Зураач, “Арт хувьсгал” цахим сувгийг үүсгэн байгуулагч Б.Энхчулуунтай ярилцлаа.
-Та ямар шалтгаанаар зураач мэргэжлийг сонгосон бэ?
-Зураач бол цаанаасаа төрдөг мэргэжил. Түүнээс биш дундаас нь сонгоод орчихдог зүйл биш. Би ухаан орсон цагаасаа зураг зурсан. Хэлд ороод л “Би зураач болно” гэсэн гэдэг. Тийм жаахан хүүхэд зураач гэдэг мэргэжлийг хаанаас ч сонссон юм бүү мэд. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ мэргэжил ямар агуу болохыг улам ихээр ойлгож байна. Бүхэл бүтэн улс, үндэстэн, хүн төрөлхтнийг соён гэгээрүүлэх хүчтэй гэдгийг мэдсэн, мэдэрсэн. Зүгээр л гэрийн хана чимж, хэн нэгнийг баясгах төдий зүйл биш болохыг ойлгосон доо.
Бага байхад ээж минь Зүүнхараагийн бараг ганц гэж хэлж болох мэргэжлийн зураачид хадаг, сүү барьж очоод намайг шавь оруулсан. Дараа нь Дүрслэх урлагийн сургуульд элссэн. Тэгтэл би гэдэг хүн ямар анги сонгохоо мэдэхгүй байлаа. Харин ээж “Миний хүү монгол зургийн ангид орчих. Монгол зургийг зөвхөн монгол хүн л зурж чадна. Харин уран зургийг дэлхий нийтээрээ л зурна” гэсэн. Одоо бодоход ээжийн минь зөв байсан.
-Авьяас өвлөгддөг гэдэг. Таны ээж болон өвөө уран бүтээлч гэж сонссон. Тэгэхээр та үе дамжсан уран бүтээлч байх нь.
-Ээжийг минь Д.Нина гэдэг. Тэрбээр мэргэжлийн урлагийн хүн биш. Номыг нь үзэж ногоотой шөлийг нь уугаагүй ч цаагуураа урлагт маш их хайртай. Намайг зураач болно гэхэд их дэмжсэн. Хэрэв ээж дэмжээгүй бол өдийд би “сүйрчихсэн” ч байх юм бил үү. Хэн мэдэх вэ дээ. Ээж минь намайг зураач болгох гэж их ч зүтгэсэн. Харин дараа нь би ээжийгээ эргээд зураач болгосон гэхэд болно. 60 гарсан хойноо хүүхэлдэй нэхээд суухаар нь жаахан л зөвлөгөө өгсөн. Генд нь байгаа тэр мэдрэмж хаа холдох вэ дээ. Миний ээж “Хүн сурахад хэзээ ч оройтдоггүй, бас эртэддэггүй” гэж хэлэх дуртай. Өдгөө хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэж байна. Саяхан “Нина-41” үзэсгэлэнгээ толилуулсан.
МОНГОЛ ЗУРАГ БОЛ ХЯЗГААРГҮЙ ОРОН ЗАЙД ТУЙЛАХ БОЛОМЖ ОЛГОДГООРОО ОНЦЛОГТОЙ
-Монгол зургийн бусдаас ялгарах онцлогийг та юу гэж хэлэх вэ?
-Монгол хүн тал нутаг шигээ сэтгэдэг юм билээ. Үүнийгээ дагаад уртын дуу нь хүртэл юунд ч хязгаарлагддаггүй. Энэ бол бидний сэтгэлгээний онцлог. Хүмүүс монгол зураг гэхээр морь, малаар төсөөлдөг. Гэтэл Б.Шаравын “Монголын нэг өдөр” хэмээх бүтээлийг сайтар ажиглаад нэг үзээрэй. Ганцхан хавтгайд хүн төрөхөөс үхэх хүртэлх бүхий л амьдралыг дүрсэлчихсэн байгаа. Хүний бүхий л амьдралыг ганцхан хавтгайд дүрсэлнэ гэдэг өнөөх тал нутагтай холбоотой. Монгол зургийн онцлог нь энэ. Ерөөсөө л сэтгэлгээг нь чөлөөлчихдөг. Хязгааргүй орон зайд туйлах боломж олгодгоороо онцлогтой.
