Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүү дийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв. Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигч дадаа хүргэхээр боллоо. 2012 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-10”-т тухайн үеийн “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Жаргалсайханы Нарангэрэл хар тамхины асуудлаарх “Бодит амьдралаас сэдэвлэв” цуврал нийтлэлээрээ шалгарсан юм.
МОНГОЛ ХҮНИЙ ХОДООД ХАР ТАМХИ ЗӨӨВӨРЛӨХӨД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ НЬ БАЙСАН
-Би хүүгээ харах бүрд яах гэж хар тамхи зөөвөрлөв дөө гэж харамсдаг юм. Хэрвээ тэгээгүй сэн бол өнөөдөр би хань ижилгүй, хүү минь эцэггүй өнчирч үлдэхгүй байсан даа гэсэн бодол намайг байнга эзэмддэг. Хэрвээ амьдрал ахуй маань ядуу, зүдүү байгаагүй сэн бол бид өнөөдөр ядаж элэг бүтэн байх байсан даа гэж бодон өдөр хоногийг өнгөрөөж явна.
Би бусдын л адил хөдөөнөөс амьдрал ахуйгаа өөд нь татах санаатай нөхөр, хүүхэдтэйгээ хот бараадан ирж билээ. Гэхдээ хотын амьдрал гэдэг миний санаж байснаас тэс өөр байсан. Гаравч, оровч мөнгө хэрэгтэй. Ёстой л хөдөлбөл хөлс, зогсвол зоос гэдэг газар юм. Хэдий хөдөөнөөс ирсэн ч ах, дүү хамаатан садны айлд удаан байх хэцүү. Хүргэн, бэрүүд дур муутай, эцэст нь ах, эгч дургүйлхэнэ. Тиймээс нөхөртэйгөө ярьж байгаад хөлсний хашаа байшинд амьдрахаар болсон. Хураасан мөнгө төгрөггүй, эзэмшсэн дорвитой мэргэжилгүй ч зарын дагуу боломжийнхоо хэрээр ажил хийлээ.
Би хоолны газарт, нөхөр минь барилга дээр. Бас ч үгүй туршлагажиж, хотжиж, таньж, мэддэг хүнтэй ч боллоо. Ажил хийж байгаа юм гэсэндээ ор хоосонгүй шүү. Хашаа байшингийнхаа хөлсийг төлөөд, хоол ундаа зохицуулаад байж болох бололтой. Үндсэндээ анх хотод ирж байснаа бодвол хүү бид гурвын амьдрал жигдрээд ирлээ. Ёстой л хоёр идэхгүй, хоосон хонохгүй, шар наран, бор хоногийг өнгөрөөнө. Цалингаасаа илүү гаргаж хурааж, хуримтлуулж чадахгүй болохоор арай ахиухан цалинтай ажил хийхийг битүүхэндээ хүснэ. Бас нөхөртэйгөө ярилцана. Хэрвээ боломжийн мөнгөтэй болчихвол ядаж л 0.07 га газар хувьчилж аваад зүтгэхэд ганц гэр авах боломж олдоно доо хэмээн их ярьсан. Нөхрийн маань “Газартай, гэртэй болчихвол байрны түрээсэнд өгч буй мөнгөөрөө ойр зуурын тавилга авч, гэрээ тохижуулаад манайх гэдэг айл цэцэглээд ирнэ шүү дээ” хэмээн хэлж байсан нь саяхан мэт.
Гэтэл нэг өдөр богино хугацаанд их мөнгөтэй болох боломжтой ажил байдаг тухай сонслоо. Таньдаг эгчийн маань хүүхэд тэр ажлыг хийдэг гэв. Хүүгийнхээ араас хэчнээн санаа нь зовдог ч гурван сарын хугацаанд 40-50 сая төгрөг олдог гэнэ. Хүн хийж болоод байхад би яахаараа, манай хүн яагаад болохгүй, чадахгүй гэж гэсэн бодол зурсхийгээд явчихав.
