ДБЭТ-ын балетын гоцлооч, залуу уран бүтээлч Б.Анандтай ярилцлаа. Тэрбээр БНХАУ-ын Сямэнь хотноо саяхан болсон Олон улсын балетын уралдаанаас хүрэл медаль хүртсэн юм.
-БНХАУ-ын Сямэнь хотноо зохион байгуулсан олон улсын уралдаанд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн. Танд баяр хүргэе. Энэхүү уралдаан ямар зарчмаар явагдаж, хэдэн орны уран бүтээлч өрсөлдсөн бэ?
-Баярлалаа. Олон улсын уралдаанд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргах үнэхээр сайхан байлаа. Уралдаанд Монгол, БНХАУ, БНСУ, Япон зэрэгАзидаа балетаар тэргүүлдэг орны бүжигчид өрсөлдсөн. Манайхаас би хүрэл, ДБЭТ-ын балетын гоцлооч Б.Марал мөнгөн медаль хүртлээ.
-Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон талаараа хуваалцахгүй юу?
-Өвөө минь намайг жаахан байхад анх ДБЭТ-т дагуулж очоод балет үзүүлж байлаа. Тэндээс л балетын урлагийн сайхныг биширч, эргэлт буцалтгүйгээр татагдсан. Балетчин болохыг хүсэж байгаагаа өвөө болон ээждээ хэлэхэд үнэхээр дуртай хүлээн авсан. Маш их дэмжсэн. Ингээд Х.Гэрэлчимэг багшийн “UB ballet” дугуйланд суралцаж, дараа нь одоогийн Монгол Улсын Консерваторын Балетын ангид элссэн. Сургуулиа Гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг багшийн удирдлагад 2022 онд төгсөж, тэр жилдээ ДБЭТ-т үндсэн ажилтнаар орсон юм. Тухайн үед балетын ангид элсэхэд миний нас хүрээгүй. Тэгтэл өвөө “Миний хүүг балетчин болго, чадна” гэж ээжид минь хэлсэн юм билээ. Энэ дагуу ээж минь чадах чинээгээрээ гүйсээр байгаад намайг балетын ангид оруулсан гэсэн үг. Тухайн үед зургаадугаар ангийн хүүхдүүдийг л бүртгэж байсан юм. Харин би тавдугаар ангийн сурагч байв.

-Хамгийн анх ямар дүрээр тайзнаа гарч байв?
-Найман настай, “UB ballet”-ын сурагч байхдаа “Үнсгэлжин” бүжгэн жүжгийн хулганын дүрийг бүтээж байлаа. Эрээн алаг оймстой, бор хувцастай хулганын дүрээ одоо ч тод санадаг.
-Балет бол зөвхөн уян налархай байдал бус, сэтгэл зүрх, оюун сэтгэлгээний нарийн ур, мэдлэг шаарддаг урлаг гэдэг. Та аливаа уралдаанд оролцохдоо өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?
-Ямар ч уралдаан тухайн уран бүтээлчээс хүчин чармайлт, хичээл зүтгэл, сэтгэл шаарддаг байх. Ер нь сэтгэл зүйн хувьд тайван байх нь хамгийн чухал. Хүмүүс бүжигчдийг зүгээр л тайзан дээр гарч, бүжиглэчхээд буудаг хүмүүс гэж боддог л доо. Гэхдээ бид тайзан дээр гарсан л бол тухайн жүжгийнхээ уур амьсгалд бүрэн автаж, дүрийнхээ аашаяг, дүр төрхөд уусах ёстой. Тайзан дээр гарсан бол би оноогдсон дүрээ рээ хэсэг хугацаанд амьдардаг. Огт өөр хүн болно гэсэн үг. Сэтгэл таагүй бол бие ч хөдлөхөө больчихно. Тиймээс бие болон сэтгэл зүй алийг нь ч орхигдуулалгүй удирдах гэж хичээдэг. Дүр бүрдээ хүч хөдөлмөр, сэтгэл зүрхэ шингээхийг хичээдэг.
-Жүжгийн бэлтгэл эхэлчихсэн хүндхэн өдрүүдэд “больё” гэж бодогдох үе байдаг уу. Энэ үед өөрийгөө хэрхэн зоригжуулж, “босгодог” вэ?