-“Арт хувьсгал”-ийг яагаад эхлүүлэх болсон талаараа хуваалцахгүй юу?
-Мөн л өнөөх нийгмийн бузар булайтай холбоотой. Нийгмийн сүлжээнд нэг хүнийг хүндэрч дуусахыг хэдэн мянгаараа хүлээгээд сууж байхад нь үнэхээр бухимдсан. Үүнийг эсэргүүцэж коммент бичээд нэмэргүй, асуудлыг улам томруулаад байдгийг ойлгосон гэх юм уу. Тэгээд л гоё, “амттай”, гангста үгээр рийлс, нэвтрүүлэг хийхээр шийдэж, тэдэнтэй адилхан “зэвсэг”-ийг нь бариад тулалдаж эхэлсэн юм. Ингээд нийгмийг өөрчилнө, цэвэршүүлнэ гэсэн итгэл өвөртөлж урлагийн боловсрол олгох “Арт хувьсгал”-ыг эхлүүлсэн. Нэг жил орчим контент хийсний эцэст хүмүүс одоо л сонирхож байна. Ер нь миний хийж буй зүйлс үргэлж соён гэгээрүүлэх зорилготой байдаг. Угаас урлагийн зорилго тэр шүү дээ. Бид нийгмийн соён гэгээрүүлэх үүрэгтэй хүмүүс.
-Нөгөө талаас “Энэ бол миний ертөнц. Би хэн нэгнийг соён гэгээрүүлэх үүрэггүй” гэх хүн ч бий. Үүний тухайд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Зөвхөн миний ертөнц гэж бодож байвал үзэсгэлэн гаргах хэрэггүй. Өөрийн урландаа зөвхөн өөрт зориулсан бүтээлээ урла. Урлаг бол нийгэмд хандсан, хүмүүст зориулсан, тэдэнд тайлбарлах ёстой зүйл. “Энэ миний л ертөнц. Чи ойлговол ойлго” гэдэг бол тэнэг асуудал шүү дээ.
-Та “Өтний нүх” үзэсгэлэнгээ 2023 онд толилуулсан. Харин үргэлжлэл болох “Хар нүх” үзэсгэлэнгээ хэзээ олны хүртээл болгох уу?
-“Өтний нүх” бол миний долоон жилийн хугацаанд туурвисан бүтээлүүдээс бүрдсэн үзэсгэлэн. “Өтний нүх” гэхээр зарим нь “Ямар муухай нэр өгдөг юм” гэдэг. Харин нөгөө талд сонирхолтой гэх хүн ч бий. Сансар судлалын салбарт өтний нүх хэмээх онол байдаг. Өтний нүхийг хүн төрөлхтөн бүрэн судалж чадвал цаг хугацаа орон зайгаар аялах боломжтой. Үүний адил зураач хүний тархинд бас өтний нүх байна. Өөрөөр хэлбэл, миний ертөнцийн өтний нүхийг ил тавьж, харуулсан үзэсгэлэн юм. Эл үзэсгэлэнгийн хамгийн сүүлчийн бүтээл чиптэй хүүхэд төрөөд дуусдаг. Ерөнхийдөө хүн төрөлхтөн ийм ертөнц рүү нэгэнт “халтирчихсан”. Элон Маск хүртэл тархины саажилттай хүний биед чип суулгаад эхэллээ. Тэгэхээр хагас махан, хагас робот биетэй болох эхлэл тавигдаж байна гэсэн үг. Харин үүний үргэлжлэл буюу хоёрдугаар анги нь “Хар нүх” нэрээр гарах юм. Энэхүү үзэсгэлэнг хоёр жил зургаан сарын дараа толилуулна.
