
Шведийн хөгжмийн хамгийн том наадам болох "Bravalla" фестивал ирэх жил зохиогдохгүй болжээ. Учир нь энэ жилийн фестивалын үеэр маш олон хүчингийн хэрэг гарсантай холбогдуулж, зохион байгуулагчид ийм шийдвэр гаргажээ. Шведийн цагдаагийнхан гурван өдөр үргэлжилдэг хөгжмийн баярын үеэр 22 хүчингийн хэргийн гомдол хүлээж авсан гэнэ. Өнгөрсөн баасан гаригт өсвөр насны нэгэн охин хүчингийн хэргийн золиос болсон гэж бямба гаригт цагдаа нарт мэдүүлжээ. Энэхүү мэдээлэл зохион байгуулагч болон ивээн тэтгэгчдийн чихэнд хүрч, тэдний нэр хүндэд хүртэл халдах болсон тул ирэх жилийн наадмыг зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Гэхдээ зохион байгуулагчид хүчингийн асуудал зөвхөн уг шоуны бэрхшээл биш гэжээ. Швед улсад өдөр бүр 100 орчим хүчингийн хэрэг бүртгэгддэг. Энэ нь тус улсын нийгмийн асуудал болоод байна гэж зарласан юм. Мөн хөгжмийн фестивалыг ивээн тэтгэдэг нэгэн компани өнгөрсөн жил санхүүгийн хохирол их амссан. Үүн дээр нэмээд хүчингийн хэргүүд уг компанийн нэр хүндийг бүр мөсөн унагахаас хамгаалж, ийм шийдвэрт хүрчээ.
Хамгийн эхэнд нэгэн бүсгүйг майхандаа амарч байхад нь хоёр эр хүчирхийлсэн байна. Үүний дараа бас нэг бүсгүй хүчингийн хэргийн золиос болсон гэж цагдаад мэдүүлсэн. Гэвч цагдаагийнхан уг хэргийг нэг хэрэгтэн үйлдсэн гэдэг ямар нэг сэжүүр олж чадаагүй.
Өнгөрсөн онд тус фестивалын үеэр мөн таван хүчингийн хэрэг гарсан гэнэ.