
Хууль зүйн байнгын хороо УИХ-ын хаврын чуулганы хугацаанд хэлэлцсэн гол асуудал, хэрэгжүүлсэн ажлуудаа өчигдөр тайлагналаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Бид 2021 оны хаврын чуулганы хугацаанд 23 удаа хуралдаж, 170 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Өршөөл үзүүлэх тухай, зохиогчийн эрх, патент, оюуны бүтээл, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн олон чухал хуулийг батлуулсан” хэмээн онцлов.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсноор Монгол Улс хүний эрх хамгаалагч гэж хэн болох, эрх зөрчигдсөн тохиолдолд хэрхэн хамгаалах эрх зүйн зохицуулалттай Ази тивийн анхны орон болсныг дурдав. Шинэ хуулийн зохицуулалттай холбоотойгоор Хууль зүйн байнгын хороо хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, баримт, нотолгоо цуглуулах, эрсдэлийн үнэлгээ хийх, түүнд үндэслэн гаргасан дүгнэлтийг комисст хүргүүлэх зэргээр хуулийн хэрэгжилтийг хангах юм байна.
Мөн Өршөөл үзүүлэх тухайн хуулийн тухайд “Эрүүгийн хариуцлага үүрүүлэхийн гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, үүний улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, ижил төрлийн хэрэг, зөрчлөөс сэргийлэхэд оршдог. Энэ удаагийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүний амийг санаатайгаар хөнөөсөн, бусдын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, хүүхдийн эсрэг үйлдсэн аливаа гэмт хэрэг, өмнө нь өршөөлд хамрагдсан ч дахин хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн тохиолдлуудыг өршөөлд хамруулахгүй байхаар тусгасан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан тохиолдолд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, хэрэгтэнд нийгэмд хөлөө олж, ажил хөдөлмөр эрхлэх боломж олгож буй” гэж онцлоод, 709 хоригдлыг ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэснийг тус хуульд тусгасан зарчмыг үндэслэн 1841 болгосон гэв.
Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн хавар томилгооны сонсголыг анх удаа зохион байгуулжээ. Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу тус байгууллагын дэд даргыг үүнд оролцуулж, томилох эрх зүйн орчныг бүрдүүлснээ онцоллоо.
Өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлгүй, эмх замбараагүй байсан олон асуудлыг цэгцлэх зохицуулалтыг Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд тусгасныг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг дурдлаа. “Зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааг зохиогч, эрх эзэмшигч, уран бүтээлчийн саналын дагуу туурвисан, эсхүл нийтэлсэн өдрөөс эхлэн 50 дахь жилийн арванхоёрдугаар сарын 31, хавсарга урлагийн бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвиснаас хойш 25 дахь жилийн арванхоёрдугаар сарын 31 хүртэл хүчин төгөлдөр байхаар хуульд тусгасан. Энэ зохицуулалт нь цаашид өв залгамжлагч ашиг олох, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг эрх тэгш байлгах нөхцөл бүрдүүлэх ач холбогдолтой” хэмээв.