
“Ковид-19”-ийн эмчилгээнд ашигладаг ремдесивир тарилгыг (нэг ширхэг) иргэд 200 000 гаруй төгрөгөөр авч байгаа. Улмаар наадмын амралтын өдрүүдэд үнэ нь 400 000 төгрөгт хүрч нэмэгдсэн юм. Түүнчлэн өмнө нь арбидол эм хомсдож, үнэ нь эрс нэмэгдсэн. Тодруулбал, эмийн сангуудад уг эмийн үнийг импортынхоос нь 43-46 хувиар нэмж борлуулсан тохиолдол ч бий. Коронавирусийн улмаас эмчлүүлэх иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор эрэлт нь ихэссэн эдгээр эм, тарианы үнэд хяналт тавьж, зохицуулж буй, эсэхийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ынхнаас тодруулахад “Цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэж буй эм, тарианы нөөцийг хангалттай бүрдүүлэхэд анхаарч байна. Үүний хүрээнд вирусийн эсрэг эмүүдийг яаралтай горимоор оруулж ирэх импортын лиценз хүссэн эм ханган нийлүүлэх байгууллагуудын материалыг шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байгаа. Импортлогчийн тоо нэмэгдэж, нөөцийг хангалттай бүрдүүлснээр үнэ тогтворжих боломжтой” гэв.
Тус газрынхны мэдээлснээр өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 11 989 ширхэг (тус бүр нь 100 мг савлагаатай) ремдесивир тарилгын нөөц бий аж. Мөн 100 мг хэмжээтэй арбидол эм 708 764, 200 мг-тай нь 116 563 ширхэг байгаа гэнэ. “Ковид-19”-ийн эмчилгээнд ашиглаж байгаа фавипиравир эм 120 532 ширхэг байна. Цар тахлын одоогийн нөхцөл байдалтай уялдуулан тооцоход эдгээр нь ойролцоогоор 170 хоногт хүрэлцэх нөөц гэнэ. Түүнчлэн тус газраас вирусийн эсрэг эм, тарилгын үнийн дээд хэмжээг тогтоосон байна. Ингэхдээ үйлдвэрлэгчийн үнэ, гаалийн болон бусад албан татвар, тээврийн зардал зэргийг харгалзан үзжээ. Тухайлбал, 14 үйлдвэрлэгчийн ремдесивир тарилгын үнийн дээд хэмжээг нэгбүрчлэн тогтоожээ. Тэдгээр нь ремкор, рамдивир, ковифор, десрем зэргээр худалдааны өөр нэршилтэй бөгөөд бөөний үнийн дээд хэмжээ нь 130 000-165 000 (нэг ширхэг тариа) төгрөг аж. Жижиглэнгийнх нь 160 000-199 000 төгрөг байхаар тогтоожээ. Тэгвэл худалдааны таван өөр нэршилтэй, өөр өөр савлагаатай арбидол эмийн бөөний үнийн дээд хэмжээ 10 750-27 720, жижиглэнгийнх нь 14 000-36 000 төгрөг байх нь.
Үүнийг мөрдүүлэхийн тулд эм ханган нийлүүлэх байгууллагуудтай санамж бичиг байгуулж, эмийн сангуудад албан бичиг хүргүүлснийг ЭЭХХЗГ-аас мэдээлсэн. Түүнчлэн эмийн сангууд үүнийг мөрдөж байгаа, эсэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас тогтмол шалгаж байгаа аж. Хэрэв аль нэг байгууллага, аж ахуйн нэгж, иргэн вирусийн эсрэг эм, тариаг тогтоосноос илүү үнээр борлуулбал ЭЭХХЗГ, ШӨХТГ-т мэдэгдэж, арга хэмжээ авхуулах шаардлагатай гэнэ.
Бэлтгэсэн М.Оч