Хоол боловсруулах эрхтэн судлалын эмч, анагаах ухааны доктор, “Их маргад” эмнэлгийн үүсгэн байгуулагч Т.Цэрэнтогтохтой гүүний саамын ач холбогдлын талаар ярилцлаа. Түүнийг цахим орчинд идэвхтэй гэдгээр нь олон нийт андахгүй биз. Тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан ходоод, цөс, нойр булчирхай, элэгний өвчлөл болон эрүүл, зөв хооллолтын талаар зөвлөгөө, мэдээлэл байнга хүргэдэг билээ.
-Та цахим орчинд эрүүл мэндийн маш олон төрлийн мэдээлэл, зөвлөгөө хүргэдэг. Чухам хаана ажиллаж байсан, хэзээ сургуулиа төгссөн, ямар чиглэлээр мэргэшсэнийг тань сонирхож болох уу?
-Би эмч хүний хүүхэд. Ах, дүү хоёр маань ч эмч. Багаасаа эм тариа, эмнэлэгтэй ойр өссөн болохоор ч тэр үү эмч болохыг, ялангуяа элэгний өвчнийг эдгээх эм бүтээх мөрөөдөлтэй байлаа. Энэ мөрөөдлөө тээгээд АШУҮИС-д суралцаж, 2005 онд төгссөн. Оюутан байхдаа элэгний өвчлөлийн талаар судалгаа хийдэг байв. Үүндээ хөтлөгдөж, БНСУ-ын Кёнхи их сургуулийн ургамлаас эм гаргаж авдаг технологийн сургуульд хоёр жил суралцсан юм. 2008 онд Монголдоо буцаж ирээд “элэгний Шагдарсүрэн” гэдгээрээ олонд танигдсан багшдаа хадаг барин золгож, шавь орон, эмнэлэгт нь ажиллаж байлаа. Элэгний С вирусийг устгах эм бүтээхээр зорилгодоо хүрэхийн тулд нэлээд хугацаа зарцуулах шаардлагатайг ойлгосон. Тэгээд эл мөрөөдлөө хэсэгтээ орхисон доо.
Улсын гуравдугаар төв эмнэлэг, “Сонгдо” зэрэг томоохон эмнэлэгт богино хугацаанд ажиллаж байгаад 2015 онд Эрдэнэтэд очсон. Тэндээ улаан хоолой, ходоод, элэгний хавдрыг зэрэг бууруулдаг эмчилгээний загвар гаргахаар зорьж, найман жил ажиллалаа. Үүний үр дүнд 2023 оны статистик мэдээгээр дээрх хавдрын нас баралтын тоо Эрдэнэтэд буурсан. Энэ хугацаанд эмч нарынхаа хамтаар 30 мянган хүнд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, 23 000 гаруй хүнийг элэгний вирусээс хамгаалах вакцинд хамруулжээ. Мөн Д вирустэй эхээс төрж буй хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн.
-Та хеликобактери хавдрын өвчлөлд хэрхэн нөлөөлж байгааг судалж, энэ сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Судалгааны үр дүн яаж гарсан бол?
-Хеликобактерийг устгах нь хавдрыг бууруулахад хамгийн чухал нөлөөтэй гэж өмнө нь үзэж байв. Үндэсний хэмжээний суурь судалгааг япончуудтай хамтарч хийсэн. Судалгаагаа бариад дэлхийн болон Азийн алдартай эмч, прфессоруудтай уулзаж, монголчуудын өвчлө¬лийн шалтгааныг олохоор багагүй явсан шүү.
