Комедиан, “Universal” англи хэлний сургалтын төвийн багш Н.Амаржинтай ярилцлаа. Улс төр, нийгэм, залуу үеийнхний талаарх бодлыг нь түүнээс сонссоноо та бүхэнд хүргэж байна.
-Та подкаст эхлүүлснээс хойш зургаан сарын хугацаанд нийт 26 зочинтой ярилцсан байна. Багагүй хугацаанд чамлахааргүй үзэгчтэй болжээ.
-Сэтгэл санаа сайхан болоод, эдгэсэн учраас энэ онд 5-6 шинэ зүйл эхлүүлье гэж төлөвлөсний нэг нь. Энэ талаараа цахим хуудсандаа хуваалцахад нэг залуу холбогдсон юм. Олон жилийн хугацаанд үнэтэй төхөөрөмжүүд цуглуулсан, түүндээ хоббитой нэгэн. Уулзаад үзэхэд дотоод ертөнц, үзэл бодол нь үнэхээр таалагдсан учраас хамтрагчид болоод подкастад ажиллаж байна даа.
Эхлүүлсэн түүх нь нэг иймэрхүү. Анх 15 өөр салбарын хамгийн шилдгүүдтэй уулзъя л гэж бодож байв. Гэтэл өнөөдөр 27 дахь дугаараа цацлаа. Ямартай ч зогсоомооргүй санагдаж байна. Зочидтойгоо өөрийнхөө хэмжээнд өргөн цар хүрээтэй ярилцъя гэж боддог. Ирэх дугаарт топ модель Х.Бадамгэрэл оролцоно.
-Залуучуудтай ойр ажиллаж ирсний хувьд ер нь тэд нийгмээсээ юуг хамгийн ихээр хүсэж, эрэлхийлдэг юм шиг санагдсан бэ?
-Хүмүүс хов живийн шинжтэй бичлэг, контентыг их, харин оюунлаг зүйл бага үздэг байсан. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн төрөл төрлийн контентыг “Гэж юу вэ”, “Од мөндөр”ийнхөн янзтай хийж байна. Залуучууд хүнд хэрэгтэй зүйл үзэж, сонирхохгүй байна гэж чичлэх бус, тэднийг байлдан дагуулах л ёстой юм билээ. Ердөө мэдлэгийг хэрхэн үзүүштэй, гоёор түгээх л тухай юм. Түүнээс биш, залуучуудын юу хүсэж, сонирхож байгаа нь хоёрдугаар асуудал. Монгол Улс 20 жилийн дараа ямар байх талаар залуусын олонход төсөөлөгдөхгүй байгаа. Бид 10-20 жилийн өмнө хэзээ байтлаа хотын даргаа ин¬гэж их шүүмжилж, анхаарал хандуулдаг байлаа даа. Манай залуу үе улс төр, нийгмийн амьдралд санаа зовдог болсон нь олзуурхууштай. УИХ-ын ноднингийн сонгуульд 40 мянган хүн надад саналаа өгсөн, талархаад баршгүй. Би өөрийн чинь асуултад хариулж чадсан уу.
-Тэрхүү улс төр, нийгмийн тогтолцооноос ямар шинэчлэл, өөрчлөлт, үнэт зүйл хүсэж байх шиг санагдсан гэх утгаар асуусан юм л даа.
-Товчхондоо, эрх чөлөө. Залуучууд эрх чөлөөний асар өндөр мэдрэмжтэй байна. Ялангуяа 2000 оноос хойш төрсөн нь. Даргадаа зэмлүүлэх вий, үг хэлээд багшдаа зодуулах вий гэж айдаггүй. Z үеийнхнийг зовлон үзээгүй гэж чичлээд байдаг. Үзүүлж яах гээд байгаа юм бэ. Надад халамж өгөөч ээ гэдэг залуу хүн манайд байхгүй шүү. Харин ч мөрөөрөө хөдөлмөр-лөх боломжоор хангаад өг, арын хаалга горьдож, ах аа, эгч ээ гэж гүйж чадахгүй гэж хэлж байгаа. Нөгөөтээгүүр, энэ нь өөрсдийгөө юу хүсэж буйг мэдэж байгаагийн шинж. Залхуу гэдэг ч биднийг бодвол ChatGPT ашиглаад аливааг хялбархан хийж байна. Шинэ үеийнхэн ажилд тогтохгүй байна гэдэг ч үнэндээ тогтоож чадахгүй байгаа шүү. Интернэтийн эрин үед өсөж, торнисон үеийнхний соёл шал өөр. Харин тэдний эрх чөлөө, мөрөөрөө амьдрах боломжийг хулгайлж буйд л бухимдаж, дургүй нь хүрч байгаа. Бид бүгдээрээ эх орондоо хайртай. Гэхдээ чи бид хоёрын хэн нь ч ялгаагүй өдөр бүр амьд үлдэх горимоор амьдарч байгаа нь үнэн. Ийм үед мөрөөдөх бол тансаглал.
