа аяар яв. Айлын маамааг ёо ёо болгоно шүү. Автобус чи удаан яваач ээ, маамаа ёо ёо болгоно” гэдэг. Цонхоор хараад сууж байхдаа ч “Энэ машин хурдан яваад байна, болохгүй тээ” гэнэ.
Эндээс хүүхдийн сэтгэл санаанд яаж нөлөөлсөн нь харагдаж байгаа биз дээ. Тариа хийлгэхдээ уйлахаа больсон. Бараг сурч байх шиг байна. Хоёрхон настай хүүхэд өвдөлтийг тэсвэрлэж сурна гэдэг чинь аймшигтай биз дээ. Дээр нь байнга хажуу тийшээ далийж явахаар нурууных нь үенд хүртэл муу.
Өсөлт хөгжилд нь нөлөөлдөг гэж эмч нар хэлж байгаа. Хүний нялх хүүхдийг ийм болгочихоод, тоохгүй байгаа хүмүүст үнэхээр гомдож байна. Магадгүй байгууллагынх нь удирдлагууд мэдээгүй байж ч болох юм. Хэрэв тийм бол жолооч нарынхаа хариуцлагад бага ч гэсэн анхаараач ээ гэж хэлмээр байна.
Х.АЗЖАРГАЛ