
Засагт хан аймгийн Ёст бэйсийн хошуу буюу өнөөгийнхөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум бол Монгол Улсын баруун өмнөд хилийн буйд нутаг. Газар нутгийнхаа хэмжээгээр улсдаа хоёрдугаарт ордог боловч зах хязгаар нутаг тул хүн ам цөөн. Гэсэн ч энэ сумаас түүхэнд үлдэх олон алдартан төрсөн юм. Хасагийн дээрэмчин тонуулчдын олон удаагийн халдлагад өртөж, хүн, мал, эд хөрөнгөөрөө хохирсон ч тэдэнтэй хийсэн тулаанд энэ сумын олон иргэн оролцож, чамгүй гавьяа байгуулжээ. Алдарт Гичгэнийн, Эдрэнгийн нуруу, Хараат, Зүрх хайрхан гээд сүрдэм өндөр уул, Захуй зармангийн говь зэрэг нүд алдам тал, хөндийд төрж, өссөн энэ нутгийнхан цөөхүүлээ ч Халхын голын болон Чөлөөлөх дайнд зоригт хөвгүүдээ харамгүй үдсэн юм. Тэдний дундаас Улсын баатар, эрэлхэг дайчид, шилдэг офицерууд төржээ. Эх нутаг, ээж, аавдаа эргэж ирээгүй эгэл цэргүүд ч бий. Нэг айлын хоёр хүү эх орноо хамгаалах дайнд амь үрэгдэж, тэр айл голомт залгах хөвгүүнгүй хоцорсон зүрх шимшрэм түүх тэднийх.
Эрэлхэгээр тулалдаж амь үрэгдсэн ч нутаг усныхан нь хэний хэн болохыг мэдэхгүй, “Тэр ах минь, тийм хамаатан садан минь, тэдний нэг хүү дайнд явсан гэдэг юм, бага балчир байсан болоод царай зүсийг нь санахгүй юм” хэмээн ярих гунигт түүх бас эднийх. Эрэлхэг хөвгүүдийнхээ түүх намтрыг бүтэн болгож, үр хойчдоо үлдээхээр Эрдэнэ сумын нутгийн зөвлөлийнхөн цөөнгүй зүйл хийж байгаа аж. Говийн багахан сумыг хүмүүс тэр бүр мэдэхгүй байж болох ч энэ нутгаас улсын баатар нэг, Хөдөлмөрийн баатар хоёр, Төрийн шагналт нэг, Гавьяат жүжигчин дөрөв, нутаг усаа, алдар цолоо дуудуулсан хүчтэн ч нэг биш төржээ. Эх орныхоо төлөө эрэлхэгээр тулалдсан дайчдын залгамж болсон хилчин генерал төрж, дархан хилийнхээ манаанд өнөө ч зогссоор буй. Энэ сумын алдартнуудын нэг бол Монгол Улсын баатар Ванчинжавын Шарав бөлгөө. Их буу, хүнд артиллерийн зэвсгийг “Дайны бурхан” хэмээн нэрлэдэг юм гэсэн. Тэгвэл тэр “бурхан”-ы амнаас гарах галыг захирч, Монголын их буучдаас төрсөн цорын ганц баатраа мэргэжил нэгтнүүд нь саяхныг хүртэл мэдэхгүй шахам явсан гэдэг. Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ойг хэдхэн хоногийн дараа тэмдэглэх гэж байна. Энэ удаа эрэлхэг их бууч, Монгол Улсын баатар В.Шаравын тухай доор өгүүлнэ.
