Д.ЖАДАМБА
Гавьяат зоотехникч
Малын гаралтай хүнсний болон ахуйн хэрэглээний бусад бүтээгдэхүүн нь хүний бие, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тул аль ч орны иргэдийн хэрэглээ жилээс жилд өсөж байгаа билээ. Сүүлийн жилүүдэд манай орны мал сүрэг хурдтай өсөж 2015 онд 56.9 саяд хүрснээр малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон бусад түүхий эдийн гарц улам нэмэгдэх бодит боломж дээшилсээр байна.
Манай орон таван төрлийн малыг дан бэлчээрээр өсгөн үржүүлж, шаардагдах тэжээлийнх нь 95-96 хувийг хэдэн зуун төрөл зүйлийн өвс ургамал бүхий байгалийн бэлчээрээс хангадаг өвөрмөц, давуу онцлогтой билээ.
Энэ нь манай мал сүргийн мах, сүү болон малын гаралтай бусад бүтээгдэхүүний органик чанарыг бүрдүүлэгч үндсэн нөхцөл гэж хэлэх бүрэн боломжтой. Эдгээрээс хүнсний хамгийн чухал, гол нэрийн бүтээгдэхүүн болох махны чанарыг авч үзье.
Малын махны чанарыг илчлэг буюу калориор үнэлдэг бөгөөд энэ нь махны найрлагад байгаа уураг, тослог, хандлаг бодисуудын тус бүрийн илчлэгийн нийлбэрээр илэрхийлэгдэнэ. Илчлэг нь тодорхой хэмжээний усыг нэг градус халаахад зарцуулагдах эрчимлэг нэгж бөгөөд үүнийг их, бага калори гэж нэрлэдэг юм.
Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүний нэг өдрийн хоол нь дунджаар 3000 их калори илчлэгтэй байх шаардлагатай. Харин манай эрдэмтэн, судлаачдын тодорхойлсноор аль ч төрлийн монгол малын махны илчлэг чанарын үзүүлэлт 2500-3742.8 их калори байгаа нь тун сайн үзүүлэлт юм.
Энэ нь монгол малынхаа мах, сүү, цагаан идээ, айраг зэрэг хүнсний бүтээгдэхүүнээр хооллосон хүнд гадаадын орнуудад үйлдвэрлэсэн уураг, амин дэм зэрэг элдэв нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй гэсэн үг.
Тухайлбал, сайн таргалсан монгол үхрийн махыг өдөрт 800 гр, бусад төрлийн малын махыг 1.1 кг-ыг идэхэд хангалттай гэж хэлж болохоор байна.
Малын махны чанарт малын төрөл үүлдэр, нас, тарга хүч, тэжээлийн ялгаа гээд нөлөөлөх хүчин зүйл олон байдаг. Манай малын хувьд тэжээлээ бараг бүгдийг нь бэлчээрээс хангадгийн хувьд мах, сүү, ноос, ноолуурын чанарын давуу байдлыг бүрдүүлэгч гол хүчин зүйл нь байгалийн бэлчээр юм.
Харин зарим орны мал сүргийн тэжээлийн гол эх сурвалж нь цөөн төрлийн таримал ургамал байдаг учраас махны илчлэг чанар болон бусад чанарын үзүүлэлтээр монгол малынхад хүрч чадахгүй байдаг.
Тиймээс өөрийн орны малын махыг бусадтай харьцуулах замаар чанарыг нь илүү нарийн тодорхойлох ажил тун хангалтгүй байгаа нь монгол махны гайхамшигт брэнд чанарыг гадаад, дотоодод сурталчилж нийтийн хүртээл болгох ажил орхигдсоныг харуулж байна.
Монгол үхэр судлаач эрдэмтэд болох Д.Гончиг, Д.Цэдэв нар дээхнэ үед манай үхрийн махны илчлэг болон бусад үзүүлэлт ЗХУ-ын үхрээс давуу байгааг илрүүлж тогтоогоод, хойд хөршид худалдах экспортын үнийг нь нэмүүлж байсан түүхийг өнөө үеийн судлаачид бахархан ярьдаг юм.
