Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын IV баг (Төгрөг)-ийн нутагт “Петровис ресурс” компани “Нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийх” төсөл хэрэгжүүлэхээр болсноос “хэрэг мандаж”, нутгийн иргэд эсэргүүцсэн байна. Улмаар шүүхэд хандаж хэрэг үүсгэсэн төдийгүй, компанийн үйл ажиллагаагаа явуулах суурь бичиг баримт байгаль орчны үнэлгээг нь түдгэлзүүлчихээд байгаа юм. Энэ талаар “Онги голынхон хөдөлгөөн”-ий гүйцэтгэх захирал Т.Цэрэнтэй ярилцлаа.
-Нутагт тань ийм төсөл хэрэгжүүлэхээр газар ухаж эхэлсэн тухай мэдээллийг Та бүхэн хэзээ, хэнээс дуулав?
-Төгрөг хайрхны баруун хаяанд хүмүүс ирж, кэмп байгуулан газар ухаж эхэллээ гэж нутгийн малчид 2022 оны арваннэгдүгээр сарын 8-нд бидэнд мэдээлсэн. Ингээд тэнд чухам юу болоод байгааг мэдэхээр бид БОАЖЯ-нд хандаж, уг компанийн тухай мэдээлэл болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээтэй холбоотой баримтыг олж үзлээ. Уг баримтад Сайхан-Овоо сумын дөрвөн багийн Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл, тогтоол, хуралд оролцсон хүмүүсийн гарын үсэг байсан бөгөөд түүнээс үзвэл уг компани үйл ажиллагаа явуулахыг нутгийн иргэд дэмжсэн утгатай байв. Бид эргээд энэ тухай нь тэдэнд хэлж, та нар нэгэнт дэмжсэн тохиолдолд бид яаж туслах билээ гэтэл тийм хурал болоогүй хэмээн багийн Иргэдийн нийтийн хурлаа даруй зохион байгуулж, компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Тэгэхнээ огт өөр асуудлаар хийсэн хурлын ирцийн бүртгэл дээр байсан иргэдийн гарын үсгийг компанийн хүмүүс хууль бусаар ашиглаж, хурлын тэмдэглэл, шийдвэрийг компанийн үйл ажиллагааг дэмжсэн болгож хуурамчаар үйлдсэн байсан. Үүнийг шалгуулахаар бид аймгийн цагдаагийн газарт хандсан байгаа. Тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын дөрвөн багийн нийт 677 орчим айлаас 315 малчин өрх, 130 783 толгой мал байгаа юм. Сумын төвийн айл өрхийг оруулалгүйгээр шүү.
Аюул их бий. Тусгай зөвшөөрөл нь хууль ёсны болсноор тухайн нутаг, ус барьцаалагддаг. Тэгээд нөгөө компани чинь бид хууль ёсоор үйл ажиллагаа явуулахад нутгийн иргэд саад хийлээ хэмээн аливаа эсэргүүцлийг буруутгах эрхтэй болчихно. Шилжүүлэх нэрээр тусгай зөвшөөрлөө арилжих гэж айхтар мэх бий
-Манайд уул уурхайн компаниуд ийм маягаар хандаж, зорилгодоо хүрэх гэж улайрдаг нь түгээмэл. Үүнд ихэнхдээ л мөнгө нөлөөлсөн байдаг. “Петровис ресурс” компанийн энэ үйл ажиллагаанаас ч мөнгө “үнэртэж” байгаа юм биш биз?
-Одоогоор энэ талаар бидэнд баримт алга. Гэхдээ бид хардаж байгаа. Хардах үндэслэл байгаа нь сумын удирдлага иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй, компанийг дэмжсэн үйлдэл гаргасан юм. Жишээлбэл, ус, газар ашиглуулахыг зөвшөөрсөн захирамжийг хэнтэй ч зөвлөлгүйгээр компанид шууд гаргаж өгсөн төдий гүй, багийн иргэдийн хурлын компанийг дэмжсэн хуурамч материал бүрдүүлэхэд биечлэн оролцож, зохион байгуулсан тухай иргэдийн хэлсэн үг хурлын тэмдэглэлд бий. Энэ асуудлаар бид АТГ-т хандаад байгаа.
-“Петровис ресурс” компани нэрээ нэг бус удаа сольсон гэсэн, энэ ямар учиртай юм бол. Хууль бусаар хандсанаа далдлах, төөрөгдүүлэх гэсэн арга юм биш биз?