ШАР ШУВТАЛСАН АНЧИН
Говийн их дархан газрын А бүсийг эмжин тогтсон нурууг Гичгэнэ гэх. Гичгэнийн нуруу Ундрах, Наран гээд олон хөндийтэй. Энэ хөндийнүүдийн нэг Дэврэх хавиар нутагладаг малчин Ванчинжав, түүний гэргий Дашзэвэг хоёр 10 хүүхэд төрүүлж өсгөсөн, өнөр бүлийн тулах багана. Нутаг усандаа малч, ажилч хичээнгүй гэгддэг Ванчинжав 1913 онд төрсөн, ес дэх хүү Шаравыгаа долоон настайд нь буюу 1920 оны намар Сангийн далайн хийдэд шавь суулгахаар авч явжээ. Тэрбээр хүүгээ Гомбожав хэмээх хүний шавь болгон хийдэд суулгахдаа, эрдэмтэй том лам, хувраг болохгүй ч бичиг үсэг тайлагдаг гэж үлдээгээд нутаг буцсан юм гэдэг. Сангийн далайн хийд нь тухайн үедээ олон лам, хуврагтай, Майдар эргэж, маани хурдаг шашны томоохон төв байж. В.Шарав хүү энэ хийдэд 10 гаруй жил шавилан суухдаа эрдэм номын зах сэжүүрээс өөрийн хэмжээгээр сурч, аливаа зүйлийн нарийн учрыг гадарлахтай болсон гэж түүний намтарт бичжээ. 1930 оны хавар хөдөөлж ирсэн хүүгээ ухаажиж, юмс үзэгдэл, амьдралын учир начрыг гадарлахтай болсныг хашир эцэг нь ажиж, шар шувтлах санааг нь өөрт нь үлдээсэн байна.
Алтай, Гичгэнэ, Эдрэнгийн нуруу, эдгээрийн хооронд байх говь, тал хөндий анчдын хувьд диваажин л гэсэн үг. Олон төрлийн ан амьтнаар баян, түүнээс нь нутгийн олон хангайн хишиг хэмээн хааяа хүртэнэ. Тэр үед хурдан буутай айл цөөн, байсан ч сум нь ихэд ховор зүйлийн нэг. Нутгийн эрчүүд хангайн хишиг хүртэхдээ бүлэг болж мордох бөгөөд ийм нэг бүлгийг Шаравын аав Ванчинжав ахалдаг байж. В.Шарав хүү багаасаа аав, ах нарыгаа даган ан гөрөөнд явдаг байсан аж. Шүдээ хүртэл зэвсэглэсэн, таарсан болгон руугаа буу шагайдаг, амьтан алах хоббитой өнөөгийнхнөөс тэр үеийн анчид тэс өөр, олзонд нүд аньж сурсан улс байсан гэдэг. Наад зах нь ан амьтнаа нас, хүйсээр сайн мэддэг. Бага насны, хөхүүл, хээлтэй амьтан руу хэзээ ч буу шагайдаггүй, ийм амьтан агнахыг нүгэл хэмээн цээрлэдэг байж. Ан гөрөө хийнэ гэдэг амьдралын, танин мэдэхүйн томоохон сургууль. Амьтдын нас, зүс, зан ааш, бэлчээр нутаг, тухайн өдрийн цаг агаар, салхины зүг чиг гээд хашир анчид энэ бүхнийг залуучууддаа зааж сургана. В.Шарав энэ бүхнийг мэдэж авсны зэрэгцээ сайн буудаж сурсан нь хожим түүнд их хэрэг болсон байна.
ЗАРЛАН ДУУДАХГҮЙ САЙН ДУРЫН ЦЭРЭГ
В.Шарав 1931 оны тавдугаар сард цэргийн албанд татагдсан талаар УИХ-ын Тамгын газрын ажилтан Д.Жанчивдорж түүний тухай бичсэн “Тэнгэрийн зарлиг” номдоо өгүүлжээ. Тэнд дурдсанаар дөнгөж нас биед хүрээд байсан түүнд цэргийн албанд татах зарлан дуудах ирээгүй юм билээ. Харин тэдний голынхноос таван залууг цэрэгт татахаар болсон байж. Үүнийг найз нараасаа сонссон В.Шарав эцэгтэйгээ зөвлөж байгаад ардын цэрэгт сайн дураараа морджээ. Нутгаасаа цэрэгт мордсон залуус аймгийнхаа төв, тэндээсээ Улаанбаатар хотод ирэв. Цэргийн эрдэмд хоёр сар хэртэй шамдан суралцаж, бие бялдар, хичээл зүтгэлээрээ, ялангуяа мэргэн бууддагаараа сайшаагдсан түүнийг хэсэг нөхрийнх нь хамт Бага даргын сургууль руу шилжүүлэн суралцуулах болсон байна.