-Эдгээр бүтээлийн санаа хаанаас, хэрхэн урган гардаг нь их сонирхолтой санагдлаа.
-Би үргэлж бясалгадаг. Ер нь миний тархи барагтаа амардаггүй. Сүүлдээ бүр нойргүйдэлтэй, бас нурууны өвчтэй болдог юм байна. Үргэлж л өвчин намдаагч хэрэглэнэ. Гэхдээ тэгж байж л энэ бүхнийг амжуулж, хийж байна. Гэтэл хүмүүс их амархнаар төсөөлдөг юм. Зураачид бараг л юу ч хийхгүй байж мөнгө олдог гэж боддог. Тэгтэл цаанаа оюуны асар их ядаргаанд орчихсон байдаг. Харин санаа бол хэзээ ч хаанаас ч урган гарч болно. Алхаж явахад, зүгээр л сууж байхад гээд л янз бүр. Гэхдээ ихэнхдээ алхаж явахад санаа орж ирж, зургийнхаа зангилааг олдог.
-Ер нь уран бүтээлч байхын аз жаргалтай болоод хүндрэлтэй тал нь юу вэ?
-Эрт үеэсээ баячууд, язгууртнууд ихэвчлэн зураг зурдаг байж. Бараг баячуудын урлаг гэмээр. Эсвэл хаад, ноёдын ивээл дор бүтээлээ туурвидаг байсан. Харин орчин үед хүн бүр зурах боломжтой.
Тосон зургийг зузаан тавихаар илүү сайхан харагддаг. Тэгтэл нэг олгой будаг гэхэд 100 мянган төгрөгийн үнэтэй. Тиймээс би будгаа хайрлаад их нимгэн зурдаг юм. Гэхдээ тэглээ гээд илэрхийлэхийг хүссэн үзэл санаа минь өөрчлөгдөхгүй. Зузаан, нимгэн тавилаа гээд философио алдахгүй л дээ.
Ер нь зураач хүн орлого олохоосоо зарлага нь ихтэй. Заримдаа надад бараг бурхан тусалдаг байх гэж боддог юм. Уг нь би контент хийх, зураг зурах гээд олон ажилтай боловч тэр бүр мөнгө олдоггүй. Гэхдээ л амьдраад болоод байдаг. Тиймээс бурхны тушаалаар энд зураг зурахаар иржээ гэж боддог юм.
-Тосон будгаар зурахын давуу тал нь юу бол?
-Хүн үзэл бодлоо юугаар ч илэрхийлж болно. Миний хувьд тосон зурагт илүү сонирхолтой. Тосон зураг үнэхээр гайхалтай гялалзаж харагддаг. Харахад хатаагүй юм шиг хэрнээ хүрэхээр хатчихсан байдаг. Мөн шатаагаад, эсвэл урчихгүй бол он цагийн уртад элэгдэж, хуучрахгүй.
Би анх ашигладаг байсан будгаараа өчигдөрхөн зурсан чинь их бүрсгэр харагдаж байна лээ. Тэгэхээр үнэ дагаад чанар гэдэг нь энэ байх. Миний бүтээл надаас урт настай учир хамгийн чанартай будгаар зурах хэрэгтэй. Тэгж байж он цагийн уртад элэгдэж хуучрахгүй, дараа дараагийн хүмүүст үлдэнэ.
-Нэг бүтээл урлахад хэр хугацаа шаарддаг вэ?
