
Коронавирусийн шинэ хэлбэрүүд вакцины үйлчлэлийг сулруулж байгаа учраас зарим орон иргэдээ гурав дахь тунгаар дархлаажуулах болсон. Харин манай улсын хувьд гурав дахийг хийх байтугай хоёр дахь тунг ч тариулаагүй хүн олон байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Тодруулбал, дархлаажуулалтад хамрагдаж эхний тунг хийлгэсэн ч хоёр дахийг тариулаагүй 200 000 хүн одоогоор улсын хэмжээнд бий гэнэ. Тэдгээр иргэн вакцин хийлгэсний дараа гурав дахь тунг тарих, эсэхийг шийдэх аж. Түүнчлэн гурав дахь тунг хийхээс өмнө вакцинуудын үр дүнг нарийвчлан судлах шаардлагатай гэнэ. Тус яамны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Дэлхийн хүн амын ердөө 26 хувь нь коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн. Африкийн ихэнх улсад хүн амынхаа дөрвөн хувийг л дархлаажуулалтад хамруулжээ. Одоогоор манай улсын хүн амын 58 хувь нь хоёр тун вакцин хийлгэсэн. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Коронавирусийн аль ч вакциныг хийлгэсэн өвчлөл, хүндрэл, нас барах эрсдэлээс 90-100 хувь хамгаална” гэв.