Энэ сургуульд нэг жил суралцах хугацаандаа бусдыгаа манлайлсан түүнийг 1932 онд Цэргийн ерөнхий сургуульд дэвшүүлэн суралцуулахаар дарга нар нь шийджээ. Жирийн малчин ардын хүү В.Шарав ингэж цэргийн дээд мэргэжил эзэмших болов. Түүнийг тус сургуулийн их бууны ангид суралцуулахаар хуваарилсан аж. Энэ ангид суралцуулсан нь санамсаргүй сонголт байгаагүй бололтой. Багаасаа ан гөрөө хийж, мэргэн буудаж сурсан нь түүнд хэрэг болсон нь энэ. Тэрбээр цэргийн зэвсэг техник эзэмшихийн зэрэгцээ, нийгэм, улс төрийн хичээлд шамдаж,тухайн үеийн дэлхийн улс төрийн байдлыг сонирхон, тэр талаар унших нь нэмэгджээ. Түүнийг сайн суралцагч байсныг батлах нэгэн баримт нь Цэргийн ерөнхий сургуулийн захирал н.Чойндонгаваагийн тушаалаар 1936 онд сайшаагдсан явдал. Уг тушаалд зэвсэг техникээ чадамгай эзэмшиж, Бүх цэргийн жанжны улс төр, байлдааны сургуулийн шалгалтаар тодрон, тактикийн болон буудлагын шалгалтад удаа дараа амжилт гаргасныг нь тэмдэглэжээ. Ийнхүү В.Шарав 1937 оны долдугаар сарын 8-нд Цэргийн ерөнхий сургуулийг их буучин мэргэжлээр төгсөж, Цэргийн явдлын яамны сайдын тушаалаар түүнд дэслэгч цол олгосон байна.
“МИХЛАЙН БУУ”-НЫ ДАРГА
Их буучин, дэслэгч В.Шарав Дорнод аймгийн Матад сумд байрлах наймдугаар морьт дивизид томилогджээ. 1937 оны долдугаар сарын дундуур дивизийнхээ штабт очиж, захирагч, хурандаа Д.Нянтайсүрэнд ирснээ илтгэхэд түүнийг 23 дугаар морьт хорооны танк эсэргүүцэх их бууны салааны даргаар томилсон байна. Энэ морьт хороог хошууч Ч.Дугаржав (БНМАУ-ын баатар) удирдаж байсан бөгөөд дивизийнхээ гол зэвсэг болсон танк эсэргүүцэх 45 мм-ийн их буу үзүүлж, тухайн үед Монгол ардын армийн зэвсэглэлд ирээд байсан энэ бууг эзэмшихийн тулд шамдан суралцахыг даалгажээ. Багаасаа мэргэн буудаж сурсан, зэвсэг техникт дуртай шинэхэн дэслэгч В.Шарав Зөвлөлтийн сургагч багш нарын зааснаар энэ их бууг богино хугацаанд эзэмшсэн байна. Зөвлөлтийн зэвсгийн инженер Михайлын зохион бүтээсэн энэ бууг манайхан “Михлайн” хэмээн нэрлэх болсон аж. В.Шаравыг “Михлайн буу”-ны дарга хэмээн хүндлэх болсон нь ийм учиртай. Танк эсэргүүцэх их бууны тусгай курсийг амжилттай төгссөн дэслэгч В.Шарав удалгүй цэрэг дайчдадаа их буугаар хэрхэн буудахыг бие даан сургах болов.
Монголын баруун хилийн байдал түгшүүртэй болж, Японы түрэмгийлэгчид манай хилд улам ойртон, цагийн байдал илт хүндэрчээ. 1939 оны тавдугаар сарын 15-нд Японы цэргийн хүч манай хилд халдсанаар дайны гал дүрэлзэж эхлэв. Энэ өдөр 40 гаруй хуягт машин, таван нисэх онгоцоор дэмжүүлсэн Японы олон тооны цэрэг Баргын морьт гурван хороотой хүч хавсран Номунхан, Бүрд овооны чиглэлээр манай улсад халдсан гэдгийг бид түүхээсээ мэдэх билээ. Ийнхүү дайсны ихээхэн хүчтэй анх нүүр тулан тулалдсан хүмүүсийн нэг нь их бууны салааны захирагч, дэслэгч В.Шарав байсан юм. Дээрх чиглэлээр халдан довтолсон харийн түрэмгийлэгчдийг няцаах даалгаврыг П.Чогдон (БНМАУ-ын баатар)-гийн захирсан Сүмбэрийн заставынхан, В.Шаравын удирдсан их бууны салааныхан амжилттай биелүүлжээ. Тэд дайсны цэргийг Халхын голыг гатлуулахгүй байх дээд командлалын тушаалыг амжилттай гүйцэтгэж, бүтэн долоо хоног тулалджээ.
