17.00 цагаас эхэлж, нийт долоон цаг үргэлжилсэн “Зүрх асна” тоглолтын эргэн тойронд зад шүүмжлэх зүйл багагүй өрнөлөө. Одоогоос хоёр жилийн өмнө Өмнөд Солонгосын Итэвон дүүрэгт Halloween буюу сүнсний баяр тэмдэглэхээр цугласан 100 мянган хүн бөөнөөрөө нарийн гудам руу чиглэснээс үүдэн, 196 хүн бэртэж, 159 хүн нас барсан нь бий. Өөрөөр хэлбэл, олон хүн цугласан арга хэмжээний үеэр тэдний аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал асуудал болдгийг дээрх үйл явдал сургамжилсан. Гэвч энэ алдааг Монголд давтах шахсан тоглолт өнгөрсөн бямба гарагт боллоо.
Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа 40 жил тайзан дээр “гялалзаж”, үзэгч, сонсогчдодоо уран бүтээлээ хүргэсэн нэгэн тул өдийд л өөрийн бие даасан, бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулж, “бут авах” нь зүй. Түүнчлэн энэ үдшийн төлөө хоёр жил гаруй хугацаанд бэлдсэн гэх. Тиймээс ч “Зүрх асна” тоглолтын тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ зэрэг боломжит бүх сувгаар дамжуулан эртнээс сурталчилж, үзэгчдийг татах шиг болсон билээ. Т.Ариунаа 19:30 цагаас тайзнаа гарч, нийт 33 уран бүтээлээ хүргэв. Энэ удаагийн тоглолтын ерөнхий найруулагчаар реппер Big Gee, Young Mo’G нарыг наадмын тайзнаа авчирч асан, “Скин” энтертайнментын Б.Анар ажилласан тул шинэ, залуу уран бүтээлчдээр “өнгө нэмэхээ” мартсангүй. Энд цугласан залуу¬чуудын олонх нь түүний “Mxrningstar” хамтлагтай хамтран дуулсан “Чамтай бас чамгүй” дууг сонсохоор ирсэн гэхэд буруудахгүй. Тэд үзэгчидтэй доргиж, “гал асааж” чадсан шүү, супер. Т.Ариунаагийн дуулах авьяас, чадвартай ярих зүйлгүй. Мэргэжлийн дуучны хувьд маш их бэлдэж, цаг хугацаа зарсан нь үзүүлбэр бүрээс нь тод гэгч харагдана лээ.
Харин энэ тоглолтын зохион байгуулалт бол “магтсан хүүхэн хурим дээрээ унгана” гэдэг шиг л юм болсон. Сайхан тоглолт үзэж, цэнгэх гэж ирсэн хүмүүсийн сэтгэл зүй, баярын уур амьсгалыг “шавхайтай хольсон” хэд хэдэн зүйл болсныг энд дурдъя. Тоглолтын тасалбарыг “shoppy.mn”, “ticket.mn”, “omnipay. mn”, “portal.mn” сайтаар борлуулсан. Өөрөөр хэлбэл, хүмүүс энэ олон платформоос өөрийн дураар сонгох боломжтой гэсэн үг. Эдгээрээс цахим тасалбар авсан хүн QR кодоо уншуулан, нэвтрэх бугуйвчаа авах ёстой. Тэд өөрсдийн асраа тодорхой хэсгүүдэд байрлуулсан байх ба “ticket.mn”, “omnipay.mn”, “portal.mn”-ий үүдэнд урт цуваа, дараалал харагдсангүй. Харин “shoppy.mn”-ий хэдэн асрын гадаа “Хэзээ дуусна даа” гэж хаширламаар урт гэгч эгнээ үүссэн байх юм. “Өөр газраас авдаг байж” хэмээн халаглах хүн зөндөө. Хамгийн гайхширмаар нь, хэдэн согтуурсан хүн бу¬гуйвч олгох асрын хойд талыг урж, тасдан дайрч, бугуйвчнуудыг булаасан гээд бод доо. Ингээд дараалалд зогсох хүмүүст бугуйвч хүрэлцээгүй тул аргаа барсан ажилтнууд нь цахим QR кодоо уншуулан ороорой гэх “заавар” өгсөн юм.
Одоо дотогш нэвтрэх том даваа бий. Төв цэнгэлдэх хүрээлэн 16 хаалгатай. Аль хаалгаар нэвтэрч байгаа нь тодорхой бус тул олон хүнтэй цуваа бараадаад зогслоо. Орох урсгалын зохион байгуулалт эргэлзээтэй. Уг нь хүмүүсийг нэг дор бөөгнүүлэлгүй, хэсэг хэсгээр нь оруулан, хаалгуудад чиглэл заасан шугам, тэмдэглэгээ тавьдаг жишиг олон улсад бий. Удтал дугаарлаж байтал эгнээ гэнэт замхарчих нь тэр. Учир нь орох хаалгыг шалтгаангүй хааснаас болж хүмүүс тал талаас дайрсан нь тэр байж л дээ. Яагаад оруулахгүй байгааг асуутал “Цэнгэлдэхийн багтаамж дүүрсэн” гэх шогийн хариулт сонсов. Цаашаа явж бүх орох хаалгыг шалгатал хамгаалалтынхан, цагдаа нар янгинатал түгжээд, хүмүүсийн хараалыг барж байх аж. Тасалбараа авчихсан хүмүүс тоглолтоо үзэх гэтэл цоожтой хаалга мөргөнө гээд бод доо. Ямар утгагүй зүйл гээч нь вэ. Хамгаалалтынхан, цагдаа нар хэв журам сахиулах үүрэгтэй. Тэд рүү үзэгчид уурлаж, бухимдах нь өрөөсгөл. Харин тэдэнд хэн ийм чиглэл, “тушаал” өгсөн нь сонирхолтой.
