Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч З.Мөнх-Оргилтой ярилцлаа. Тус байгууллагаас хөгжиж буй Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг шинжилсэн “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн тайлангаа есдүгээр сард шинэчлэн танилцуулдаг билээ. Үүнээс Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг онцлон ярилцсанаа хүргэе.
-Азийн хөгжлийн банк (АХБ) Монгол Улсын эдийн засаг 2025-2026 онд 5.7 хувиар өснө гэж төсөөлсөн. Энэ тооцоололд уул уурхай, зэсийн баяжмалын үйлдвэрлэл, хө¬дөө аж ахуйн сэргэлт түлхэц үзүүлж буй. Гэхдээ эдгээр нь урт хугацааны тогтвортой өсөлтийг хангаж чадах уу?
-Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн 2025-2026 оны төлөвийг АХБ-наас 5.7 хувь болгон бууруулж, шинэчлэн танилцуулж байгаа. Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл өмнөх дөрөвдүгээр сарын хүлээлтээс ийнхүү буурахад хоёр хүчин зүйл голлон нөлөөлсөн. Нэг талаас түүхий эдийн, ялангуяа нүүрсний зах зээлийн төлөв байдалтай холбоотойгоор уул уурхайн салбарын өсөлт буурч байгаа бол нөгөөтээгүүр, төсвийн зарцуулалт танагдсанаар хэрэглээ, төсвийн хөрөнгө оруулалт өмнөх хүлээлтээс буурч байна.
Харин хөдөө аж ахуйн салбар зудын хохирлоос үүдэлтэй уналтаас сэргэж, Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэл хурдацтай нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтөд түлхэц үзүүлж буй. Манай улсын эдийн засгийн гол салбар болох уул уурхай, хөдөө аж ахуй нь байгаль, цаг уур болон түүхий эдийн үнээс шалтгаалан хэлбэлздэг сул талтай. Урт ху¬гацааны тогтвортой өсөлтийг хангахад гадаад хүчин зүйлсийн эрсдэлээс хамгаалах, тэдгээрийн сөрөг нөлөөг даван туулах нөөц бүрдүүлэх, илүү өргөн хүрээ бүхий эдийн засгийн бүтцийг хөгжүүлэх нь чухал юм.
-Зэсийн үнэ энэ онд 10 600 ам.доллар болтлоо өссөн нь түүхэн дээд цэг. Өнгөрсөн онд л гэхэд “Оюу толгой” компани 1.1 сая тонн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 690 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон. Гэсэн ч манай улс түүхий эдийн, тэр дундаа нүүрсний экспортоос хамааралтай байгаа тул эдийн засаг саарах эрсдэлтэйг сануулсан шүү дээ. Энэ хамаарлыг багасгахад ямар бодлого баримтлах шаардлагатай гэж харж байна вэ?
-Манай улсын хувьд экспортын 90 гаруй хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Тэр дундаа нүүрс, зэс гэсэн хоёр 70 гаруй хувийг эзэлж байна.Энэ нөхцөлд мэдээж эдийн засгийн суурийг өргөжүүлж, төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг нь тодорхой билээ. Анхдагч түүхий эдэд нэмүү өртөг шингээх, боловсруулах болон дагалдах үйлдвэрлэлийг хөгжүүлж, босоо төрөлжүүлэлт хийх, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим үйлчилгээ зэрэг түүхий эдээс хамааралгүй салбарт хөрөнгө оруулах замаар хэвтээ төрөлжүүлэлт хийх нь чухал. Тэр дундаа боловсрол болон үйлдвэрлэлд хөрөнгө оруулснаар түүхий эдийн хэт хамаарлыг бууруулж чадсан жишээ олон бий. Үүний зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн үед хуримтлал үүсгэж, мөчлөг сөрөх төсвийн дүрмээ баримтлан төсвийн орлогыг жигд байлгах, хэлбэлзлээс сэргийлэх, тогтворжуулах санг ашиглах, улсын хөгжлийн бодлогыг нүүрстөрөгчийг багасгах дэлхийн чиг хандлагатай уялдуулах, боловсролын хөтөлбөрийг шинэ тутам дэлгэрч буй салбаруудад чиглүүлэх зэрэг бодлогын хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой.
-Инфляц энэ онд 8.6 хувьд хүрч нэмэгдэх төлөвтэй гэсэн. Харин ирэх онд 7.2 хувь болж буурах төсөөлөлтэй байгаа. Гэхдээ энэ нь хэт өөдрөг, бодит амьдралд хэрэгжих боломжгүй талаар эдийн засагчид онцолж байна л даа.
