Францын Парис хотод болсон Олон улсын физикийн 55 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон, ерөнхий боловсролын сургуулийн XI, XII ангийн таван сурагч хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа амжилттай оролцсон билээ. Багийг ахалж явсан МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрбээр 2019 оноос хойш Олон улсын физикийн олимпиадад Монголын багийг ахалж оролцож буй юм.
-Олон улсын физикийн 55 дугаар олимпиадаас Монгол Улсын баг хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж бахархам амжилт үзүүллээ. Танд болон шавь нарт нь баяр хүргэе. Ийм амжилт гаргана гэж бодож байв уу?
-Баярлалаа. Ер нь бол таван сурагчаа тавууланг нь медаль авна гэдэгт 100 хувь итгэлтэй байсан. Бид үүнээс ч илүү амжилт үзүүлнэ гэж бодсон ч түүндээ хүрч чадсангүй. Гэхдээ яах вэ, чамлахаар чанга атга гэдэг дээ. Бүгд медаль хүртсэнд баяртай байна.
-Энэ олимпиад нь зэрэглэлийн хувьд ямар ангилалд тооцогддог вэ. Дэлхийн 90 орчим улсын сурагчид оролцсон гэв үү. Насны ангилал бий юү?
-Олон улсын физикийн олимпиад нь хамгийн дээд зэрэглэлийн буюу физикийн олимп, дэлхийн аваргын тэмцээн гэж хэлж болно. Энэ жилийн хувьд нийт 94 орон оролцсоноос тав нь ажиглагчийн статустай байв. Тодруулбал, 89 улсын 415 сурагч, 280 гаруй багш, дасгалжуулагч оролцлоо. Насны ангиллын тухайд 20-иос доош насны, ахлах сургуулийн сурагч байх ёстой.
-Олимпиадад оролцох хүүхдүүдийг хэрхэн сонгож, бэлтгэл сургуулилалтаа хийдэг вэ. Өнгөрсөн жилүүдийн олимпиадын бодлогыг мэдээж бодож бэлддэг байх. Иймэрхүү бодлого ирэх болов уу гэсэн төсөөлөл байв уу?
-Олимпиадад оролцох сурагчдыг Физикийн олимпиадын хорооноос гаргасан журмын дагуу шалгаруулдаг юм. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн төрөлд зохион байгуулдаг хэд хэдэн олимпиад, сорил, Азийн физикийн олимпиадын дүнг тооцож, нийлбэр оноогоор эхний таван сурагчийг шалгаруулна. Олимпиадын бэлтгэлийг МУИС-ийн Физикийн тэнхимд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хийсэн. Ингэхдээ өмнөх жилүүдийн олимпиадын болон шинэ бодлогуудыг бодож, тэнхимийнхээ туршилтын багаж дээр хэмжилт, тооцоо хийх зэргээр бэлтгэлээ базаасан. Тухайн жилийн олимпиадад ямар бодлого ирэх талаар таамаг, төсөөлөл байдаггүй. Учир нь физик бол орчлон ертөнцийн бүхий л зүйлтэй нягт уялдаа холбоотой учраас ямар ч төрлийн бодлого байх боломжтой л доо.

-Энэ жилийн олимпиадын даалгаврууд гүйцэтгэл, үйлдэл ихтэй. Ялангуяа туршилтын даалгавар их байснаараа онцлог болсон гэж сонслоо. Тухайлбал, “Оргилуун дарс” гэх даалгавар сонирхолтой санагдсан талаараа та цахимд хуваалцсан байна лээ. Энэ тухайд сонирхуулахгүй юу?
-Тухайн зохион байгуулж буй улс орноос шалтгаалан жил жилийн олимпиад өөрийн гэсэн онцлогтой болдог. Жишээ нь, тухайн орны физикийн салбараас төрсөн Нобелийн шагналтнуудын нээлт хийсэн бүтээлийг бодлого болгон дэвшүүлдэг ч юм уу, ямар нэгэн байдлаар тухайн орон өөрийн онцлог, давуу талыг илэрхийлсэн бодлого зохиосон байдаг. Энэ жилийн хувьд онолын бодлогын нэг нь Францын ард түмний уламжлалт ундаа буюу оргилуун дарсны талаар байв. Энэхүү бодлого согтууруулах ундааны нэг төрлийг сурталчилж буй мэт харагдаж болох ч физикийн хувьд маш сонирхолтой юм. Хундаган доторх оргилуун дарс ёроолоосоо хөөсөрч, хөөс нь дээшлэх тусмаа томорч задрах үйл явц болон оргилуун дарсыг буудуулахад бөглөө нь яагаад өндөрт хөөрч, үсэрдгийг бид гадарлах боловч цаад шалтгаан, учрыг тооцоолох тухай бодож явсангүй. Өөрөөр хэлбэл, хөөсний радиус, хөдөлгөөн, хурд, түүнд үйлчлэх хүч, орчин дахь нүүрс төрөгчийн давхар исэл (СО2)-ийн нөлөө, бөглөөний үсрэх өндөр зэргийг тооцуулсан нь маш сонирхолтой байлаа.