ӨӨР ДЭЭРЭЭ ГАЛ ДУУДСАН ЗОРИГТОН
Халхын голын районд маршаар очсон наймдугаар дивизийнхэн байлдаж эхлэв. 23 дугаар морьт хороо Баянцагаанд үүрлэсэн дайсныг устгах тушаал авч, ихээхэн эсэргүүцэлтэй тулж, зарим үед хориглолтод орж байжээ. Энэ тулалдаанд их бууны салааны захирагч В.Шарав мэргэн буудагч гэдгээ харуулж, дайсны 50 гаруй цэрэг, офицер, ачааны машин, нэг танкийг устгахад чухал үүрэг гүйцэтгэснийг дарга нар нь сайшаасан аж. Манай цэргийн давшилт нэлээд ахиж 1939 оны долдугаар сарын 8, 9-нд дайсны хүчтэй эсэргүүцэлтэй тулсан байна. Дайснууд элст манхан бүрийн төлөө тулалдаж, Хулд уулын хойт энгэр, Номунханы орчмоос алсын тусгалтай их буугаар галлаж, манайханд толгой өндийх сэхээ өгөхгүй шахам болжээ. Байлдааны явцад салааны захирагч В.Шарав цэргийн сайн дарга гэдгээ харуулж, цагийн байдлыг зөв үнэлж, дүгнэсэн мэдээллээр дивизийнхээ удирдлагуудаа хангаж байсан гэдэг. Түүний өгсөн мэдээлэлд үндэслэн дивиз, хорооны удирдлага нь тактик боловсруулан, дайсанд гэнэтийн цохилт өгчээ.
1939 оны долдугаар сарын 12, 13-нд Японы их буу, хүнд, хөнгөн пулемётын галын өмнөөс дэслэгч В.Шарав ганцаараа шахам тулалдаж, зургаан танк, нэг их бууг нь жагсаалаас гаргасан байна. Энэ тулалдааны дараа түүнийг дивизийн штабт дуудан, гарамгай гавьяа байгуулсан хэдэн хүний хамт маршал Х.Чойбалсан хүлээн авч сайшаагаад төрийн дээд шагнал хүртээх болсноо дуулгажээ. 1939 оны наймдугаар сарын шийдвэрлэх тулалдаанд Ч.Дугаржав даргатай 23 дугаар хороо Эрс уулын овоо, Гэр чулууны зүүн талын өндөрлөгөөс бусад хороо, Зөвлөлтийн цэргийн 57 дугаар мотобуудлагын дивиз, хоёрдугаар танкийн бригадтай харилцан ажиллагаатай давшсан байна. 1939 оны наймдугаар сард Халхын голын байлдааны шийдвэрлэх тулалдаанууд болсон билээ.
Танк эсэргүүцэх их бууны салааны захирагч В.Шарав ямарч тулалдааны үеэр өөрийн салааны гурван их бууныхаа тоотод ээлжлэн очиж, зааж зөвлөдөг, тэр хэрээр их буучид нь дайсны олон тооны амьд хүч, танк, зэвсэг техникийг устгасан байна. 1939 оны наймдугаар сарын сүүлчээр 22, 23 дугаар морьт хорооны танк эсэргүүцэх салааны байрлалаас холгүй нэгэн элсэн манханд дайсны хөнгөн, хүнд пулемёт бүхий хүчин хориглон тулалдаж, манайхан руу суман мөндөр оруулах адил галлах болжээ. Цагийн энэ байдлыг салааны захирагч В.Шарав үнэлээд 22 дугаар морьт хорооны танк эсэргүүцэх салааны дарга Ц.Бэгзсүрэнтэй “Тэр манханд байрласан япончууд биднийг хэд хоног отон буудлаа. Энэ янзаараа бол ихээхэн хохирол хүлээж болзошгүй байна.
