Комедиан Хану буюу Ч.Хантүмэн бол стэнд-апын тайзнаас гадна бизнесийн салбарт дуу хоолойгоо хүргэж, ил тод шүүмжилдэг нэгэн. Түүнтэй хийсэн эл ярилцлага нь зөвхөн нэг компанийн бус, Монголын хувийн хэвшлийнхэнд тулгамдаж буй татварын дарамт, нийгмийн даатгалын үр ашиггүй байдал, түүнийг тойрсон шударга бус тогтолцоо зэрэг өргөн хүрээний сэдвийг хамрах болно. Энэ нь түүний тогтмол хэвлэл дэх анхны ярилцлага юм. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе.
-Таныг их наран улс руу яваад ирсэн гэж сонссон. “Ази маркет” хэмээх япон хүнсний дэлгүүр ажиллуулдаг байх аа?
-“Алтандүрэм” ХХК-ийг 1997 онд аав, ээж минь үүсгэн байгуулсан. Манай гэр бүлийн бизнес л дээ. Түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. “Ази маркет” гэдгээрээ хүмүүст илүү танигдсан байх. Тун удахгүй 20 жилийн ой болно. Бид япон хүнсний бүтээгдэхүүнийг импортлон худалдаалдаг Монголын анхны компани. Харилцагчидтайгаа уулзахаар очоод ирсэн нь энэ.
-Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн сард зохион байгуулсан. Уг уулзалтад иргэд, ААН, байгууллагуудын төлөөллийг оролцуулж, санал бодлыг сонсоход таны илэрхийлсэн байр суурьтай олон хүн санал нэгдэнэ лээ.
-Д.Амартүвшин (“Либертари” намын дарга, комедиан), О.Уламсайхан (“Ноорог” медиа агентлагийн гүйцэтгэх захирал) бид нийлээд цахим орчинд “Татвараа багасга” хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа. Хэлэлцүүлэгт оролцох холбоос фэйсбүүкт байхыг хараад бүртгүүлсэн юм. Нуулгүй хэлэхэд, үр дүн муутай л санагдсан. Учир нь засгийн эрх бариагүй намын хуулийн төслийн хэлэлцүүлгээс гарсан үр дүнг МАН дэмжих үү, үгүй юү, эргэлзээтэй. Юутай ч харж л байя.
-Өнгөрсөн жилийн нийт татварын орлого 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос зургаа орчим их наядаар өссөний дотор НӨАТ-ын орлого хамгийн өндөр хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, төр ААН, байгууллага, хувь хүмүүсээс татвараа авч чадаад байна л даа. Б.Пүрэвдорж тэргүүтэй гишүүд НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад удаагүй байна. Уг татварын хэмжээг таван хувь болгон бууруулахаар яригдаж буй. Харин үүнийг зарим гишүүн татварын орлого буурна хэмээн дэмжихгүй байх шиг.
-Ер нь бол тэдний үрдэг мөнгө багасах гээд байгаа шүү дээ. Тиймээс дургүйцнэ. Үүнээс болж төсвийн орлого тасалдана гэсэн үлгэрийн далай шиг зүйл ярьж байна. Бодит амьдрал дээр ААН-үүд татвар төлдөг, төлдөггүйгээрээ хоёр хуваагдсан. Төлдөг хэсэг нь асар бага гэж би харж байгаа. Төлдөггүй хэд нь татвар багасгах талаар ойлгохгүй. Учир нь тэдний ажил, амьдралд огтхон ч хамаагүй. НӨАТ бол компани ямар төрлийн үйл ажиллагаа явуулж буйгаасаа үл хамаараад орлогоо улсад үнэн зөвөөр тайлагнаж байгаа хэрэг. Ний нуугүй хэлэхэд, хэвлэл мэдээллийнхэн та нар тэднээс яагаад дэмжихгүй байгаа талаар асууж, үнэн бодит мэдээлэл түгээх замаар бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компани, улс төр гадарладаг залуучуудад сайн ойлгуулах ёстой. Монголд бизнесийн орчин маш шударга бус байна. Энэ асуудлыг шийдүүлэхийн тулд хууль санаачлагчдыг ил тод шүүмжилж, шахна. Төсвөө танаад эхэлбэл төлөөллийн зарчмаар сонгогдсон, тойргоо төсвийн мөнгөөр “усалдаг” пирамидын оройд буй хүмүүс тэгж чадахаа болих учраас татгалзаад байгаа юм.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, гэрээгээр ажил гүйцэтгэсэн нэмэлт орлогоос, хоол, унааны мөнгөнөөс татвар, шимтгэл авахгүй байх хуулийн төслийг тусад нь өргөн барьсан ч МАН-ын бүлэг дэмжээгүй. Энэ хууль батлагдвал нийгмийн даатгалын сангийн орлого тасалдана, тэтгэвэр, тэтгэмжээ өгч чадахгүй болж, тэтгэврийн хэмжээ буурна гэж шалтаглаад байгаа.