Бөөн мөнгөтэй болчих санаатай нөгөө эгчээ баахан шаллаа. Нэлээд лавшруулаад асуулаа. Нөхөртөө хэлтэл ямар ажил юм бол гээд сонирхож байна шүү. Би ч юу гэдгийг нь мэдээгүй хэр нь “Нэг явалтаар 40-50 сая төгрөг хийдэг” гэсэн үг нь чихэнд байнга сонсогдоод, шунал хөдлөөд ирсэн хэрэг. Тэгээд хоёулаа хийж үзэхээр шийдэж, нөгөө эгчтэйгээ уулзсан. Тэр өдрөөс хойш хариу хэлэхгүй байсан ч амьдрал урьдын хэвээр үргэлжилсээр л байлаа. Тэгсэн нэг өдөр танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь автал гадаадад ажиллах хүсэлтийн маань талаар хэлж байна. Бүр хүрээд ир, уулзъя гэж байна шүү.
Бид хоёр ч бөөн баяр боллоо. Чухам ямар ажлыг нь ч мэдээгүй хэрнээ тархинд ердөө л бага хугацаанд их хэмжээний мөнгө олно, амьдрал, ахуй эрс өөрчлөгдөнө гэсэн бодол эргэлдэнэ. Худалч хүнд бол аваагүй мөнгөө үрж эхэлсэн байлаа. Утсаар ярьсан хүний товлосон цагт, зааж өгсөн буудлын өрөөнд нь нөхөртэйгөө хоёулаа очсон тэр өдрийг одоо эргэн санахад харамсах сэтгэл төрдөг юм.
Бид хоёр ч бөөн баяр боллоо. Чухам ямар ажлыг нь ч мэдээгүй хэрнээ тархинд ердөө л бага хугацаанд их хэмжээний мөнгө олно, амьдрал, ахуй эрс өөрчлөгдөнө гэсэн бодол эргэлдэнэ. Худалч хүнд бол аваагүй мөнгөө үрж эхэлсэн байлаа. Утсаар ярьсан хүний товлосон цагт, зааж өгсөн буудлын өрөөнд нь нөхөртэйгөө хоёулаа очсон тэр өдрийг одоо эргэн санахад харамсах сэтгэл төрдөг юм.
Буудлын умгар өрөөний ширээн дээр скочоор ороосон эрхийн чинээ жижигхэн зүйлүүд эгнүүлэн тавьсан байв. Тэгсэн нөгөө эмэгтэй “За үүнийг залгина, хэрвээ чадахгүй бол та нар тэнцсэнгүй гэж ойлгоорой” гэлээ. Нэгэнт шийдээд ирсэн болохоор нөхөр бид хоёр хэрэндээ л хичээлээ. Эрчүүд нь найм орчмыг, эмэгтэйчүүд нь дөрөв, тавыг залгив. Эхнийхийг нь хоолойгоороо давуулах гэж бөөн юм боллоо. Нүдний нулимс цийлэгнэж, хий огиод л. Гэсэн ч “Чадахгүй бол тэнцэхгүй, тэгвэл...” гэсэн бодол тархинд эргэлдэнэ. Хэд хэдэн удаа оролдсоны эцэст бусад хүүхнээс дутсангүй, тавыг залгиж чадлаа. Өөртөө ч итгэсэнгүй. Бараг л мөнгөө гар дээрээ авчихсан мэт баярлав. Нүднийхээ булангаар сэмхэн нөхөр лүүгээ харсан чинь толгой дохиод инээвхийлж байна. Бодвол намайг чадахгүй бол яана даа гэж бодож байсан байх, хөөрхий.
Шалгуулж дууслаа. Хэд, хэдэн хүн тэнцлээ. Нөгөө эмэгтэй биднээс гадаад паспорттой, эсэхийг асууж байна. Нөхөр бид хоёрт байгаа болохоор бидний давуу тал юм шиг санагдаад “Байгаа” хэмээн хамгийн түрүүнд шахам хэлж орхив. Тэгсэн над руу харснаа “Ер нь бол эхнэр, нөхөр хоёр хэрэгтэй” гэсэн нь та нар тэнцсэн гэж шууд ойлгууллаа. Харин тэнцсэн ч гадаад паспортгүй байх нь ердөө ч асуудал биш байсан юм билээ. Дараа нь сонсож байх нь ээ, Уянгаа гэдэг эмэгтэй маш түргэн хугацаанд, ямар ч асуудалгүйгээр бүтээж өгдөг байсан.
