
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж “Эв нэгдэлтэй Ардчилсан нам” санаачилгын хүрээнд хийж буй, 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Тус намыг нэг дарга, нэг тамгатай болгох зорилгоор онц их хурлаа хийхийг шаардаж, 100 мянган гишүүний гарын үсгийг цуглуулж буй юм. Өчигдрийн байдлаар 50 мянга гаруй гишүүн уг санаачилгад нэгдэж, гарын үсгээ зуржээ. Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим аймагт уг ажлыг түр зогсоосон аж.
Гишүүн Б.Пүрэвдорж “Зарим аймаг дахь намын дунд шатны дарга нар гарын үсэг зурах ажлыг бойкотолж байна. Намын дээд түвшинд удирдлага нь эв нэгдэлгүй байж болно. Гэхдээ доод түвшинд гишүүд нь эвтэй байгаа шүү гэдгийг харуулах нь гарын үсэг цуглуулах ажлын гол зорилго. Аравдугаар сард болох нөхөн сонгуулийн бэлтгэл хангах, хуульд заасан хугацаандаа тодорхой ажлуудыг хийх шаардлагатай. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас хоёр хүн нэрээ дэвшүүлэхээр материалаа хүргүүлж, нэг нь нөгөөдөө “дэгээ тавьсан” тул ялагдал хүлээсэн. Ийм байдал УИХ-ын нөхөн сонгуулиар дахиад давтагдах нь. Нөхөн сонгуульд бид маш хариуцлагатай оролцох ёстой. Ирэх сарын 10-ны дотор уг сонгуульд оролцох намууд СЕХ-нд мэдэгдлээ хүргүүлэх хуультай. Гэтэл дахиад л хоёр албан бичиг хүргүүлэх болчихлоо. Намууд нэр дэвшигчээ есдүгээр сарын 2-нд тодруулж, бүртгүүлэх ёстой. Тэр үед С.Эрдэнийн тал Б.Гарамгайбаатар, О.Цогтгэрэлийн талаас М.Хүдэрбаатар гэсэн хүнийг нэр дэвшүүлэх нь. Гэтэл жирийн гишүүд тухайн тойргуудад өөр хүнийг нэр дэвшүүлж, амжилттай оролцох боломжтой гэж найдаж байгаа. Тиймээс дарга нар нь намын гишүүдтэйгээ ойр ажилламаар байна. Манайх эв нэгдэлгүй байж хоёр хүнийг нэр дэвшүүлбэл МАН-аас хэнийг ч өрсөлдүүлсэн ялалт байгуулах нь тодорхой. С.Эрдэнэ МАН-ын талд үйлчилж байна. Намын нэг хэсэг нь эрх баригчдад “тал засвал” АН-ын тамгыг бидэнд өгчихнө гэсэн буруу ойлголттой байгаа” гэв.