Тэр үед зөвхөн ЗХУ-д энэ асуудлыг тавьж байсан бол өнөө үед дэлхийн түвшинд ярих цаг нь болсон. Махны чанарын бас нэг гол үнэлгээ нь уураг, өөхний харьцаа байдаг. Уг харьцаа 1:1-1:0.7 буюу уураг 18-21, өөх 12-18 хувь байх шаардлагатай гэж үздэг. Энэ нь монгол үхэр, адуу, тэмээний маханд харьцангуй ойролцоо, харин хонины маханд өөх тос бага зэрэг илүү байдаг.
МОНГОЛ ҮХЭР, САРЛАГИЙН МАХНЫ ЧАНАР
Ихэнх улс оронд үхрийн махыг бусад малын махнаас илүү үнэлдэг, эрэлт хэрэгцээ ч ихтэй. Монгол үхрийн нэг кг махны илчлэг дунджаар 3742.8 байдгийг судлаачид тогтоосон. Энэ нь манай оронд үржүүлж буй бусад төрлийн мал болон нутгийнхаа үхрийг сайжруулагч болгон ашиглаж ирсэн Казахын цагаан толгойт, үүлдрийн үхрийн махтай харьцуулахад илчлэгээр нэлээд давуу байна.
Монгол үхрийг гадаадын, махны чиглэлийн үхэртэй 1953 оноос эхлэн эрлийзжүүлээд буй. Шинэ үүлдрийн үхэр ч бий болголоо. Ямар үр дүнд хүрснийг бид бодох хэрэгтэй юм.
Монгол нутгийн үхрийг махны чиглэлийн Казахын цагаан толгойт үхэртэй эрлийзжүүлж бий болгосон Сэлэнгэ үүлдрийн үхрийн махны илчлэг 1864.7, харин Казахын цагаан толгойт үүлдрийнх 1962.2-1985.2 (Д.Нэргүй) байдаг хэмээн тодорхойлсон байхад Сэлэнгэ үүлдрийн үхрийн зохион бүтээгч Р.Жавзмаа эрлийз үхрийнх нь махны илчлэг 2368.6-2817.6 гэж тодорхойлсноос үзэхэд монгол үхрийн мах илчлэгээр ихээхэн давуу байгаа нь харагдаж байна.
Хуучнаар ЗХУ-ын хэвлэлд бичсэнээр өөрийн орныхоо хонины махны илчлэгийг 2720, үхрийнхийг 2300 гэж тодорхойлсонтой харьцуулахад манай хонины махны илчлэг 5.8, үхрийнх 38.5 хувиар илүү байх юм.
Монгол үхрийн амьдын дундаж жинг 322 кг гэж авч үзээд илчлэгээр тооцоход Казахын цагаан толгойт үүлдрийн 475 кг жинтэй үхэртэй тэнцэж байна. Үүнээс харахад манай үхэр хэдийгээр жингээр бага ч махны илчлэг чанараар ихээхэн давуу байна.
Үүний зэрэгцээ уураг өөхний харьцаа хүнсний бүтээгдэхүүнд тавигдах шаардлагын хэмжээнд байгаа нь бэлчээрийн мал таримал тэжээлтэй суурин малын махны чанараас ихээхэн давуу, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгийг харуулна.
Тэгвэл монгол сарлагийн махны илчлэг 2592, уургийн агууламж 20, өөхнийх 18.6 хувь, харьцаа нь 1:09 байгааг сарлаг судлаач эрдэмтэн, шинжлэх ухааны доктор Т.Бат-Эрдэнэ тодорхойлсон.
Монгол сарлаг хэдийгээр монгол үхрийн махны чанарт арай хүрэхгүй ч чанарын хувьд өндөр гэдгийн нотолгоо нь энэ. Доктор Д.Гончигийн монгол үхрийн махны чанарыг сарлаг, хайнагийнхтай харьцуулан хийсэн судалгаагаар сарлагийн махны илчлэг чанар 2940 байсан нь монгол үхрийн махны илчлэгтэй тун ойрхон байгааг нотолсон үзүүлэлт юм.
Монгол адууны мах. Адууны мах чанараараа хонь, үхрийнхээс дутахааргүй буюу илчлэг нь 2886-3000 калори байна. Нас гүйцсэн адууны гулууз махны жин 125.2 кг, нэг кг ясанд ногдох махны хэмжээ таван кг байна.
