Тэдний амьдрал гашуудалтай хийгээд баяртай үйл явдал ихтэй гэж хэлж болно. Энэ бүхнийг тэд бурхны “зураг” гэж үзнэ. Тийм болохоор хэнд ч гомддоггүй, юуны ч өмнө сөхөрдөггүй. “Би олон хүүхэдтэй болохыг дандаа хүсдэг байсан. Гэтэл эмээ маань ч, ээж ч гурав гурван охин төрүүлсэн. Би ч ялгаагүй Настя, Женя, Маша гэж гурван охин төрүүлсэн. Бурхан гурвын тоонд дуртай гэлцдэг.
Үүнд би итгэхээс яалтай”. Оросын Набережные Челны хотод аж төрдөг Валентина Светчикова ийн ярьж байна. Эдний гурван охин цэцэг шиг өсөж торнижээ. Настя нь сургуульдаа л царайлаг гэгдэнэ. Шатар тоглоно, сайн зурна. Дээд сургуульд сурч, дизайнер болох бодолтой байв.
Дундах охин Женя нь бусдын төлөө байнга санаа зовж явдаг сонин хүн. “Та бол энэ дэлхийн хамгийн сайхан ээж. Би тандаа их хайртай” гэж хэлэх дуртай. Маша отгон нь болохоор хүн бүхэн түүнийг өхөөрдөнө. Энэ гэр бүл аз жаргалтай байлаа. Гэтэл нэг л агшинд тэдний амьдрал уруугаа харчихав. Ерөөс жаргал гэгч гойд хэврэг эд санж. 2006 оны хоёрдугаар Женя шинэ даашинзаа өмсөж чадсангүй сард эднийхэнд нэгэн урилга ирсэн нь садангийнх нь нэг хүн хурим хийх болжээ.
Ингээд Челныгээс 1000 км хол байх Валентинагийн уугуул нутаг руу явах хэрэгтэй боллоо. Хөдөө тосгоны ууж согтуурахыг гол болгосон найранд яваад яах юм бэ, шал дэмий гэж өрхийн тэргүүн ихэд эсэргүүцжээ. Ууган охин Настя ч дургүй байв.
Гэхдээ шалтгаан нь өөр. Тэрбээр гэгээн Валентиний өдрийг хайртай залуутайгаа хамт өнгөрөөх бодолтой байлаа. Харин дунд охин Женя урилга авсандаа хөл нь газар хүрэхгүй байв. Нөхцөл байдал ч гэсэн тэднийг хуриманд явахыг дэмжээд байгаа мэт мөнгө түвэггүй олдож, машин унаа ч дорхноо бэлэн болж, ажил төрөл нь ч айвуу тайвуу аятайхан байлаа.
Гэтэл замд гарахын урд шөнө бага охин Маша нь зүүдэндээ хачин жигтэй юм үзжээ. “Автомашины осол, хагарсан шил, эмээгийнх нь нулимс, тэр ч бүү хэл яагаад ч юм бэ бөгсөн дээрээ бөхтэй имжний дүрээр үхэл хүртэл түүний зүүдэнд орсон байна.
Тэгээд Маша тэр имжийг хөөж гүйцээд юу болох гээд байгааг хэлж өгөхийг хүссэнд “Бүү ай, муу муухай юм чамайг тойрч өнгөрнө” гэхээс өөрийг хэлсэнгүй. Энэ бүхнийг томчуудынхаа нэгэнд нь дуулгахыг зүүд бас охинд “тушаажээ”. Тэгээд Маша зүүдэнд нь орсон юмаа эхлээд Женядаа ярив. Гэвч “уусан архиндаа биш уух архиндаа” мансуурсан Женя ийм хачин юм ярьж хүмүүсийн сэтгэл үймүүлэхгүй байхыг түүнд зөвлөсөн аж. Валентина ийн дурсаж байна.
Тэгээд хоёр том охин гэр бүл бүртгэх товчооноос хуучин “Москвич” машинаар хөдлөхдөө дүүгээ (Маша) “шаврын хаалт” хэмээн адалж үлдээсэн аж. Гэтэл хальтиргаа гулгаатай замаар хуримын цуваанаас хоцрохгүй явахад хуучин муу “Москвич”-д тун хэцүү байлаа.
Залуурынх нь ард ядахдаа нэлээд халамцуу тракторчин сууж байсныг ч хэлэх үү. Хуучин “Москвич” өөдөөс нь аварга “Камаз” довтолгож яваа сөрөг урсгал руу удалгүй давхиад орчихов. Ачааны машины жолооч амжиж тоормосоо гишгэж, улаан халз мөргөлдөхөөс сэргийлж чадсан ч, нормоосоо хэтэртэл түлээ ачсан олон тоннын даацтай хүнд машинаа зогсоож хүчирсэнгүй.
Том машин яг “Москвич” дээр унах нь тэр. Ийнхүү Светчиковынх гэдэг айл хоёр охиноосоо хагацав. Хөөрхий Женя сургуулиа төгссөний баярын үдэшлэг дээр гоёхоор зэхсэн даашинзаа өмсөж чадсангүй. Ямар хэцүү байсан гэж бодно.
