Уншигч-сурвалжлагч Д.АНГАР
“Өнөөдөр” сонины “Уншигч-сурвалжлагч”-аар хөрөнгийн зах зээлийн шинжээч, “Монголын санхүүгийн удирдлагын бирж”-ийн гүйцэтгэх захирал Д.Ангар ажиллав. Тэрбээр нэг талбарт хүч сорьж буй MIBG компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүнийг онцлон урьж, хөрөнгийн зах зээл хэмээх өрх айлыг өөд татах ямар боломж байгаа талаар ярилцлаа.
“Сэтгүүлч” Д.Ангар, шинжээч А.Билгүүн нарын Монголд хөрөнгө босгох, хямд санхүүгийн эх үүсвэр татах боломж, зээлийн хүүг хэрхэн бууруулах талаар санал бодлоо солилцсон ярилцлагыг хүргэж байна.
-Компаниа MIBG буюу “Mongolian investment banking group” хэмээн нэрлэсэн нь ямар учиртай вэ.
Монголд хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг түүчээлье гэсэн зорилготой байв уу. Яагаад энэ чиглэлээр ажиллах болсон бэ?
-Манай улсад одоогоор хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрхлэх нөхцөл нь бүрдээгүй байна. Гэхдээ ирээдүйд энэ салбар хөгжинө, хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа дэлгэрнэ гэж үзсэн учир компаниа ингэж нэрлэсэн юм.
-Та саяхан Монголын уул уурхайн нэгэн төсөлд Канадын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт босгож өгсөн байсан. Гадаадынхан ашигтай төсөлд л хөрөнгө оруулж байгаа.
Уул уурхайн баялаг нь манайд байна. Монголоос яагаад хөрөнгө босгож болохгүй байна вэ?
-Манай хөрөнгийн зах зээл ийм эрсдэл өндөртэй төслийг санхүүжүүлэхэд “нялх” байна. Балчир хүүхдэд илд, бамбай бариулаад дайнд явуулж болохгүй. Уул уурхайд хөрөнгө оруулах нь ч дайнд орж буй адил эрсдэлтэй юм. Манай Бороогийн алтны орд бол хэмжээ, нөөцийн хувьд дэлхийд дундаж ангилалд багтана. Жилд хайгуулын мянган төсөл хэрэгжүүлэхэд үүн шиг ганц л орд илрэх боломжтой гэсэн судалгаа бий.
Энэ нь хайгуулын салбарын эрсдэлийг илтгэх үзүүлэлт юм. Манай улсад 2012 онд хайгуулын 20 гаруй компани үйл ажиллагаа явуулж байсан. Нэг компани жилд дунджаар тав орчим сая ам.долларын хөрөнгө оруулсан гэсэн мэдээ бий. Энэ нь жилд 100 орчим сая ам.доллар зарцуулсан гэсэн үг.
Гэвч эдгээрийн аль нь ч уурхай нээх хэмжээнд хүрээгүй. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний хөрөнгө хаясан ч нэг ч төгрөгийн орлого олоогүй. Тиймээс 100-200 сая ам.доллар дотоодоос босгоход хөрөнгө оруулагч эрсдэлээ хүлээх чадвартай юу гэсэн асуулт гарна.
Хадгаламж зээлийн хоршоо нэрээр хэдэн жилийн өмнө иргэдээс их хэмжээний мөнгө босгосон. Иргэд мөнгөө алдаж, эцэст нь салбар тэр чигээрээ унасан. Сүүлийн үед санхүүгийн пирамид нэрээр иргэдээс хөрөнгө татаж, олон хүн хохироолоо. Иймд дотоодын санхүүгийн зах зээлд эрсдэл ихтэй бүтээгдэхүүн нийлүүлэх нь хэр оновчтой вэ. Дэлхийд 3000 орчим хайгуулын компани үйл ажиллагаа явуулж байна.
Үүний 2000 нь Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилждаг. Тэнд хайгуулын компанийн хувьцааг худалдаж авдаг хөрөнгө оруулалтын мэргэшсэн сан олон бий. Иймд хайгуулын төсөлд хөрөнгө оруулна гэдэг нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хийх ажил юм. Олон улсад ийм байгаа. Харин Монголд ямар боломж байгаа талаар таны бодлыг сонсмоор байна.
-Хөрөнгийн зах зээл уул уурхайн салбартай зэрэгцэн хөгжинө гэж бодож байгаа. Дэлхий даяар уул уурхайн томоохон лицензийг Канад, Австралийн хөрөнгийн биржид арилжиж байна. Миний хувьд Монголын хөрөнгийн бирж, Торонтогийнхтой өрсөлдөх хэмжээнд хүрнэ гэсэн итгэлтэй байдаг.
