Дэлхийн боксын холбооноос анх удаа Британийн Ливерпүүл хотод 10 хоног зохион байгуулсан (есдүгээр сарын 4-14) боксын ДАШТ-д үндэсний шигшээ багийнхнаас ОБЕГ-ын харьяа “Аврагч” спортын хороо, 120 дугаар ангийн тамирчин, ахлагч Л.Алтанцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монголын багийн шагналын салхийг хагалж, хүрэл медалийн эзэн болсон билээ. Медалийн төлөөх тоглолтод жингийнхээ хүчтэй өрсөлдөгч болох Японы тамирчин Хикару Шинохараг буулган авсан түүний тулаан үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, суудлаас нь хэдэнтээ өндөлзүүлсэн. Эх орондоо медальтай ирэх, эсэхийг шийдвэрлэх тэр тулааныг боксын хорхойтнууд амьсгаа даран үзэж, догдолж суусан гэдэгт эргэлзэхгүй байна. Дэлхийн тулааны дэвжээнд монгол тамирчин хоёронтоо цахиур хагалж, гал гарсан сонирхолтой тоглолтуудыг харуулна гэж өрсөлдөгчид нь төсөөлөөгүй биз ээ. Түүнд алтын дайтай мөнгө, хүрэл медаль амархан ирээгүй. Омогшиж баярласан олны итгэл найдвар, амжилтынхаа төлөө саад бэрхшээлүүдийг бие, сэтгэлийн хатаар даван туулсан зориг, зорилготой нь хамт ирсэн хамгийн үнэ цэнтэй шагнал байв.
-Та Энэтхэгээс 2023 онд мөнгөн медальтай ирсэн. Энэ удаа Ливерпүүл хотын дэвжээнд ялалт байгуулж, дэлхийн хошой медальтнаар тодорсон Монголын боксын анхны эмэгтэй тамирчин боллоо.
-Намайг “Өнөөдөр” сониныхоо зочноор урьж, уншигчидтайгаа дахин уулзуулж байгаад баярлалаа. Би хоёр ч ДАШТ-ээс 48 кг-ын жинд мөнгө, хүрэл медальтай ирсэндээ сэтгэл өндөр байна. Үнэнийг өгүүлэхэд, Ливерпүүл хотыг зорихын өмнө бага зэрэг эмээж байсан ч медалийнхаа өнгийг хувиргаж, алт болгох зорилго тавьсан. Тэнд өмнөх тэмцээнд оролцсон олимпын наадмын медальтнууд эхний гараанд хожигдохыг хараад “Би яагаад ДАШТ-ээс дахиад медаль авч чадахгүй гэж. Надад амжилт гаргах боломж бий” гэж өөрийгөө зоригжуулж байлаа. Эхний тоглолтод 2021 онд ДАШТ-ээс медаль гардсан Туркийн тамирчинтай таарав. Бид өмнө нь финалдсан юм. Түүнтэй зайнаас тулалдах тактик боловсруулж гарсан нь миний хувьд ялах хамгийн зөв төлөвлөгөө байсан.
-Хүрэл медалийн төлөөх тулаан монголчуудыг огшоосон. Шагналтай буцах, эсэхийг тань шийдэх чухал тоглолт байсан болохоор хүн бүр амьсгаа дарж, “захыг” тань мушгиж суусан даа.
-Европод өнгөрсөн жил болсон “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд оролцохдоо 51 кгын жинд Японы тамирчинтай медалийн төлөө тоглож ялагдсан болохоор энэ удаа даагаа нэхэж заавал ялахыг хичээсэн. Өмнөх хожигдол минь нүдэнд харагдахад 48 кг бол миний жин. “Би жиндээ аваргална” гэж өөртөө итгэлтэй хэлээд рингэнд гарсан. Энэ удаа би ялагдлаа ялалт болгосон. Хамгийн хүчтэй өрсөлдөгчөө 5:0-ээр буулган авч, тэмцээнээ үргэлжлүүлсэн. Түүнтэй өмнө нь таарахдаа бэлтгэл тааруу, довтолж тоглосон минь хамгийн буруу тактик байв. Тамирчин хүн ямар ч тэмцээнд бэлтгэл муу оролцвол байр сууриа баттай хамгаалж чадахгүй. Надад жилийн өмнөөс ийм бодол төрсөн болохоор нэр хүнд, байр сууриа алдахгүйг хичээсэн. Тиймдээ ч анхны тулаанаас эхлээд ялж болох бүх боломжийг хайсан. Эхний үед (раунд) ялахгүй бол дараагийн тулаанд нөлөөлөх тул сайтар тооцоолж төлөвлөсөн. Зүүн гарын ажиллагааг сайжруулж, түүн рүү довтлох бус, өөр рүүгээ урих маягаар тоглосон юм. Миний хувьд нэг оноо ч алдах боломж олгохгүй тоглох л чухал байв. Өөрийнхөө давуу талыг ашиглах тусам өрсөлдөгчийн маань тоглолт гарахгүй улам чангарч, дэвжээний дөрвөн буланд шахаж зодох гээд байлаа. Өмнө нь намайг яг ингэж ялж байсныг нь мэддэг болохоор арагш ухран, өөрийнх нь тактикийг өөрт нь гаргаж тоглоод хожсон доо.