-Боломжоо хулгайлуулах гэхээс илүүтэй шударга бус нөхцөлийг соргог мэдэрч, хүлцэн тэвчихгүй байгаа явдал гэх нь зөв болов уу.
-“Огцрох амархан” жагсаалд нэгдэгсэд Л.Оюун-Эрдэнийн бэрийн “LV” брэндийн цүнхэнд атаархсандаа ирээгүй. Тийм мангар залуучууд манайд байхгүй. Ердөө шударга бус байдалд эгдүүцсэндээ. Үхтэлээ хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө төлсөн татвараас нь хумсалсанд тэдний игзаар хөдөлсөн юм.
-Ийм шударга бус байдал төдийгүй сурч боловсрох, бизнес эрхлэх зэрэг олон шалтгаанаар цөөнгүй залуу эх орноосоо явж буйд нийтээрээ халагладаг. Амьдрах шинэ боломж эрж явсан хүмүүсийг амиа хичээсэн гэж хэлэх нь зөв гэж үү?
-Зөв шүү дээ. Гэхдээ сөрөг утгаараа биш шүү. Бид хоёр ч гэсэн амиа хичээж л бэдэрч байгаа биз дээ. Энд суугаа хүмүүстээ мөнгө төгрөг шилжүүлж, гадаадаас валют нийлүүлж байна. Монголын эдийн засаг тэдний нуруун дээр тогтож байгаа гэхэд хилсдэхгүй. Бид бүгдээрээ мөнгөний төлөө, биеэ үнэлж амьдарч байгаа. Хүмүүс шуналтай байгаасай. Тэгж байж л сайн “юм” гарна. Түүнчлэн хүний дор орохгүй гэх сэтгэлгээ хүнд гай болохгүй гэдгээр солигдсонд баяртай байдаг. Хүн боломж хайж, гадагшаа яваа л биз. Тэдний дор хаяж тал нь буцаж ирж л таараа. Тэгэхдээ сурсан мэдсэн, цуглуулсан капиталаа өвөртлөөд ирнэ. Энэ бүхэн цэгцрэхэд 20 жилийн процесс шаардлагатай гэж хардаг.
-Эх орондоо “алалцаж” амьдарч буй бидэнд ямар итгэл найдвар, ирээдүйн хүсэл эрмэлзэл байна вэ?
-Монголоо сайхан болгох гэх итгэл л байх. Нэг хэсэг миний бүх итгэл найдвар унтарсан. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүрг ийн 11 дүгээр тойрогт Ардчилсан намаас өрсөлдөхдөө би хүний эрх, эрх чөлөө л ярьж явсан. Өрсөлдөгчид шигээ “Худаг барьж өгнө” гээгүй. Үүний цаад агуулга бол насаар нь худагтай нь байлгах сонирхол. Харин би “Танай хүүхдийг англи хэлтэй болгоё, боломж олгочих. УИХ-ын гишүүний захиран зарцуулах төсвөөрөө хүнд хэрэгтэй зүйл хийе” гэхчлэн маш энгийн амлалтууд хэлсэн. Харин макро түвшинд таны халамжийг хасаад оронд нь ажилтай байх, хөдөлмөрлөх боломжоор хангая гэх зэргээр чөлөөт эдийн засаг, эрх чөлөөний мэдрэмж ярьж явсан. Томоохон системд ялагдчихсан л даа. Гэхдээ итгэл найдвар хаа сайгүй байгааг олж хар¬сан юм шүү.
-Тэгэхээр та улс төрчид өөрчлөлт авчирна гэдэгт итгэдэг төрлийн хүн үү?
-Уг нь үгүй л дээ.
-УИХ-ын өнгөрсөн сонгуульд дэвшсэн шалтгааныг илүү тодруулмаар байна. Тухайн үед иргэдээс гадна танд ч итгэл найдвар байсан гэсэн үг. Энэ нь ялагдал, өвдөлтөөр дууссан байж болно. Бусдад гомдох сэтгэл төрсөн үү?