Албан бус мэдээллээр энэ удаагийн тоглолтод 30 мянган тасалбар борлуулсан гэнэ лээ. Гэтэл Төв цэнгэлдэх 20 мянган хүний багтаамжтай. Даруй 10 мянган тасалбар илүү зарж, зарим хүнийг гэр рүүгээ буцахад, аюулд өртөхөд хүргэсэн ийм зохион байгуулалтын цаана ялихгүй хонжоо горьдсон, шуналын сэдэлтэй үйлдэл байж гэж хардахаар. Т.Ариунаа бол Төв цэнгэлдэх байтугайг дүүргэх фенүүдтэй хүн. Ашгаас гадна үзэгчдээ бодсон бол нэг үдэш ийм олон хүнийг хооронд нь “алалцуулж” байхаар хоёр өдөр тоглох боломжтой байв. PR “цөмөрнө” гэж үүнийг хэлэх билээ л. Ер нь тоглолт болох газрын багтаамж дүүрсэн л бол тасалбар худалдаагаа зогсоох хандлага манайд дутмаг. 23-ны өглөө хүртэл цахим сайтуудад “Зүрх асна” тоглолтын тасалбар худалдан авах хэсэг нээлттэй л байсан. Өнгөрсөн жилийн өдийд болсон Rokit bay-ийн “Пуужин Баяраа”, өнгөрсөн зургаадугаар сард үзэгчдэд хүрсэн “Opozit” хамтлагийн “Болор цом” л гэхэд тасалбараа хэмжээ, хязгаартай борлуулсан шүү дээ. Энэ нь ашгаасаа татгалзсан хэрэг бус, үзэгчдийнхээ тав тух, аюулгүй байдлыг хангасан, жишиг бүхий ухаалаг шийдвэр гэдгийг манай уран бүтээлчид, зохион байгуулалтын багийнхан хатуу анхаараасай.
Хамгийн харамсалтай нь, хөдөө, орон нутгаас Т.Ариунаагаа үзнэ гэх эрмэлзлээр ээж, аав, ахмадуудаа дагуулж ирсэн хэдэн хүн лав “Та хүмүүсийн хөлд үрэгдлээ. Явъя, яршиг” гээд буцсан. Энэ нь ч зөв. Ийм хөгийн зохион байгуулалтаас залхаж, тасалбараа “үхүүлсэн” хүмүүс мөнгөө буцааж нэхэх эрхтэй. Ийнхүү явж явж есдүгээр хаалганаа ирэхэд хэрүүл тэмцэл ид өрнөж байх нь тэр. Үүний эцэст хаалга нээх болоход тал талаас түлхэлцэж, хөл, гар дээрээ гишгэлцэн эхний цуваа орлоо. Хэсэг хугацааны дараа дахин хаалга нээх үед нь “картын бараа”-ны үед талханд ду-гаарладаг шиг “алаан”-ы дундуур явсаар ашгүй нэг нэвтэрч чадав. Ахмад настан, бие сул хүмүүс ухаан алдах, тэр байтугай амь насаа¬раа хохирох эрсдэлтэй байсан нь нууц биш шүү. Тэр байтугай, хөөрч, бухимдан, хөлчүүрхсэн хүмүүс цагдаа нартай заамдалцсан бол их үймээн самуун дэгдэх байв. Энэ дунд тасалбаргүй, бусдыг гэмтээх хэрэгсэл биедээ авч яваа, согтуурсан эсвэл мансуурсан хүн байсныг үгүйсгэхгүй. Учир нь шалгах нөхцөл нь байгаагүй. Тоглолтод хамтран ажилласан газрын шар айраг, дарснаас өөр согтууруулах ундаа зарах боломж энд байхгүй, уг нь. Гэтэл дотор халаасандаа архитай, тоглолт дундаа ороогүй үед тасарч унасан, хөлчүү хүн олон байсан нь хаана ч үзээгүй “соёлын шок” байлаа. Гадна талд хүний хөлд үрэгдчих эрсдэлтэй байсан бол дотор дүрэмдсэн согтуу хүмүүсээс сэрэмжилж явах болох нь. Архи уух зориулалттай газар бишгүй олон. Харин олон хүний дунд, дуу хөгжимд наргиж цэнгэх гэж ирчхээд тасартлаа ууж, бусдыг өдөж хоргоон, балмад аашлах бол дэндүү бүдүүлэг үйлдэл. Хөлчүүрчхээд ийм зан гаргадаг бол тоглолт, үзвэр рүү зүглэх нь илүүц юм.
Тоглолт сайхан болсон. Т.Ариунаа гал цогтой байлаа. Харин түүний багийнхан тоглолт зохион байгуулж сураагүй, чадал нь дутах “товариш”-ууд аж. Хүмүүс гадаа нь түлхэлцэж, уйлж, нэгнээ “алах” шахаж байхад тэд юу бодсон бол. Ийм нөхцөлд орсон хүн дуу хөгжимд цэнгэх ямар ч хүсэлгүй болдог. Түүнчлэн манайхан нийтийн дунд биеэ цэгнэж, архиа тааруулж хүртэн, соёлжихгүй бол олон хүнд “гай” л болж гүйцэхээр байна. Эл үйл явдал дараа дараагийн тоглолтуудад сургамж болно гэж найдъя даа.
Д.Хэрлэн