-Инфляц энэ онд төвбанкны зорилтоос дээгүүр, өндөр түвшинд байгаа нь эрчим хүч, нийтийн тээвэр гэх зэрэг төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн нөлөө үргэлжилж байгаатай холбоотой. Үүнээс гадна төгрөгийн ханш оны эхээр хурдацтай суларсан нь импортын барааны үнээр дамжин инфляцад нөлөөлж буй. Харин ирэх онд үнэ тарифын нэмэгдлийн нөлөө арилж, мөнгөний хатуу бодлогын үр нөлөө бүрэн хэмжээнд үйлчилж эхэлснээр инфляц төвбанкны зорилтот интервалд хүрэх хүлээлттэй байна.
-Эрчим хүчний үнэ тарифын өсөлт, төсвийн тэлэлт зэрэг дотоод хүчин зүйлс инфляцыг өдөөж байгаа гэлээ. Тэгвэл богино хугацаанд бодлогын түвшинд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь үр дүнтэй байх бол?
-Цахилгааны үнэ тарифын өсөлт богино хугацаанд инфляцыг эрчимжүүлэх нөлөө үзүүлсэн ч эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн чухал алхам болсон. Улсын төсвийн хувьд 2025 оны тодотголоор ДНБ-ий 2.1 орчим хувьтай тэнцэх хэмжээгээр танаж, 2026 оны төсвийн төсөлд зардлыг үргэлжлүүлэн хязгаарлах төлөвтэй байгаа тул инфляцад үзүүлэх нөлөөлөл харьцангуй багассан гэж харж байгаа.
Бодлогын түвшинд инфляцыг зорилтот түвшний орчимд тогтворжуулахын тулд мөнгөний бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын огцом хэлбэлзлийг бууруулах алхмууд шаардлагатай. Тодруулбал, мах, хүнсний ногоо зэрэг дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэ нийлүүлэлтийн шалтгаанаар огцом өсөж, буурах хандлага хэвээр байна.
-Хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт ирэх онд 4.5 хувь болж саарна гэж таамагласан. Энэ нь манай улсын эдийн засаг, экспортын зах зээлд ямар нөлөө үзүүлэх боломжтой вэ?
-Гадаад орчинд тодорхой бус байдал үргэлжилж байгаагаас гадна ирэх оноос АНУ-аас ногдуулсан тарифын үр нөлөө бүрэн хэмжээгээр ажиглагдаж эхлэх тул 2024 онд 5.1 хувь байсан хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2026 онд 4.5 хувь болж саарах төлөвтэй. Цаашид худалдааны тариф улам нэмэгдэх, санхүүгийн зах зээл тогтворгүй байх, геополитикийн асуудал даамжрах, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн сал-барт уналт үргэлжлэх зэрэг бүс нутгийн эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэл байсаар байна. Манай улсын хувьд энэ нь БНХАУ-ын зах зээлээр дамжин нөлөө үзүүлэх магадлалтай.
-АНУ-ын тарифын өсөлт болон олон улсын худалдааны тодорхойгүй байдал нь бүс нутгийн зах зээлд эрсдэл дагуулж буй гэлээ. Энэ нь манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлөх бол?
-Манай улсын АНУ-тай шууд хийж буй гадаад худалдааг авч үзвэл нийт экспортын 1.1 хувийг эзэлж байгаа төдийгүй нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 2.8 хувийг бүрдүүлдэг. Иймд АНУ-аас ногдуулж буй тариф манай эдийн засагт үзүүлэх шууд нөлөө харьцангуй бага. Гэхдээ БНХАУ-ын зах зээлийн төлөв, ялангуяа гангийн экспортод тавигдаж буй тарифын нэмэгдэл болон бусад хязгаарлалт манай улсын коксжих нүүрс, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн бүтээгдэхүүний эрэлтэд шууд бусаар нөлөөлнө гэж үзэж байна. Тодруулбал, БНХАУ-ын гангийн экспортод АНУаас 50 хувийн тариф тогтоогоод байгаа бол Япон, Энэтхэг зэрэг бусад улсаас мөн адил хязгаарлалтууд тогтоож эхэлсэн.
-БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч буй нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөлд эрсдэл учруулах магадлал бий юү?