Ингээд бидний товлосон хугацаа болж, хилийн дээс алхахаар болсон. Ойр дотнынхондоо “Солонгост ажиллахаар боллоо. Найзууд урилга ирүүлсэн” гээд хэлчихэв. Хүүгээ хөдөө нутагтаа ээждээ үлдээгээд явахдаа хань минь сүүлийн удаа харж байгаагаа огт мэдээгүй байх даа гэж бодохоор одоо элэг, зүрхнээс ямар нэг зүйл өмрөөд уначих шиг болдог юм.
Улаанбаатар-Бээжингийн галт тэрэгний тасалбар, замын хоол хүнс бүх зүйл бэлэн. Бид ердөө л сайхан амарч, зугаалж яваа мэт байлаа. Гэхдээ зарим хүнийг бол шууд нислэгээр явуулдаг гэдгийг сүүлд олж мэдсэн. Биднийг Бээжинд буухад Өвөр Монгол залуу тосож уулзлаа. Цаашаа Гуанжоу орох галт тэрэгний тасалбар, замын хоол хүнсний мөнгө гээд өгч байна. Аяллын эцэст бид Гуанжоуд очиж, уулзах ёстой хүмүүстэйгээ учирсан юм. Тэд бол өдгөө олны танил шахам болсон эгч, дүү Хулан, Халиун нар.
Бидний амьдрал шууд л өөрчлөгдсөн. Хятадын брэндийн их дэлгүүрүүдээр хэсэж, гоё ганган хувцас авч өмсөнө. Гоёмсог харшид амьдарч, тансаг хоол, унд идэж ууна. Хүн гэдэг амьтан учиргүй хайр халамж, тансаг орчинд гэнэт орохоороо үүний л төлөө ажиллана гэсэн бодолтой болчихдог юм билээ.
Нөхөр бид хоёр Хулангийнд байрладаг байв. Түүний нөхөр гээд хар залуу байна. Би заримдаа тэдний хүүхдийг нь харж, асарна. Хулангийн Бенжамин гэдэг хүүг харахаар хүүгээ санасан миний сэтгэл ихэд дэвтдэг байсан юм. Бенжамин 2011 оны дөрөвдүгээр сард Хонконгод төрөөд Монголоос төрсний гэрчилгээ авах гэтэл чадаагүй гэж байсан санагдах юм. Аан тийм, Хулангийн ээж нь Монголд байдаг болохоор 6000 ам.долларын хахууль өгөөд гадаад паспорттой нь хамт явуулахаар болсон гэж байсан юм байна.
Тэгсэн Хулангийн нөхөр гэх хар залуу дахиад өөр найз хүүхэнтэй, түүнийг эхнэр нь мэддэг гэхийг сонсоод ихэд гайхаж байлаа. Гэтэл тэр найз хүүхнийх нь аав Хятадын Цагдаагийн газарт нэлээд том албан тушаалтай, дарга гэхээр нь ерөнхийдөө ашиглах зорилгоор “явалддаг” гэдгийг нь мэдэж авлаа. Тэгээд хэсэг хугацаанд тансаг амьдралд, амралтын байдалтай байсан бид ажлаа хийхээр болов. 9-10 граммаар савлаж, скочоор боож, багласан хар тамхийг хил давуулах нь бидний үүрэг, гол ажил. Монголд юм залгиулсан “шалгалтын” учир нь ердөө л энэ.
Нэг боодлыг 25 ам.доллароор хил давуулна. Тэгэхээр олныг залгих тусам их мөнгөтэй болно гэсэн бодол хэнийг ч эзэмдэнэ. Эхний удаа Малайзаас залгихаар болов. Үүний тулд хоёр нислэгийн тийз захиалсан байв. Өөрөөр хэлбэл, Бээжин-БангкокМалайз гэсэн маршрутаар нислээ. Хүрэх газраа очоод байрлах буудлын хаяг, хоол, унааны мөнгө бүгдийг цаанаас өгнө. Малайзад бараагаа хүлээнгээ 4-7 хоног болдог байж билээ. Энэ хугацаанд мөн л дэлгүүр хоршоогоор явж, худалдаа хийнэ. Мэдээж мөнгийг нь цаанаас дааж байгаа болохоор санаа зовох зүйл огт үгүй.