-Багш нар тань маш сайн зөвлөж бай¬гаа харагдсан. Өөрийнхөөрөө тоглож, учраануудаа хожих нь таны тактикийн гол нууц байв уу?
-Багш нар минь “Зүүн гар, хөлийн ажиллагаандаа анхаарал хандуулаарай. Хэнтэй ч таарсан өөрийнхөө л тогло” гэж зөвлөсөн. Хикару Шинохараг хожоод дэвжээнээс буухад тэд “Чи өмнө нь түүнд хожигдсон бол одоо хожлоо шүү дээ” гэж урам өгсөн. Энэ жин бол минийх гэсэн итгэл найдвар минь намайг ялалтад хөтөлсөн гэж боддог. Түүнийг ялах, эсэхээс миний медаль хүртэх шалтгаалах байсан болохоор маш их хичээсэн. Тулааны өмнөх орой би юу ч бодохгүй маш тайван байлаа. Сэтгэлээ хямраалгүй унтаж, амарсан тул өглөө эрч хүчтэй боссон. Тэр үед нүдэнд минь гал л дүрэлзээд байв. Жингээ үзүүлчихээд багшдаа “Би өнөөдөр хэнтэй ч таарсан хожно” гэж хэллээ. Өрөөндөө ортол дүү нар “Та Японы тамирчинтай тулалдах нь ээ” гэхэд нь “Тэгнэ. Би түүнд өмнө нь ялагдсан байж болно. Харин энэ удаа бол ялна. Эгч нь түүнийг хожчихоод гараад ирье” гэсэн. Намайг тулалдахын өмнө ОБЕГ-ын харьяа “Аврагч” спорт хорооны дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр багш “Түүний тулалддаг техник тийм юм байна. Ингэж тоглоорой” гээд тактик боловсруулснаа чатаар явууллаа. Тэгэхээр нь “Багш аа ойлголоо. Би тантай эргээд холбогдохдоо дэлхийн медалиар бэлэг барья. Надад танд үүнээс өөр бэлэг барих зүйл алга” гэж хэлсэн. Би хэлсэн үг, амласан амлалтдаа эзэн болсон. Хүн дараа нь яах бол гэж хэлсэн зүйлдээ санаа зовнидог шүү дээ. Надад тийм бодол огт төрөөгүй. Тэр үед зорилго, хүч хоёр л хөглөж зоригтой болгосон.
-Та хоёр ДАШТ-д бусдыг нь ялсан хэрнээ Энэтхэгийн тамирчдыг л барсангүй.
-Алтан медалийн төлөө тулалдсан Энэтхэгийн тамирчин Назым Кызайбай Минакшиг өмнө нь харж байгаагүй. Бид нэгнийхээ тоглох арга барилыг мэдэхгүй тул хэн хэндээ шинэ танил байлаа. Надаас өндөр, биерхүү түүний тулааны арга, эвийг олох эхэндээ амаргүй санагдсан. Гараа шиддэг түүний цохилтыг тийм хүчтэй байна гэж огт тооцоолоогүй. Би хожиж, хожигдох нь хамаагүй, тоглолтын цаг дуустал эцсээ хүртэл үзэлцье гэж бодсон. Хэдийгээр санасандаа хүртэл тоглоогүй ч өөрт байгаа бүх зүйлээ гаргаж, маш хянуур тоглосон. Тэрбээр олон давталттай тоглодог арга барилтай юм билээ. Би өмнөх ДАШТ-д Энэтхэгийн Ниту Нитуад ялагдсан юм. Улс бүр ДАШТ-д шилдэг тамирчнаа илгээдэг. Энэтхэгийн тамирчдын ур чадвар өмнөх тэмцээнээс илүү сайжирсныг аваргын төлөө тулалдахдаа мэдэрлээ.
-Тоглолт бүрийн өмнө өөрийгөө тусгаарлаж, хэнтэй ч холбогддоггүй байсан гэж сонслоо. Ойр дотныхоо хүмүүстэй ярилцахгүй байх танд хэцүү санагдаагүй юү?
