
Улсын онцгой комисс өнгөрсөн баасан гарагт хуралдлаа. Гадаад руу явах иргэдийг 24-48 цагийн дотор PCR шинжилгээнд хамруулах шийдвэрийг уг хуралдаанаас гаргав. Уг шийдвэрийг ирэх сарын 1-нээс мөрдөж эхлэх аж. МИАТ компаниас “Гадаад руу зорчиж буй, таваас дээш настай хүн бүр тухайн улсад буухаас 24-48 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэсэн байх шаардлагатай. Гэхдээ улс бүр харилцан адилгүй шаардлага тавьж байгааг анхаарч, очихоосоо өмнө нарийвчлан судлах шаардлагатай. Жишээ нь, ХБНГУ 48 цагийн дотор түргэвчилсэн шинжилгээ хийлгэхийг шаардаж байна. Зорчигчид шинжилгээний хариугаа англи хэлээр хэвлүүлж, тухайн эрүүл мэндийн байгууллагын ажилтнаар тамга даруулж, гарын үсэг зуруулсан байх шаардлагатай. Нисэх буудалд ирээд уг баримтаа эх хувиар нь шалгуулах ёстой. Монгол Улсаас гадаад руу зорчсон иргэдээс коронавирус илрэх тохиолдол олон байгаа учир ийм арга хэмжээ авч байна. Иргэдийн шинжилгээний хариуг нисэх буудал дахь бүртгэлийн цэгт цахимаар нягтлан шалгах учир зорчигч “Гэрэгэ” системийг гар утсандаа суулгах шаардлагатай” хэмээн мэдээлэв.
ХӨСҮТ-ийн Био аюулгүй байдлын гуравдугаар зэрэглэлийн лабораторийг ирэх сарын 5-ны дотор бүрэн ашиглалтад оруулах үүргийг УОК-оос холбогдох албаныханд өглөө. Мөн УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэхээр шийдвэрлэв. Өдгөө уг зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар ажилладаг бөгөөд МУИС, ХӨСҮТ, ХААИС-ийн багш, эрдэмтдийг багтаасан 25 хүний бүрэлдэхүүнтэй юм. Бүрэлдэхүүнийг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнд түшиглэн шинэчлэх гэнэ.
Цар тахлын улмаас улс даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Энэ үед улсын болон бүсийн хэмжээнийхээс бусад уралдаан, тэмцээн, наадам, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулах эрхийг орон нутгийн Онцгой комисст өгөх болов. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутагт тэмцээн, уралдаан, наадам зохион байгуулах, эсэхийг Онцгой комисс нь шийдэх аж. Ингэхдээ зөвхөн гадаа талбайд тэмцээн, уралдаан зохион байгуулах бөгөөд зай барих дэглэм мөрдүүлэхийн тулд оролцогчийн тоог хязгаарлаж, үзэгчгүй байлгах шаардлагатай гэнэ. Түүнчлэн уралдаан, тэмцээн зохион байгуулахдаа холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй хариуцлагын гэрээ байгуулж, халдвар хамгааллын дэглэм чанд мөрдүүлэхийг УОК-оос үүрэг болгов.