
Энэ жил нийт нутгаар хур тунадас элбэг байна. Тухайлбал, долдугаар сар гарснаас хойш ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо оржээ. Хур тунадас багатай говийн бүсэд ч бороо элбэг орж, ойрын дөрвөн жил буугаагүй үер Өмнөговь аймгийг дайрчээ. Аймгийн Онцгой комиссоос өчигдөр мэдээлснээр Даланзадгад бүхэлдээ шахам үерт автаж, улс, орон нутгийн чанартай авто замууд эвдэрч, зорчиход хүндрэл учирсан тул иргэд аль болох замд гарахгүй, бусад аймаг, сумынхан Өмнөговийг зорихгүй байхыг анхаарууллаа.
Тус аймгийн нутаг өнгөрсөн онд бүхэлдээ гантай байсан бөгөөд сүүлийн дөрвөн жилд ийм их бороо орж, үер буугаагүй аж. Үүнээс өмнө 2018 оны зун хур тунадас их орж, үер буужээ. Гэхдээ тухайн үеийн хохирол, хүндрэл нь өнөөгийнхөөс бага байсан гэнэ.
Үерийн улмаас аймгийн төв Даланзадгад сумын ихэнх айл, тэр дундаа гэр хорооллын өрхүүд бүхэлдээ усанд автжээ. Мөн Даланзадгадаас Улаанбаатар хүртэлх авто зам үерт өртсөн байна. Өчигдөр 15.00 цагийн үед аймгийн Онцгой комиссоос авсан мэдээллээр уг замаар зөвхөн бага оврын автомашинтай иргэдийг зорчуулж байв. Харин усанд автсан зам эвдэрч, осол гэмтэл гарч болзошгүй тул хүнд даацын, том оврын автомашинтай иргэдийг зорчихыг хоригложээ. Түүнчлэн аймгийн төвөөс Баяндалай сум хүртэлх 86 км зам эвдэрч, тодорхойгүй хугацаагаар түр хаасан аж. Бусад чиглэлийн авто болон шороон замаар суудлын автомашин, мотоциклтой иргэд зорчихгүй байхыг ч анхаарууллаа. Даланзадгадын доторх болон сумаас гарсан зам бүрт их хэмжээний ус хуримтлагдсан тул шалган нэвтрүүлэх товчоодод хууль, хяналтын байгууллагынхан ажиллаж, замд гарах иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгч буй гэнэ. Мөн үер, хур тунадасны улмаас Цогт-Овоо сумынхан цахилгаангүй болжээ. Түүнчлэн шилэн кабель гэмтсэнээс Номгон, Баян-Овоо сумын иргэд утасны сүлжээгүй болсон байна. Өчигдөр 17.00 цагийн байдлаар бороо татраагүй, үргэлжлэн орж байсан тул үерийн түвшин улам нэмэгдэх эрсдэл үүсжээ. Цаг уурын байгууллагаас мэдээлснээр Өмнөговьд энэ сарын 28 хүртэл бороо орох төлөвтэй гэнэ.
Аймгийн холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч, зургаан км газарт далан барьснаар үерийн усыг Даланзадгадын баруун талын Цагааны гол орчимд хашжээ. Ингэснээр тус газарт хоёр км орчим өргөн нуур үүссэн байна. Гэсэн ч далан байхгүй газруудаар үерийн ус аймгийн төв рүү оржээ. Даланзадгадад найман багт 19 000 гаруй өрх оршин суудгаас тал хувь нь усанд автсан гэж холбогдох албаныхан мэдээлсэн. Ялангуяа гэр хорооллын айлууд үерт их өртөж, орон сууцуудын зоорийн давхар, гарааш усаар дүүрсэн байна.