Монголд хэрэгжиж буй төсөл гадаадад бус дотооддоо IPO хийх хэрэгтэй. Гадаадынхан харин эндээс хувьцаа, бонд худалдан аваг. Манайд уул уурхайн нөөц баялаг нь бий. Тиймээс үүндээ түшиглэж, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх ёстой.
-“Оюутолгой” төсөлд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. Манай дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 11 тэрбум ам.доллар. Тэгэхээр уул уурхайн томоохон төсөлд дотоодоос хөрөнгө босгоход хүндрэлтэй.
-Уул уурхайн төслийн хөрөнгийг дотоодоос босгоно гэхээс илүү арилжаа, төлбөр тооцоог нь дотоодод хийе гэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, гадаадынхны хөрөнгийг татна л гэсэн үг. Таны дараагийн зорилго дотоодын хөрөнгийн захыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах уу, Канад зэрэг аль хэдийнэ хөгжсөн оронд хүчээ сорих уу?
-Би бол бизнес эрхлэгч. Мөнгө хаана байна вэ тэнд л ажиллана. Гадаадын олон компани Монголын хөрөнгийн биржийг сонирхож байгаа. Гэхдээ бүтээгдэхүүнээ Монголын хөрөнгийн биржид гаргавал хэн авах вэ гэж асуудаг. Жирийн иргэн уул уурхайн төсөлд хөрөнгө оруулж, эрсдэлийг нь үүрч чадах уу. 10 сая ам.доллар Монголоос босох уу гэдэг нь маш чухал юм. Хэрэв ийм хэмжээний хөрөнгө дотоодоос босгох боломжтой бол гадаадынхан энд л ирнэ.
-Танай компани саяхан Канадын хөрөнгө оруулагчдад 10 сая ам.долларын хувьцаа арилжлаа.
Монголын хууль эрх зүйн орчин, арилжааны схемийг тодорхой болгож, дотоодын биржээр энэ арилжааг зохион байгуулсан бол Канадын хөрөнгө оруулагчид энэ хувьцааг худалдан авах байсан уу?
-Монголд иргэд санхүүгийн аль нэг хэрэгсэлд хөрөнгө оруулж, ирээдүйд өсгөж үржүүлэх механизм бий болгох ёстой. Мөн эрсдэлийг ангилж, хуваах хэрэгтэй. Ийм үүднээс л хөрөнгийн зах зээл хөгжих нь чухал юм. Дэлхий даяар хэрэгжиж байгаа уул уурхайн төслүүдийн дийлэнх нь яагаад Торонтог сонгож байна вэ.
Лондон, Нью-Иоркоор яагаад дамждаггүй юм бэ. Санхүүгийн салбар нь хүмүүсийн урт хугацаанд биедээ итгэх итгэл дээр л тогтдог. Кредит гэдэг нь кредо буюу итгэл гэсэн үгнээс үүсэлтэй юм байна. Уул уурхайн анхны томоохон төслүүд Торонтогийн хөрөнгийн биржээр дамжсан учир дараа дараагийн төслүүд эндээс санхүүжилт татах сонирхолтой, мөн хөрөнгө босно гэсэн итгэлтэй байдаг байх нь.
Манайх ч гэсэн дэлхийн уул уурхайн санхүүгийн төв болж яагаад болохгүй гэж. Үнийг эхлүүлэх л хэрэгтэй.
-Танай компанийн үндсэн үйл ажиллагааны нэг чиглэл нь иргэдэд гадаадын биржүүдээс хувьцаа, бонд худалдаж авахад зуучилдаг. Монгол залуус гадаадаас хувьцаа хэр худалдан авч байна вэ?
-Залуус гадаадын биржүүдийн хувьцааг маш идэвхтэй худалдан авч байна. Гэхдээ хөрөнгийн биржийн арилжааг казино тоглохтой адилтган ойлгож, эндүүрэх тохиолдол бий. Хувьцаа, бонд худалдан авахдаа судалгаа хийлгүй азанд найдан шийддэг. Ингэж болохгүй.
Одоо бол хэн ч, хэзээ ч, хаана ч биржийн арилжаанд оролцох боломжтой боллоо. Манай залуус ч гэсэн олон улсын хөрөнгө оруулалтын харилцаанд орж буйд баяртай байдаг. Үүнээс ч илүү идэвхтэй байгаасай гэж боддог юм.
-Төрийн бодлого, шийдвэрээс шалтгаалан хувьцаа нь бэлэн мөнгө тараадаг халамжийн хэрэгсэл гэж манай иргэдийн олонх нь ойлгодог. Гэтэл хувьцааны цаана ил тод байдал, хариуцлага, том, жижиг хувьцаа эзэмшигчдийн харилцаа, компанийн засаглалын асуудал бий гэдгийг бид ойлгоогүй юм байна.