Адууны мах аминхүчлээр баялаг, өөхний найрлагад холестерин бага, царцах нь удаан гэх мэтээр нэлээд давуу чанартайг монголчууд андахгүй.
Монгол хонины мах. Хүнсний дээд зэргийн чанартай брэнд бүтээгдэхүүн мөн. Монгол хонины махны илчлэг нь 2886.8 байна. Оросын судлаачдын тодорхойлсноор тэндхийн хонины дээд зэргийн тарган мах 2865, дунд зэргийнх нь 1815, дундаас доош бол 1674 калори илчлэгтэй гэснийг дунджилж үзэхэд илчлэг нь 2118 байх юм.
Эндээс харахад манай хонины махны илчлэг Оросын дээд зэргийн махнаас нь ч давуу байна. Манай хонины мах өөхний алаглалт сайн, нэг кг ясанд ногдох мах 5-6 кг, тослог, уургаар баялаг, амт, шим тэжээл сайтай.
Хонины маханд 19 төрлийн шүвтэн хүчил агуулагддагийн 10 нь үл төлөөлөгдөх хүчил байдаг нь бусад малын махнаас ялгарах онцлог чанар нь юм. Манайхны тэнхээ тамир алдрахад хонины махны шөл уудаг нь дээрх брэнд чанартай холбоотой байж болно.
Бас таана, хөмүүлийн мах гэж хонь, ямааны махыг бог малын иддэг ургамлаар нь нэрлэдэг нь бэлчээрийн энэ ургамлын чанарын үнэлгээ гэж хэлж болно. Харамсалтай нь, таана, хөмүүлийн махыг бусад бүс нутгийн хонины махтай харьцуулан ялгааг нь нарийвчлан судалсан зүйл манайд бараг алга.
Энэ бүхнийг үндэслэн төрөл бүрийн малын махны чанарын үнэлгээг оршиж байгаа бүс нутаг, иддэг ургамлынх нь онцлогтой холбон судлаж тогтоох хэрэгтэй байна. Ер нь монгол малын махны амт шүүс сайхан хоосон гэж ярих биш лабораториор нотолсон бодит үнэлгээ л хэрэгтэй.
Монгол ямааны мах. С.Шархүүгийн судалснаар монгол ямааны махны илчлэг 2968.2 байгаа бөгөөд натри, кали, төмрийн агууламж хонь, үхрийн махнаас илүү, зарим аминхүчил, аминдэм, макро болон микро элементийн баялаг агууламжтай байна.
Ямаа өндөр уул, хад асгатай газрын бэлчээрийг бусад төрлийн малаас илүү сайн ашиглаж хад асганд ургадаг ямаан арц зэрэг ургамлаар хооллодог учраас махны чанар нь өвөрмөц ялгаатай, хүний эрүүл мэндэд тустай байж ч болох юм.
Монгол тэмээний мах. Тэмээний махны илчлэг 2108.4-2500 калори байна. Манай орны аль бүс нутагт махан бүтээгдэхүүний чанар илүү байдгийг тодорхой судалж, нийтэд хүртээл болгоход төдийлөн анхаарахгүй явж ирсэн байдаг.
Харин судлаач С.Дугаржав, Д.Лхагвасүрэн нар дорнод Монголын улаан үхрийн махны ашиг шимийн судалгаа явуулж махны илчлэг чанар 5517.6 байгааг тодорхойлсон байна. Ийнхүү манай орны дорнодын тал нутаг Дорнод, Сүхбаатар аймаг, Халх голын сав нутагт үржүүлэгдэж байгаа үхрийн махны чанар бусад бүс нутгийнхаас илүү сайн, илчлэгээр давуу байгаа нь уг газар нутгийн хөрс, ургамлын онцлогтой холбоотой.
Юуны өмнө таван хошуу мал маань бүрдлийн нэг хэсэг нь мөний хувьд зүй тогтлынх нь дагуу өөрийнх нь дасан зохицсон бүс нутагт өсгөж үржүүлэх нь чухал байна.