Хүлээлтийн хугацаа дуусахад биднийг Филиппин, эсвэл Африк ч юм уу ихэнхдээ хар, өнгөт арьстай хүмүүс ирж авна. Хулан руу яриад “Хүн тосож авлаа” гэхээр “Тийм өнгөтэй тэр машинд суугаарай” гэнэ.
Ингээд хамт Малайзад очсон ч биднийг нэг нэгээр нь аваад явчихдаг байж билээ. Машинтай давхисаар амьдарч байгаагаасаа дутахааргүй тансаг хауст очно. Тэнд бидний адил Орос, Тайвань гээд олон орны хүмүүс байдаг. Зарим нь надтай адил нөхөртэйгөө, эхнэртэйгээ яваа гэнэ. Тэгээд тэндээ усанд орж, зурагт үзэн, идэж уугаад нэг хононо. Тэгээд л шууд үндсэн ажилдаа орно. Боодолтой тамхинуудыг нэг нэгээр нь гулгуулж залгиад л. Хэдийг залгиж байгаагаа тоолсноос мөнгөн дүнгээ үржүүлж бодох нь илүү дээр санагддаг байж билээ. Бүх зүйл нарийн цагийн хуваарийн дагуу явагдана. Тэгэхээр цагтаа амжиж аль болох ихийг залгих хэрэгтэй. Хэрвээ 21.00 цагаас залгиж эхэлсэн бол өглөө 05.00 цагт онгоцны буудал дээр бэлэн байх ёстой. Буцахдаа ирсэн маршрутаараа л ниснэ. Өглөө онгоцондоо суугаад 7-8 цагийн турш ниснэ. Бээжинд буугаад 2-3 цаг дараагийн нислэгээ хүлээнэ. Үндсэндээ нислэг, хүлээлт гээд бодохоор бүтэн 36 цаг тэвчээр заасны эцэст бид залгисан зүйлээ гаргадаг байж. Ходоодоо ингэж хогийн сав болгож байгаагаа тухайн үедээ мэдсэн ч болоосой.
Гэхдээ цаг агаараас шалтгаалж нислэг хойшилсон үед бол 36 цаг юу ч биш юм билээ. 48, 50 цаг барьсан тохиолдлууд бишгүй байсан гэсэн. Арга ч үгүй юм даа. Хоол идэх байтугай ус ч ууж болохгүй, бие засах бүр хориотой юм чинь. Юм уухгүй болохоор ам хатна, уруул омголтож, хагарна. Хөлс чийхарна, сүүлдээ ч бүр огцом хөдлөхөөр гарчих гээд их хэцүү байдаг байж билээ.
Хэчнээн муу зүйл, хар тамхитай орооцолдлоо гэж бодсон ч Монголдоо оруулж ирээгүйдээ сэтгэлээ хуурч явдаг байв. Нэгэнт амь насаараа дэнчин тавьж юм залгисан ч Хятадын хил дээр баригдаж хэрхэвч болохгүй гэдгийг маш сайн мэднэ. Гэхдээ шоронд орно, бүх насаараа хоригдоно, эсвэл цаазын ял авна гэж бодохоосоо илүү ‘‘Баригдвал тээвэрлүүлэгчдээс мөнгөө авч чадахгүй дээ” гэсэн бодол л тархинд шингэсэн байсан. Бид тээвэрлүүлэгчдээ Хулан, Халиун нарыг босс гэдэг байсан ч тэд бүр цаад хүмүүстээ бол бас л биднээс ялгаагүй шахам наймаачид юм билээ. Хэчнээн ядарч, туйлдаж ирсэн ч тэдэнд хар тамхийг нь гаргаж, цэвэрлэж өгөөд мөнгөө авахаараа учиргүй сайхан санаа алдаад л орлогоо үрэхээр дэлгүүр хэсэж эхэлдэг байсан юм. Мөнгөний үнэр гэж л энэ байх даа.
Хар тамхиа гаргаж, цэвэрлэж угааж байхад ч, тэр өтгөнийхөө өмхий үнэр танарыг тоох байтугай сэжиглэдэг ч үгүй байсан. Үгүй тэгээд яаж ч сэжиглэх вэ дээ. Нэг удаа хамт явсан хүн маань замдаа гаргачхаад бааснаас нь цэвэрлэж байгаад буцаагаад залгиж байсан гэхээр бидэнд хэдий хэр үнэ цэнтэй орж ирж буй мөнгө гэдэг нь мэдрэгдэх байх.
