АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн, “Ардчилсан нам”-ын ирээдүйтэй улстөрчдийн нэг Габриэль Гиффордсыг Аризона мужийн Тусон хотод сонгогчидтой уулзаж байх үед нь үл таних этгээд бууджээ. Жаред Лохнер хэмээх 22 настай залуу гар буугаар гал нээсний улмаас зургаан хүн амиа алдаж, гишүүн өөрөө болон 12 хүн хүнд гэмтэл авсан байна.
Толгойдоо шарх авч, ухаан алдсан Габриэль Гиффордсыг нисдэг тэргээр тус мужийн их сургуулийн харьяа эмнэлэгт хүргэн мэс засал хийсэн аж.
Түүнчлэн шархадсан есөн хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ. Одоогийн байдлаар улстөрчийн болон түүний туслахуудын биеийн байдал их хүнд байгаа тухай эмч нар мэдэгдэж байна. Гэмт этгээдийг тэр дор нь баривчилсан бөгөөд тэрбээр хэн нэгэнтэй хамтарч энэ хэргийг үйлдсэн байж магадгүй хэмээн цагдаагийнхан таамаглаж буй аж.
Одоо 40 настай Габриэль Гиффордс Аризона мужийн найман дүүргийг Конгресст төлөөлдөг бөгөөд Гадаад бодлого, Батлан хамгаалах хорооны байнгын гишүүнээр ажилладаг. Ардчилсан намаас нэр дэвшсэн түүнийг чадалтай улстөрч, ирээдүйн Сенатын гишүүн хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама үнэлдэг аж.
Жаред Лохнер ийм хэрэг үйлдэхийнхээ өмнөхөн бүх найзтайгаа салах ёс хийн, өөрийг нь зэмлэхгүй байхыг хүсээд Ерөнхийлөгч Барак Обамагийн явуулж буй бодлогыг буруушаасан бичлэгээ өөрийн блогтоо тавьсан байжээ.
Барак Обама Габриэль Гиффордс халдлагад өртсөнд харамсаж буйгаа илэрхийлээд хурдан эдгэрнэ гэдэгт итгэж байгаагаа мэдэгдсэн байна.