-Нийгмийн даатгал төлөх ямар ч шаардлага алга. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад үүнийг маш боловсронгуй шийдсэн. Иргэн ажил хөдөлмөр эрхэлж байхдаа орлогын тодорхой хувийг нийгмийн даатгалд шимтгэл болгон төлдөг. Тодорхой насанд хүрээд бүх мөнгөө нэг дор авах, тэтгэвэрт гарахаасаа өмнө хувааж авах зэрэг уян хатан сонголттой. Эрүүл мэндийн, ажилгүйдлийн, тэтгэврийн гэх мэт тусдаа сантай байх нь элбэг. Манайд бол шал эсрэгээрээ байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 65-67. 74 нас хүртлээ тэтгэвэр авдаг хүмүүс 10 хувьд нь ч хүрэхгүй юм билээ.
Би 2012 оноос хойш тасралтгүй нийгмийн даатгал төлсөн, нэг ч сар алгасаж үзээгүй. Тухайн үеийн нэг сая төгрөг өнөөгийн нэг саятай дүйцэх үү. Манай нийгмийн даатгалын сан аль эрт дампуурсан. Би үнэхээр төлмөөргүй байдаг. Уг мөнгөө эргүүлэн авах ямар ч баталгаа байхгүй. Хөдөлмөрийн зах зээлд 35 жил тасралтгүй ажилласан хүн 800 мянган төгрөг хүрэхгүй тэтгэвэр авч байгаа шүү дээ. Ийм байхад төрдөө баярлалаа гээд байх шаардлагагүй. Ялангуяа албан журмаар төлүүлж буй нь шал утгагүй. Ажил олгогч, ажилтан төлөх, эсэхээ сайн дурын үндсэн дээр шийддэг байх нь зүй. Энэ дампуурчихсан сангаа татан буулгаад цогцоор нь шинэчлэх ёстой болов уу. Мөн хувийн нийгмийн даатгалын санг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж хэлье.
НАДАД АЙХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ УЧРААС ЗОРИГТОЙ ДУУГАРЧ БАЙГАА ЮМ
-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үргүй зарцуулчхаад алдагдлыг нь хөдөлмөрлөж буй хэсгээсээ нөхдөг байж таарахгүй. Түүнчлэн НДШ гэдгийг “Намайг дандаа шулна”, “Нэгэнт даахгүй шимтгэл” хэмээн ёжилж буйг та харсан л байх. Тэгэхээр энэ чинь системийн доголдол биш үү?