-Бид тийм аймшигтай архинд живсэн, тархиа угаалгасан хүмүүс биш шүү дээ. Би монгол хүний саруул ухаанд итгэж байгаа. Би подкастаа эхлэхдээ “Сайн байцгаана уу, саруул ухаант монголчууд аа” гэдэг. Харин өөдлөх замаас төр аль болох зайлж өгвөл буян нь тэр. Ер нь бизнес, хувийн хэвшил дэх төрийн оролцоог багасгахад л би болон манай журмын нөхөд зүтгэдэг. Энийг заавал Төрийн ордонд орж хийх шаардлагагүйг л ойлгосон.
-Боломж гарвал сонгуульд дахин нэр дэвших үү?
-Дэвшинэ.
-Ингэхэд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байгаа хэвээрээ юу?
-Тийм. Улс төрийн нам сонгуульд ялах эрмэлзэлтэй л оролцдог. Тэгэхийн тулд Улс төрийн зөвлөл, Сонгон шалгаруулах хороо, Дүүргийн намын хороо зэргээр дамжуулан ямар хүмүүсийг нэр дэвшүүлэхээ дотооддоо шийдэх байх. Миний дотор дүрэлзсэн хүсэл эрмэлзэл бий. Түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь улс төрийн нам, эвсэл гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ улс төртэй, төргүй 21 аймаг, есөн дүүрэгт “Англи хэлтэй Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх мөрөөдөлтэй. Үүнд дор хаяж 2030 жил шаардагдах болов уу. Мэдээж энэ дунд язгуур эх хэлээ алдахгүй.
-Монгол хүний саруул ухаан хаана хүрээд хязгаарлагддаг вэ?
-Тэрийг би яаж мэдэх вэ дээ. Олонх маань саруул ухаантай гэж боддог. Харин сошиал медиад тийм биш байгаа мэт харагддаг шүү дээ. Тэд бол цөөнх төдийгүй чанга дуутай учраас тийм юм. Монголын ард түмэн гэж хэн болохыг ойр байгаа ах, дүү, хамаатан, саднаасаа л харах нь зүй. Энгийн хүн фэйсбүүкт тасралтгүй сэтгэгдэл бичээд, хэрэлдээд суудаггүй л байхгүй юу. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсны дараа зохион байгуулалттай бусдыг хагаралдуулах ажиллагаа дуусаж, “тэнгэр цэлмэсэн” нь нууц биш. Тролл арми огцом багассан. Ямар ч атаман, ухаантан иргэдийнхээ тархийг “угааж”, хар буруу сэдлээр удаан удирдаж чадахгүй. Бид Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулгыг “хаан” болохоос өмнө буулгаж, ард нь гарч чадсан хүмүүс. Энэ бол саруул ухааны ил¬рэл. Яах вэ дээ, хааяа буруу хүмүүст итгэл хүлээлгэдэг байж магадгүй. Монголчуудыг сэлэм эргүүлж удирдахгүй ээ. Олон нийт “Манай нийгэм болж бүтэхгүй байна” гэж ярих тусмаа сайн. Улс төрчдийн хийсэн нүгэл их. Монгол Улс энэ байтугай хөгжих боломжтой байсан. Гэхдээ муу муухайг ил тод шүүмжилж, ярьдаг болсон нь маш авууштай. Дарангуйлалтай улсад ийм зүйл байхгүй. Хэрүүл, маргаангүй гэр бүл сэтгэл зүйн хүчирхийлэлтэй байх магадлал өндөр байдаг шиг. Үүгээрээ би салж, нийлж, зодолд гэж байгаа юм биш. Хэрэлдээд ч болтугай эх орондоо байх сайхан. Хөгжилтэй улсад очихоор утаа, түгжрэлээс эхлээд шүүмжлэх зүйл олдохгүй шал уйтгартай юм билээ.
-Энэ парламентын гишүүний тоог 126 болгосноор ёс зүйгүй, “галзуу”, улаан цайм иргэдээ заналхийлдэг хүмүүс төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдлоо гэж шүүмжлэх өнцөг байна. Харин ч энэ солонгорсон УИХ-д иргэдийн төлөөллийг багтаасан байдалд нь “сайн” дүн тавимаар байгаа юм.
