БНСУ-ын алдарт ЕХО хамтлагийн дуучин Чэн Монголд ирж, “K vibe” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа энэ сарын 6-нд толилуулах нь. Тэрбээр энэ үеэр к-поп сонсогчдын дунд төдийгүй дэлхий дахинд хит болсон “Everytime”, “Beautiful goodbye” зэрэг бүтээлээрээ монгол фэнүүдтэйгээ мэндчилэх аж. Хүчирхэг хэрнээ уянга¬лаг хоолойгоороо к-поп ертөнцөд олны талархлыг хүлээсэн уран бүтээлч бол яах аргагүй EXO хамтлагийн дуучин Чэн буюу Ким Жон Дэ юм. Чэний тухай зарим сонирхолтой мэдээллийг хүргэе.
ЕХО ХАМТЛАГИЙН “ЗҮРХ”
Тэрбээр БНСУ-ын Дэчён хотноо 1992 оны есдүгээр сарын 21-нд төрсөн бөгөөд түүний урлагийн замнал бусад к-поп айдолуудтай харьцуулахад өвөрмөц гэж хэлж болно. Учир нь Чэн багаасаа л хөгжмийн мэдрэмж сайтай байсан ч урлагт хөл тавьсан үе нь бусадтай харьцуулахад хожуу. Тэрбээр “SM” энтертаймэнтад 2011 онд 19 настайдаа бэлтгэгдэгчээр орж, ердөө дөрөвхөн сарын дараа EXO хамтлагийн гишүүнээр сонгогдсон байдаг. Үүнээс тус энтертаймэнтийнхан түүний авьяас чадварыг хэр өндрөөр үнэлснийг харж болох юм. ЕХО бол олон төрлийн авьяаслаг гишүүдээс бүрдсэн хамтлаг. Гэвч Чэний хоолойны цар хүрээ болоод дотоод мэдрэмж нь эл хамтлагийн “зүрх” болсон гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч тэрбээр өдгөө зөвхөн ЕХО хамтлагийн фэнүүдийн хайртай дуучин төдийгүй бие даасан уран бүтээлүүдээрээ олон сая хүний сонорыг мялааж, зүрх сэтгэлийг нь догдлуулж буй биз. Түүний шүтэн бишрэгчид “Чэн зүгээр нэг дуучин биш. Түүний хоолой сэтгэлд хоногшсон аялгууг бүтээж, сонсогчдыг өөрийнхөө ертөнц рүү уруу татах шидтэй” гэх аж. Тийм ч учраас түүнийг “дууны бурхан” хэмээн нэрлэдэг юм байна. Мөн тэрбээр зөвхөн дуулах бус, үг, ая зохиох авьяастай. Тухайлбал, ЕХО хамтлагийн “Ko ko bop”, “Growl” зэрэг хит дууг зохиожээ.

КИНОНЫ ДУУГ “ХАШРААГЧ”
Түүний карьерыг зөвхөн EXO-гийн гишүүнээр хязгаарлах боломжгүй. Учир нь Чэн “April, and a flower” хэмээх анхны мини альбомоо 2019 онд гаргаж, гайхалтай амжилт үзүүлсэн. Түүний “Beautiful goodbye”, “Shall we”, “Last scene” зэрэг дуу нь соло карьерынх нь чухал хэсэг болжээ. Мөн тэрбээр киноны дууг амилуулахдаа гаргууд нэгэн. Тухайлбал, БНСУ төдийгүй дэлхийн олон улсын хамгийн алдартай киногоор шалгарсан “Нарны үр сад”-ын “Everytime” хэмээх дууг олны хүртээл болгосон бөгөөд юүтүбт 285 сая хандалт авчээ. Бас “It’s okey that’s love” киноны “Best luck” юүтүбт 80 сая хандалттай. Түүний бусдаас ялгарах чадвар бол сонсогчдынхоо чихэнд бус, зүрхэнд хүргэж дуулах чадвар нь юм.
ХОЁР ХҮҮХДИЙН ААВ, УЯНГАЛАГ ХООЛОЙН ЭЗЭН
Чэн нууцаар гэрлэж, аав болсноо 2020 онд зарласан нь к-поп ертөнцөд томоохон шуугиан тарьсан юм. Зарим фэн нь түүний ху¬вийн амьдралыг хүндэтгэж, хүлээн зөвшөөрч байв. Гэвч гэнэтийн энэ мэдээ уг нь баярт үйл явдал ч EXO хамтлагийн фенүүдэд таалагдаагүй гэдэг. Эл хамтлагийн томоохон фэн клуб болох “EXO-L ace”- ийн гишүүд “SM” энтертаймэн¬тийнхнаас Чэнийг хамтлагаас нь хөөхийг ч шаардсан байдаг. Тэд “Чэн шүтэн бишрэгчдээ гомдоосон. Тэрбээр гэнэт л мэдээлэл хийж, хамтлагаа хагаралдууллаа. EXO хамтлагийн есөн жилийн хөдөлмөрийг үр дүнгүй болгож байна” хэмээн шуугьж байв.

“MAMA” ХӨГЖМИЙН НААДМААС ХАМГИЙН ОЛОН ШАГНАЛ АВЧ, ГИННЕСИЙН НОМД БИЧИГДСЭН ХАМТЛАГ
EXO нь БНСУ-ын хамгийн том энтертаймэнтуудын нэг болох “SM”-д харьяалагддаг, нийт есөн гишүүнтэй хамтлаг юм. EXO хэмээх нэр нь Exoplanet гэдэг нарны аймгийн нэгэн гаргаас үүдэлтэй бөгөөд тэд эхэндээ БНСУ болон БНХАУ-ын уран бүтээлчид холилдсон нийт 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан юм. Өөрөөр хэлбэл, EXO-K, EXO-M гэх хоёр дэд хамтлагт хуваагдаж К нь БНСУ, М нь БНХАУ-ын зах зээлд анхааран ажиллаж, бүх уран бүтээлээ хоёр хэлээр туурвих төлөвлөгөөтэй байв. Гэвч Крис, Лухан, Тао нар ээлж дараалан гарснаар хамтлагийн бүрэлдэхүүнд 2014 онд өөрчлөлт оруулжээ. Улмаар EXO хамтлаг 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн есөн гишүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн байдаг. Тэдний анхны дебют цомог болох “Mama” нь 2012 оны дөрөвдүгээр сарын 8-нд олны хүртээл болж, тухайн үедээ “Billboard world albums” чартын наймдугаарт эрэмбэлэгдэж байж. Ингэснээр хоёр улсын хөгжмийн зах зээлд тэд өөрсдийн байр суурийг тодоор тамгалсан юм. Энэ нь тэдний хувьд дөнгөж эхлэл байсан бөгөөд төдийгөөс өдий хүртэл хэдэн зуун шагнал хүртсэн байна. Мөн “Mama” хөгжмийн наадмаас хамгийн олон шагнал авч, Гиннесийн номд бичигдсэн гээд олон улсын хэмжээнд маш өндөр амжилттай яваа хамтлаг аж. Тэд одоогоор дэлхийн хэмжээний долоон тоглолт хийж, 16 цомог гаргаад буй юм.
У.Цэцэгсүрэн