-Татвар төлөх нь бизнес эрхлэгчдэд ямар ч ашиггүй. Гадаадын улсад олон жил төлөх тусам илүү өндөр тэтгэвэр ногдуулах, татварын буцаан олголт өгөх, эсвэл татварын хэмжээг бууруулах зэргээр хөнгөлж, урамшуулдаг. Харин Монголд татвар төлж, шударгаар бизнес эрхэлбэл дампуурах зам л хүлээж байна. Татвар төлдөг, төлдөггүйгээрээ хуваагдсан гэсэн дээ. Төлдөггүй хэсэг нь санхүү, татварын тайлан, мэдээг санаатайгаар хуурамчаар бүрдүүлэн, хос тайлан гаргах замаар татвараас зайлсхийдэг. Ийм заваан зүйл Монголд бий. Харин банкууд нь тухайн ААН-ийн татварынханд гаргаж өгсөн тайланг бус, бодит орлого, зарлагын тайланд үндэслэн зээл олгодог. Ингэснээр татвараас зайлсхийх зохион байгуулалттай үйлдлийг шууд болон шууд бусаар өөгшүүлж байгаа юм. Үр дүнд нь бараа, үйлчилгээний хувьд компаниуд хоорондоо зах зээлийн зарчмаар өрсөлдөх боломжгүй болчхож байна. Миний таамаглалаар, одоогийн ААН-үүдийн 50 гаруй хувь нь ийм болов уу. Дам сонсох нь ээ, үүнийг татварынхан мэддэг мөртлөө ямар ч арга хэмжээ авдаггүй юм шиг байна билээ.
- Танай байгууллагад ийм явдал тохиолдож байв уу?
-Үгүй. Манай хамтрагч тал япончууд учраас тэдэнд ийм ойлголт байхгүй. Би тэрбумаар нь татвар төлж, шударгаар бизнес эрхэлдэг учраас ийм завхралд стресстээд байгаа юм.
-Энэ асуудлыг шийдэж, хуулийн төслөө ажил хэрэг болгох гэж хичээж буй гишүүдэд ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Ажил хэрэг болгохоор хичээж буй хүмүүсийг янз бүрийн байдлаар гүтгэж, харлуулж байна. Мөн үүнийгээ нийгмийн сүлжээгээр дамжуулан залуучуудад хүргэж чадахгүй байгаа тал анзаарагддаг. Дийлэнх нь хос тайлан гаргаж, татвараас зайлсхийж байгаа учраас энэ санаачилгыг дэмжих сонирхол тэдэнд алга. Магадгүй дэмжсэн хүн өөрийгөө хуулийн байгууллагад шалгуулах эрсдэлд оруулж байна шүү дээ. Надад айх зүйл байхгүй учраас зоригтой дуугарч байгаа юм.
-Асуудлыг ил тод шүүмжилж, дуу хоолойгоо илэрхийлсний төлөө хөндлөнгийн зүгээс дарамт, шахалт ирсэн үү?
-Байхгүй. Би тийм зүйлээс айхгүй, шууд олон нийтэд зарлана. Байгууллагын данс хаасан нь л их муухай. Тухайн үед хавар болж байсан. Худалдааны компаниуд импортын хоёр улиралтай гэж явдаг нь хавар, намар. Өвөл тээвэрлэвэл бараа, бүтээгдэхүүн тэс хөлдөнө. Дулаан контейнерээр зөөвөрлөж болно л доо. Гэхдээ үнэ нь 20 мянган ам.доллароос эхэлдэг учраас их үнэтэй. Дансан дахь 200 сая гаруй төгрөгтөө тааруулж урсгал зардлаа төлөвлөчихсөн байтал ийм зүйл болсон. Сарын эхний өдрүүдэд банкны зээлийн хүү, ажилчдын цалин тавих гээд асуудал их байхад ямар ч мөнгөгүй болж байгаа юм. Би аргаа бараад найдвартай үйлчлүүлэгч, танилууддаа урьдчилсан худалдан авалтын ваучер санал болгож, түүгээр дамжуулан шаардлагатай зардлуудынхаа ард гарсан.
-Татварын өртэй байх, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, ААН татан буугдсан зэрэг хуульд заасан үндэслэл, журмаар л байгууллагын дансанд хязгаарлалт тавих нөхцөл бүрддэг дээ, уг нь.
-Хуульд заасанчлан дансан дахь мөнгийг татаж болохгүй. Гэтэл компанийн данснаас байсан мөнгийг нь авчихсан. Тиймээс шүүхэд хандах боломжтой юм билээ л дээ.