-Ийм арга байдаг юм билээ. Төөрөгдүүлэх зорилготой гэж бид үзэж буй. Нэрээ солино, тусгай зөвшөөрлөө (лиценз) бусдад шилжүүлнэ, гэлээ ч цаана нь өөрсдөө л байж байдаг.
-Баримт материалыг хуурамчаар үйлдэж “Петровис ресурс” ч гэнэ үү, компани жудаггүй загнаснаас биш, ер нь нутагтаа юутай гэдгээ мэргэжлийн хүмүүсийн хөрөнгө, хүчээр мэдээд авчихад буруу нь юу байгаа юм бэ. Авдартаа юу байгааг эзэн нь мэдэж байх ёстой юм биш үү. Хав дараад байх хэрэг юу байна?
-Аюул их бий. Тусгай зөвшөөрөл нь хууль ёсны болсноор тухайн нутаг, ус барьцаалагддаг. Тэгээд нөгөө компани чинь бид хууль ёсоор үйл ажиллагаа явуулахад нутгийн иргэд саад хийлээ хэмээн аливаа эсэргүүцлийг буруутгах эрхтэй болчихно. Шилжүүлэх нэрээр тусгай зөвшөөрлөө арилжих гэж айхтар мэх бий. Өрөмдөөд эхэлбэл бүр аюултай. Эсэргүүцэж, үйл ажиллагааг нь зогсоовол эргүүлээд шүүхэд хандаж их хэмжээний мөнгө нэхэмжилнэ. Цаашлаад баялгийн нөөцийг тогтоочихвол автоматаар ашиглаад эхэлнэ. Энэ тохиолдолд ашиглах лицензийг олон улсын зах зээлд борлуулах, хувьцаа босгох боломжтой болно. Гадаадын хөрөнгө оруулалт гэх гоё нэрээр газар маань хүнийх болно. Ийм болчихвол орон нутаг, иргэд битгий хэл Монгол Улс эсэргүүцэж, тэмцээд нэмэргүй. Бид үүнээс л айж байна. Газар нутаг маань барьцаалагдах вий гэж болгоомжилж байна. Уул уурхайн компаниуд чинь гар бариад бугуй барьдаг, цаашлаад булчин атгадаг юм шүүдээ.
-Та бүхний эсэргүүцэл тэмцэл одоо ямар шатанд хүрээд байна вэ?
-Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд бид хандаж хэрэг үүсгэчихсэн, шүүхээр эцэслэн шийдтэл БОАЖЯ-наас баталсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг нь түдгэлзүүлчихээд байгаа. Иргэд хандив цуглуулаад өмгөөлөгч хөлсөлсөн. Малчид малаа хандивлах болсон. Сумын иргэд бүх бололцоогоо дайчлан хууль бус үйл ажиллагааны эсрэг тэмцэж байна. Тэр ч бүү хэл, манай сумын биш хүмүүс ч Төгрөг хайрхныг минь өмөөрч бидний тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлж, хандивт нэгдэж байгаа. Төгрөг хайрхан бол аймгийн тусгай хамгаалалттай газар бөгөөд тахилгатай шүтээн уул юм. Монгол Улс эрх зүйт төртэй, хууль дээдлэх зарчимтай. Тиймээс бид хууль, шударга ёсыг нэхэж, шаардаж дуу хоолойгоо нэгтгэн тэмцэж буй юм.
Тэр ч бүү хэл, манай сумын биш хүмүүс ч Төгрөг хайрхныг минь өмөөрч бидний тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлж, хандивт нэгдэж байгаа
-Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал саяхан “Петровис ресурс” компанийн танилцуулгыг сонссон, та бүхэн асуудал шүүхийн шатанд байхад танилцуулгыг сонсохоо хойшлуулах хүсэлт тавьсан гэсэн. Ямар үр дүнд хүрэв?
-Уг нь аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид компанийн танилцуулгыг хурлаараа сонсохгүй байх хэд хэдэн үндэслэл бий юм. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ Үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох тогтоол гаргасан. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь сум, дүүргийн ИТХ-ын, сум, дүүргийн ИТХ нь баг, хорооны Иргэдийн нийтийн хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно” гэж заасан. Гэтэл сумын ИТХ-аас гаргасан тогтоолыг Дундговь аймгийн ИТХ үл хүндэтгэсэн. Цаашилбал, нэгэнт шүүхэд маргаантай байхад уг компанийн асуудлыг ИТХ-аар хэлэлцэх нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх магадлалтай. Мөн БОАЖЯ-наас байгаль орчны үнэлгээг хэрэг маргаан шийдэгдэх хүртэл түдгэлзүүлсэн тул энэ удаад танилцуулгыг сонсохгүй байхыг бид хүссэн юм. Захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллагын захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ, энэ нь гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байна гэсэн холбогдох хуулийн заалттай юм.