Би өөрөө Увс аймгийнх. Манай аймагт хо¬доодны өвчлөл хамгийн их тохиолддог. Тиймээс улсын хэмжээнд ходоодны өвчлөл хамгийн ихтэй Увс, Хөвсгөл болон хамгийн бага бүртгэгддэг Хэнтий, Өмнөговь аймгийг тус бүр нэг бүлэг болгож, япончуудтай хамтарч судалгаа хийсэн юм. Үүний үр дүнд монголчууд хоолтой холбоотой өвчлөлөөр маш их өвдөж байгааг олж мэдсэн. Үүнийгээ олон нийтэд хүргэхийн тулд цахим орчинд мэдээлэл түгээж эхэлсэн. “Хеликобактери хавдрын өвчлөлд хэрхэн нөлөөлж байна вэ” гэсэн үндэсний судалгаа хийж, өнгөрсөн онд докторын зэрэг хамгааллаа. Судалгаандаа 905 хүн хамруулсан. Хамрагдсан хүмүүсийн дунд хеликобактерийн барууны хэв шинж давамгайлж байв. Хоруу чанар өндөр биш гэсэн үг.
Сонирхолтой нь, Увсад хеликобактерийн тархалт Өмнөговь, Хэнтий аймгийнхаас бага гарсан. Бидний ойлголтоор бол өвчлөл өндөр газарт энэ бактерийн халдвар мөн өндөр гарна гэж тооцсон. Өөрөөр хэлбэл, бид хеликобактерийг устгачихвал ходоодны хорт хавдрыг бууруулна гэж үзсэн. Харин судалгаагаар энэ бактери хорт хавдар үүсэхэд тийм ч их нөлөөтэй байгаагүй. Хоолоо зажилж иддэггүй, давсны хэрэглээ өндөр, хэт халуун хоол хүнс хэрэглэдэг, амны хөндийн эрүүл мэндийг сахьдаггүй нь хавдар үүсэхэд илүүтэй нөлөөлж байна. Мөн манай улсын хувьд улирал солигдоход хоол хүнсээ тохируулах их чухал. Өвөл, хавартаа махны хэрэглээгээ нэмж, зундаа ходоодоо амраагаад, намартаа дасгаад, идшиндээ золгох нь зүйтэй. Урьд нь монголчууд зундаа ходоодоо амраадаг байсан. Тэр дадал нь эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой байжээ. Өөрөөр хэлбэл, бу¬руу хооллосноос ходоодны салст давхаргаа нимгэлээд байна. Иймд хоолоо сайн зажилж, удаан идээч, хэт тослог, халуун, шарсан хуурсан хоол бүү хэрэглээч гэж ярьдгийн учир энэ. Энэ бүхэн эцэстээ хүний биеийг хордлогод оруулдаг. Жингийн илүүдэл бол хордлогын илэрхийлэл. Харин гүүний саам ходоодны салст давхаргыг хамгийн сайн зузаатгадаг. Салст давхаргын доор хеликобактери оршдог. Уг давхарга зузаан байх тусам хүчлийг мэдрэх амьд биет болох бактери тайван байж чадна. Тиймээс Өмнөговь, Хэнтийд хеликобактерийн халдвар өндөр ч хавдрын тохиолдол бага байна.
-Гүүний саамын ач холбогдлын талаар судалж, үүгээр хүмүүсийг эмчилж байгаа гэж сонссон. Элэг, ходоодны өвчлөлийг анагаахад гүүний саамын нөлөө хэр байна вэ?
-Дөрвөн жилийн өмнөөс саамын эмчилгээгээ эхлүүлсэн. 200 гаруй хүнийг саамаар эмчилж, эдгээлээ. Элэгний хатуурал, бамбай булчирхайн өвчлөл, жингийн илүүдэлтэй зэрэг олон хүн хамрагдсан. Жин бууруулахад саам маш үр дүнтэй. Тухайлбал, 14 хоногийн турш саам уусан хүмүүсээс хамгийн ихдээ 11 кг жин хаясан тохиолдол бий. Мөн элэгний өвчтэй 10 гаруй хүн энэ эмчилгээнд хамрагдсан. Ийм өвчтэй хүмүүс нэг сар ууна. Элэг, ходоодны хавдрын нас баралтын тоогоор манай улс дэлхийд нэгдүгээрт орж байна. Мөн зүрх судас, тархинд цус харвах тохиолдлоор дээгүүрт ордог. Даралт ихсэх, чихрийн шижин, жингийн илүүдэл зэрэг нь хордлогын гаралтай өвчин. Өөрөөр хэлбэл, 10 өвчний долоо нь хордлогын гаралтай байна. Харамсалтай нь, манайхан өвч¬ний шинж тэмдэгтээ л төвлөрлөөд байгаа болохоос цаад учир шалтгааныг нь олж, урхгийг бүрэн эмчлэхэд анхаарахгүй юм.
