
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн, Эрүүл мэндийн даатгалын, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн эрүүл мэндийн салбарын шат шатны байгууллагын удирдлага, төлөөлөлтэй цахимаар уулзлаа. Эрүүл мэндийн даатгал, санхүүжилт, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, эмийн экспорт, импортын талаар болон тусгай зөвшөөрлийн чиглэлээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дээрх ажлын хэсэг санал, дүгнэлт гаргах юм байна. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төслийг ажлын хэсгийнхэн боловсруулж, байнгын хорооноос гадна шаардлагатай бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх учраас УИХ, Засгийн газраас гаргах шийдвэрт нөлөөлөх чухал саналуудаа хэлэхийг салбарын ажилтнуудаас хүслээ.
Гишүүд хуулийн хэрэгжилт болон эрх зүйн орчныг сайжруулах, салбарыг шинэчлэхэд тулгарч буй бэрхшээл, цаашид гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх тогтолцоог шуурхай хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудал, мөн их эмч, сувилагч, ажилтнууд хэчнээн төгрөгийн цалин, нэмэгдэл авч байгааг, эм тариа, тоног төхөөрөмжийн дутагдал үүссэн, эсэхийг тодруулсан юм.
Бэлтгэсэн Б.Анх