“Би ард түмэн, хайртай бүхнийхээ төлөө ...амиа үл хайрлан... эр зоригтойгоор үүнийг хийнэ. Аллах минь энэ биеийг минь хүлээн авч ариусгана уу...” Сонир хогчийн камераар авсан бичлэг үүд. Бид өглөө босож, ажилдаа яаран, эсвэл хэн нэгэнд гомдож, баярлаж, хаврын бороог хүлээн догдолж, намрын салхинаа гундаж явах үед... өөрөө ч ойлгоогүй байж, магад ийм л үгсээр амьдралынхаа хамгийн сүүлчийн мөчийг тамгалж орхиод нэг, хоёр бүр арав ч бус хэдэн зуун хүн энэ алхмыг хийсээр. Энэ орчлонгийн хамгийн үнэт зүйл болох амь насаа бусдыг хөнөөхөд ашиглаж, үүнийг хийчихвэл амгаланг олж жаргана гэж итгэдэг амиа золиослогчдын арми улам тэлнэ.
Та эмзэг, уяхан нэгэн бол Палестиний захын нэг сургуулийн хүүхдүүдээс “Том болоод хэн болох вэ?” гэж асуусны хэрэггүй. Учир нь тэд “Шахид болно” хэмээн нүдээ гялалзуулан хашгирна. “Гэрч” гэх араб үгээс гаралтай шахид гэгч хэн бэ? Лалын шашинд Аллахын төлөөх ариун дайнд амиа өргөсөн хүмүүсийг ийн нэрийддэг. Эсвэл өвчнөөр тарчлан зовж бие барагсдыг ч ингэж нэрлэх нь бий. Харин өдгөө энэ утга алдагдаж, хүсэж тэмүүлж, хийж бүтээж, хайрлаж явах ёстой байсан өчнөөн залуу өрөөлийн шахалтаар амьд бөмбөг болж байгаа нь эмгэнэл. Хамгийн үнэтэй амийг хамгийн хямд зэвсэг болгож чадсан тархи угаагчдын нүдэнд энэ нь өөрөөр харагдаж мэднэ.
Их Наран улсыг дайлаар мордсон Хубилай хааны хөлөг онгоцыг хөмөргөж орхи сон “Салхины бурхан” Камиказегийн ивээлд өөрсдийгөө багтсан гэж үзсэн амиа золиослогч япон нисгэгчид харин шахидын мөн чанарт дөхөж очсон болов уу гэж би боддог. Өнгөрсөн зууны эхэн хагаст эх орноо хамгаалах гэсэн мянга мянган нисгэгч 250 кг жинтэй бөмбөгийг дайсны онгоцон дунд дэлбэлж, адмирал Такидзиро Онисиг “Камиказе нарын эцэг” хэмээн түүхэнд бичүүлсэн. Дэлхийн II дайны үед Япон улс 2525 камиказе бэлтгэн бүхэл бүтэн арми байгуулсан гэдэг. Америкийн долоон онгоцыг устгаж, өөрөө нас барсан Матомэ Угакиг одоо ч Наран улсад түүхэн хүн хэмээн хүндэтгэдэг.
Лалын шашинт орнуудад шахидуудын дурсгалд зориулан босгосон хөшөө дурсгал элбэгч байдгийн адил тэдний нэртэй модот зам, гудамж ч байдаг. Палестиний, Иракийн, Чеченийн гэхчлэн газар нутаг, угсаа гарлаар нь тодотгосон амиа золислогчдын үүрэг юунд оршдог вэ? Биедээ тэсрэх бөмбөг бэхэлсэн амиа золиослогч аль их хүнтэй газар түүнийгээ дэлбэлэх. Ингээд л ганцхан өгүүлбэрээр тодорхойлчихож болох ч... Амьдралыг орхин одож буй тэдний үүрэг нэр төрөө хамгаалж, хүн болж төрөх, амьд явах, нэр төртэй үхэж чадах хүн гэдгээ батлахад оршдог.
Үндсэндээ дайсныг хөнөөж, өөрөө хорвоогоос явах нь тэдний хувьд нэр төрийн хэрэг гэж хэлж болно. Нэгэнт сонголтоо хийсэн бол буцах зам тэдэнд үгүй. “Ариун үүргээ” гүйцэтгэхээр явахын өмнө тэд бүх зүйлтэй салах ёс хийн, сүүлчийн үгээ дүрс бичлэгийн хальснаа үлдээдэг. Хэрэв шийдвэрлэх мөчид гэнэт санаагаа өөрчилбөл энэ бичлэгийг нь эргүүлээд өөрийнх нь эсрэг ашигладаг аж. Амиа золислогчдын жагсаалтад бичигдсэн хүн шинэ амьдрал эхэлж байна гэж итгэдэг. Ядуу, төөрөгдөлд орсон, боловсролгүй, гэнэн залууст амиа золиослогч болчихвол диваажинд очно гээд итгүүлчихдэг учраас тэр. Шинэ мянганыг аймшгаар эхлүүлсэн 19 амиа золиослогч ч тэгж л бодсон байх. Хоёр өндрийг мөргөсөн тэдний хамгийн сүүлчийн үг нь “Би чамд хайртай” байсан гэж хаа ч билээ уншсан санагдана...
