
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Уг хурлаар хэлэлцсэн гол асуудал нь цар тахлын нөхцөл байдал, түүнийг даван туулах арга замуудын талаар байв. Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавируст халдварын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх баг манай улсад ирж, 42 хоног ажиллахаар болсныг тэрбээр мэдээлсэн юм. Зөвлөх багийнхан “Ковид-19”-ийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй танилцаж, эмч, мэргэжилтнүүдийг сургаж, мэргэшүүлэхээр төлөвлөсөн байна.
Цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар салбарын сайд “Улсын хэмжээнд эмнэлгийн нийт 27 000 ор бий. Үүнээс 14 500 орыг “Ковид-19”-өөр өвчилсөн иргэдийг эмчлэхэд ашигласан. Манайх шиг ийм олон ор дэлгэсэн улс маш цөөхөн. Үүний үр дүнд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ ойртож, эрсдэлээс сэргийлж байна. Мөн улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 385 ор байсныг цар тахлын үед 212-оор нэмсэн” гэлээ. Түүнчлэн коронавирусийн дельта хэлбэрээр долоон хүн халдварласныг мэдээлээд, тандалт, судалгаа хийж байгааг онцлов. Ингэхдээ “Ковид-19”-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс ч дельта хэлбэрээр халдварлах эрсдэлтэйг анхааруулж, халдвар хамгааллын дэглэм баримтлахыг иргэдэд зөвлөлөө.

“Ковид-19”-ийн эрсдэлийг бууруулахын тулд цаашид халдвар авсан иргэдийн ойрын хавьтлуудын тандалт, судалгааг сайжруулах, өвчилсөн бол аль болох эмнэлэгт тусгаарлан, эмчлэх бодлогыг ЭМЯ-наас баримталж байгаа гэнэ. Мөн коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг ирэх сарын сүүлчээр иргэдэд хийж эхлэхээр төлөвлөжээ.
Хүн төрөлхтөн “Ковид-19”-тэй зэрэгцэн амьдрах, амьдралын шинэ хэв маягт шилжих нь хэдийн тодорхой болсон тул халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, тандалт, судалгааг эрчимжүүлж, энэ чиглэлээр орон нутагт Нийгмийн эрүүл мэндийн төвүүд байгуулах шийдвэрийг Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлөөс гаргалаа. Үүнээс гадна Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх Био бэлдмэлийн үйлдвэрийн техник, технологийг үе шаттайгаар шинэчилж, цар тахлын эсрэг өвөрмөц иммуноглобулин үйлдвэрлэх технологи нэвтрүүлэх нь зүйтэй гэв. Өвчилсөн, эсвэл вакцин тариулсан хүмүүсийн цусыг авч, эсрэг биеийг нь ялган, бусдад тарих бэлд мэл хийхээр тус төвийнхөн ажиллаж буй юм. Манай эрдэмтэд менингит, улаан бурхан, халдварт шар өвчний үед энэ технологийг ашиглаж байсан бөгөөд түүнийхээ дагуу коронавирусийн эсрэг бэлдмэл хийхээр ажиллаж байгаа аж. Үүнээс гадна “Ковид-19”-ийг богино хугацаанд илрүүлэх, мутацыг тодорхойлох оношлуур дотооддоо үйлдвэрлэх, вакцины хяналтын лаборатори байгуулах ажлыг нэн даруй эхлүүлнэ гэж тус зөвлөлөөс мэдээлэв.

Цар тахлаас гадна байгаль, цаг уурын гамшгийн давтамж ихэссэнтэй холбоотойгоор эрсдэлийг бууруулахад чиглэсэн хэд хэдэн шийдвэрийг Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлөөс гаргалаа. Тухайлбал, эрсдэлийг бууруулах сан бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд гамшгийн даатгалын бүтээгдэхүүн гаргах нь зүйтэй гэж үзэв. Мөн коронавируст халдварын үед шуурхай арга хэмжээ авах зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад гамшгаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны мэргэжилтэн ажиллуулахаар болжээ. Цаашид гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухаанд суурилан хөгжүүлэхийн тулд тус зөвлөлийн дэргэд Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл байгуулах гэнэ. Түүнчлэн Гамшиг судлалын хүрээлэнг үндэсний хэмжээнийх болгож өргөтгөхөөр төлөвлөжээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт багтаасан “Аюулгүй амьдрах ухаан”, их, дээд сургуулийн “Гамшгаас хамгаалах менежмент” хичээлийн агуулга, бүтцийг сайжруулахыг холбогдох албаныханд даалгав.
Ташрамд дурдахад, манай улсад сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдсэн. Энэ оны эхний хагас жилд гэхэд 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 240 гаруй бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийг бүртгэх тав, идэвхжлийг нь хянах мөн тооны станцыг амжиж анхааруулах системтэй нь хамт суурилуулах зардлыг 2022 оны улсын тө сөвт тусгуулахаар боллоо. Үүнээс гадна газар хөдлөлтийн талаарх мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх журам боловсруулж, батлуулахаар шийдвэрлэжээ.
Бэлтгэсэн М.Оч