Тус аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Эрдэнэ-Өрнөхөөс газар дээрх нөхцөл байдлыг тодруулахад “Энэ сарын 18-нд бороо их орж, анх үер буусан. Маргааш нь хур тунадас үргэлжлэн орсноос Даланзадгад сумын баруун талын хэсэг үерт автсан юм. Тухайн үед үерийн далан нэмж барьснаар гамшгийн эрсдэлийг бууруулсан. Усанд автсан 60 өрхийг нүүлгэн шилжүүлж, арга хэмжээ авсан. Энэ сарын 24-нөөс дахин бороо орсноор одоогоор Даланзадгадын I, II, VI, VII багийн нутаг дэвсгэр бүхэлдээ, бусад газрын зарим хэсэг үерт автлаа. Бид нөхцөл байдлыг тодруулж, яаралтай арга хэмжээ авч, хэдэн айл гамшигт өртсөнийг тогтоохоор ажиллаж байгаа. Түүнчлэн цэвэр бохир усны шугам сүлжээгээр дамжин орон сууц, аймгийн төвийн албан байгууллагуудын зоорийн давхрын усыг соруулаад дуусаж байна” гэлээ.
Аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар зэрэг бүх албан байгууллагын ажилтан, алба хаагчдыг дайчилснаас гадна “Эрдэнэ зам”, “Замын битум”, “Таны зам”, “Даш зам” зэрэг зам, барилгын компанийнхан, иргэд нийлсэн 180 хүн үерийн эрсдэлийг бууруулахаар газар дээр нь ажиллаж байгаа аж. Иргэд ч сайн дураар үүнд нэгдэж, усанд автсан хүмүүст тусламж үзүүлж буй гэнэ. Тухайлбал, “Ёл УАЗ” клубийн залуус аймгийн Онцгой комиссын сайн дурын багт нэгдэж, 30 гаруй автомашиныг үерээс татан гаргажээ. Мөн төвөөс алслагдсан бүсэд амьдардаг, гэр нь усанд автсан 80 настай иргэдийг аварч, амаржих дөхсөн жирэмсэн эмэгтэйг үерт хаагдсан гэрээс нь эмнэлэгт хүргэжээ.
Түүнчлэн үерийн улмаас гэртээ байх боломжгүй иргэдийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Улаан загалмай нийгэмлэгийнхэнтэй хамтран нүүлгэн шилжүүлж байгаа аж. Өчигдөр 15.30 цагийн байдлаар VI багийн таван айлыг нүүлгэж, очих газаргүй болсон хоёр өндөр настныг багийн төвийн хуучин байранд түр байрлуулжээ. Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа сувилал, Политехникийн коллежийн байранд өрөө бэлтгэж, гэр нь усанд автсан иргэдийг түр байрлуулахаар болсон аж. Одоогоор хэдэн иргэн гэртээ орж чадахгүй болсныг нарийвчлан тогтоож амжаагүй байгааг албаныхан хэлэв.

Байгалийн гамшгийн эрсдэлийг даван туулах арга хэмжээг Өмнөговийнхон хэрэгжүүлдэг үү, болзошгүй эрсдэлээс сэргийлэх бэлтгэл хангадаг уу зэргийг аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Б.Дэнзэнгээс тодрууллаа. Тэрбээр “Байгалийн гамшиг, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг жил бүр хэрэгжүүлдэг. Түүний дагуу үерийн далан сувгуудыг засаж бэлтгэсэн байсан. Гэхдээ байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр амаргүй нөхцөл байдал үүслээ. Сумуудаас машин шаварт суусан, хэн нэгэн хүн төөрсөн, сураггүй болсон гэх дуудлага олон ирж байна. Үерийн улмаас хэр их хохирол учирсан нь одоогоор тодорхойгүй” гэв.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар хур тунадас ихтэй байх тул иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсан юм. Энэ сарын 21-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумд үер бууснаас 18 айлын гэр, 30 байшин, 42 хашаа үерт автжээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 48 өрхийн 60 иргэн, тэр дундаа 36 хүүхэд, 18 гэрийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газарт аваачсан байна. Цар уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр говийн бүс нутаг, зүүн аймгууд Дарьгангын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулсан юм. Түүнчлэн Орхон, Халх, Онги, Таац гол үерийн аюултай түвшнээс 5-180 см-ээр давсан тул орон нутгийнхан, аялал зугаалгаар яваа иргэд үер, усны аюулаас сэргийлэхийг анхаарууллаа. Мөн Сэлэнгэ, Бэлтэс, Туул, Хараа, Хэрлэн, Улз, Байдраг, Шаргалжуут, Байдраг, Хархираа, Ховд голын ус үерийн түвшнээс 10-30 см-ээр давсныг сэрэмжлүүлэв.
Бэлтгэсэн М.Оч