-Саамыг аль цагт ямар хэмжээтэй уувал тохиромжтой вэ?
-Саамыг эхлээд нэг удаа 250-300 мл-ээр уудаг. Өдөрт ийм хэмжээгээр зургаан удаа ууна. Ингэснээр хоногийн хэрэгцээгээ авдаг. Анх саам уухад 2-3 хоног гэдэс гүйлгэдэг. Дээд тал нь тав хоног үргэжилж болно. Гүйлгэлтийн гол шалтгаан нь уураг ихэдсэнтэй холбоотой. Саам маш өндөр уургийн агууламжтай. Өөрөөр хэлбэл, сүүний найрлагыг казейн болон альбумин суурьтай гэж үздэг. Таван хошуу малын сүүнээс гүүний саам л альбумин бүтэцтэй. Эхийн сүүтэй ойролцоо найрлагатай гэсэн үг. Хүний биеийн хордлогыг хамгийн сайн тайлдаг зүйл бол эхийн сүү. Ямар ч хүнс хортой, шимтэй, саармаг гэсэн гурван зүйлийг агуулдаг. Аль нь их, багаас шалтгаалж нөлөөлөл өөр. Эхийн сүү хоруу чанар маш бага.
-Айраг, саам хоёр найрлагын хувьд ялгаатай байх. Хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдал нь ямар байдаг бол?
-Саам бол тэр чигээрээ пробиотик. Гэдэсний бичил биетийг хэвийн байдалд оруулахад маш их дэмтэй. Гэдэс бол хүний хоёр дахь тархи юм. Гэдэсний бичил биет өөрчлөгдсөнөөр харшил, уур бухимдал ихсэж, бие махбодын өөрийгөө эдгээх чадамж, дархлаа сулардаг. Саам ууснаар гэдэсний бичил биетүүд хэвийн байдалдаа ордог. Бие махбод өөрийгөө “засах”, төлжих чадамжийг саам нэмэгдүүлдэг юм. Тэнцвэр алдагдахаар хүн ядарч, нойргүйдсэнээр өвчлөх эрсдэлтэй болдог. Мөн амьжиргааны түвшин, стресс бухимдал, утаа униар, түгжрэл, дуу чимээ, чанаргүй хүнс, хөдөлгөөний дутагдал нь бидний биеийг хордуулж, хордлогын гаралтай өвчнийг үүсгэдэг. Тиймээс хүүхдүүд дахин дахин өвдөж, бие махбод нь өөрийгөө “сэргээж” чадахгүй байна.
Айраг бол хүний биед амархан шимэгддэг. Энэ нь шим тэжээл өндөртэйг илтгэнэ. Бие махбод үүнийг боловсруулахдаа энерги бага зарцуулдаг. Эсрэгээрээ нөөцлөгдсөн энерги нь өөрийгөө эдгээхэд тустай. Ер нь айраг, саамыг зун, намартаа уух хэрэгтэй. Цагийн юмыг цагт нь хүртэж сурах нь чухал. Манайхан хөлдөөгөөд өвөл хэрэглэдэг. Хөлдөөж, гэсгээж хэрэглэх нь тийм тааламжтай биш.
-Цагаан гүүний саам сайн гэж монголчууд эртнээс ярьж ирсэн. Ялгаа байдаг уу. Шинжлэх ухааны талаас тайлбар бий болов уу?