Мөн АНУ, Англи зэрэг оронд иргэд хэрэглээнээс илүү гарсан мөнгөөрөө компанийн хувьцаа худалдан авдаг. Тэнд банкны хадгаламжийн жилийн хүү бага учир хөрөнгөө хувьцаанд байршуулдаг. Ингэхдээ бүгдээрээ мөнгөө нийлүүлээд нэг бизнес эрхэлье. Бизнесийг нь нэг нь удирдъя. Ашиг гарвал оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хувааж авна гэсэн зарчимтай.
Энэ үйл ажиллагаа нь ил тод шударга байдаг бөгөөд тухайн орны санхүүгийн зохицуулагч байгууллага нь хяналтаа зөв тавьдаг учир хувьцааны зах зээл хөгжжээ. Харин манай улсад ашиг гарвал том хувьцаа эзэмшигч нь авна. Алдагдал хүлээсэн үед эрсдэлийг тэнцүү хуваах зарчим хэрэгжиж байна. Таныхаар хувьцааны зах зээл хөгжих боломж манай улсад бий юү. Эсвэл үүнийг зөнгөөр нь орхих ёстой юм уу?
-Монголын хөрөнгийн биржид засаглал сайтай хэдэн компани бий. Гэхдээ эдгээр нь олон улсын түвшинд хүрэхүйц засаглалтай, ил тод үйл ажиллагаатай гэж би боддоггүй. Компанийн засаглал яагаад сайжрахгүй байна вэ гэдэг талаар та надаас илүү оновчтой хариулт өгөх болов уу?
-Монгол хүнд зарчим дутагдаж байна. Хэлсэн үгэндээ хүрдэггүй, аль болох луйвардахыг бодох болсон. Гэхдээ монголчууд үргэлж ийм байгаагүй гэж таамаглаж байгаа. Манай улс Манжийн дарлалд 300 жил оршин тогтносон. Ийм үед хүн зарчимч байх хэцүү. Тиймээс даргадаа аль болох дулдуйдахыг л бодох болов уу.
Үүний дараа коммунист нийгмээр 70 жил замналаа. Энэ нийгэмд зарчимч байх нь мөн л хэцүү. Айлын эхнэр нөхөр хоёр хоёул НАХЯ-ны мэдээлэгч байсан гэдэг юм билээ. Тиймээс энэ мэт нөлөөнөөс болж монгол хүн үнэ цэнээ алдсан гэж боддог.
Зах зээлийн эдийн засаг нь зарчимтай байх гэсэн ойлголт дээр тогтдог. Зах зээлийн эдийн засгийн гол харилцаа нь итгэлцэл шүү дээ. Итгэлцэл үгүй учраас хувьцааны зах зээл хөгжихгүй байна. Гэхдээ энэ байдал удахгүй засарна.
-Энэ нь өсөлтийн өвчин юм болов уу. Манай улсад 2009-2012 онд гадаадынхан маш их хөрөнгө оруулсан. Тухайн үед хөрөнгө оруулалт яагаад нэмэгдсэн бэ гэвэл үүнийг өдөөгч үйл явдал буюу Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн. Одоо ч гэсэн компанийн засаглал сайжрах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд нэг өдөөгч хүчин зүйл хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, нэг монгол залуу их хэмжээний хөрөнгө босгож олон хүнд боломж бий гэдгийг харуулах нь чухал. Үүний дараа 100, 1000 монгол залуу гаргасан жимээр нь замнана. Гадаад, дотоодод бизнес эрхэлж байгаа манай залуус үнэхээр мундаг болсон. Тиймээс одоогоор нөхцөл байдал бүрхэг байгаа ч удахгүй сайжирна.
-Ер нь санхүүгийн системд эхлээд зохицуулалтгүй зах зээл нь хөгждөг юм байна. Англи, АНУ-д хувь хүний инновацид суурилан зах зээлээ эхэлж хөгжүүлсэн байдаг юм билээ. Тухайлбал, “J.P.Morgan” зэрэг АНУ-ын санхүүгийн зах зээлийн томоохон төлөөлөл нь хөгжлийнхөө эхэн үед үйл ажиллагаагаа хэн нэгнээр зохицуулуулж байгаагүй.
АНУ-ын Санхүүгийн зохицуулах хороо бүр хойно 1960 онд байгуулагдсан. Манайд бол хөрөнгийн зах зээл бойжиж амжаагүй байхад нь төрийн хараа хяналт тогтоосноос болж хөгжихгүй байна гэж боддог. Тиймээс миний хувьд зохицуулалттай гэхээс илүү зохицуулалтгүй зах зээл нь хөгжих боломжтой юм байна гэж харж байгаа.