Монгол хүний ходоод хар тамхи зөөвөрлөхөд хамгийн тохиромжтой нь байсан. Энэ бол хар тамхи зөөвөрлөж яваад амьдын тамд унасан монгол бүсгүйн яриа. Яриа цааш үргэлжилнэ.
Хар тамхитай нэр холбогдож, зөөвөрлөн хар данстай болчхоод, хэнд хандахаа мэдэхгүй л явна
Хэдий бид зөөвөрлөж байгаа ч цааш нь ямар үнээр зардаг тухай огт сонирхож байсангүй. Одоо бодоход их л өндөр үнээр борлуулдаг болоод л бидэнд тэгж их анхаарал хандуулж, мөнгө төгрөг зарцуулдаг байж дээ. Тэгээд ч хар тамхийг дотроо олон янз гэж ярьдаг. Бидний зөөвөрлөдөг байсан нь хамгийн үнэтэй нь буюу нунтаг цагаан, героин байсан.
Наймаанд найз байдаггүй гэж үнэн юм билээ. Хулан, Халиун хоёр хэдий эгч, дүүс боловч бүхий л зүйл нь тусдаа. Тооцооноос эхлээд зөөвөрлөгчид нь хүртэл өөр хүмүүс байдаг байв.
Тиймдээ ч эгч, дүү хоёрын дунд наймааны өрсөлдөөн явагдана. Авах, зарах үнийн хувьд яадаг байсныг мэдэхгүй ч зөөж өгч буй тээвэрлэгч дийнхээ хөлсөөр өрсөлдөж, өөртөө урвуулж авах явдал цөөнгүй гарсан. Нөгөө нохойн гуяар даллах гэдэг шиг хэн их мөнгө амласных нь барааг зөөдөг хүмүүс ч байлаа.
Харамсалтай нь, хэрвээ тийнхүү их мөнгө амласан руу нь урвачхаад олон явж чадахгүй баригдах тохиолдол цөөнгүй гарсан. Сүүлд сонсоход тэд өөрөөс нь урваж, өөр хүний барааг зөөсөн тохиолдолд хятадуудад матчихдаг байж. Тэгээд л хөөрхий монгол хүн хар тамхины хэргээр гэсэн зүйл ангиар ял сонсдог. Үндсэндээ мөнгөний төлөө тэд хэдэн хүний амь, амьдралыг цааш нь харуулсныг би даанч мэдэхгүй юм. Тэр олон хүний нь нэг миний хань, манай амьдрал гэж бодохоор хоолой зангирахаас өөрөөр яаж ч чадахгүй юм даа.
Хар тамхитай нэр холбогдож, хэсэг хугацаанд зөөвөрлөсөн болохоор муу нэр, хар данстай болж, хэнд хандахаа мэдэхгүй юм. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л энэ байх даа.
Бараагаа залгиад явж байхдаа баригдах вий гэхээсээ илүү онгоц битгий хойшлоосой гэж боддогсон. Хэрвээ хойшилбол бараагаа гаргачих гээд байдаг байлаа. Нэг удаа онгоц хойшлоход хамт явсан охин маань тэсэж, чадалгүй гаргачихсан юм. Би хамт байгаа ч өрөвдөхөөс өөрийг хийж чадахгүй их л хэцүү юм билээ. Нэгэнт цаанаас тоолоод өгөөд явуулсан байдаг. Дунд нь алга болчихвол ямар нэгэн байдлаар биднийг сэжиглэнэ. Тэгээд ч нэг гарчихвал араас нь гаргачих гээд тун эвгүй болчихно. Тиймээс нөгөө охин гаргасан хар тамхиа бааснаасаа гарган, угааж, цэвэрлээд дахин залгисан. Хөөрхий уйлаад л байсан. Яаж ч бодсон үнэр танараас нь сэжиглэдэг хэрнээ дотроос нь юм аваад, буцаагаад амандаа хийнэ гэдэг ямар олигтой санагдах вэ дээ. Гэхдээ одоо тэр охин Хятадын шоронд байгаа. Хэдий хамт явж байсан ч, шоронд чухам ямар байдалд байгаа бол, юу боддог бол гэж бодохоос ч аймшигтай.
