Монгол Улсаас 35 алба хаагч, хоёр нохой байгалийн гамшигт өртсөн Бүгд Найрамдах Турк Улсад өнгөрсөн сард очиж, эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон билээ. Тухайн үед эрэлч нохой Марта, Балу хоёр олны анхааралд илүү өртсөн. Энэ нь манай улсын албаны нохдын чадвар олон улсын түвшинд хүрснийг харуулсан үйл явдал болсон. Тэгвэл албаны нохой сургагч гэх чухал албанд олон жил ажилласан, дэд хурандаа Д.Батбилэгтэй ярилцлаа. Тэрбээр олон сургагч багш бэлтгэж, албаны ноход сургажээ.
-Таны үеийн залуус мэргэжлээ хэрхэн сонгож байсан бэ. Та яагаад албаны нохой сургагч болсон нь сонин байна. Өөрийн хүсэлтээр энэ албаа сонгосон уу?
-Өөрийн хүсэлтээр нохой сургагч болоогүй. Тийм ажил байдгийгч мэддэггүй байлаа. Цэргийн сургуульд шалгалт өгсөн чтухайн үед арын хаалгагүй хүн элсэнэ гэж мөрөөдөх ч эрхгүй байж. Улс төрийн сургуульд тэнцсэн чнамын гишүүн бус гээд хасагдсан. Цэргийн командын дээд сургуулийн шалгалтыг амжилттай өгсөн ч эрүүл мэндээрээ тэнцээгүй. Ингээд сургуульгүй хоцроод, алба хааж байсан ангидаа очлоо. 1980-аад оны үед хил хязгаарын байдал жаахан эвгүй байсан юм. Түүнээс улбаалаад нохой сургагчийн орон тоо гарч, тэр үед нь би очиж таарсан. Би 7-10 дугаар ангидаа гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог, тамирчин гэдгийг минь мэддэг учраас “Энэ гүйдэг нөхрийг нохойн дээр улираанааа” гээд л ангийн дарга шийдвэрлэчихсэн. Ингээд нохой сургагчийн албанд эргэлт буцалтгүй орсон доо. Ахлагч болоод ЗХУ-д Албаны нохой дасгалжуулагчийн сургуульд суралцсан.
-Та тушаалаар ажилладаг цэргийн хүн. Бас таны энэ ажлыг хүссэн хүн бүр хийж чадахгүй байх. Ховор мэргэжилд ордог уу?
-НАХЯ-ны нохойн сургалт гэж байсан ч 1990 онд татан буугдсан юм. Тэр цагаас хойш цагдаа, улсыг аюулаас хамгаалах, хилийн цэрэг, төрийн тусгай алба гээд олон байгууллагад ажиллажээ. ЗХУ-д албаны нохой сургагчаар бэлтгэгдсэн сүүлийн хүн нь би. Би мундагтаачажиллаад байгааюм биш, үе үеийн сургагчбагш нарын л үргэлжлэл. Надаас өмнө олон хүн суралцаж, ажиллаж, суурийгнь тавьж өгсөн, ховор мэргэжил дээ. Манай улсад гамшиг болоогүй ч түүнийг нь бид хийсвэрээр нохойдоо сургадаг. Тийм учраас бидний сургалт том зургаараа олон улсын хэмжээнд хүрч чадсаныг Туркт болсон аврах ажиллагаа харууллаа. Одоогоор дөрвөн байгууллагын нохой олон улсын хэмжээнд ажиллах чадвартай гэсэн батламжаа авсан. Жишээ нь, “Чингис хаан” олон улсын нисэх буудал ачаа тээш тээвэрлэх эрх авахад албаны нохойгч бас шалгадаг. Өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид ирэхэд аюулгүй байдлыг нь хангадаг, улсынхаа, эзнийхээ, албаныхаа төлөө тасралтгүй зүтгэдэг, унтаж байсан ч сонсож, тасралтгүй хамгаалж чаддаг амьтан бол нохой.
-Албаны нохой сургагчаар хэдэн жил ажиллав. Энэ хугацаанд танд хүнтэй ажиллах нь амар байсан уу, эсвэл нохойтой илүү ойлголцож байв уу?
