
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө өчигдөр Монгол улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны уулзалт хийв. Тэд албан ёсны уулзалтаараа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, мөн бусад харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, санал солилцсон байна. Түүнчлэн хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг сайд нар онцлон тэмдэглэж, цаашид цар тахлын нөхцөл байдал намжмагц цэргийн бүхий л түвшний айлчлал, батлан хамгаалах аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт, боловсон хүчний сургалт солилцоо, хээрийн сургууль зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлэв. БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө, түүний энэ удаагийн айлчлал нь Хятад, Монголын Батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд хүргэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдгийг онцоллоо.
Эх сурвалж: Батлан хамгаалахын яам