
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан баасан гарагт УИХ-ын гишүүн, Монгол, Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандангийн урилгаар манай улсад айлчилж буй Унгар улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар, Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласлог хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Хорват Ласло “Өнгөрсөн жилүүдэд хоёр орны харилцаа улам бэхэжсэн. Парламент хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлээр эдүгээ идэвхтэй хамтран ажиллах шаардлага байна” гээд Унгар улсын парламентын тэргүүн Монголд айлчлахаар төлөвлөж байгааг тэмдэглэв.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Унгарын парламентын дарга манай улсад айлчилна гэдгийг сонсоход таатай байгаагаа илэрхийлээд, 2020 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоос өмнө парламент хоорондын харилцааг шинэ шатанд гаргах, хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр энэ удаагийн парламент идэвхтэй ажиллана хэмээн онцлов.
Мөн энэ үр дүнд хүрэхэд өндөр хэмжээний айлчлалууд чухал үүрэг гүйцэтгэх учир Унгарын парламентын тэргүүний айлчлалыг амжилттай болгоход хоёр талын парламентын бүлэг идэвхтэй ажиллана гээд, “Манай улсын эдийн засагт хөдөө аж ахуйн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг учир энэ чиглэлээр та бүхнээс суралцах зүйл их байна” хэмээлээ. Түүнчлэн Унгар улстай хамтарч байгуулсан Монгол Улсын биотехнологийн үндэсний үйлдвэр болох “Биокомбинат”-д Унгарын талаас дахин төсөл хэрэгжүүлж эхэлж буйд таатай байгаагаа илэрхийллээ.
Хорват Ласло “Унгарын Засгийн газрын тэтгэлгээр Унгарт суралцах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр туршлагаа хуваалцахдаа таатай байх болно” гэсэн. Энэ үеэр талууд хоёр улсын парламент хоорондын харилцааг шинэ шатанд гаргаж, өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгдлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол, Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан байлцав.