Нурууны суулт өвчний шалтгаан болон урьдчилан сэргийлэх арга замын талаар ГССҮТ-ийн Нуруу, нугасны мэс заслын тасгийн их эмч Б.Мөнх-Очиртой ярилцлаа.
-Эхлээд та нурууны суулт ямар шалтгааны улмаас яагаад үүсдэг талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Хүний нуруу 32-33 нугалам яс буюу үенээс бүрддэг. Анатомийн хөгжлийн хувьд нурууны хоёр их биеийн голд жийргэвч диск гэж бий. Энэ нь усархаг бүтэцтэй жийргэвч маягийн зүйл. Өөрөөр хэлбэл, хүний биед амортизаторын үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Жийргэвч диск нь насжилт, жингийн илүүдэл, гэмтэл, хөдөлгөөний дутагдал, буруу суух зэргээс шалтгаалан усархаг бүтцээ алдаж, эргэшгүй дегенератив өөрчлөлтөд ордог. Улмаар нугасны суваг болон мэдрэлийн ёзоорыг дарж, суулт өгдөг юм. Нуруу бол биеийн бүх жинг өөр дээрээ авдаг, байнгын ачаалалтай байдаг тулгуур эрхтэн. Тиймээс тухайн хүний хүндийн жин болон тэнхлэгийг зөв тогтоон барихын тулд хүзүү, бүсэлхийн нуруу гэдийсэн, сээр нуруу, ууц бөхийсөн байдаг. Улмаар хүндийн жинг хамгийн ихээр авдаг бүсэлхийн нугалам орчимд голчлон нурууны суулт үүсдэг. Шалтгаан нь өмнө нь хэлсэнтэй ижил. Хүмүүс нуруунд юм орчхоод, эсвэл хавчуулагдчихаад л өвдөөд байна гэж ойлгодог. Энэ нь буруу.
-Нурууны суулт үүссэн үед ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?
-Нурууны суулт үүссэнээс үүдэн мэдрэл дарагдлын хам шинж буюу тухайн хэсэг, хүзүү, нуруу, гар болон хөл рүү дамжиж өвдөх, бадайрах, хорсох зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрдэг. Биед илэрч буй өвдөлт зовуурь, бул¬ чингийн чангарлаас шалтгаалан тухайн анатомийн хэлбэр болон алхаа гишгээ өөрчлөгдөх нь ч бий.
-ГССҮТ-ийн Нуруу, нугасны мэс заслын тасгаар хэдэн насныхан түлхүү үйлчлүүлж байна вэ?
-Голчлон 40-өөс дээш насныхан нурууны суулттай болж ирэх нь түгээмэл байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд насжилт нь илүү залуужсан гэхэд болно. Бага насны хүүхдүүд ч нурууны суулттай болж байна.
-Хүүхдүүд нурууны суулттай болж буй гол шалтгаан нь юу вэ?
-Ихэвчлэн жингийн илүүдэл болон буруу сууснаас, хэтэрхий хүнд цүнх үүрснээс нурууны суулттай болдог.
-Тэгвэл бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд үүнээс хэрхэн сэргийлбэл зохистой талаар та мэдээлэл өгөөч.
-Ерөнхий боловсролын сургуулиудын эмч нар болон хүүхдүүдэд сургалт орж, зөвлөмж боловсруулах хэрэгтэй юм шиг санагддаг. Хүүхдүүдийн үүрч буй цүнхний жинг сайтар төлөвлөж тооцоолох шаардлагатай. Тэдний нас, биеийн жинд тохирсон цүнх л үүрүүлэх хэрэгтэй. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь нэн чухал. Тухайлбал, усан эмчилгээ буюу бассейнд явж болно. Энэ нь маш үр дүнтэй арга. Усанд сэлэхээр булчин жигд хөгждөг. Бас хатуурсан булчинг суллах давуу талтай.
-Манайхан нуруугаа өвдөөд байгааг мэдэхгүй бөөр гэж бодоод өвчин намдаах эм, эсвэл наалт хэрэглэчихдэг юм билээ. Энэ тохиолдолд эмчлүүлэхгүй удвал хэрхэх вэ?
-Нуруу өвдөж эхлэхэд хүмүүсийн олонх нь эмчид хандалгүй эм ууж өвдөлтийг нь намдаагаад л яваад байдаг. Энэ бол зөвхөн түр зуурын арга юм. Олон жил ингэж явснаар өв¬ чин нь даамжрах эрсдэлтэй. Нурууны суулт хүндэрснээр мэдрэлийн болон хөдөлгөөний алдагдалд хүргэдэг. Мөн буруу арга хэмжээ авах буюу бариа засалчид үзүүлж, элдэв наалт хэрэглэснээс үүдэн цаашид саа, саажилт үүсгэх, мэдрэлийн алдагдлын эргэн сэргэх хугацаа нь хойшлогдох, тэнцвэр алдагдах зэрэг олон сөрөг үр дагавартай. Түүнчлэн буруу эмчилгээнээс үүдэн нурууны үе хайлах ч эрсдэлтэй. Тиймээс хэрэв танд дээрх шинж тэмдэг илэрч байвал зайлшгүй мэргэжлийн эмчид хандаарай гэж зөвлөе.
-Ер нь нурууны суултыг уламжлалт эмчилгээ, эсвэл бариа заслаар бүрэн эмчлэх боломж бий юү?
-Нурууны суулт гэдэг нь эргэшгүй өөрч¬ лөлтөд орохыг хэлдэг. Тиймээс бариа заслаар эмчлэх боломжгүй. Хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид хандаж, оношоо зөв тогтоолгож, эмчилгээний арга, техникийг зөв боловсруулах шаардлагатай.
У.Сүрэн