
Ирэх сард болох тус улсын удирдагчдын уулзалт, намар болох Коммунист намын XIX их хурал зэрэг чухал арга хэмжээний өмнө Хятадын дотоод улс төрийн тэмцэл эрс хурцдав. Эдгээр уулзалт ирэх жилүүдэд тус улсын баримтлах улс төрийн чиг хандлагад шийдвэрлэх нөлөө үзүүлэх бөгөөд энэ байдлыг БНХАУ-ын дарга Си Зиньпин өөрт ашигтайгаар эргүүлэхээр төлөвлөж байна. Саяхан тус улсын томоохон хот Чунцины захирагч Сунь Жэнцайг огцруулсан. Тэрбээр 2022 оноос Хятадын томоохон хоёр албан тушаалын нэгийг хаших байсан юм. Сахилгыг шалгах төв комиссын дарга, Си Зиньпиний хамтран зүтгэгч Ван Цишань үүний дараа мэдэгдэхдээ “Авлигатай тэмцэх кампанит ажил (улс төрийн цэвэрлэгээ) улам хүчээ авна” гэв.
“Жэньминь жибао” сонинд Ван Цишанийн бичсэн нийтлэлээс үзвэл, 2012 оноос хойш явуулсан, авлигатай тэмцэх кампанит ажил амжилттай үргэлжилж байна. Тодруулбал, бүх муж, олонх яам, байгууллагыг хамарсан 12 удаагийн шалгалт хийжээ. Тийнхүү сүүлийн таван жилийн хугацаанд сахилгын хариуцлагад 1.2 сая хүнийг татсаны дотор орлогч сайд, түүнээс дээш албан тушаал хашиж байсан 240 хүн байна. Хилийн чанадад зугтан гарсан 2873 авлигачийг эх оронд нь буцаан ирүүлж, авлигатай тэмцэхэд туслахыг хүссэн иргэдийн 270 мянган мэдээлэлтэй танилцжээ.
Цаашид ч улс төрийн цэвэрлэгээ үргэлжлэх төдийгүй хүчээ авах нь. Сунь Жэнцайгийн оронд Гуйжоу мужийн дарга Чэнь Миньэрийг өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт яаралтай томилжээ. Гэвч тэр өдрөө энэ талаар зурагтаар мэдээлээгүй бөгөөд хэвлэлүүд нэрийг нь ч дурсаагүй байна. Хонконгийн “South China morning post” сонины эх сурвалжийн нотолсноор, түүнийг намын сахилга батыг ноцтой зөрчсөн хэмээн дотоод хяналтын байгууллага нь баривчилсан аж. Сунь Жэнцайг авлигын хэрэгт, мөн намын ерөнхий нарийн бичгийн даргын чиг бодлогыг эсэргүүцэгч хэмээн буруушаах бололтой.
Сунь Жэнцайг мөрдөн шалгаж буй нь Хятадад улс төрийн “газар хөдлөлт” болоход хүргэжээ. Тэрбээр Коммунист намын Улс төрийн товчооны хамгийн залуу гишүүн бөгөөд Си Зиньпин, эсвэл Ерөнхий сайд Ли Көцяны халааг авах хүнд тооцогдож байв. “Түүнийг 2017 оны намар хоёр удирдагчийн нэгний халааг авахуулахаар 2012 онд Улс төрийн товчооны гишүүн болгосон нь дарга нар хоорондоо хийсэн тохиролцоо байсан. Одоо энэ нь өөрчлөгдөх болж байна. Си Зиньпин өөрийгөө ямар нэг тохиролцоонд оролцсон нэгэн хэмээн үзэхгүй байгаа бол Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Зян Зэминь тэргүүтэй эсрэг бүлэглэлийнхний хүч суларч, одоогоор тэмцэх чадалгүй байна” гэж Олон улсын энх тайвны төлөөх Карнегийн сангийн Москва дахь төвийн Азийн хөтөлбөрийн тэргүүн Александр Габуев тайлбарлажээ. “Сунь Жэнцай улс төрийн шалгалтыг давж чадсангүй” гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Зүүн Ази, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Игорь Денисов тэмдэглэв.