-Шүүхэд хандая гэж бодож байна уу?
-Би шүүхдэхгүй, ядаргаа.
-Төд удалгүй буцаад нээсэн санагдаж байна.
-Тэгэхгүй бол үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэх боломжгүй. Араас нь хөөцөлдөж, хуулийн дагуу зохих байгууллагад нь хандаж байж нээлгэсэн. Гэхдээ данс хаана гэдэг бол компанийг дампуурал руу хөтөлж байна гэсэн үг. Та бүхэн анзаарч байвал маш олон ААН-ийн дансыг хааж байгаа. Тэр байтугай, байгууллагын захирлын хувийн харилцах дансыг хүртэл хаасан талаар сонссон.
-Танай ААН татварын өртэй юү. Оны төгсгөлд тэрбум орчим НӨАТ-ын өртэй болно гэж тооцож байгаа гэсэн чинь үнэн үү?
-Манай компани өртэй. Энэ жил тэрбум гарах байх. НӨАТ болон гаалийн татварын хувь хэмжээ нь бүтээгдэхүүний төрөл, гарал үүсэл, ангиллаас шалтгаалан харилцан адилгүй. Худалдааны компани бараа бүтээгдэхүүнээ оруулж ирэхдээ 10 хувийн НӨАТ болон 5-7 хувийн импортын гаалийн татвар төлдөг. Үүн дээр бусад зардлаа нэмээд бараагаа худалдана.
-Монголд бизнес хийх аргагүй байгааг тань шиг олон хүн шүүмжилдэг. Гэхдээ бүгд хамтраад асуудлаа дорвитой шийдэх хангалттай зориг, тууштай байдал алга байна, уучлаарай.
-Улс төрчдийн тойргийн “усалгаа” эртнээс эхэлдэг гэж хардаг. Бидний татварын мөнгөөр одон медаль гардуулж, хүмүүсийг шагнаад л. Бодит байдалд нийт иргэнийх нь 50 гаруй хувь нь нийслэлд байхад гишүүдийн мөн хувь нь Улаанбаатараас сонгогдох ёстой биз дээ. Харамсалтай нь, тийм биш. Дараагийн ээлжит сонгуулийг харж л байя.
Дахин хэлье, шударгаар бизнес эрхлэх хэцүү. Манай Д.Амартүвшингийн хэлдэгчлэн бизнес эрхэлбэл өрөнд ороод, эцэст нь эрүүгийн гэмт хэрэгтэн болоод дуусдаг гэж яг үнэн. Бид санаачилгагүй, зориггүй байна. Надад өдөр тутмын ажил, амьдралын асуудал байхад ганцаараа байнга үүний эсрэг орилж, хашхираад яваад байна гэдэг хэцүү. Тиймээс нийгмийн сүлжээнд акц хийж буй. “Огцрох амархан” жагсаал гоё үр дүнд хүрлээ. Хэрэв дараагийнх нь ажлаа хийж чадахгүй бол дахиад л огцруулна. Өнөөгийн өнцгөөс харахад шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар өмнөх Засгийн газрын ажлыг үргэлжлүүлж байх шиг.
-Дахиад л огцруулна гэж хэллээ. Үүний нөгөө талд засаглалын тогтвортой байдал яригдана. Залуучууд их амбицтай, өөрчлөлт, шинэчлэлтийг илэрхийлсэн хүмүүс байдаг, аль ч нийгэмд. Хэт ийм байдлаар туйлшрах нь хэр зохимжтой вэ?
-Л.Оюун-Эрдэнийг маш рационалаар хандаж огцруулсан шүү дээ. “Орлогоо нотол” гэх шаардлага тавиад 50 хонолоо. Одоо хүртэл чимээгүй. Дарга нар хувийн бизнесээ хамгаалах гэж улс төрд ордог. Үүндээ УИХ-ын гишүүдийг ашигладаг байж болзошгүй. Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах чөлөөт худалдааны түр хэлэлцээрт гарын үсэг зурчихлаа. 367 нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөхөөр болсон байна билээ.Маш их мөнгө зарж сонгуульд ялалт байгуулчихсан хүмүүс бидний төлөө бага цалин аваад амьдрахгүй. Бидэнд тийм хайртай хүн гэж байхгүй ээ. Засгийн газарт дараалж сайд хийсэн, хувьдаа томоохон барилгын компанитай хүн яах гэж улс төрд байгаа юм бэ. Энэ чинь асар ноцтой ашиг сонирхлын зөрчил мөн биз дээ.