-Нэр бүхий хэдэн хүнд хийморио сэргэтэл хараалгуулсан даа. Түүнээс биш хувь хүнтэй дайсагнасан ямар нэгэн асуудал байхгүй. Бас тэглээ гээд гомдоод байгаа юм биш. Ард түмний төлөөлөл байж иргэнээ ингэж заналхийлж болохгүй гэсэн л байр суурьтай байгаа. Монголд “Сүртэй шд” гэх үг бий дээ. Үүнээс болж хүмүүст ёс зүйн хариуцлага тооцож чадахгүй байна. “Бурууг мэдсэн ч нуруугаа харуулж байгаа бол та нар хэргийн хамсаатан шүү” гэж би Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн нарт хэлдэг. 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар сонгодог болсонд маш их баяртай байгаа. МАН-ын жагсаалтын нэгт эрэмбэлэгдсэн Г.Лувсанжамц хэчнээн мундаг байлаа гээд говийн аймгуудад өрсөлдвөл Б.Дэлгэрсайханыг, баруун аймгуудад Б.Чойжилсүрэнг барахгүй. Өөрөөр хэлбэл, энэ зарчим эрүүл ухаантай хүмүүсийг улс төрд оруулсан гэж хэлнэ. Түүнчлэн УИХ-д эзэн сууж, ургацаа хураадаг нөхөд ч бий. Би хүний нэр цохож хэлбэл дараа нь цагдаагийн үүд сахих хэрэг гарна. Бичсэн постоосоо болж хэд хэдэн удаа цагдаад дуудагдаж байсан.
-Ямар пост билээ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой. Хуулиараа болдоггүй юм байна лээ.
-Хэрхэн шийдэгдсэн бэ?
-Постоо устгаад л дууссан. “Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх ээ, та нар насаараа “Их тэнгэр”-т нуугдахгүй. Ливийн удирдагч Муаммар Каддафи шиг үхэх хувь тавилан та нарыг хүлээж байгаа шүү” гэх утгатай. Харин үүнийг төрийн өндөр албан тушаалтныг заналхийлсэн гэж үзсэн. Эсвэл постоо устга гэсэн юм. Энэ үйл явдал сонгуульд өрсөлдөхөд түлхэх хүч болсон шүү. Мөн миний бичсэн посттой холбоотой нэг хэрэг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт нээлттэй байгаа. Би очихгүй, мэдүүлэг өгөхгүй гэдгээ илэрхийлсэн.
-Хэрэв та парламентад сонгогдсон бол хэвлэлийн эрх чөлөөний тухай санал, бодлоо нээлттэй илэрхийлэх гишүүдийн нэг байх байсан болов уу. Үүний суурь нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Энэ нь таны комеди хийх, эсэхтэй ч холбоотой асуудал. Ингэхэд та хэвлэлийн эрх чөлөөг юу гэж ойлгодог вэ. Энэ сэдвээр хамгийн их ярьдаг хүмүүс өөрсдөө эрх чөлөөнийхөө эсрэг зүйл хийж харагддаг.
-“Төрөөр угжуулсан хэвлэл” гэх бичлэг “Youtube”-д байршуулсан. Нээлттэй мэдээллийн сан “Opendatalab”, “Шилэн данс” руу ороод шалгахад 100 орчим сайт төсвийн мөнгөнөөс шууд дамжуулалтын эрх авчихсан байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллага бусадтай хамтарч ажиллахыг үгүйсгээгүй. Х.Мандахбаярын компани шууд дамжуулалт хийнэ гэсэн нөхцөлөөр 500 сая төгрөг авчихсан байх жишээтэй. Ийм байдлаар сонгуульдвал хэн чиг л гарах юм байна гэж бодсон. Пиарыг тултал хийж, зар сурталчилгааг хахаж, огьтол нь нийлүүлдэг юм билээ. Хэвлэлүүд эрх чөлөөтэй байгаа, эсэх нь олон улсад ч маргаантай. Гэхдээ эхний ээлжид ядаж тэдгээрийг төсвөөс салгах нь чухал юм байна гэж бодсон.
-Санхүүгийн хараат бус байдлаас л эрх чөлөө эхлэх байх. Сонгуультай жилүү- дэд нэр дэвшигчийг дэмжиж ажиллах санал ирж байв уу?
-2020 онд дэгдсэн өвчнөөс болж АНУ-д гацчихсан үед ийм санал ирсэн. Хэрэв зөвшөөрвөл Монгол руу нисэх нислэгт багтаая гэсэн. Би юунд ч худалдагдаагүй. Тиймээс ч 2024 онд Ардчилсан намаас нэр дэвших нүүртэй байсан болов уу. Тэр үед МАН худалдаж авч болох бүгдийг худалдаж авсан нь худлаа биш.
-Үзэл бодолдоо үнэнч байна гэдгийг тодорхойлох их ярвигтай.