БИ КОРАНЫГ Л ХҮМҮҮСТ ТАЙЛЖ ӨГЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ
1983 оны дөрөвдүгээр сар. Ливаны нийслэл Бейрут дахь АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо “Хезболлах” бүлэглэлийн гишүүн биедээ бэхэлсэн бөмбөгөө дэлбэлэн 60 гаруй хүний амийг авч оджээ. Энэ бол бидний амьдарч буй эрин үеийн түгшүүр, цус, нулимсыг дуудсан харангын эхний дэлдэлт байв. НҮБ-аас хийсэн судалгаагаар тэр үеэс өнөөг хүртэл 21.350 хүн амиа золиослогчдын гарт өртөж, 50 мянган хүн сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсныг тогтоожээ. Зөвхөн 2007 онд л гэхэд амиа золиослогчид дэлхий даяар 658 халдлага зохион байгуулсан байна.
Хамгийн сүүлийн тоогоор дөрвөн тивд алан хядах 60 гаруй бүлэглэл үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Чухамдаа “Хезбол лах” бүлэг - лэлийн “багш” нар гар аргаар байдал хэрхэн хийх, хүний анхаарал татахгүйгээр олны дунд яаж орох, цагаа хэрхэн нарийн тооцоолж үүргээ биелүүлэхийг бусаддаа заасан гэдэг. Саудын Араб, Палестин, Шри-Ланкийн хэт даврагсдын дунд шахидуудыг алдаршуулах, тэднийг бэлтгэх ажиллагаа өрнөжээ. 1994 оны Нобелийн шагналтан, (Эзнээ олоогүй шагнал гэдэгтэй олон хүн санал нэгдсэн дээ) Палестиний удирдагч агсан Ясир Арафат Израилийн эсрэг тэмцэлдээ хүнийг бөмбөг болгон ашиглаж эхэлсэн гэдэг.
Тэр л 800 гаруй жилийн настай энэ “ариун амиа хорлолт”-ыг моод болгон дэлгэрүүлж, ирээдүйн амиа золиослогчийг төрүүлэх нь эх хүний үүрэг гэдэг үзлийг мянга мянган палестин бүсгүйн тархинд суулгаж чадсан. Тэр л амиа золиослогчийг бэлтгэх зуны сургалт зохион байгуулдаг тусгай сургууль “Жихад”-ыг үндэслэж, дөрөвхөн настай хүүхдүүдийн замыг заасан. Тэр л хүний амьдралын эрээнд төөрсөн, нугачаанд бүдэрсэн залууст диваажинд хүрэх гарцыг “нээж” өгсөн.
ПАЛЕСТИНИЙ 47 ДАХЬ ШАХИД БУЮУ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ
Израилийг унагах гэсэн тэмцэлд амиа өргөсөн өчнөөн залуу Ясир Арафатын хувьд чамлалттай байв уу, эсвэл ирээдүйн дайчдыг төрүүлж өсгөдөг бүсгүйчүүд ч энэ дайнд оролцох ёстой гэж бодсон уу, “Улаан хавирган сар” хөдөлгөөний ажилтан Вафа Идрис хэмээх бүсгүй Гаазын зурваст өөрийгөө дэлбэлжээ. Тэр Палестиний 47 дахь шахид, анхны амиа золиослогч эмэгтэй болов. Ясир Арафатын сургаал биеллээ олж, охин нь одоо тэнгэрт очсон хэмээн итгэсэн ээж нь энэ тухай сонсоод баярлахдаа хавийн хүүхдэд чихэр тараасан гэдэг. Вафа Идрисийн эл алхам нийгэмд шахагдан гадуурхагдсан, ханиа алдсан, хүү төрүүлж чадаагүй, эцэг эхтэйгээ ам зөрсөн гээд мухардалд ож, гарах гарцгүй болсон хэдэн мянган бүсгүйг араасаа дагуулсан. Байлдаж чадахгүй, гэр зуураа л эргэн, эр хүнийг амьдрахад нь тусалдаг эмэгтэй хүний үнэ цэнэ эрчүүдийнхийг бодвол хямдхан байв.
Чеченийн дайнд эр нөхрөө алдсан залуухан бүсгүйчүүдийг Москвад “Чёрные вдовы” (Хар бэлэвсэн эхнэрүүд) хэмээн нэрлэж, нүд хөмсөг болсон кавказ гаралтай хүүхнээс цэрвэх болсон нь Ясир Арафатын эхлүүлсэн “эхнэрүүдийн дайн” хүрээгээ тэлснийг гэрчилнэ. Өөрийг нь хүрээлэн буй бүхэнд шингээстэй шашны үзэлд автсан энэ бүсгүйчүүдэд ойр дотнын 72 хүнээ нүглээс ангижруулж, ард үлдэх гэр бүлдээ мөнгө олгуулах хүсэл амьд явахаас илүү чухал байсан аж. Бас сэтгүүлийн хуудас чимж, нэрд гарах гэсэн гэнэн охид ч энэ хэрэгт уруу татагдах нь байдаг.