-Монголчууд одоогийн байдлаар 13 албан татвар, 14 төлбөр, гурван хураамж гээд нийт 30 төрлийн татвар төлж, төсөвт орлого төвлөрүүлж байна гэнэ.
-Их татвар авч байгаа учраас төлөх сонирхолгүй байгааг ойлгох хэрэгтэй. Төлсөн нь дампуурч байвал бүгд төлөхөө больё. Шударга бусаар бизнес эрхлэгчдийн хувьд байдал улам хэцүүдэх төлөвтэй. Банк хоорондын гүйлгээ хийхэд IBAN дансны дугаар ашигладаг боллоо. Татвараас хувь хүний дансыг шалгах эрхтэй болсон. Процесс нь удаан л болохоос биш, бизнесүүдийн хууль бус ажиллагааг шалгаж л байгаа.
-Жилд НӨАТ-тай холбоотой 200 мянга орчим гомдол ирдэг гэхээр үүнд асуудал байгааг илэрхийлэх хангалттай дохио биз дээ?
-Бүх хүн НӨАТ-ын баримтаа нэхдэг байх ёстой. Ингэвэл тайлангаас нь асуудал илрээд эхэлнэ. Тэгж байж л наад татвараа багасгаач ээ гэж хэлэх болов уу.
-Мөн манай татварын тогтолцоо хэт хуучинсаг, цаг үеийн шаардлагаасаа хэдийн хоцорсон төдийгүй энэ харилцааг зохицуулж буй хуулиуд хийдэлтэй, уялдаагүй байдаг талаар татварын зөвлөхүүд, эдийн засагчид хэлдэг.
-Үнэн. Томоохон компаниуд маш олон саад бэрхшээл, сорилтыг даван туулж байж л хөлөө олж дээ гэж болох болсон. “Номин” компани дээр л жишээ татъя. Зурагт зарахын тулд маш их урсгал зардал түүнд шингээнэ. Гэтэл ижил төрлийн бараанд зарим нь татвар төлөлгүй, илүү хямд санал болгох нөхцөл бодитоор байна. Мэдээж хэрэглэгчид тэдгээрээс хамгийн хямдыг нь сонгох нь ойлгомжтой. Ийм өрсөлдөөний тэгш бус орчинтой байна шүү дээ.
-Худалдааны салбарт төрийн оролцоо байна уу?
-Чи мэдсэн биз дээ. Евразийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрт нэгдчихлээ. Харж байгаарай, ОХУ манайхаас юу ч авахгүй. Харин импортын бүтээгдэхүүн нь манай улсад хямд үнээр зарагдаад, ижил төрлийн бараа үйлдвэрлэж буй үндэсний үйлдвэрлэлүүд нь дампуурах байх.
КОМЕДИ САЛБАРЫНХАН ШОУ ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ГАДААДЫН ЖИШИГТ ХҮРЧИХСЭН ШҮҮ
-Таны “GenZ үеийнхэнтэй ажиллахын зовлон” гэсэн стЭнд-ап комеди бичлэг хүмүүст их хүрлээ шүү дээ. Ингэхэд танай компани хэдэн хүнтэй билээ?
-Манай компани 22 ажилтантай. Олонх нь идэр насныхан. Монгол Улс бол залуучуудын орон. Тэр видеоны ачаар 1000 гаруй хүн байгууллагын мэйл хаяг руу хувийн танилцуулга, мэдээллээ илгээсэн. Би видеогоо цацчихаад л Япон явчихсан юм. Тэр хооронд олон дуудлага ирсэн л байх. Үүнээс би ажлын зар маш бүтээлч, хүнд хүрэхүйц, зорилтот хүмүүс рүүгээ чиглэсэн байх ёстойг ойлгосон. Ажил хийх сонирхолтой хүн их байна. Ирсэн өргөдөл, танилцуулгуудтай танилцаж байгаа. Тэнцсэн хүмүүсээ ярилцлагад дуудна даа.
