
Цар тахлын үед үйлчилгээ эрхлэх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нийслэлийн Засаг даргатай хариуцлагын гэрээ байгуулж буй билээ. Уг гэрээг байгуулснаар үйлчилгээгээ хэвийн явуулах боломжтой юм. Өчигдрийн байдлаар 1391 аж ахуйн нэгж, иргэн хариуцлагын гэрээ байгуулсан аж. Тэдний олонх буюу 658 нь зоогийн газар юм байна. Мөн цайны 370, амралтын 34, цахим тоглоомын 45 газар, 57 бассейн, фитнес хариуцлагын гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Үйлчлүүлэгчдээр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, вакцин хийлгэсэн гэрчилгээг нь заавал шалгах, бүх ажилтан дархлаажуулалтад хамрагдсан байх зэргийг уг гэрээнд тусгажээ. Нийслэлийн есөн дүүргийн 171 хороонд нийт 1723 албан хаагч хоёр ээлжээр ажиллаж, аж ахуйн нэгжүүд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа, эсэхийг хянаж буй юм байна.