
Улаанбаатар хот болон ойролцоо суурин гзаруудын цаг агаарыг урьдчилан тандах, хур тунадаснаас үүдэлтэй байгалийн аюулт үзэгдлийг мэдээлэх, агаарын тээврийн нислэгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй цаг уурын ажиглалтын станц Морин-Уулд бий. 480 км хүртэлх орон зайд салхи, хур тунадасны эрчимшлийг тодорхойлох хүчин чадалтай эл станцыг 1999 онд ашиглалтад оруулснаас хойш шинэчилж, сайжруулаагүйн улмаас сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь доголдож, зогсож ч болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Үүнтэй холбогдуулан тухайн станцын системүүдийг шинэчлэх, нөөц радар байгуулж, ашиглалтад оруулах чиглэлээр Цаг уур, орчны шинжилгээний газраас удаа дараа асуудал дэвшүүлсэн. Тэгвэл Засгийн газар эл асуудалд нааштай хариу өгч, шаардлагатай төсвийг даруй шийдэх, сүүлийн үеийн дэвшилт системийг нэвтрүүлэх чиглэлийг холбогдох байгууллагынханд өгчээ. Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа эхлүүлсэн тул нислэгийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй эл системийг зайлшгүй шинэчлэх ёстой гэж үзжээ. Цаг уурын мэргэжилтнүүд урт хугацааны судалгаа, мониторинг хийсний үр дүнд Чингэлтэй дүүргийн XVII хорооны нутаг дахь Зүрх ууланд цаг уурын ажиглалтын станц байгуулах нь тохиромжтой гэж үзсэн байна. Хатуу төлөвт, чадал өсгөгч дамжуулагч дээр суурилсан радарын систем үерийн эрсдэлийг өндөр нарийвчлалтай тооцоолдгоороо ач холбогдолтой аж.
Бэлтгэсэн Ж.Мишээл