-Нэг нөлөөлөгч хэн нэгнийг учиргүй дэмжиж байгаад хүмүүс яагаад уурлаад байна вэ гэвэл тэрхүү үзэл бодол нь сонгуулийн үеэр л гарч ирж байгаад юм. Энэ бол зөрчилдөөн. Тухайлбал, Ардчилсан намын үзэл баримтлал надад нийцдэг учраас би түүнд үнэнч явахыг хичээдэг. Үүний эсрэг, мангар зүйл ярьж яваа намынхнаа ч шүүмжилнэ. Зарчим¬даа үнэнч байна гэдэг сэтгэл хөдлөлөөр хувирдаг байж болохгүй. Д.Мөнх-Эрдэнэ, сэтгүүлч Н.Өнөрцэцэг, өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа, “койны” О.Мөнхжин нарыг асуудалд орсон үед нь би өмгөөлж л байсан. Эдгээр хүнд дуртай, үгүй нь дараагийн асуудал. Мөн үзэл баримтлал, зарчимд минь нийцэх зүйлийг хийж байгаа хэнийг ч сайшаана.
-Нөлөөлөгчид бусдын өмнө хариуцлага хүлээх албатай юу?
-Би бол албатай гэж боддог.
-Яагаад?
-Ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь ч үүрэх ёстой
-Реклам, зар сурталчилгааны саналд цензуртэй ханддаг уу?
-Цахилгаан барааны дэлгүүр “Нэкст”, үүрэн телефоны “Мобиком”-ын рекламд тоглож байсан. Хаа очиж кино, клипэд тоглож үзээгүй юм байна лээ. Над шиг царайтай хүнийг тоглуулна ч гэж юу байх вэ.
-За, одоо комедигийн талаар ярилцъя. Таны дуртай сэдэв биз?
-Чи яагаад тэгж бодсон юм.
-Хийдэг учраас юм болов уу.
-Би комедид дуртай ч хийхдээ дургүй. Тухайн үед найз охиноо инээлгэе гэж боддог байсантай холбоотой байх. Тэгэхээр нөхцөлтэйгөөр дуртай байсан гэсэн үг. Би М.Баяржаргалтай (UB Comedy клубийн комедиан) ирэх арван нэгдүгээр сард мини комеди шоу хийе гэж тохирсон. Би ер нь аливаа ажилд махарч, хэт логиктой хандах гэж хичээдэг талтай. Хүн инээлгэхийн тулд би өөрөө маш их стресстдэг. Комеди надад ихийг өгсөн. Гэхдээ 100 хүн инээлгэхээс илүү 10 хүүхдэд багшлах нь надад гоё байдаг юм. Би 2020 оны арав, 2022 оны арваннэг, 2023 оны арванхоёрдугаар сард гээд нийт гурван удаа өөрийн комеди шоугаа зохион байгуулсан байна. Миний онгод наймдугаар сард буудаг юм, уг нь. Одоо есөн сар болох гээд байдаг, алга шүү. Цаг тулсан үед өдөр бүр дор хаяж 10 цаг зарцуулж, хошигнол бичих энүүхэнд.
-Сийрэг толгойтой, хошин мэдрэмжтэй хүмүүс л сайн комедиан болдог шиг ээ. Гэхдээ энэ бол хөгжүүлж болдог чадвар бус, өгөгдөл байх.
-Санал нэг байна. Бага байхад хүн надаас “Чамайг хэн гэдэг вэ” гэхэд байшин, гахай гэж хариулдаг байсан гэнэ лээ. Хошигнож байгаа нь тэр. Би инээд муутай. Хамгийн сүүлд 2023 оны арванхоёрдугаар сард тайзнаа гарсан гэсэн дээ. Тэр үед “Ocean’s 11” гээд казиногоос 150 сая ам.доллар дээрэмддэг Холливудын киног манайд болсон “Ногоон автобус”-ны гэх хэрэгтэй зүйрлэж хошигносон юм. 450 тэрбумаар ногоон автобус “хусчихсан”. Тэр байтугай “Би ер нь гишүүн болоогүй нь зөв болсон юм. Хууль баталдаг процессыг нь ойлгохгүй юм билээ. “Хууль зүйн байнгын хорооны саналыг татгалзахгүй, дэмжихгүй дээр санал хураая. 75-44 гишүүн оролцож, 18 нь дэмжиж, 26 нь байнгын хорооны саналыг дэмжсэнгүй” гэхэд би тэнд хуулиа баталчхав уу, яав гэх байсан байх. Тэнд надтайгаа адилхан “баагий” бас байгаа шүү дээ, кнопоо ойлгохгүй. Нэг кноп оноод дарсан чинь буруу санал өгчихсөн байх жишээтэй” гэх мэтээр хошигнож л байсан. Ирэх арваннэгдүгээр сарын шоунд M, Z үе гэсэн сэдвийг тал талаас нь “сэгсэрнэ” бодож байна. Хүүхэн найрахдаа, сэлфи хийхдээ ямар ялгаатай байдгаас л эхэлнэ.
Д.Хүслэн