-Харилцан адилгүй. Би өөрийгөө хурдан гартай гэж боддог. Гэхдээ энэ бол байгалийн өгөгдөл бус, олон жилийн хөдөлмөрийн үр дүн. Өдөр, шөнөгүй тасралтгүй ажиллачихаар алдах нь багасчихдаг юм билээ. Бас ноорог буюу эскиз зураг сайн зурдаг. Эскиз сайн зурвал том зураг руу орохдоо алдах нь бага. Тэгэхээр цаг хугацаа их хэмнэнэ. Өмнө нь сэтгэл хөдлөлөөрөө худлаа мастердах гээд ноороглохгүй шууд том зураг зурах үе байсан. Гэхдээ их алддаг юм билээ. Хоёр сарын турш өдөр шөнөгүй зурсан зургаа нэг шөнө бүгдийг нь арилгах үе ч бий. Хоёр сарын хөдөлмөр гэдэг бас чанга шүү дээ.
-Уран бүтээлч хүмүүст барьж авч “тоглодог” өнгө гэж байдаг гэдэг. Таны бүтээлүүдээс харахад улаан өнгө голчлон ашигладаг юм шиг санагдсан.
-Өмнө нь номин ногоон өнгө ашигладаг байсан. Сүүлийн үед харин улаараад байх шиг (инээв). Гэхдээ улаарсан хэрнээ номин ногоон өнгө бага ч гэсэн байсаар л. Нэг тийм үечлэл байдаг юм шиг. Пекасогийн ертөнцөд ч цэнхэр, ягаан гэхчлэн үечлэлүүд байсантай адил. Тэгэхээр энэ нь цаг хугацааны эрхэнд өөрөө л өөрчлөгддөг байх. Түүнээс биш хүчээр өөрчлөх боломжгүй.
ЗУРААЧДЫН ТАРХИН ДОТОРХ БАЯЛАГ БОЛ МӨНХИЙН УУРХАЙ ГЭСЭН ҮГ
-Зургаа худалдах үеийн мэдрэмж ямар байдаг вэ. Хүүхдээ өгч явуулж буй мэт харамлах сэтгэл төрдөг болов уу?
-Уран зургийг гадаадууд их авдаг. Үнэндээ боломжтой бол зургаа зарахыг хүсдэггүй. Гэхдээ мэдээж амьдрахын тулд худалдахаас өөр аргагүй л дээ.
Газар доорх баялаг буюу уул уурхай бол шавхагддаг, дуусдаг баялаг. Гэтэл бидний тархин дотроос урган гарч буй энэ баялгийг дахиад л гадагш урсгана гэдэг хайран. Хэрэв улс маань бидний тархин дахь уурхайг ухаж, орчин үеийн үнэхээр сайхан контемпорари галерей бариад өгвөл үеийн үед үлдэх том хөрөнгө оруулалт тэр болно. Энэ баялаг бол хэзээ ч дуусахгүй, мөнхийн уурхай гэсэн үг.
Жишээлбэл, Луврын музей үргэлжид дүүрэн хүнтэй байдаг. Хүмүүс үзмэрүүдийг үзэхээр өдрийн 30 еврогийн такс төлдөг шүү дээ. Тэгэхээр орчин нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл тэдгээр танхимыг гайхалтай уран бүтээлүүдээр дүүргэх хэмжээний чадвартай, чансаатай уран бүтээлч Монголд олон бий.
-Та найзуудынхаа хамтаар “Нойлоос эхэлье” хэмээх төслийг хэрэгжүүлсэн шүү дээ. Энэхүү төслийнхөө талаар мэдээлэл өгөхгүй юү?