-Би тэмцээний үед ямар ч хүнтэй ярилцдаггүй. Тоглолт өндөрлөтөл зөвхөн тулаандаа анхаарал хандуулж, өөрийгөө олноос тусгаарладаг. Зорьж оролцсон тэмцээнээсээ медальгүй буцах эрх надад байгаагүй. Хүрэл медальтай ирсний дараахан “Аврагч” спорт хорооны удирдлага, хамт олон сайхан хүлээж авсан. Миний хувьд 2019 оноос өнөөг хүртэл тус байгууллагаар овоглож, олон тэмцээнд оролцлоо. ДАШТ-д зургаа дахь удаагаа өрсөлдөж, хоёроос нь медаль хүртсэн. Ойрын үед зорьж буй гол зүйл минь АНУ-д болох “ЛосАнжелес-2028” зуны олимпын наадам. Үүнээс хойших тэмцээнүүдэд 48 кг-ын жинд оролцохгүй. Дүү нартаа зайгаа тавьж өгч, олимпын жин болох 51 кг-д тоглоно. Азийн наадам, олимпын тэмцээний медаль надад байхгүй. Боксын дэвжээнд дутуу медалиудаа заавал гүйцээнэ.
-ДАШТ-д оролцохоор жин хасаж байна гэж дуулдсан. Бэлтгэлээ ядрахгүй хэрхэн хийв?
-Бэртэлтэй байсан тул бэлтгэл хийлгүй хэдэн сар гам барьсан. 48 кг-д тоглодог би 56 кг болтлоо жин нэмсэн байв. Жингээ аажим аажмаар зөв хассан. Булчингийн масс, шингэнээ алдахгүй байхад их анхаарсан. Тэмцээн тулгаж, огцом хассан бол надаас хүрэл медаль хүртэх хэмжээний тоглолт гарахгүй. Бэлтгэл сургуулилалт хийхийн хажуугаар жин хасахад маш их ядардаг. Сүүлдээ шантарсан. Гэсэн ч амархан бууж өгөхийг хүсээгүй. Нэг өдөр ”Би яагаад өөртөө дийлдээд байна вэ. Чи чадна шүү дээ” гэж өөртөө хэлээд боссон. Амжилт гаргах бодсоноос ч амаргүй. Тэмцэж, зорьж, тэмүүлж байж медалиас атгадаг юм шүү дээ. Шигшээ багийнхан энэ жил гадаадын дөрвөн том тэмцээнд дараалж оролцоход би бэртлийн улмаас өнжсөн. ДАШТ-ий мэдээлэл ирсний дараа 48 кг-ын жинд оролцох тухайгаа хэлэхэд дасгалжуулагчид “Чи бэртэлтэй байсан учраас бэлтгэл олон сар хийгээгүй. Ойрын хугацаанд ч тэмцээнд оролцоогүй шүү дээ” гэхэд нь “Уучлаарай, 48 кг-д заавал оролцоно. ДАШТ эхлэхэд сарын хугацаа байна. Надад Ливерпүүлийн дэвжээнээс медаль хүртэх мэдрэмж төрөөд байна” гэж хэлсэн өдрөөс бэлтгэлээ шаргуу эхлүүлсэн. Дасгалжуулагч, сэтгэлзүйч, хоолзүйч, массажист, эмч гээд бүгдтэй нь зөвлөлдөж ярилцсан. Сахилга бат ч сайн сахисан. Сахилга бат сахихыг бэлтгэлээ таслахгүй хийхийг хэлдэггүй юм. Өөрийгөө ялж удирдах, эргэн тойрныхоо хүмүүстэй харилцах хандлага, саадыг даваад туулах сэтгэлийн хаттай байх гээд бүх зүйлд нэг хүн шиг болохыг хэлдэг. Хүнд санагдсан бүхний ард гарч өөрөөрөө бахархах итгэлтэй болно гэдэг хамгийн том бэлэг юм билээ.
-Ливерпүүл хотод хөл тавиад л цаг агаар, орчин нөхцөлд нь хурдан дассан уу?