-GenZ үеийнхэн “Энэ ажилгүй л бол амьдрахгүй” гэж бодох нь бага болов уу.
-Бидний аав, ээжийн үеийнхэн насан туршдаа нэг албан байгууллагад ажилладаг байв. Бид ч ялгаагүй. Харин орчин үеийн хүүхдүүдийн хувьд юу хүсэж байгаа нь нэн тэргүүнд бөгөөд түүнийг нь ажил олгогч сайн ойлгох ёстой юм шиг санагдсан. Өөрөөр хэлбэл, түүний хүсэл болон манай компанийн зорилго хоёр уялдах хэрэгтэй гэсэн үг. Энэ үеийнхнийг тогтоохын тулд ажил олгогчоос шинэлэг арга барил, хүчин чармайлт шаардаж байна. Жишээ нь, бид баасан гарагт “Netflix and chill night” арга хэмжээ, сард нэг удаа сургалт зохион байгуулж, тун удахгүй болох зуны зугаалгаа төлөвлөж буй. Нэг ёсондоо, компанийн менежментдээ 100 хувь итгээд, үйл ажиллагааг нь дэмжих сэтгэл гаргахын тулд ажил олгогчид хичээх хэрэгтэй болж байна.
Гэхдээ “юм” хоёр талтай. Анх Япон явж ирээд монголчуудыг сонин хандлагатай юм байна даа гэж би бодсон. Хүн такси барих гээд гараа өргөвөл монголчууд мөнгө гэж хардаг бол япончууд үйлчилгээ гэж бодох жишээтэй. Бүх зүйл соёл, стандарттай явж байхад манайхан гадаадын жуулчныг шууд шулдаг шүү дээ. Бид нүүдэлчин хүмүүс учраас суурин соёлын асуудал бидэнд байгаагүй. Таалагдахгүй бол орхиод л явна. Энэ зан чанар нь ажиллах хүч дээр илэрч байгаа нь энэ болов уу.
-“Монголд хоёр төрлийн комедиан байдаг. Эхнэрээ үзэн яддаг, GenZ-г үзэн яддаг” гэсэн агуулга сошиалд байсныг та харсан байх.
-Намайг хэлж байгаа юм уу (инээв).
-Харин?
-Комеди бол комеди. Үзэгчдэдээ тааруулж сэдвээ боловсруулна. Бидэнд хийх ажил зөндөө. “UB comedy”, “Liberty pub”, “Big sistas comedy crew”, “Hot mic”, “Comedy lab”, “Clap” гээд стэнд-ап комеди хийдэг олон клуб байна. Комедиан нь 100 хол давсан байх.
-Та 2007 онд Британид суралцахаар очиж, 2012 онд төгссөн байх аа. Тэр хугацаанд стэнд-ап комедитой анх танилцсан юм байна гэж ойлгосон.
-Тийм. Би 2014 оноос комеди хийж эхэлсэн. Төр оролцоогүй учраас комеди бол маш гоё салбар.
-Оролцох ямар ч боломжгүй л дээ.
-Тийм. Одоогоор комеди миний хобби болсон. “UB comedy” клубийг үүсгэн байгуулагч Б.Батбилэг өнгөрсөн жил 400 орчим сая төгрөгийн татвар төлсөн гэж ярьсан шүү. Надад их гоё санагдсан. Баавар шүү дээ.
-Ямар хүмүүс сайн комедиан болдог вэ?