Терроризм нийгмийн үзэгдэл болчихсон энэ цаг үед үхэл рүү илгээх хүнээ хайж олох, сэнхрүүлэх, сургах “мэргэжил” аль хэдийнэ бий болчихжээ. Шашны нэр барин улс төрийн болон хувийн амбицаа гүйцэлдүүлэх хүсэлтнүүд энэ үйлсэд хүчин зүтгэж, цаг, мөнгөө урсгана. Шахид болох хүсэлтэй нэг хүн дагуулж ирэх, эсвэл дагуулж ирсэн хүндээ амиа золиослох хүсэл төрүүлсэн овсгоотон дунджаар 5000 америк доллараар цалинждаг гэнэ.
Ядуурал аллагыг бий болгодог (Би бол аллага ядууралд хүргэдэг гэж боддог) гэдэг нь худлаа юм болов уу. Палестиний дайны үед амиа золиослогчдыг адисладаг байсан шейх Ахмед Ясинаас “Амиа золиослон олон хүн хөнөөвөл нүглээс ангижирч, амгаланг олно гэж коран судрын хэддүгээр бүлэгт байдаг вэ” гэж нэг сэтгүүлч асуухад “ Энэ тухай хаанаас ч олж болно. Энгийн хүн ойлгомгүй зүйлийг мулла бид нар тайлж, таниулдаг юм” хэмээн ёжтой инээмсэглэсэн гэдэг. Ямар ч түүхийг өөртөө ашигтайгаар гуйвуулж болдгийн жишээ энэ буюу.
ШАХИДЫН БҮС
Баримлын шавар шиг зөөлөн зүйлд хэдэн мянган хадаас шигтгэн, дотор нь тэсрэх бодис хийн шахидын бүсэлхийд сайтар бэхэлнэ. Ихэвчлэн 10 кг татдаг энэ бөмбөг дэлбэрэх үед хадаасууд нь хүний биед асар хүчтэй шигддэг аж. “Мянган зүү шивэх шиг” гэдэг зүйрлэлийг мэдрэмж болгодог шахидын бүс ойр орчмын 15 метрт байгаа зүйлийг хийсгэж дөнгөдөг гэнэ. Өөрийн болон өрөөлийн амьдрал, үхлийг тодорхойлох нэгэн тойргийн төвд зогсохдоо амиа золиослогч юу бодож амждаг бол?
Ганцхан товчлуур дараад л бүх зүйл тэдний хувьд дуусаж, амь үрэгдэгсдийн араас эмгэнэх бусдын нулимс урсаж эхэлдгийг тэд мэддэг болов уу? “Диваажин хийгээд там хэн ч давж чадахгүй өндөр ханаар тусгаарлагдсан. Энэ хананы аль талд чи очихыг гагцхүү Аллах шийднэ. Ханыг нэвтлэх зам харин шахидуудад олддог” гэсэн итгэл энэ өгүүлбэрийг тавьж суух зуур хорвоогийн нэгэн буланг цусаар будаж байгаа амиа золиослогчийн сэтгэлийг бага ч атугай тайвшруулсан байгаасай. P.S: Хүүхдийнхээ эцэгтэй гэрлэж чадаагүй лалын шашинт эмэгтэй Израилийн жуулчдын дунд бөмбөг дэлбэлж л дээ. Амиа золиослогчдыг сургаж байсан нэгэн цэрэгт сэтгэл алдарсан тэрбээр азаар амьд гарч.
Түүний зохион байгуулсан халдлагад өртсөн нэг израиль залуугийн бөөр, зүрхийг Гаазын зурваст үүрэг гүйцэтгэж байгаад шархадсан цэрэгт шилжүүлэн суулгажээ. Нэрээ өөрчилж, зүсээ хувиргасан тэр бүсгүй хоёр жилийн дараа “багш”-тайгаа уулзахдаа дайсан гэж үзэн амийг нь хөнөөсөн тэр израиль залуугийн эрхтэн хайртынх нь амийг аварсан тухай олж сонссон гэдэг. Амьдралын бүх л асуудлыг шийдчих чадалгүй бидэнд амьдралыг, бүх асуудлыг ганцхан хоромд дуусгачих бодол төрж мэдэх л юм. Хэн нэгэнд ашигтайгаар, нэр төртэйгөөр үхчих зам байдаг гэдгийг ухуулаад байвал энэ замыг сонгох хэрэгтэй ч байж мэдэх. Гэхдээ сайхан сэтгэл, өөртөө болоод өрөөлд сайн сайхныг хүсэх тэр хормоос аз жаргалын тухай зураг бүтдэг бус уу?