
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах зорилготой “Багануурын дулааны цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний дагалдах гэрээ болох Цахилгаан эрчим хүч худалдах, худалдах авах гэрээг өнгөрсөн баасан гарагт байгууллаа. Уг нэмэлт гэрээнд 200 мВт-ын хоёр блокоос бүрдэх буюу нийт 400 мВт хүчин чадалтай байхаар тусгажээ. Эхний ээлжид нэгдүгээр блокийг 2026 оны долдугаар сарын 1, хоёр дахийг нь мөн оны аравдугаар сарын 1-нд багтаан ашиглалтад оруулахаар тусгасан аж. Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд өмнө нь тусгасан “take or pay” зарчмаас татгалзсанаар Монгол Улсын төсөвт нэмэлт дарамт үүсэхээс сэргийлсэн гэнэ. Уг төслийг хэрэгжүүлэх нь төвийн бүсийн эрчим хүчний системийн найдвартай, хэвийн ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой гэж салбарын яамнаас тодотголоо. Мөн станцад ашиглах нүүрсийг Багануурын уурхайгаас нийлүүлэх нь уурхайн санхүүгийн чадамжид эерэг нөлөөтэй гэв.
Дээрх нэмэлт гэрээнд “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Багануур пауэр” ХХК-ийн төлөөлөл гарын үсэг зурсан юм. Тус станцын барилга угсралтын ажлыг дөрвөн жил гүйцэтгэж, гэрээний дагуу концесс эзэмшигч 21 жил ашигласны дараа Монгол Улсад хүлээлгэн өгөх аж. Холбогдох тендерийг удахгүй зарлах бололтой. Эргэн сануулахад, дээрх талууд уг станцын эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд таван жилийн өмнө гарын үсэг зурж байв. Тухайн үед станцын хүчин чадал 700 мВт байна хэмээн мэдээлж байсан бол ийнхүү бууруулжээ.
Бэлтгэсэн Ц.Болор