-Цэргийн бага даргаас дэд хурандаа хүртлээ 40 жил нохойтой амьдралаа холбожээ. Өнгөрсөн хугацаанд 2000 гаруй нохой, 2000 хүн сургасан байна. Нэг талдаа хүнийг, нөгөө талд нохойг зэрэгцүүлж сургадаг онцлогтой мэргэжил л дээ. Шулуухан хэлэхэд, нохойтой ажиллах нь амар. Харин хүнтэй ажиллах хэцүү. Нохой ухамсарт амьтан биш ч өгөгдөл командыг маш сайн сурдаг. Зургаан сарын хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, дадлаар сургадаг. Нэг зүйлийг өдөр бүр хийсээр байгаад дадал суудаг. Тиймээс энэ нь маш уйгагүй хөдөлмөр шаардана. Нөгөө талаар нохой “Би үүнийг сурмаар байна. Надад хэрэгтэй” гэж ойлгохгүй. Харин хүн ухамсарт амьтан учраас ойлгоно. Гэсэн ч зарим хүн сурах дургүй, нохойгоо зоддог, хоол өгөхгүй, хайрладаггүй байх нь бий.
-Албаны нохой сургагч болоход ямар нэгэн тусгай шаардлага бий юү. Нохойд хайртай хүн л энэ ажлыг хийхүү?
-Зарим газар шаардлага тавьдаг л юм. Миний хувьд тухайн хүний чадамж, сонирхлыг нь хардаг. Уйгагүй ажиллагаатай учраас хоёргүй сэтгэлтэй, нохойд хайртай хүн л энэ ажлыг хийж чадна. Нохой их үнэнч амьтан. Ядуу эзэнтэй ч баян хүн дагаад явахгүй. Харц хүнээр тэжээлгэсэн ч хааныг эс оруулна гэсэн хэлц үг бий. “Хаан ирлээ, хаалгаа онгойлго” гэж долигонохгүй. Худал хуурмаг, ажлаа сэтгэлээсээ хийдэггүй сургагчид нохой хэзээ ч сайн болдоггүй. Эзэн нь хэдий чинээ хайрлана, тэр чинээгээр үнэнч зүтгэнэ.
-Олон байгууллагад ажиллахад шантрах үе байсан уу. Та ажлаараа их бахархдаг бололтой?
-Шантралгүй яах вэ. Зах зээлд шилжиж, цалин бага, дэлгүүрийн лангуу хоосорч, гэр бүлээ тэжээхэд хэцүү болсон. Цэргийн алба хаагчид формтой хэрнээ мөнгөгүй. Тэгсэн ч нохойд хайртай, үүнийг би л хийхгүй бол болохгүй гэсэн итгэл үнэмшлээр ажиллаж ирсэн. 1990 оноос өмнө төвлөрсөн төлөвлөгөөт системтэй байсан учраас ажиллахад амар байлаа. Харин 1990 оноос хойш уг систем үгүй болж, салбарууд өөр өөрсдийн хууль, дүрэмтэй болсон. Одоо манай улсад албаны нохойтой 10 байгууллага байна. Тэдгээр байгууллага тус тусдаа салбарын хуультай болсон. Хуульд нь албаны нохойн талаарх заалтыг тусгасан. Зарим байгууллагад нохой зайлшгүй шаардлагатай болсон. Жишээ нь, иргэний нисэх, төмөр зам, гааль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллага, төрийн тусгай албазаавал нохойтой байна. 40 жил ажиллахдаа дээр дурдсанчлан 2000 гаруй хүн, мөн тооны нохой сургаж, Монгол Улсын 10 байгууллагын салбарынхуульд нохой гэдэг таван үсгийг оруулж чадсандаа баярлаж, бахархдаг. Би залуучуудад талхны таван төгрөг өгөөгүй ч тэр таван төгрөгийг олох ажлынх нь эрх зүйн байдлыг хангаж, мэргэжлээрээ ажиллах боломж бүрдүүлж өгсөн нь энэ таван үсгийн хувь нэмэр гэж бахархдагдаа.
-Албанд ямар төрлийн нохой түлхүү сургадаг вэ. Албанд тэнцэх нохой олох хэцүү юү. Голчлон хаанаас сонгодог бол?
