Тагнан турших болон салан тусгаарлах үйл ажиллагаа явуулсан хэргээр 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Өвөрмонголын тэрс үзэлтэн Хадаа ялын хугацаагаа дуусгаад өнгөрсөн долоо хоногт суллагдсан тухай АНУ-ын "НьюЙорк таймс" сонины Бээжин дэх сурвалжлагч Эндрю Якобс мэдээлжээ.
Уг мэдээлэлд Хадаа 1995 онд Хөх хотод хэдэн зуун хүн оролцсон жагсаал зохион байгуулаад баривчлагдсан юм. Түүнийг хорьсны дараа 200 коллежийн олон мянган оюутан номын дэлгүүрийнх нь гадаа цугларч, Чингис хааны зургийг барин, монгол дуу дуулж, Хадааг суллахыг шаардаж байсан юм. Үүнээс хойш жилийн дараа Өвөрмонголын тусгаар тогтнолын төлөө тэмцдэг Өмнөд Монголын ардчилсан холбоог байгуулсан хэмээн Хадааг буруутган, “Америкийн дуу хоолой” болон гадаадын мэдээллийн агентлагуудад ярилцлага өгснийг нь тагнан турших ажиллагаа гэж үзэн 15 жилийн ял оноосон билээ. БНХАУ-ын хуулиар түүний суллагдах хугацаа энэ сарын 2010,12,10-нд дуусаад суллагдсан хэмээн зарласан.
Хятадын нэгэн цахим хуудаст “Гэр бүлээрээ уулзсан нь” нэртэй Хадаагийн эхнэр хүүхэдтэйгээ хооллож байгаа зургийг тавьсан байжээ. Хадааг суллагдсан сургаар хэвлэл мэдээллийнхэн болон түүнийг хүлээж байсан хүмүүс уулзахыг хичээсэн ч олдохгүй байгаа гэнэ. Тэрс үзэлтэн Хадаа энэ жил 55 нас хүрч байгаа бөгөөд монгол хэл, соёлыг хамгаалах талаар тууштай тэмцдэг нэгэн.
Харин тэрбээр өнөөдрийг хүртэл сураггүй байгаа юм. Өвөрмонголчууд түүнийг Хятадууд дахин хорьсон гэж үзэж байгаа бөгөөд түүнийг суллахыг шаардан 2011,01,01-нд жагсаал зохион байгуулжээ.
Хадаа нь Өвөр Монголд амьдардаг нутгийн уугуул иргэдэд автономит өргөн эрх олгохыг шаарддаг байжээ. Сүүлийн 60 жилийн туршид явуулсан цагаачлалын бодлогын улмаас Өвөр Монголын хүн амын 80 хувийг Хятадын хан үндэстнүүд эзлэх болсон ч тус мужид амьдардаг дөрвөн сая монголчууд хэл, соёлоо хадгалан үлдэхийг тэр хүсдэг юм” гэжээ.





