
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хаврын чуулганы хугацаанд 13 удаа хуралдаж, давхардсан тоогоор 47 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. УИХ-ын даргын захирамжаар болон байнгын хорооны тогтоолоор хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий гурван ажлын хэсэг байгуулсан аж. Байнгын хорооны хуралдаанаар 32 хуулийн төсөл, УИХ-ын долоон тогтоолын төсөл, харьяа байгууллагын зургаан тайлан, албан тушаалтныг чөлөөлөх, томилох тухай хоёр санал, дүгнэлтийг хэлэлцсэн байна. Үүнээс 26 хуулийн төсөл, УИХ-ын долоон тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Үндсэн хуулийн цэцийн 2021 оны нэгдүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах, мөн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл үүнд багтаж буй аж.
Г.Тэмүүлэн нарын гурван гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоолын, Засгийн газраас боловсруулсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх, эсэхийг тус байнгын хорооны хуралдаанаар шийдэж, санал, дүгнэлт гаргасан байна.
Байнгын хороо 2021 оны гуравдугаар сарын 23-ны хуралдаанаараа Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн болон Жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг сонсож, зөвлөмж хүргүүлжээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 20 удаа хуралдаж, давхардсан тоогоор 73 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний зэрэгцээ байнгын хорооны гурван тогтоол баталсан гэнэ. Тухайлбал, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын, УИХ-ын хяналт шалгалтын, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар тухай бүрт нь хэлэлцжээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, онцлог зохицуулалт бий болгосон нь нийслэлийн төвлөрлийг сааруулах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дагуул суурингуудыг хөгжүүлэх замаар дэлхийн жишигт хүрсэн эрүүл, аюулгүй, дэд бүтэц бүхий шинэ хотыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн аж.