-Герман анч нохой буюу немц овчаркийг сургадаг. XVIII зуунаас Германд аж үйлдвэрлэл хөгжихийн хэрээр янз бүрийн химийн бодисын үнэр гарч, немц овчаркийг тэнд ажиллуулах болж л дээ. Түүнээс хойш нохой сургаж ажиллуулах арга нь сайжирсаар өдгөө бүр техник, технологийн хэмжээнд хүрчихэж. Манайх шиг жилийн дөрвөн улиралтай, хүнд нөхцөлд энэ нохой илүү тохирдог. Бусад нохой хөрс, арьс муутай. Гэхдээ Германаас авчирсан бус, эндээ нутагшуулсан нохойноос сонгох нь оновчтойг олон жилийн ажлын туршлага харуулж байна. Амьтан хүртэл манай дөрвөн улиралд дасан зохицохоор эволюцын өөрчлөлтөд ордог. Жишээ нь, нохойд бид хувцас өмсүүлэхгүй. Тийм учраас огт үсгүй нохой манай цагуурын нөхцөлд дасан зохицож, ноолуур суугаад, үстэй болоод өрвийгөөд ирэхээр бүр нэг инээд хүрмээр хөөрхөн.
-Монгол банхар албанд дайчлагддаггүй юм уу?
-Албаны нохойд 50-иад төрлийн хичээл заадаг. Тэр бүх хичээлийг сурч байж албаны нохой болдог. Харин монгол банхар 30 гаруй хичээлийг л сурдаг. Манай хөдөөд ямар нэгэн химийн бодис, аж үйлдвэржилт алга. Үнэртэй ус түрхдэг хүн ховор учраас монгол банхрын үнэрлэх чадвар сул.
-Таны ажил ямар үед хамгийн сайхан, бас хэцүү байдаг вэ?
-Нохой нуусан зүйлийг илрүүлэх хамгийн сайхан нь. Үүнд байхгүй дээ гэж бодтол гаргаад ирдэг. Нуух тусам нохой илрүүлж, олдог. Төрөлхийн эрж хайх дадалтай. Харин хөгшрөөд ажлаа хийж чадахгүй, өвдөөд үхэх гэж байгаа нь хамгийн хэцүү. Миний ажлын багаж, миний сайн нөхөр, ажлаа чадварлаг гүйцэтгэж байсан мундаг амьтан “тэтгэвэртээ” гарах л хамгийн гашуун. Бидэнд цалин бага байх, дарга загнах, эсэх нь ер сонин биш. Өдөр, шөнөгүй ажиллаж, зааж сургасан нохойгоо алдах л хамгийн хэцүү.
-Албаны нохой хэдэн жил ажиллаад “тэтгэвэртээ” гардаг юм бэ?
-Манай нөхцөлд 5-6 жил ажиллаад л “тэтгэвэрт” гардаг. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд албаны нохой маш чухал үүрэгтэй. Амьд лаборатори, амьд багаж л гэсэн үг. Эдийн засагт бас хэмнэлттэй. Цалин авахгүй, цагаан сараар аав, ээждээ золгохоор чөлөө гуйхгүй, хувцас өмсөхгүй, зөвхөн хоол л иднэ. Тийм ч учраас “Нойртой хоноё гэвэл нохойгоо торд, ноён суудалдаа сууя гэвэл зарцаа торд” гэх үг гарсан биз.
-Гахай тэжээсэн хүн уургүй болдог гэдэг. Үүн шиг нохой сургадаг хүн ямар нэг онцлог шинжтэй болохуу?
-Нохой маш мэдрэмжтэй. Зургаа дахь мэдрэхүй нь сайн хөгжсөн амьтан. Нохойтой удаан ажиллахаар хүний зургаа дахь мэдрэхүй маш сайн хөгждөг. Энэ хананы цаана, эсвэл нурангин доор хүн байна гэдгийг нохой хэлж чадахгүй. Харин тэр хэлэмжийг нь, нохойныхоо мэдрэмжийг хүн уншиж чадах нь л чухал. “Энд амьд хүн, тэнд өнгөрсөн хүн байна” гэж нохой хэлж чадахгүй ч түүнийг ойлгох нь зургаа дахь мэдрэхүй юм. Цаашлаад нохойтой ажилласан хүн маш их сэтгэлийн тайвшралыг авдаг. Хүн нохойн явдлаар явах гутамшиг. Харин нохой хүний хэлээр ярих гайхамшиг гэж гоё үг бий. Орчин үед нохой хүний хэлээр ярьж байна шүү дээ.