Хэрэв сүнс байдаг гэдгийг мэдээгүй бол би лав галзуурах байсан байх хэмээн Валентина ярив. Үүнээс хоёр жилийн дараа огт санаанд ороогүй байтлаа Валентина жирэмсэлснээ мэдэв. Нөхөр нь баярласан ч 49 настай хүн хүүхэд төрүүлнэ гэдэг амаргүй болохыг эмч хүний хувьд гадарлаж байв. Валентинад хяналт тавьж байсан эмч нар ч ийм бодолтой байлаа. Тусгай комисс хуралдаж зөвлөлдөөд хүүхдийг төрүүлэх боломж Валентинад байхгүй хэмээн санал нэгдлээ.
Тиймээс Валентинагийн үрийг зулбуулахаар шийдвэрлэв. Тэгтэл өрхийн тэргүүн бас нэг сонин юм зүүдлэв. Эмээ нь түүн рүү айхтар ширүүн хараад “сайхан мэдээрэй” гэх үгийг хурууныхаа хөдөлгөөнөөр хэлэв гэнэ. Яг энэ агшинд гурван бяцхан хүү гүйж яваа харагдсан байна. Энэ үед Валентинагийн хэвлийд гурван “амьтан” бий болж буйг Светчиковынхон яахин мэдэх билээ.
Ураг хэвлийдээ бойжих үйл явц хэвийн байсан ч эмч нар нас нь ахисан Валентинаг эмнэлэг рүү явуулж нэг ургийг нь хөндүүлэхээр шийджээ. Нөхрөө дагуулаад Казаньд очиход цэргийн эмнэлгийн эмч Валентинагийн биеийг үзээд мэс ажилбар хийхээс татгалзав.
Тэрбээр “Би эмчээр ажиллах хугацаандаа янз бүрийн л юм үзлээ. Ялангуяа сүүлийн үед хүний амьтай л холбоотой байх болсон. Чи минь гэртээ харьсан чинь дээр” гэж хэлжээ. “Би өөрөө ч хүүхэд төрүүлэхэд түүртэхг үй гэж бодоод байх болсон байсан. Амьдралыг шинээр эхлэх боломжийг бурхан бидэнд заяасан юм шүү” гэж Валентина Светчикова ярьж байна.
Хүүхдээ төрүүлэхээр Валентина Москваг зорив. Тэнд гурван ихэр хүүг нь Москвагийн эх барихын ерөнхий эмч, энэ салбартаа бурхан гэгддэг профессор Марк Курцер гардаж төрүүлэв. Энэ эмчтэй учрахад нэгэн тохиолдол тусалсан аж. Валягийн хэвтсэн эмнэлэг гэнэт ариутгал хийхээр болж, амаржихаар хэвтсэн эхчүүдийг өөр эмнэлгүүдэд тарааж өгчээ.
Гэтэл Москвад бүртгэлгүй Валяг хэвтүүлэх эмнэлэг олддоггүй. Эсвэл 120 мянган рубль төлж хүүхдээ энд төрүүл, үгүй бол нутаг буц гэх нь тэр. Тэгтэл эхэлж хэвтсэн эмнэлгийн эмч Анастасия Николаева ашгүй түүнийг машинд суулгаад профессор Курцер дээр аваад очсон байна. “Түүний гар дээр нөгөө одод гээч нь л ирж төрдөг гэсэн болохоор надад ийм юм тохиолдоно гэж би ёстой бодоогүй.
Бурхнаас бидэн рүү илгээсэн энэ эмч бүх юмыг ёстой гайхамшигтай хийсэн” гэж Валентина хэлэх үгээ олж ядна. Одоо эднийд ганцхан хүн ажил хийж бусдынхаа гэдсийг тэжээж байгаа нь Игорь эмчийн даруухан цалингаар зургаан хүнийг хооллож, хувцаслана. Өрхийн орлогын ихэнх нь Машагийн сургуулийн төлбөрт “явчихна”. Тэрбээр эгчийнхээ адил загвар зохион бүтээгч болох гэж буй юм
Егор, Артём, Матвей нар одоо хоёр ойтой. Ээж нь “Егорыг харахаар Женя минь санаанд ордог юм. Өргөн дух, хацар, шаргал үс, нүд нь ялгахын аргагүй адилхан. Араншин нь ч төстэй. Матвейг Артёмаас хамгаална. Артём хөдөлгөөнтэй, зодчих гээд байдаг юм” гэж ярина.
Ирэх зун Светчиковынхон хөвгүүдээ Валентинагийн нутагт хөдөө тосгонд аваачих бодолтой гэнэ. Энэ гэр бүлд эмгэнэлт явдал тохиолдохоос өмнө тэнд сайхан байцгаажээ. Гурван эр хүнээ эх газартаа ойр өсгөж, өрх гэрийнхээ тулгуур багана болгохын тулд эмээгийнхээ сууж байсан байшинг засаад, цаашдаа суурьшихаар төлөвлөж буй аж.
Р.Жаргалант