
Сүхбаатар дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр, 15-1, 15-2, 15-3 дугаар байрны урд талд барилга барихаар хашаа татжээ. Үүнийг эсэргүүцсэн оршин суугчид өчигдөр жагсаал зохион байгууллаа. Энэхүү газарт “Монголиан пропертис” компани үйлчилгээний зориулалттай, дөрвөн давхар барилга барихаар болжээ. 2011 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар IV хорооны 525 ам метр газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар тус компанид олгосон байна. Ингээд тухайн үед мөн л барилга барих гэтэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарснаар нийслэлийн холбогдох албаныхан ажлыг зогсоосон гэнэ. Гэсэн ч “Монголиан пропертис” компанийнхан нийслэлийн холбогдох албаныхан хууль бус шийдвэр гаргасан хэмээн шүүхэд хандаж, ялсан аж. Ингэснээр барилгын ажлаа дахин эхлүүлэх боломж бүрдсэн байна. Оршин суугчид барилгын ажил эхлүүлэхийг эрс эсэргүүцэж буй бөгөөд “Байрнуудад бараг наалдуулах шахам барилга барьж, ойр орчимд сул зай талбайгүй болгох нь” хэмээсэн юм.
Бэлтгэсэн М.Оч