Яагаад гэвэл би Хятадын шүүхийн ялыг мэдэхгүй ч Монголдоо ирсэн хойноо хар тамхины хор хөнөөл, ял зэмийг судалж үзсэн. Тэгсэн Хятадын хуульд 50 граммаас дээш хар тамхи зөөвөрлөж яваад баригдвал бүх насаараа хоригдох, эсвэл цаазын ял авдаг болохыг мэдсэн юм. Өөрөөр хэлбэл, Хулан, Халиун хоёрт тээвэрлэгчээр ажиллаж буй монголчууд баригдвал бүгд хамгийн багадаа бүх насаараа хоригдоно. Цаашлаад цаазаар авхуулна. Мөн Хулан, Халиун хоёр Зүүн өмнөд Азийн “Алтан гурвалжин” бүлэглэлийн гишүүн гэдгийг сонссон.
Доогуураа гаргаж цэвэрлэснээс дээгүүрээ бөөлжиж гаргачхаад дахин залгих нь арай цэвэрхэн гэж бид хоорондоо ярьдаг байж билээ. Тэгэхээр мөнгөнөөс юу үнэртэх нь чухал биш гэдэг ч үнэн юм аа даа. Гэхдээ бид замдаа гаргалгүй ирээд, гаргасан хойноо цэвэрлэж байхдаа ганц, хоёрыг алдах тохиолдол гардаг байсан. Тэглээ гээд тэд учиргүй тооцоо хийдэггүй.
Хулан, Халиун нарт зөвхөн бид ажиллахгүй. Хар тамхийг боодог, зардаг хүмүүс байхаас гадна галт тэрэгний тасалбар, онгоцны тийз зохицуулдаг, очсон газарт маань тосдог, хүргэдэг гэх мэтээр rap, хөл бологсод нь хаа сайгүй. Ямар нэгэн байдлаар онгоц саатах болбол түүнийг тэд аль хэдийн мэдчихсэн, бидэнд мэдээлнэ. Тийм болохоор л маршрут ямагт цагийн хуваарийн дагуу явагдана. Хоцорч, түрүүлнэ гэсэн асуудал бараг гарахгүй.
Зөөвөрлөж явахад хэчнээн хэцүү ч, мөнгөө аваад Монгол руу гэр бүлдээ багахан хэсгийг илгээж, өөрсдөө хүссэн зүйлээ хийж, дутагдах, гачигдах юмгүй байх нь бидэндээ жаргал мэт санагддаг байсан. Эргээд бодоход тухайн үедээ маш их мөнгө олж байсан ч буруу аргаар олсон болохоор ч тэр үү нутагтаа ирээд харахад хураасан зүйл юу ч алга. Яагаад ч юм бэ нэг л мэдэхэд үрэгдээд дуусчихсан байдаг байж билээ.
Нөхөр бид хоёр Хулангийнд байрладаг болохоор бусдаас арай илүү дотно хандана. Сүүлд Хулангийн найз залуу Жаманти Алжирт амьдардаг болсон. Тэндээ бас л хаустай болсон, тэгээд хүүтэй нь хамт Алжир руу татаж авна гэсэн хэмээн Хулан ярдаг байв. Тэгээд Монгол руу хүүд маань мөнгө өгч явуулаад байя гээд нөхөр бид хоёрын бүх зардлыг даагаад хамт Алжир явахыг санал болгосон. Тэр саналыг нь хүлээж авсан бол нөхөр минь өдийд амьд байх байсан байх даа.
Харин Хулан өдийд Алжирт гэр бүлтэйгээ элэг бүтэн, аз жаргалтай амьдардаг байх. Яагаад гэвэл хэдий доор нь ажилладаг хүмүүс баригдаж, хоригдсон ч түүнд ямар ч гарз байхгүй. Тэр өөрөө баригдахгүй гэдэгтээ бат итгэлтэй байдаг. Тиймдээ ч түү ний хар тамхины бүлэглэлийн хүрээ өдөр ирэх бүр тэлж байдаг биз ээ.