Тиймээс би маргааш нэг их буугаа, винтовтой хэдэн хүнтэй араар нь тойрч салам цохьё. Намайг дохио өгмөгц зэрэг гал нээнэ шүү” гэж тохиролцоод явжээ. Ингээд тэрбээр үүрээр их бууны дарга Я.Санжжав, байлдагч Г.Жодов, н.Үрчээ нарын хамт дайсны байрлалын зүүн талаар тойрч ард нь гараад тохирсон ёсоор дохио өгөн зэрэг гал нээжээ. Гэсэн ч дайсны ширүүн эсэргүүцэлтэй тулж, тэдний пулемётын сум тугалган мөндөр адил өндийх ч сэхэл өгөлгүй буув гэнэ. Дивиз, хорооных нь давшилтад ихээхэн саад болж байсан дайсны энэ үлэмжхэн хүчийг устгах нь чухал байсан тул япончуудын пулемётын галыг өөр дээрээ дуудан тулалдсан байна. Ширүүн энэ тулаан намжихад дэслэгч В.Шарав толгойдоо хүнд шархдаж, байлдагч н.Үрчээ амь үрэгджээ.
Амьд үлдсэн хоёр нь даргынхаа шархыг боож, ээлжлэн үүрсээр буцаж ирсэн аж. Дайсан хүчээ хуримтлуулан, олон хоног хориглон тулалдсан галын цэгийг дэслэгч В.Шарав өөрийн шийдвэр, мэргэн галаар устгаж, дивиз, хорооныхоо давшилтыг хангаж, ихээхэн гавьяа байгуулаад баатарлагаар амь эрсэдсэн юм. Салааны захирагч В.Шаравын байгуулсан гавьяаны талаар наймдугаар дивизийн захирагч, БНМАУ-ын баатар, хурандаа Д.Нянтайсүрэн “В.Шаравын салааныхан дайсны арав гаруй пулемётыг тоотынх нь хамт устгаж, гарамгай гавьяа байгууллаа гэсэн мэдээ ирж, биднийг ихэд баярлуулж билээ. Энэ арван хэдэн пулемётыг дан хөнгөн пулемёт гэж багасган бодъё. Хөнгөн пулемётыг тасгийн их буу гэж нэрлэдэг. Нэг нь тасгийг галаараа хамгаалж, дайсны хэд хэдэн тасгийг устгах чадалтай. Тэгвэл В.Шарав аль хэр хөнөөлт хүчийг устгаа вэ. Үүнээс гадна В.Шарав өөрийн их буугаар дайсны хэд хэдэн танк, хуягтыг устгаж байсныг манайхан мэднэ. Дайсны энэ их хүч түүний салааны мэргэн суманд өртөөгүй бол бидэнд ямар их хохирол учруулах байсан нь тодорхой.
Тэрбээр ингэж эрэлхэгээр тулалдаж байгаад өөр дээрээ гал дуудан дайсны суманд өртсөн юм. Түүний баатарлаг үйлс манай дайчдыг зоригжуулсаар Халхын голын дайныг ялалтаар төгсгөсөн. Энэ эрэлхэг дайчны минь гавьяа баатарлаг үйлстний ёсоор алдарших ёстой” гэсэн байдаг. Дивизийнх нь захирагчийн энэ үг биеллээ олж, Халхын голын ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан 1984 оны наймдугаар сарын 15-нд БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, танк эсэргүүцэх их бууны салааны захирагч, дэслэгч Ванчинжавын Шаравыг БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнасан юм. “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг эрэлхэгээр хамгаалж, 1939 онд Халхын голын районд Японы түрэмгийлэгчдийг бут цохих байлдаанд баатарлагаар тулалдаж, гарамгай гавьяа байгуулсан” хэмээн түүнийг нэхэн шагнасан зарлигт дурджээ. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны наймдугаар сарын 16-ны тогтоолоор Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын дунд сургуулийг Монгол Улсын баатар Ванчинжавын Шаравын нэрэмжит болгон үйлсийг нь мөнхөлжээ. 2008 онд тус сургуулийн өмнө түүний хөшөөг босгосон байна. Өндийх ч боломж олголгүй, тасралтгүй буудаж байсан Германы пулемётчны бууны амыг цээжээрээ хааж, нөхдөдөө давших боломж нээж өгсөн цэрэг А.Матросовынхоо алдар цууг оросууд өнөө хэр мартаагүй, дурсан санаж байдаг юм гэсэн. Тэгвэл 10 гаруй пулемётчныг устгаж, өөр дээрээ гал дуудан, дивиз, хороогоо давших боломжоор хангаад баатарлагаар амь үрэгдсэн дэслэгч В.Шаравын алдар мартагдах учиргүй билээ.