Ямар төрлийн мал хаана, байгаль цаг уурын аль бүс нутагт илүү сайн зохицож ирсэн уламжлалт байршлыг алдагдуулахгүй байх нь уг нутаг бэлчээрт илүү сайн зохицож тарга тэвээрэг авах, өсөж үржих чадавх нь давуу байдгийг анхаарах хэрэгтэй юм.
1990 оноос хойш малчид мал сүргийнхээ идээшсэн нутгийг орхиж хангай, хээрийн бүс нутагт шилжин суурьших болсон нь энэ бүс нутгийн бэлчээрийн багтаамж даац хэтэрсэн төдийгүй уг бүс нутагт зохицон үржүүлэгдэж байсан олон сайхан шилдэг үүлдэр омгийн малын үүлдэрлэг чанар алдагдахад хүргэж байгаа билээ.
1984 оны байдлаар нийт малын 59 хувь нь ойт хээр, хээрийн бүсэд байсан бол сүүлийн жилүүдэд 80 хувьд хүрч говийн бүсэд нийт малын 41 хувь нь байсан бол 20 орчим хувь болж буурсан нь бэлчээр ашиглалт, малын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ чанарт муугаар нөлөөлөх болсон байна.
Аль ч төрлийн мал өөрийн дасаж зохицсон нутгийнхаа байгаль цаг уурын бүс нутагтаа байснаар бэлчээр дэх өвс ургамлын нөөцөө гүйцэд ашиглаж ашиг шимээ бүрэн өгөх чадамж нь илүү байдгийг анхаарч мал сүргийнхээ уламжлалт байршлыг сэргээх хууль эрх зүйн орчин болон эдийн засгийн зохицуулалтын асуудлыг шийдэх шаардлагатай байна.
Монгол малын махны илчлэг сайтай уураг, аминхүчлээр баялаг, өөх тосны агууламж стандартын түвшинд байгааг судлаачид нотолсоор байтал манай улсын махны стандартад гурваас дээш насны адуу, үхэр, тэмээ, 18 сараас дээш насны хонь, ямааны махны чанарын үзүүлэлтийг үхрийн нэг кг махны илчлэг 1800-2700, хониных 1800-3100, ямааных 1500-2000 байгааг судлаачид шүүмжлэн бичиж байна.
Энэ нь манай малын махны өрсөлдөх чанар, үнэ цэнийг доош татсан гэхээс өөр аргагүй юм. Гайхамшигт давуу брэнд чанартай малын гаралтай түүхий эд, махыг орон нутгаас авдаг мөртлөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь брэндийн хэмжээнд байж чадахгүй байх шиг.
Ер нь малын гаралтай түүхий эд, мах, сүү боловсруулах үйлдвэрийн техник технологийг шинэчлэх асуудлыг даруй шийдвэрлэх, шинээр барих мах, сүүний үйлдвэрийг аль болохоор түүхий эдийн баазад нь ойртуулах зорилгоор хөдөө орон нутагт хэд хэдэн сум дунд болон аймгийн төвүүдэд эцсийн бүтээгдэхүүн боловсруулахад чиглүүлж малчдын дундын хоршоолол хэлбэрээр байгуулж ажиллуулах нь зүйтэй.
Түүнчлэн сайн чанартай малын гаралтай түүхий эд, мах, сүү нийлүүлсэн аймаг, сум, малчдыг тухайн үйлдвэрээс нь урамшуулдаг журамтай болж ч болно шүү дээ.
МОНГОЛ ЯМААНЫ НООЛУУРЫН ЧАНАР
Монголын эрс тэс уур амьсгалтай, өндөр уулархаг хүйтэн газарт ч, элсэрхэг дулаан говь нутагт ч манай малчид ямаан сүргээ үржүүлж өсгөсөөр ирсэн билээ. Монгол ямааны ноолуурын онцлог нь 4.5 см урттай, нарийн нь 14-16 микрон бөгөөд чанарын зэрэглэлээр кашмир ноолуурын зэрэглэлд хамаарагддаг гэж судлаачид дүгнэдэг.
