
“Талибан” хөдөлгөөн дахин давшиж эхэлсэнтэй холбогдуулан Афганистаны Засгийн газар өөрийн хяналтад буй газар нутагтаа хөл хорио тогтоов. Ингэснээр 33 мужийнх нь 31-т 22.00-04.00 цагийн хооронд иргэдийг гадагш гарахыг хоригложээ. Үүнд нийслэл орчмын бүс нутаг болон Панжшер, Нангархар муж ороогүй аж.
АНУ-ын цэргийнхэн тус улсаас гарахын хэрээр талибууд Засгийн газрын хүчнийхний эсрэг давшилтаа идэвхжүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт “Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны хилийн 90, нутаг дэвсгэрийн 80 хувийг хяналтдаа авснаа мэдэгдэв. Үүнийг Кабулын Засгийн газар эрс няцаасан байна.
Хэт давруу үзэлтнүүд Иран, Пакистан, Туркменистан, Тажикистантай залгаа хилийн шалган нэвтрүүлэх гол цэгүүд болон Афганистаны нутаг дэвсгэрийн 50 орчим хувийг хяналтдаа авсан гэж шинжээчид дүгнэжээ. Талибууд хэд хэдэн хот руу давшсан ч эзэлж чадаагүй аж. Сүүлийн өдрүүдэд Кандагар хотын төлөө тулалдаан эрчимтэй өрнөж буй. Тус мужид босогчид Засгийн газрын түшмэдийн төрөл төрөгсдийг барьцаалж байна. Засгийн газрын цэргийнхэн эсэргүүцэл үзүүлбэл хэт давруу үзэлтнүүд жирийн оршин суугчдаас өшөө авч эхэлнэ гэж хүний эрхийн төлөө тэмцдэг “Human rights watch” байгууллагынхан мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мөргөлдөөнд АНУ оролцож, талибуудад дроноос цохилт өгч эхэлжээ. Үүнийг АНУ-тай байгуулсан тохиролцоог зөрчсөн хэрэг хэмээн “Талибан” хөдөлгөөнийхөн мэдэгдсэн байна.
2020 оны эхээр байгуулсан хэлэлцээрт зааснаар Дональд Трампын засаг захиргаа 2021 оны тавдугаар сар гэхэд Афганистанаас цэргээ гаргах үүрэг хүлээжээ. Түүний халааг авсан Жозеф Байден цэргээ тавдугаар сард бус, ирэх есдүгээр сарын 11 гэхэд бүрэн гаргахаа мэдэгдсэн юм.
Афганистаны хойд нутагт ч талибууд Засгийн газрын хүчнийхэнд эсэргүүцэл үзүүлж байна. Тиймээс Тажикстан Афганистанаас 100 мянган дүрвэгч хүлээн авахад бэлэн гэдгээ зарлажээ. Үүний сацуу “Талибан” хөдөлгөөнийхөн хяналтдаа авсан нутагтаа исламын шашны журам тогтоож, энгийн номхон иргэдтэй харгис хэрцгий харьцаж буй нь хүний эрхийн төлөө тэмцэгчдийг түгшээх болжээ.