Хулангийн гар, хөл зөвхөн гадаадад ч байдаггүй. Ямартай ч миний мэдэхийн тэр эгч, дүү хоёрт Монголоос хамгийн их тусалж, зуучилдаг хүн нь ээж Энхбаяр нь юм билээ. Байнга хоёр гурван орны хил дамнаж гардаг болохоор тэр хоёрын паспортын хуудас маш хурдан дуусна. Ээж нь Монголоос зохицуулаад л явуулчихна. Ер нь л их хачин гэр бүл. Бүгдээрээ хар тамхины хэрэгтэй холбоотой гэдгийг би бүр сүүлд мэдсэн.
Хулангийн анхны нөхөр Дамдин Хятадын шоронд хоригдож байгаа. Халиун нь бас хар арьст залуутай суугаад, хамт амьдардаг болчихсон. Одоо бараг түүнийгээ дагаад Африкт байгаа ч юм бил үү. Мөн бага дүү Билгүүн нь Казахстаны шоронд хар тамхины хэргээр хоригдож байгаа. Түүний эхнэр буюу Хулангийн бэр дүү Оюунзаяа нь хамт хоригдож байгаад гэм буруугүй гээд суллагдсан гэсэн. Бүгд хар тамхины хэргээр шүү. Ёстой гаршиж, дадаж, сурсан гэхээр л ийм байдаг байх. Манайхан ч гэсэн тэдний гар хөл болсон олон хүн гаднын улс орнуудад баригдаж, хоригдоод байхад анхааралдаа авахгүй өнөөг хүргэж буйг бодоход “том чуудтай” холбоотой мэт санагддаг юм. Харин зөөвөрлөгчөө сонгохдоо бид мэтийн зүдрүүхэн амьдралтай, араас нь нэхэл дагал болоод байхааргүй, гэр бүл нь хүчин мөхөс хү мүүсийг сонгодог бололтой юм билээ.
Гэтэл бид ахиухан мөнгө олох ажилтай болчихлоо гэж баясаад давхиж байдаг. Мөн ч тэнэг хүмүүс юм даа. Амьдралаа өөд нь татна гэсэн бодлоор амь насаараа дэнчин тавьж буйгаа ч мэдэхгүй. Тэднийд амьдарч байх хугацаандаа Хуланд хүнийхээ хувьд дассан ч одоо өнгөрснийг бодож, ямар асуудалд хутгалдаж байснаа санахаар дургүй хүрч, үзэн ядах сэтгэл төрнө.
Хорвоогийн өдөр, хоног урсан өнгөрч, бид Хятадын нутгаар хэрэн хэснэ. Байнга маршрутаа солино, өөр чилнө. Анх Бээжин-Бангкок-Малайз гэсэн маршрут байсан бол дараа нь Бээжин-Хонконг-Малайз гэх маягаар явна. Харин нислэгийн хугацаанд үйлчлэгч нар монголчуудыг ерөнхийдөө хяналтад авчихсан байдаг гэсэн. Зөөвөрлөгчид онгоцонд суухаараа бараагаа гаргачихгүйн тулд хөдөлгөөнгүй шахам байхаас гадна юм идэж, уухгүй болохоор анхаарлыг нь амархан татчихдаг гэсэн. Тэгээд л буунгуут нь заагаад өгчихдөг ажээ. Мэдээж энэ бүхнийг мэдэж байсан бол гэх бодол одоо төрдөг. Өдөр, шөнө, өглөө, оройгүй тээж байснаасаа одоо залхмаар санагдах юм.
Нэгэнт Хуланд хамт Алжир явахгүй гээд хэлчихсэн болохоор миний хувьд Монгол руугаа буцах саналаа хэлсэн. Гэтэл Хулан “Хэрвээ зөөмөөргүй байгаа бол боодог ажил хийх үү” гэсэн. Бид хоёрын хувьд нэг л айдас, түгшүүртэй мэт санагдаад, ердөө л харина гэсэн бодолтой бол чихсон учраас зөвшөөрөөгүй. Харин нөхөр маань “Түрүүлээд очиж бай. Хүүтэйгээ хамт намайг тосоорой. Би ганц удаа явчхаад араас чинь очъё” гэж хэлээд, намайг үдэж өгсөн. Тэр үед үгэнд нь оролгүй, зөрж байгаад хамт л ирэх байж...
Д.Нарангэрэл