-Тууштай хүмүүс юм болов уу. Би өөрийгөө мундаг амьтан гэж боддоггүй. Цаг үеэсээ шалтгаалаад их өөрчлөгдсөн байх,би. Анх янз бүрийн сэдвээр оролддог байсан бол одоо нэг агуулгаа олон талаас нь “мэрж” байна. Маш олон удаа тайзан дээр гарах ёстой. Өөрийгөө даван туулж, үзэгчдийн өмнө шараа болж, инээдгүй ярианаасаа ичээд явбал сайжирна. Комеди салбарынхан шоу зохион байгуулалтаараа гадаадын жишигт хүрчихсэн шүү.
-Ёжлол хаагуур хязгаарлагдах ёстой вэ? Зарим нь арай хэтрүүлдэг юм шиг. Уг нь бидний сонгосон нийгмийн үнэт зүйл гүтгэж, доромжлохгүй байхаас эхлэх биш үү?
-Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л бие биеэ шоолж, доромжилсон байх. Тэрийг цензурдэх ямар ч боломжгүй. Зарим залуугийн хувьд чи хөөрхөн, гоё охин байж болох ч, заримынх нь хувьд тийм биш шүү дээ. Ёгтлол, доромжлол бол нэг л зүйл. Харин яаж хүлээн авахаас шалтгаална гэж хэлье. Ууртай явж байхад “Чи ямар хөөрхөн юм бэ” гэвэл өөдөөс нь хэрэлдэнэ биз дээ.
-Би таныг юу гэж хэлбэл доромжилсон болох вэ?
-Мэдэхгүй. Янз бүрээр хэлүүлээд, эцэст нь дархлаатай болж байх шиг байна. Хүн үйлдэл хийж л байгаа бол доромжлуулах нь тодорхой.
-“Огцрох амархан” жагсаалд нэр бүхий комедианууд Л.Оюун-Эрдэнийг “шарсан”. Тэр үеэр “14 мега төслийг “Netflix”-д оруубал фантази ангилалд нь багтана” гэсэн чинь тун догь байсан шүү. Ер нь манайх шиг ийм их мега төсөл хэрэгжүүлнэ гэж ярьдаг орон дэлхийд байхгүй.
-Монгол Улс өнгөрсөн хугацаанд нэг мега төсөл хийсэн нь “Оюутолгой”. Харамсалтай нь, бүгд муулдаг. Мөнгө хаана байна, тэнд эдийн засаг бий. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж, тэр байтугай барьж авч зодож, шоронд хийдгээрээ алдартай болсон, манай улс. Нүүдэлчин бидэнд гаднынхан л ирж, зааж сургасан нь нууц биш. Вьетнамчууд ирж л машин засахыг заасан. Сурсан хойноо хөөж гаргаад цөөхүүлээ үлдлээ. Япон, Солонгосын гар утас ашиглаж сураад, түүгээрээ бүгд хэрэлдэж байна. Өөрөөр хэлбэл, гадаадын улс, орнуудаас нөү-хау авч байгаа хэрэг шүү дээ. Харийнхныг шүтлээ гэж буруутгадгийг огт ойлгодоггүй. Сайн яривал манайхыг БНХАУ, ОХУ тоохгүй. Тийм л жижиг улс. Орос хилээ хаахад бид цахилгаан, шатахуунгүй болно.
Улсыг хөгжүүлэх нь ердөө хувийн байгууллагууд. Төр оролцсон нэг ч ажил бүтэлтэй болохгүй байгаа биз. “Playtime” амьд хөгжмийн фестивалийн тасалбар жил гаруйн өмнөөс худалдаалагддаг байхад Үндэсний их баяр наадмынх хэдхэн минутын дотор дууссан гэсэн. Би түүнд итгэхгүй байгаа. Анхнаасаа хэн авах нь тодорхой болчихсон байх магадлалтай. Онгоцны билетийг хямдруулъя гэвэл МИАТ ТӨХК-ийг хувьчил. Түгжрэлийг бууруулъя гэвэл шатахууны үнийг чөлөөлчих л дөө. Нэг хэсэг үнэтэй болох л байх. Алсдаа энэ зах зээлд олон компани өрсөлдөх боломж бүрдэх юм.
Д.ХҮСЛЭН