-Тус улсын эдийн засгийн өсөлт энэ онд 4.7, ирэх онд 4.3 хувь буюу БНХАУ-ын эрх баригчдын тогтоосон зорилтот таван хувиас бага зэрэг доогуур байна гэж АХБ-наас төсөөлсөн. БНХАУ-ын Засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлтийг дэмжих төрөл бүрийн бодлогын арга хэмжээ авч байгаа хэдий ч хэрэглээ болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт үр¬гэлжилснээр дотоод болон гадаад хүчин зүйлсээс шалтгаалан өсөлт саарч байна. Манай эдийн засаг БНХАУ-ын эрэлтээс хамааралтай тул уул уурхайн бүтээгдэхүүний экспортод тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Харин БНХАУ руу түүхий эд нийлүүлэгч бусад улс оронтой харьцуулахад бүтээгдэхүүний чанар, өртөг зардлын хувьд зах зээлийн давуу талаа хадгалж чадсан тохиолдолд манай уул уурхайн бүтээгдэхүүний экспорт төдийлөн ихээр буурахгүй байх бололцоо бий.
-АХБ-наас энэ талаар ямар зөвлөмж өгч ажиллаж байна вэ?
-Манай улсын байгалийн нөөц баялаг нь үндэсний орлогын чухал эх үүсвэр юм. Дэлхийн улс орнууд түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзах бодлого баримталж буй энэ үед нүүрс давамгайлсан экспортын бүтцийг төрөлжүүлэх бодлого чухал. Нөгөөтээгүүр, БНХАУ нь тогтвортой өндөр өсөлт үзүүлж байгаа том зах зээл тул хөрш зэргэлдээ орны хувьд худалдаа, эдийн засгийн томоохон боломжийг бий болгодог.
Чухал ашигт малтмал буюу критикал минерал гэж нэрлэгдэх зэс, лити, кобальт, газрын ховор элемент зэрэг нь нарны хавтан, цахилгаан автомашин, батарей цэнэг хураагуурын систем зэрэг цэвэр эрчим хүчний технологийн үндсэн орц юм. Дэлхий даяар эрчим хүчний шилжилт, цахим хөгжил хурдсаж буйтай холбоотойгоор эдгээр ашигт малтмалын эрэлт нэмэгдсээр байгаа. АХБ-наас чухал ашигт малтмалын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний талаар баримтлах 2025-2029 оны үйл ажиллагааны стратегиа боловсруулсан. Энэ хүрээнд хөгжиж буй гишүүн орнууд эрдэс баялгийн нөөцөө ашиглан хүртээмжтэй өсөлт, эрчим хүчний шилжилт, уур амьсгалд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Манай улс зэс болон бусад чухал ашигт малтмалын нөөцөө ашиглан нүүрс давамгайлсан одоогийн экспортын бүтцээ төрөлжүүлэх нь нээлттэй. Энэ чиглэлээр хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлого боловсруулах, олборлолттой холбоотой байгаль орчин, нийгэм, засаглалын үнэлгээ хийх, хөрөнгө оруулагчдын оролцоог хангахад АХБ дэмж¬лэг үзүүлэх боломжтой. Монгол Улс дэлхийн цэвэр эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээнд чухал тоглогч болох боломжтой юм.
-АХБ-ны таамагт зэсийн олборлолт өсөн нэмэгдэх нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй хэмээж байгаа. Гэхдээ тогтвортой эдийн засгийн өсөлт дан ганц уул уурхайн салбарт түшиглэсэн бүтэцтэй байгаа нь анхаарах асуудал мөн үү?
-Уул уурхайн салбараас хэт хамааралтай байснаар гадаад эдийн засаг, түүхий эдийн зах зээлийн савлагааг даган манай улсын экспорт, төсвийн орлого хэлбэлзэж, улмаар эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахад хүндрэл учруулж байна. Энэ оны эхний улиралд гарсан нүүрсний үнийн уналт үүний тод жишээ юм. Харин зэсийн олборлолт өсөн нэмэгдэж байгаа нь уул уурхайн салбараас хараат байдлыг бууруулахгүй ч нүүрсний зах зээлийн хэлбэлзлийн огцом нөлөөг саармагжуулах юм. Улс орны эдийн засгийг тэлж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт нэн чухал үүрэгтэй. Эдийн засгийн бүтээмж нь технологийн шинэчлэл, хүний капиталын хөгжил, дэд бүтцийн хүрэлцээнээс ихээхэн хамааралтай бөгөөд эдгээрийг төр болон хувийн хэвшил аль аль нь оролцож байж бий болгоно. Хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжихэд бизнесийн орчин, татварын бодлогоос гадна дэд бүтцийн хөрөнгө оруулалт, экспортыг дэмжсэн нийлүүлэлтийн сүлжээний найдвартай байдал чухал байна.