Гэлээ ч аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид компанийн танилцуулгыг хэлэлцэх асуудлынхаа төлөвлөгөөнд нэгэнт оруулчихсан байсан, бидний хүсэлтийг хүлээж авалгүй, танилцуулгыг сонссон, харин ямар нэг шийдвэр гаргаагүй. Сумын иргэдийг төлөөлсөн хүмүүс Нутгийн удирдлагын ордны гадаа тайван жагсаал хийж, дараа нь уг хурал болсон танхимд бид аймгийн удирдлагатай уулзсан. Ингээд Сайхан-Овоо сумыг уул уурхайгүй нутаг байлгах хүсэлтийг иргэд тавихад, хүсэлтийг хангаж ажиллахаа аймгийн удирдлага амласан. Шүүх дээр үүсээд байгаа маргаанд аймаг, сум нэг байр суурьтай байх, байнга мэдээлэл солилцож, хамтарч ажиллахаар тохиролцлоо. Орон нутгийн оролцоог заавал авч үздэг заалт бүхий хуулийн талаар санал хүргүүлэхээр болоод байна.
-Ташрамд сонирхоход “Онги гол хөдөлгөөн” маань сүүлийн үед чимээ анир багатай байх шиг. Онгийн гол тасрахаа байв уу, одоо говь руу урсаж байгаа ганц голын маань байдал ямар байгаа бол?
-Та нар яачихав гэсэн асуулт хүмүүс тавиад байдаг юм. Эхлээд бид үйл ажиллагаагаа нэлээд эрс, ширүүн ч гэмээр арга хэлбэрээр явуулсан нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байсан байх. Тэгээд түүнийг үгүйлээд байна уу гэлтэй. Манай үйл ажиллагаа тасралтгүй явж байгаа. Арга хэлбэр нь л аядуухан болсон байж мэднэ. Хууль, эрх зүйг байгаль орчинд ээлтэй болгох нь бидний нэг гол ажил. “Урт нэртэй” гэгддэг хуулийг 2006 онд боловсруулж, 2009 онд батлуулсан. Байгаль орчны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2010 онд батлуулчихсан. Одоо эдгээр хуулийн хэрэгжилтийг хангуулахыг хичээж байна. Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулахаар, “Урт нэртэй” хуулийн үйлчлэлийг сэргээхээр төсөл боловсруулаад УИХ-ын гишүүдийн гар дээр тавьсан байгаа. Цэвдэгтэй хөрс бүхий газрын нөхөн сэргээлтийн стандартыг боловсруулж БОАЖЯ-нд өгөхөөр бэлдэж байна. “Онги гол-ойн зурвас” хөтөлбөрийг 2004 оноос эхлүүлсэн. Голын дагуух сумуудад ойн зурвас бий болгох энэ ажил одоо ч үргэлжилж байгаа. “Онги гол-Экологи” сурах бичиг бий боловсруулж 2007 оноос мөн голын дагуух сум, багийн сургуулиудад хичээл оруулж байна. Угс урах бичгийг сайжруулж “Онги гол-нүүдэлчдийн соёл” нэртэй болгосон, багш нар бичсэн юм. Үүний үргэлжлэл болгож “Шагайн наадгай-Нүүдэлчдийн соёл” гарын авлага боловсруулан гурван аймгийн найман сумын сургууль, цэцэрлэгт хүргэсэн. “Онги гол-нүүдэлчин” аяллыг13 дахь жилдээ явуулж байна. Гадаадын жуулчид ирээд малчны гэрт хонож, өнжөөд, ажил амьдралтай нь танилцан байгальтай шүтэн барилдлага бүхий соёлыг гайхан шагшаад буцдаг энэ хөтөлбөр хэрэгжиж буй. Голын эхэнд хур тунадас нэмэгдүүлдэг хөтөлбөр 2008 оноос эхэлсэн. Үүл буудаж биш, тусгай төхөөрөмжөөр үүлийг татаж бороо оруулдаг. Онги гол дагуу ашигт малтмалын хууль бус дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа. Урт нэртэй хуулийн үйлчлэлийг зогсоосноос Онги гол маань одоо “амьсгаатай” төдий, Улаан нууртаа хүрч чадахаа больсон.