-Халуун орны бүгчим цаг агаарт дасан зохицох надад хэцүү байдаг. Тэгвэл Ливерпүүлд буусны маргаашнаас уур амьсгал, орчин нөхцөлд нь хурдан дассан. Цаг агаар нь яг Монголын хавар шиг. Жин хассан хүн цагийн зөрүүнд ядардаг бол харин би эсрэгээрээ эрч хүчтэй, цоглог байлаа. ДАШТ-д оролцдог зарим орны тамирчид ирээгүй. Францын эмэгтэй тамирчдыг шинжилгээ өгөөгүй тул багаар нь хассан. Өмнөх тэмцээнд өрсөлдсөн учраануудаас Казахстаны дэлхийн аварга жиндээ тоглосон. Түүнээс бусад нь шинэ өрсөлдөгч. Ливерпүүлийн дэвжээнд хүрэл медаль хүртчихээд хамгийн түрүүнд Б.Эрдэнэбаяр багштайгаа холбогдоход “Миний шавь мундаг байна. Багшдаа сайхан бэлэг барилаа. Баярлалаа” гэсэн. Багш минь намайг ОБЕГ-ын харьяа, “Аврагч” биеийн тамир, спорт хороонд тамирчнаар оруулж, өөрөө удирдан бэлтгэл сургуулилалт хийлгэсэн нь амжилт гаргахад их нөлөөлсөн. Миний талархаж явдаг хүмүүсийн нэг бол яах арга багш минь. Харин боксын эрдмээс заасан Ё.Төмөрбатаа багшийгаа ДАШТ-ээс алтан медаль хүртэж баярлуулна гэж боддог. Тамирчин хүн спортын талбараас гурван өнгийн медаль гарддаг. Үүний хоёр нь бий.
-Эх орондоо хүрэл медальтай ирэхэд аав, ээж тань Дорнод аймгаас ирж угтсан байх.
-Тийм ээ. Аав, ээжийгаа баярлаж угтахыг харах сайхан байлаа. Надад гэрийнхэнтэйгээ хамт байх цаг зав ховор гардаг. Ээжийнхээ гарын хоолыг тэмцээний үед их үгүйлсэн. Тэднийхээ ачийг хариулж чаддаггүй юм гэхэд сэтгэлийг нь чилээхгүй зөв явах сан гэж хичээдэг. Эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлээд өдий зэрэгт хүргэсэн аав, ээждээ их баярладаг.
-Боксын ДАШТ-ий шүүлт булхайтай гэж хүмүүс их ярьдаг. Энэ удаагийнх хэр шударга болов?
-Монголын боксын холбоо Дэлхийн боксын холбоонд нэгдээд багагүй хугацааг үдлээ. Миний хувьд нэгдсэний дараа оролцож буй хамгийн том тэмцээн нь ДАШТ байлаа. Өмнөх болон энэ удаагийн тэмцээний шүүлт шударга болсон. Надтай тулалдсан тамирчид улсаа төлөөлж ирсэн шилдгүүд байлаа. Тэднээс Турк, Японы тамирчин гал гарсан тулаан өрнүүлсэн. Тун эвгүй, өвөрмөц тоглолттой тэднийг ялах надад амар байгаагүй. Тамирчин хүн өрсөлдөгчийнхөө давуу талаас байнга суралцдаг. Миний хувьд хүч, хөлийн ажиллагаагаа сайжруулах хэрэгтэйг ойлгосон. Энэхтэг улсад боксын томоохон тэмцээн арваннэгдүгээр сард болно. Тэр тэмцээнд байр эзэлсэн тамирчдад оноо олгох юм билээ. Миний хувьд 51 кг-д өрсөлдөх анхны тэмцээн байх болов уу. Тиймээс таарах магадлалтай тамирчдыг судалж эхэлсэн.
Энэ ташрамд, Дорнод аймгийн болон Монголын боксын холбооны үе үеийн удирдлагуудын дэмжлэг тамирчдаа амжилт гаргахад их нөлөөлсөн. Намайг энэ спорттой нөхөрлөхөд бүхний эхнээс нь зааж, зөвлөсөн “Талын бүргэд” клубийн дасгалжуулагч Т.Эрдэнэбаяр, Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа (зөвлөх дасгалжуулагч), ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, бригадын генерал М. ЭнхАмар, “Аврагч” спортын хороо, 120 дугаар ангийн дарга, дэд хурандаа П.Бүрэнтөгс, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин, гадаад мэргэжилтэн Рубин Пинеро Санчез нарт талархал илэрхийлье. Мөн Монголын боксын холбооны ерөнхийлөгч М.Баянмөнх, нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Энэтхэг улсад 2023 онд болсон боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс мөнгөн медальтай ирэхэд хоёр өрөө байр бэлэглэж, урам хайрласан тухайн үеийн холбооны ерөнхийлөгч асан Х.Нямбаатарт, намайг өдийг хүртэл өсгөж хүмүүжүүлсэн аав, ээж, мөн багийн хамт олон, найз нөхдөдөө чин сэтгэлээсээ баярласнаа уламжилъя.