Ялгаа гэхээс илүү саам гэдэг мөн чанарт нь байх учиртай. Цагаан гүү элбэг биш шүү дээ. Яах вэ, зарим хүн цагаан гүүнийх биш юм чинь гээд сэтгэл ханамжгүй хүртэж мэдэх юм. Хамгийн гол нь нялх амьтны уух зүйлийг дундаас нь хүртэж буй гэсэн сэтгэл зүйн мэдрэмж онцгой чухал. Энэ бол хайрын ундаа. Хайрын мэдээллийг агуулсан гэсэн үг. Үрээ хайрлаад ивлэсэн сүүг нь дундаас нь авч ууж буй учраас сэтгэлээ төвшитгөж хүртэх хэрэгтэй. Шинжлэх ухаанд бол гүүний сүүний найрлагыг уураг, үл орлуулах амин хүчил, кальци, фосфор, магни, кали, төмөр гээд эрдэс бодисоор баялгийг хэдийн тодорхойлсон.
-Сэтгэл санаагаа төвшитгөж, бодол оюунаа удирдан яг л бясалгал хийж буй мэтээр хүртэх нь биед шингэхэд хүртэл эергээр нөлөөлдөг гэсэн үг үү?
-Сүүг бүлээнээр нь, зэлэн дээрээс нь уухын учир энэ. Тиймээс хүмүүс саамын талаар илүү зөв мэдээлэлтэй болж, олон хүн эрүүлжээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг
-Хориглох заалт байдаг уу?
-Адууны мах, хөлс, сүүнээс нь харшилтай хүн байдаг. Саам уугаад олон хоногоор гүйлгээд тогтдоггүй хүн ч бий. Тиймээс саамыг эмчийн хяналтад уух нь зөв. Наад зах нь өдөрт хэдэн удаа гүйлгэж байгааг хянах нь. 14 хоногийн турш зөвхөн саам л ууна, хоол идэхгүй. Ингэж уухад ер өлсөх мэдрэмж төрдөггүй юм. Эхлээд эдгэрнэ гэдэгтээ итгэх нь чухал. Хүний есөн хүсэл гэж байдаг даа. Эрүүл байх, эдтэй байх, энэ орчлонг зөвөөр таних, үнэнч андуудаар хүрээлүүлэх, хань, үр, эзэн энх, мөнх орших гэсэн есөн хүсэл бий. Саам уух хугацаандаа эдгээр хүслийг дотроо шивнэж, биеэ эдгээж, сэтгэлээ ариусгаж хүртэх хэрэгтэй.
-Техник технологи хөгжсөн өнөө үед ингэний болон гүүний сүүг илүү дэвшилтэт аргаар боловсруулж, хэрэглэхэд хялбар болгож байна. Үүнийг дэлхийд таниулах, ач холбогдлыг сурталчлах нь чухал байх уу?
-Дэлхий дахинд Монголын уламжлалт идээ ундаа, гүүний саамын гайхамшгийг хүлээн зөвшөөрүүлэх, аргачлалыг боловсруулах шаардлагатай байна. Ингэхийн тулд бид 300 сая төгрөгөөр тоног төхөөрөмж худалдаж авлаа. Мөн эмчилгээндээ зориулж монгол гэр 10 гаруйг захиалсан. Судлаач нартайгаа хамтран гүүний саамыг яг ямар хэмжээгээр уух нь илүү оновчтой байх хувилбар гаргаж ирнэ. Монголчууд эртнээсээ адуугаа дээдэлж, төрийн сүлдэндээ залсан ард түмэн. Нэг хүнд ногдох адууны тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Адууны соёл асар өндөр хөгжсөн. Хүүхдээ балчраас нь адуутай нөхөрлүүлж, дайн тулааны хүнд бэрх цагт ч амиа хамгаалуулж ирсэн. Энэ уламжлал, өвийг дэлхийд таниулах, гүүний саамын эмчилгээний мөн чанарыг олон улсад баталгаажуулах нь миний томоохон зорилго юм.