-Нохойгоо ярихаар л нүд тань гэрэлтээд, инээгээд байх юм. Таны энэ сэтгэл хөдлөлийг нохой сургагч л илүү мэдрэх байх даа?
-Нохой их гоё амьтан. Би чиний өмнөөс амиа өгье, тэсрэх бодис илрүүлье, чи миний ард явж бай гэдэг л амьтан шүү дээ. Нохой бурхны номд хүртэл орсон. Хүн өөд болоход хүүхэд, нохой хооллож, баярлуулаарай гэдэг. Айлд баяжих гурван сав байдаг. Нохойны идүүр, аргалын дөрвөлж, бурхны идээ. Энэ гурав тухайн айлын өнгөтэй өөдтэй явахын эхлэл гэлцдэг. Нохойны идүүр дээгүүр алхах, хөмөрч хаяхгүй байх, аргалын дөрвөлж дээр сууж болохгүй гэсэн зан үйл ч бий.
-Та сургагч багш бус, бүр нохой судлаач болжээ?
-Эхлээд нохой сургадаг байсан, сүүлдээ судалдаг боллоо. Манай улсын албаны нохойн чадвар, бид ямар түвшинд байна, миний сургаж байгаа нь зөв үү, буруу юу. Бусад улс орон яаж сургаж байгаа зэргийг судалдаг. Монгол хүний өдөр тутмын амьдралд нохой яаж оролцдог юм. Монголчуудын аман зохиолд буюу ертөнцийн гурван хөөрхөнд хүн яагаад нохойгоо оруулсан зэргийг сонирхон судалдаг. Монгол хүн үр хүүхдээ, унаж явдаг морио, өөрийн хамгаалдаг нохойгоо эрхэмлэн дээдэлж иржээ. Харуй бүрийгээр нохой хуцах цагаар битгий явж бай гэдэг. Нохой цаг буюу19.40-21.40 цагт нохой их хуцдаг. Хүмүүс үүнийг тэр бүр анзаараад байдаггүй. Цаашлаад оньсого, 12 жил, цагт нохой байгаа нь шашин гэхээсээ бидний зан үйлтэй холбоотой байх нь.
-Олон жилийн дараах амьдралаа эргээд харахад энэ ажил танд юу өгсөн байна вэ?
-Маш их итгэл найдвар, сайхан сэтгэлийг өгсөн. Аливаа зүйлийн мөн чанарыг ойлгох нь чухал гэж би боддог. Манай албаны нохойн хөгжил шат шатаар ахиж л байгаа. “Ковид”-ын үед нохойтой 10 байгууллагын төлөөлөл хамтарч Монгол Улсад анх удаа албаны нохой сургагч, хөтлөгчийн ажил мэргэжлийн стандартыг боловсрууллаа. Их, дээд сургуульд биш, зөвхөн албан бус боловсролоор олгодог мэргэжил учраас стандарт маш чухал. Стандартаа дагаад дагалдах дүрэм, журмаа боловсруулна. 10 байгууллагын төлөөллийг багтаасан Монголын албаны нохойн мэргэжлийн зөвлөл байгууллаа. Төр, хувийн хэвшлийг холбосон мэргэжлийн зөвлөл нь сургалт сурталчилгаа, танин мэдэхүйн ажлаас гадна албаны нохойгоо улам чадваржуулах, сургагч залуусаа олон улстай холбох, туршлага солилцох гээд хийх ажил их байна даа. Албаны нохойн ажлаар Германаас ирсэн олон улсын шинжээч, сургагч багштай өнөөдөр (энэ сарын 3) уулзана. Бас л нохойтой холбоотой асуудлаар ярилцах юм.
-Та охин, хүүтэй гэсэн. Хүү тань бас нохой сонирхдог уу?
-Үгүй ээ, баяр ёслолоор байнга хамгаалалтад гардаг, гэр бүлдээ цаг зориулж чадахгүй аавынхаа ажлаас хүү минь бүр багаасаа халширсан гэдэг юм.
Бэлтгэсэн: Ю.Төгсжаргал