Түүнчлэн дэлхийн соронзон орныг хэд хэдэн аргаар хэмжих, мөн Ангараг гараг дээрх тогоонуудын үүссэн шалтгаан, диаметрын бүтэц, солирын мөргөлт, энерги зэргийг энгийн байдлаар туршилтын ажил болгон дэвшүүлсэн байсан. Гүйцэтгэх дасгал ажил маш их учир цагтаа амжиж хийх нь бүх оролцогчдод хүнд байлаа. Ер нь Олон улсын физикийн олимпиадын бодлого, туршилтууд нь физикийн салбарт нээлт хийсэн, Нобелийн шагнал хүртсэн бүтээлүүд, сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлын сэдэв болж буй шинэ судалгааны ажлуудыг бодлого болгон дэвшүүлдэг. Түүний үр дүнг сурагчид өөрсдөө гаргаж, загварыг нь боловсруулан уралддагаараа бусад шинжлэх ухаанаас ялгаатай юм.
-Баг удирдаж яваа багш нар ямар үүрэгтэй оролцдог талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Миний хувьд 2019 оноос хойш тасралтгүй Монголын багийн ахлагчаар оролцож байна. Мөн манай тэнхимийн М.Отгонбаатар багш хамт явсан. Удирдаж яваа багш нарын хувьд хоёр өдрийн бодлогыг англиас монгол хэл рүү орчуулдаг. Үүнд бүтэн нэг хоног зарцуулдаг бөгөөд орчуулга хийхээс гадна яг л хүүхдүүдийн адил олимпиадад оролцдог гэж хэлж болно. Учир нь сурагчдын бодсон бодлогыг засаж, зохион байгуулагчдын тавьсан оноотой тулгахаас эхлээд эцсийн дүн хүртэл нь цаг наргүй, нойртой, нойргүй л явдаг даа.
-Монгол сурагчдын хувьд цаг хуваарилалт, гүйцэтгэлийн хурдаа нэмбэл амжилтаа ахиулах боломжтой гэж ажиглагчдын зүгээс зөвлөсөн гэж дууллаа. Багш хүний хувьд алдаа, оноог нь хэрхэн дүгнэх вэ?
-Бидний хамгийн гол зорилго бол алтан медаль авах. Энэ зорилгодоо хүрэхийн тулд маш олон талаар ажиллахыг хичээж байна. Цаг хуваарилалт, хурд, анхааралтай байх зэргийг бэлтгэлийн үеэр сайн давтдаг. Харин сэтгэл зүйн бэлтгэл маш чухал гэдгийг саяны олимпиадаас ойлголоо.
-Олимпиадын хүрэл медалийг 15 оноогоор тасалсан юм байна. Манай хүрэл медаль хүртсэн гурван сурагч 19 болон түүнээс дээш оноогоор энэхүү болзлыг биелүүлжээ. Тэгэхээр гүйцэтгэл сайн байсан гэсэн үг биз дээ?
-Олон улсын олимпиад нь нийт 50 оноотой. Олимпиадын хорооны дүрмээр нийт сурагчийн найман хувь нь алт, 25 хувь нь мөнгө, 50 хувь нь хүрэл медаль, 67 хувь нь шагналт байрт шалгардаг юм. Өөрөөр хэлбэл энэ жилийн олимпиадын хүрэл медалийн босго 15.3 оноо байсан. Манай гурван сурагч 18-19 оноо авсан. Энэ нь хүрэл медаль хүртсэн сурагчдын нэлээд дээгүүрт эрэмбэлэгдсэн гэсэн үг. Гэхдээ бидний бодож, төлөвлөсөн гүйцэтгэлд хараахан хүрээгүй. Үүнээс ч илүү өндөр оноо авах боломжтой байлаа.
-МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулиас хоёр хүүхэд мөнгөн медаль хүртсэн. Мөн нийслэлийн I сургууль болон хувийн хэвшлийн хоёр сургуулийн сурагч хүрэл медалийн эзэн болсон. Бусад сургуулиуд энэхүү олимпиадад оролцох боломж бий юү. Өөрөөр хэлбэл, физикийн хичээлдээ сонирхолтой, чамгүй авьяастай хүүхэд олон байх.
-Жил бүрийн олон улсын олимпиадад өөр өөр сургуулиас хүүхдүүд оролцдог. Тухайн жилийн шалгаруулалтаас тунаж үлдсэн сурагчдыг оролцуулдаг юм. Энэ жилийн хувьд МУИСийн лицей сургуулиас хоёр сурагч шалгаран оролцож, хоёулаа мөнгөн медаль хүртлээ. Тэд өнгөрсөн жил өөр сургуульд сурч байхдаа мөн оролцож, хоёулаа хүрэл медаль хүртэж байсан. Тодруулбал, энэ удаагийн олимпиадаас МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Г.Батбаяр, Э.Ичинбат нар мөнгө, нийслэлийн I сургуулийн сурагч М.Мөнх-Оргил, “Сант” сургуулийн сурагч Г.Азжаргал, “Абсолют-Элит” сургуулийн сурагч Д.Энхтөгс нар хүрэл медаль хүртсэн. Эдгээрээс гадна өөр сургуулийн, физикийн олимпиадад бэлтгэж буй сурагчид оролцох боломжтой. Оролцсоор ч ирсэн.
-Физикийн шинжлэх ухаан амьдралд хамгийн ойр гэж ярьдаг ч түүнийг сонир хох, сонгон судлах, их, дээд сургуульд энэ чиглэлээр сурах хүүхэд цөөрч байна гэж ярих юм. Танай сургуулийн хувьд нөхцөл байдал ямар байгаа бол?
-Сүүлийн жилүүдэд физик сонирхох хүүхдийн тоо нэмэгдсэн шүү. Үүнийг манай сургуулийн физикийн ангид элсэж буй оюутны тооноос харж болно. Физикийн тэнхимийн хувьд энэ жил физик, физик-электроник, физикийн багшийн ангид одоогоор 90 гаруй хүүхэд элсэн суралцахаар бүртгүүлсэн байна. Дунд сургуулиас нь буюу хүүхдийг багаас нь физикийн туршилтуудыг хийлгэж, тэдэнд зориулсан техник, технологийн болон физикийн шинжлэх ухааны нээлтүүд, бусад сонирхолтой сэдвээр цахим контент бэлтгэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх нь энэ шинжлэх ухаанд багачуудыг дурлуулахад их чухал гэж боддог. Харин сүүлийн үед телевизээр ийм контентууд гаргадаг болсон нь сайшаалтай. Энэ ч утгаараа физик сонирхогчдын тоо нэмэгдсэн байх. Жишээ нь, улсын олимпиад, уралдаанд нийслэл, орон нутгийн 1000 гаруй сурагч өрсөлдсөн байна.
Би олимпиадын бэлтгэл, давтлага хичээллүүлдэг юм. Үүнд олон сурагч хамрагдах сонирхолтой байдаг. Эцэг, эхчүүдийн физикийн салбарын талаарх ойлголт сайжирсан нь ажиглагддаг.
-Монгол сурагчид физикийн олимпиадад өмнө нь ямар ямар амжилт гаргаж байв. Энэ удаагийн олимпиадад манай улс 22 дугаар байрт эрэмбэлэгджээ. Цаашдын зорилгоо хуваалцахгүй юу?
-Манай улс Олон улсын физикийн олимпиадад 1999 онд ажиглагч улсын статусаар анх оролцсон. Харин 2000 оноос сурагчдаа оролцуулж эхэлсэн юм. Энэ хугацаанд нийт 13 мөнгө, 40 орчим хүрэл медаль хүртэж, 50 орчим шагналт байр эзэлсэн амжилт үзүүллээ. Энэ жилийн хувьд дэлхийн 89 орноос Чех, Казахстан, Британи зэрэг улстай хамт хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, 22 дугаар байрт орсон амжилт гаргасан. Олон улсын физикийн 56 дугаар олимпиад Бүгд Найрамдах Колумби Улсад ирэх жилийн долоодугаар сарын эхээр болно. Бид олимпиадын бэлтгэлээ улам чамбайруулж, ирэх жил багийн болон хувийн амжилтаа ахиулан, алтан медаль хүртэхийн төлөө хичээх болно.