-Тэгэхээр макро түвшний ямар бодлого чухал гэсэн үг вэ?
-Уул уурхайн салбараас хамаарал багатай төрөлжсөн, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг хангахад макро эдийн засаг, төсвийн оновчтой удирдлага чухал ач холбогдолтой. Үүнээс гадна эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр хувийн хэвшил тул тэдгээрийн бизнес эрхлэх, хөрөнгө оруулах орчныг сайжруулан бэхжүүлж, үйл ажиллагааны тэлэлт, зах зээлийн хөгжил болон санхүүгийн хүртээмж, чадавхад дэмжлэг үзүүлэхэд анхаарах нь зүйтэй. Тээвэрлэлт, логистикийн өртгийг бууруулж, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь мөн чухал. АХБ-наас эдгээр чиглэлд Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн салбарт хамтран ажиллаж төрөлжсөн, хүртээмжтэй өсөлтийг бий болгоход хувь нэмэр оруулахыг зорьж байна.
-Долларын ханш төгрөгийн эсрэг чангарсаар байна. Инфляц өндөр, төгрөгийн ханшид дарамт нэмэгдэж буй үед мөнгөний хатуу бодлого эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлтэй. Үүнийг тэнцвэржүүлэхийн тулд ямар институтийн зохицуулалт оновчтой байх бол?
-Монгол Улсын урсгал тэнцэл алдагдалтай гарч байгаа нь төгрөгийн ханш сулрах нөхцөлийг бүрдүүлж, улмаар инфляцыг нэмэгдүүлэх хүчин зүйлсийн нэг болж байна. Инфляцын дарамт нэмэгдсэнтэй холбогдуулан энэ оны эхээр төвбанк мөнгөний бодлогоо чангаруулсан. Харин эдийн засгийн өсөлтийг дэмжих асуудлыг мөчлөг сөрсөн төсвийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх нь оновчтой юм. Цар тахлаас хойш Монгол Улсын өрийн тогтвортой байдлын үзүүлэлт сайжирч, төсвийн тэнцэл ашигтай гарч, тогтворжуулалтын сангийн хуримтлал нэмэгдэж байгаа нь төсвийн сахилга бат хангагдаж буйг илтгэж байна. Төс¬вийн зарцуулалтын хувьд хэрэглээ, тэр дундаа импортын эрэлтийг эрчимжүүлэх урсгал зардлын өсөлтийг хязгаарлаж, ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалтаар дамжуулж эрсдэлд тэсвэртэй, уян хатан төсвийн бүтцийг бүрдүүлэх нь чухал юм.
-Эдийн засгийн өсөлт өндөр байх төсөөлөл бий ч бодит байдалд ядуурал, орлогын ялгаатай байдал буурахгүй байгааг шүүмжлэх нь бий. Үүнд АХБ ямар бодлого, чиглэл баримталж ажиллах нь чухал гэж үзэж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд инфляц өндөр байснаас гадна цар тахал, зудын гамшиг тохиосон нөлөөгөөр ядуурал төдийлөн хурдацтай буураагүйг статистик харуулж байгаа. Ялангуяа хөдөө орон нутагт ядуурлын түвшин буурахгүй, улсын дунджаас харьцангуй өндөр байсаар буй нь анхаарал татаж байна. АХБ-наас Монгол Улстай 2025-2028 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийг саяхан баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд хүртээмжтэй, төрөлжсөн өсөлтийг дэмжих, тогтвортой хөгжил, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, чадавх болон боломжийг нэмэгдүүлэх зэрэг тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон.
Энэхүү стратегийн хүрээнд хүртээмжтэй өсөлтийг дэмжих арга хэмжээнүүдийг төлөвлөж байгаа. Тухайлбал, орон нутгийн төв суурин газрын дэд бүтцэд хөрөнгө оруулах, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлнэ. Эрчим хүчний хангамж, найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх төслүүдийг боловсруулж байна. Мөн аймгийн төвийн нэгдсэн эмнэлгүүдэд шинэчлэл хийснээр орон нутаг дахь эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мэргэжлийн боловсрол олгох сургалтын тогтолцоог бэхжүүлэх замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газартай үйл ажиллагаагаа уялдуулан төлөвлөж байна.
Д.Хүслэн