-“Нойлоос эхэлье” бол бүх зүйл тэгээс эхэлдэг л гэсэн санаа. Бид нар шууд л метротой болъё гэдэг. Гэтэл энэ бол сая дугаар асуудал. Харин бид хотын гудамжинд нус, цэрээ хаячихдаг хүнд “Та муухай харагдаж байна. Хотоо хайрлаач. Таны хаясан нус, цэр салхиар дамжиж, бидний үр хүүхдийн ам, хамар руу орж, ханиад томуу, элдэв халдварт өвчин үүсгэдэг” гэдгийг хэлэхээс эхэлнэ. Бид бие биедээ шаардлага тавьдаг байх хэрэгтэй. “Нойлоос эхэлье” төсөл бол модон жорлонг халах чэллэнж юм. Аадар бороо ганцхан цаг орлоо, нийслэл хот үерт автдаг. Тэгээд л гэр хорооллын айлуудын модон жорлонгийн бохирдол урсана. Тиймээс “Нойлоос эхэлье” төслийг найзуудынхаа хамтаар эхлүүлсэн. Ингэхдээ манай “Арт хувьсгал” ийм төсөл хэрэгжүүлэх гэж байна. Хэдүүлээ ямар сэдэв авах вэ гэсэн чинь манайхан эротик сэдэв санал болгосон юм.
Эротик гэдэг бол урлаг. Эротик арт гэдэг тусдаа төрөл бий. Гадаадын оронд эротик артаар дагнасан галерей хүртэл байна. Тиймээс хүний хамгийн ихээр нандигнаж, хайраа илэрхийлдэг энэ зүйлээр нь “тоглолт” хийе гэж бодсон. Ингээд урлангийнхаа ариун цэврийн өрөөнөөс эхэллээ. Гэхдээ энэ төсөл маш хэцүү байсан. Мөнгө санхүүгийн асуудал дээр очоод нам зогсчихсон. Орох оронгүй байж өөрөөсөө найман сая төгрөг гаргаад, төслөө эхлүүлсэн. Ингэж энд тэндээс босгосоор төслөө дуусгалаа. Тэгтэл яг энэ мөчид хүн бүр шүлсээ үсчүүлж эхэлсэн дээ. “Энэ нь ч ийм, тэр ч тийм. Нойл л бол нойл. Заавал гоё ганган байх хэрэггүй” гэх мэтээр шүүмжилсэн. Харин одооноос л хүмүүс ойлгож байх шиг. Зураачдын урланд гадаадаас зочид, төлөөлөгч ирвэл бид хамгийн түрүүнд ариун цэврийн өрөөгөө үзүүлдэг болсон. Ер нь аливаа байгууллагын соёлыг ариун цэврийн өрөөнөөс нь харж болно. Бас манай ариун цэврийн өрөөнд долоо хоног бүр үзэсгэлэн дэлгэдгээрээ онцлогтой.
Уг нь энэ төсөл цаашдаа чэллэнж хэлбэрээр үргэлжлэх ёстой байсан. Бидний хэсэг нөхөд энэ ариун цэврийн өрөөг ингэж заслаа. Одоо та бүхэн ариун цэврийн өрөөгөө засаарай гээд нэгнээ уриалан дуудах байсан. Харамсалтай нь, нэрээ дуудуулсан хүмүүс хийгээгүй. Ер нь бид эхлээд тархиныхаа усыг татдаг байх хэрэгтэй л гэж хэлэхийг хүссэн юм.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?
-“Арт хувьсгал”-ынхаа санааг их бодож хонодог юм. Автобусаар явбал контентынхоо текстийг бичнэ. Хоолойг нь уншина. Монтажаа хийж, цацчихаад л дугуйгаа унаад, урлан луугаа жийнэ дээ. Ингээд кофегоо сайхан чанаж аваад л хөгжмөө тавиад л өнөөх хар нүхнийхээ ертөнц рүү өөрөө шумбаад орно доо. Зургаа зурж байхдаа хорвоо ертөнцийн тухай бясалгана. Өнгөрсөн амьдралын алдаа, оноо бүхнээ бодоод л зурах чинь яг үнэндээ жаргал.
Би урландаа ирж, очихын тулд 20 км замыг өдөр бүр дугуйгаар туулдаг. Нартай, бороотой, салхи, шуургатай байх, эсэх нь хамаагүй. Урландаа ирж, зургаа зурах нь л чухал. Зүгээр л дугуйгаа унаад, нар жаргахыг харж, салхийг мэдрэх бол аз жаргал.
У.Цэцэг