Монгол Алтайн ямаа Алтайн өндөр уулсын цаг уур, өвс ургамал байгаль экологийн нөхцөлдөө зохицсон бай хад говь, дорнодын тал хээрийн бүс нутгийн ямаа, чанараар бас өөр ноолууртай байх зэргээр ялгаатай байх нь бий.
ОХУ-д үржүүлдэг Оренбург, Придон, Горно Алтай ямааны ноолуурын урт 6-13 см, нарийн нь 17-20 микрон байтал Оренбургээс бусдынх эсгийрэх нь бага гэж ном хэвлэлд бичсэн байдаг. Ноолуурын чанарыг үнэлэх нэг чухал үзүүлэлт бол эсгийрч даахирдаг, эсэх байдаг юм.
Оренбургийн ямааны ноолуур 2-5 см урт, уян хатан болон хөвсийлт хангалтгүйгээс эсгийрэлт илүү байдаг гэж өөрийнх нь орны судлаачид тодорхойлдог. Манайд аль үүлдэр омгийн ямааны ноолуур эсгийрэлт багатайг судалсан, үнэлсэн зүйл олдохгүй байна.
Придон үүлдрийн ямааг монгол ямаатай эрлийзжүүлж бий болгосон Говь гурван сайхан үүлдрийн ямааны ноолуурын урт 8-9 см, нарийн нь 16-17 микрон байгаа нь Придон ямааныхаа адилаар ноолуур нь эсгийрэлт бага байгаа ч юм бил үү. Энэтхэгийн кашмир ноолуур дэлхийд чанараараа гайхагддаг.
Манайх кашмир ноолуурын нэг адилаар монгол ноолуурынхаа чанарыг илэрхийлэгч дэлхийн үнэлгээний нэг нэгж болгож “монгол ноолуур” гэсэн брэнд нэрийг гаргаж чадахгүй гэж үү.
Саяхан телевизээр үзүүлсэн нэг нэвтрүүлгээс харахад үйлдвэрийн хамт олон орчин үеийн технологи нэвтрүүлснээр ноолууран бүтээгдэхүүний борлуулалтаа нэмэгдүүлж Лондон зэрэг том хотод өөрийн салбараа нээн ажиллуулснаа ярьж байна.
Энэ сайн хэрэг. Гэтэл энэ ноолууран утсаар хийсэн хувцас монгол ямааны ноолуурынх гэдгийг л шошгон дээрээ бичиж тайлбарлаж байвал чанарыг нь дэлхийн түвшинд үнэлүүлэх билээ. Ингэж бодоход брэнд бүтээгдэхүүний асуудал гарахгүй байгаа нь ямаандаа биш үйлдвэрлэлдээ байгаа юм биш биз. Ийм сайн чанартай ямааны ноолуур маань байхгүй болчихвол яах билээ.
Манайд байгаа ямааны омог үүлдрүүд сарниж, цөм сүрэг нь үгүй болж буй нь үйлдвэрүүд ноолуурыг нарийн бүдүүнээр нь ялгаж авах журам мөрдөхгүй байгаагийн зэрэгцээ мал үржүүлэгчдэд аль үүлдэр омгийн ямаа үржүүлбэл илүү ашигтай вэ гэх асуудлыг тодорхойгүй бүрхэг болгож байна.
Малчид ч гэсэн жинг нь бодоод бүдүүн ширхэгтэй ноолуурын ямаа өсгөх болсон тал бий. Ийм байдлаар цааш удаан явбал чанартай сайн ноолууртай монгол ямаа маань үгүй болж мэднэ.
Манайд ямаагаа ад үзэж зарим судлаачид “Ямаанд мөнгө зарцуулж байгаа нь үнэхээр гутамшигтай тэнэг үйлдэл” гэсэн байхад зарим нь бүр ямаагаа устгая гэж сонин хэвлэлд санал дэвшүүлснийг уншихад маш их таагүй сэтгэгдэл төрж билээ.
Малынхаа ноос, мах, сүү, арьс ширэн бүтээгдэхүүний чанарыг зөв сайн үнэлж уг чанарыг нь харуулсан мах, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолууран эдлэл ихээр гаргаж дэлхийн зах зээлд нийлүүлж чадвал манайд одоо яригдаад байгаа нэг тэрбум ам.доллараас ч хол илүү орлого олох боломж бий.