-Урлаг тэр дундаа балет бол их хатуу урлаг. Багаасаа биеэ зөв авч явах, эмх цэгцтэй байх гээд бүгдийг нь бэлддэг учраас шантрах үе цөөнгүй. Бүр маш их. Ер нь бүжигчин, тэр дундаа балетын жүжигчдэд шантрах үе нэлээд их тохиодог байх. Тэр болгоныг аль болох л даван туулах гэж хичээнэ. Миний хувьд заавал хэн нэгэнтэй ярилцаж байж сэтгэлээ тайтгаруулдаг төрлийн хүн биш. Чимээгүй орчинд ганцаараа сууж тайвширдаг. Ер нь дуугаа хураагаад чимээгүй болчихдог гэх юм уу. Сургуульд байхдаа шантарлаа гэхэд багш нартайгаа ярилцана, тэднээс зөвлөгөө, дэмжлэг авна. Харин ажлын байран дээр гараад хэцүү зүйлс тохиолдвол заримдаа найзууд болон дотнын ах, эгч нартаа сэтгэлээ уудалж, ярилцдаг болсон.
-Дүрүүдээс тань хамгийн их хүчин чармайлт шаардсан нь юу бол?
-“Хунт нуур” жүжгийн ханхүүгийн дүр хамгийн хэцүү байсан. Надаас маш их хүчин чармайлт шаардсан. Тухайн үедээ өөрийгөө маш муу байна л гэж бодсон. Гэхдээ одоо бол бас гайгүй ч юм уу гэж боддог. Бас тэр дүрээ хайрладаг.
Би балетын гоцлоочоор ажиллаад нэг жил болж байна. Гол дүрүүдэд анх удаа ажиллаж, бүгдийг нь шинээр, өөрийнхөөрөө амилуулж байгаа. Тиймээс бүх дүр л надад шинэ, содон санагддаг.
-Тэгвэл танд бүтээхийг хүсдэг дүр бий юү?
-“Хунт нуур” жүжгийн ханхүүгийн дүрд тоглохыг маш их хүсдэг байсан. Энэ мөрөөдлөө биелүүлчихсэн болохоор одоо улам сайжруулах зорилготой. Мөн сүүлийн үед эсрэг дүр бүтээхийг хүсэх болсон. Тухайн уран бүтээлчээс бүр ч их хүчин чармайлт шаардах байх.
-Олон цагийн хүнд бэлтгэлийн үед бэртэж гэмтэх үе цөөнгүй тохиолдоно биз?
-Бүжигчин хүний хувьд бэртэл гэмтэл авах үе цөөнгүй тохиолддог. Ер нь хүмүүс залуу насны урлаг, богино хугацаанд ажилладаг мэргэжил гэдэг. Тиймээс ийм богино хугацаандаа бэртэж, гэмтэнэ гэдэг маш хэцүү шүү дээ. Хүнд, хөнгөнөөсөө шалтгаалаад их, багахэмжээгээрөнөөх богино хугацаанаас маань улам л хороогоод байна гэсэн үг. Мөн халаалтын улирал дуусах үеэр бид биеэ сайн халаасан ч гаднаас ирж буй хүйтэн агаараас болоод нуруу татах, булчин зангирах эрсдэлтэй. Тиймээс аль болох бэртэхгүйн тулд анхааралтай, болгоомжтой байх хэрэгтэй.
-Тайзан дээр гарахаасаа өмнө сандралаа даван туулдаг арга бий юү?
-Бэлтгэлийн үед бол тухайн дүрээ яаж сайжруулах вэ гэж бодсоор байгаад таарна. Харин тоглолт эхлэхийн өмнө ая явахад хөлс урсаж, бие чичрээд маш их сандардаг. Ингээд яг тайзан дээр гарчихвал би энэ тайзан дээр Анандыг харуулах гэж бус, дүрээ тултал нь амилуулах ёстой гэж бодож, өөрийгөө тайвшруулдаг юм.
Үнэнийг хэлэхэд заримдаа яг юу болоод байгааг ойлгохгүй, үйлдлээ мартаж, санах үе байна. Ер нь уран бүтээлчдийг тайзан дээр гарахын өмнө болон гараад сандардаг гэж хоёр хувааж болохоор. Би бол тайзнаа гарахын өмнө маш их сандардаг. Тиймээс дөрөв, долоо, найм гэдэг амьсгалын дасгал хийдэг. Дөрвөн секунд амьсгаагаа авч, долоон секунд түгжээд, найман секундэд гаргана. Ингэхээр бие илүү хөнгөрөөд байгаа юм шиг санагддаг.

-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Би юм болгоныг туршиж үзэх сонирхолтой. Усанд сэлэхээс эхлээд моделийн агентлагт ч явдаг.
-Хэрэв балетчин болоогүй бол та ямар мэргэжил сонгох байсан бэ?
-Сүүлийн үед оффисын ажил хийдэг хүмүүс сонирхолтой санагдаад байгаа. Тэр дундаа өмгөөлөгч хамгийн гоё нь. Жаахан байхдаа ч өмгөөлөгч болно гэж боддог байсан. Гэхдээ энэ бодол өвөөтэйгөө балет үзээд л өөрчлөгдсөн дөө.
У.Сүрэн