Иргэн, аж ахуйн нэгж хоорондын арилжааны талбар хөгжих боломж бий. Та ямар бодолтой байдаг вэ?
-Би Канад улсад энэ чиглэлээр ажиллаж байсан. Ийм боломж бий. Ер нь болох үгүйг нь туршиж үзэж байж л мэднэ шүү дээ. Судалгаа болон хөгжүүлэлтийн ийм ажлыг таныг сайн хийж байгаа гэж боддог. Гадаадын жишгийг туршиж үзэлгүй шууд хуулж болохгүй. Манай улсад хэрэгжиж эхлээгүй байгаа форвард хэлцэл, зохицуулалтгүй зах зээлийн арилжааг эхнээс нь туршиж үзэхэд асуудал огт байхгүй.
Гэхдээ нөгөө талаас луйврын эсрэг зохицуулалт байх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, хадгаламж зээлийн хоршоодын дампуурлаас эхлээд, санхүүгийн пирамид гэх мэт луйвар их бий. Санхүүгийн зах зээл хөгжихийн хэрээр луйврын шинжлэх ухаан ч хөгжиж байна шүү дээ.
-Манай санхүүгийн зах зээлийн 96 хувийг банк эзэлдэг. Аж ахуйн нэгжид мөнгө хэрэгтэй үед арилжааны банкинд л ханддаг. Гэтэл банк урт хугацаа, бага хүүтэй санхүүжилт олгох боломжгүй байгаа. Учир нь хадгаламжийн хүүнд маш өндөр өгөөж өгч буй юм. Таны бодлоор энэ систем цааш хөгжих боломжтой юу?
-Энэ нь цаашид хөгжих боломжгүй. Тухайлбал, сүүлийн үед технологи, мэдлэгт суурилсан шинэ бизнесийн санаатай маш олон залуу санхүүгийн эх үүсвэр хайж байна. Ийм хүний тоо улам ч өсөх боллоо. Энэ залуус арилжааны банкнаас зээл авахад барьцаа хэрэгтэй болдог. Орон сууцаа барьцаалж зээл авлаа гэж бодоход хүүгийн төлбөрийн дарамттай тулгарч байна.
Хөрөнгийн зах зээл хөгжих шимт хөрс нь энэ залуусын ихийг хийж бүтээе гэсэн тэмүүлэл юм. Бид инновацид суурилсан, шинэ дэвшилтэт санааг санхүүжүүлэх гэж олон арга хэрэглэлээ. Хувийн банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олголоо.
Гадаадаас хөнгөлөлттэй зээл авч, Төрийн банкаар олголоо. Аль аль нь бүтсэнгүй. Одоо үүнийг туршиж үзэх цор ганц талбар нь хөрөнгийн зах зээл. Энэ нь бүтэх үү, үгүй юү гэдэг бус, харин хэзээ хэрэгжих вэ гэдэгт байгаа юм. Хэзээ монгол залуу өөрийн бизнестээ хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож, дэлхийн түвшинд өрсөлдөх вэ гэдэг нь л байна.
-Арилжааны банкинд суурилсан санхүүгийн систем цааш хөгжих боломж алга. Учир нь ийм өндөр хүүтэй зээл авах хүн цөөрчихлөө. Үүнийг хөрөнгийн зах зээл хөгжих түүхэн цаг үе гэж харж байгаа. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлснээр сүүлийн 26 жилийн хугацаанд хэний ч хийж чадаагүй нөлөөг хөрөнгийн зах зээлд үзүүллээ.
Энэ нь арилжааны банк, хөрөнгийн зах зээл хоёрт тэгш боломж олгосон явдал юм. Та энэ талаар ямар бодолтой байна вэ.
-Манай эдийн засаг хямрахаар л ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлдэг. Хөтөлбөр хэрэгжүүлсний дараа эдийн засаг өндөр өсдөг. Энэ нь төсөв эрүүлжиж байсантай холбоотой. Банкны хадгаламжийн хүүнд татвар ногдуулах сургаар ганцхан сарын дотор 250 тэрбум төгрөг хөрөнгийн зах зээл рүү орлоо.
Энэ нь Засгийн газрын бондын хүүг бууруулах нөлөөтэй. Мөн иргэд цаашид Засгийн газрын үнэт цааснаас илүү компанийн бондыг сонирхож эхэлнэ. Хөгжлийн хаалга онгойж байгаа үе л гэж харж байгаа.
-Урилгыг минь хүлээн авсан танд баярлалаа.